| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2025/0630/З |
| Дугаар | 221/МА2026/0131 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0131
| 2026 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 221/МА2026/0131 | Улаанбаатар хот |
Б.З-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г ,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.З-,
Хариуцагч Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл,
Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0729 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч ,
Хэргийн индекс: 128/2025/0630/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.З-гаас шүүхэд хандан “Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0729 дүгээр шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.5-д заасныг тус тус баримтлан иргэн Б.З-гаас Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан гаргасан “Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
3.1 Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар нотариатч нь хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, гэрээг зөвхөн гэрчилдэг. Түүнээс биш гэрээг баталдаг, баталгаа өгдөг субъект биш тул итгэмжлэл, холбогдох баримтыг шалгаж үзээд гэрээг гэрчлэхэд татгалзах үндэслэл байхгүй байсан.
3.2 Гэрээний талууд 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрээг гэрчлүүлэхээр нотариатчид хандсан. Тухайн гэрээний үүрэг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч гэрээг талууд бичгээр байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй байсан. Харин 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрээгээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэхээр ирэхдээ гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлийн дагуу Г.Х нь гарын үсэг зурсан нь нотариатчийг буруутгах үндэслэл болохгүй.
3.3 Иргэний хуулийн 318 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааварт заасан “түрээсийн гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог” бөгөөд гэрээний үүрэг хэдийд үүссэн нь чухал бус харин гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,
3.1. Нийслэлийн тойргийн нотариатч Б.З- нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Д” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноо бүхий КН/2310/03 дугаартай Түрээсийн гэрээг гэрчилсэн.
3.2. “Г” ХХК-ийн төлөөлөгч М.Н-ээс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд хандан “...Д ХХК болон Г ХХК нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой “Түрээсийн гэрээ”-г гэрчилсэн нийслэлийн 45 дугаар тойргийн нотариатч Б.З-гийн үйлдлийг шалгаж, зохих журмын дагуу шийдвэрлэн хариу өгнө үү” гэх гомдол гаргасныг,
Сахилгын зөвлөл хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор нотариатч Б.З-д “...Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх” гэснийг зөрчсөн. Үүнээс шалтгаалж, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж дүгнэн “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан.
3.3. Нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг эс зөвшөөрч “...гэрээний нөхцөл, шаардлагаа урьдчилан тохиролцож, боловсруулж ирсэн түрээсийн гэрээг уншиж танилцаад, гэрээг гэрчилж баталгаажуулахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул гэрээг гэрчилж баталгаажуулсан байдаг. Гэтэл сахилгын зөвлөлөөс нотлох баримтгүйгээр нэхэмжлэгчийг гэрээний үр дагаврыг тайлбарлаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргасан.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “...гэрээг нөхөн гэрчилж байгаа гэх үйлдлийг хийхдээ ... “Д” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээдийг оролцуулан гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нотариатч дараахь үүрэг хүлээнэ: 21.2.1.”үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх”; 21.2.5-д “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах”,
54 дүгээр зүйлийн 54.1-д “Хууль болон нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, бусад хэм хэмжээг зөрчсөн нотариатчид гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:” 54.1.1-д “сануулах” хэмээн заасан.
6. Тухайн тохиолдолд, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,
нэхэмжлэгч, Нийслэлийн тойргийн нотариатч Б.З-гийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрчилсэн КН/2310/03 дугаартай Түрээсийн гэрээ нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноотой.
Гэрээнд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” нэртэй оффис, үйлчилгээний зориулалт бүхий 17 давхар барилгын 3 давхрын *** тоот 611 м.кв талбайг 1 сарын 23,523,500 төгрөгөөр, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар түрээслэхээр түрээслүүлэгч “Д” ХХК-ийг төлөөлж, менежер Г.Э, түрээслэгч “Г” ХХК-ийг төлөөлж, захирал М.Н- нар харилцан тохиролцсон талаар тусгаж,
“Д” ХХК-ийн захирал Б.Л-оос 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ДББ-008 дугаартай итгэмжлэлээр “Х”-ийн талбайн түрээслэгчидтэй гэрээ байгуулах, компанийг төлөөлөн нотариатад түрээсийн гэрээнүүдийг баталгаажуулах эрхийг оффис менежер Г.Хд олгосон зөрүүтэй баримт хавсаргагдсан байхад нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нотариатын үйлдлийг хийхдээ тухайн баримт бичгийг хянаж нягтлалгүй гэрээнд бичигдсэнээс өөр этгээд болох Г.Хгээр гэрээний “ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:” хэсэгт “түрээслүүлэгч талыг төлөөлж Г.Э”-ийг гэж гарын үсэг зуруулан гэрчилсэн.
Энэхүү үйл баримттай холбогдуулан хариуцагч Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.З-д “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэн, шийдвэрлэсэн.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо дурдсан “...Иргэний хуулийн 318 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааварт заасан “түрээсийн гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог” бөгөөд гэрээний үүрэг хэдийд үүссэн нь чухал бус харин гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог” гэх зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Мөн, анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Б.З-гийн нэхэмжлэлтэй, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад товлон зарласан байх боловч хавтаст хэрэгт “Т” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын байцаагч Ц.Н-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг товлон зарласан шүүгчийн захирамжийг хавсаргасан байгаа болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА