Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 0042

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч М.Баасанрагчаа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Мөнхсайханы Баасанрагчаад холбогдох 201714000024 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1. Боржигон овгийн Мөнхсайханы Баасанрагчаа, Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Эрдэнэт-Элит хотхон 15-9б-30 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:УП93072514/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

1. Шүүгдэгч М.Баасанрагчаа нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6 дугаар хорооллын 18 дугаар байрны 11 тоотод Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түлхэж унаган бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Эрдэнэчимэгийн “2016 оны 10 сарын 27-ны өдөр Буянхишигийн гэрт Буянхишиг болон тэдний хажуу өрөө хөлсөлж байсан залуу Баасанрагчаа, өөр нэг танихгүй залуучуудын хамт сууж байгаад тэд нарын ууж байсан архинаас бага зэрэг уугаад Буянхишигийн охиныг дагуулаад унтахаар том өрөөнд орсон. Тэд нар жижиг өрөөнд үлдсэн. Тэгээд би том өрөөнд хэвтэж байтал унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь Буянхишигийн охин 6 настай Анужин эмээ хоёулаа жижиг өрөөнд оръё гээд татаад байсан. Ингээд Анужинг дагуулаад жижиг өрөөнд ортол Буянхишиг, Баасанрагчаа хоёр үлдчихсэн хоёулаа нилээн согтуу байсан. Намайг жижиг өрөөнд орох үед Буянхишиг, Баасанрагчаа нар муудалцсан байдалтай байхаар нь би ороод юу болоод байгаа юм бэ гэхэд Баасанрагчаа танд хамаагүй, та цаашаа бай гээд намайг түлхтэл би газар унахдаа баруун гараа газар тулж унаад баруун гар маань шуу хэсгээрээ өвдөж хавдаж эхэлсэн. Би гар хугалчихлаа гээд орилсон. Маш хүчтэй өвдөлт мэдэгдсэн. Ингээд Буянхишиг, Баасанрагчаа бид гурав эмнэлэг яваад хүлээн авах тасагт очтол миний гарыг гипсдэж өгсөн. Баасанрагчаа надад нийт 300 000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Баасанрагчаа надад эмчилгээний зардал болох 1 000 000 төгрөг өгөхөөр анх ярилцаж байсан боловч гэрээг 800 000 төгрөгөөр хийсэн. Баасанрагчаатай тохиролцон байсан учир би эм тариа авсан. Такси унаад зарцуулсан баримт гэж огт цуглуулаагүй. Баасанрагчаа тохиролцсоны дагуу эмчилгээний мөнгөө өгчих байлгүй гэж бодож байсан юм. Тийм учраас Баасанрагчаагаас үлдэгдэл 500 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21-р хуудас/

 

2. Гэрч Г.Лхамсүрэнгийн “2016 оны 10 сарын 27-ны өдөр манай ээж гэртээ хоноогүй юм. Гэтэл 2016 оны 10 сарын 28-ны өдөр манай ээж Эрдэнэчимэг над руу утасдаад ээж нь Буянхишигийнд байна. Өчигдөр гараа хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би өвчин намдаах эм тариа аваад Буянхишигийн гэрт очтол ээж баруун гарынхаа тохойноос урагш хуруу хүртлээ гипс тавиулсан байдалтай байсан. Тэгээд би юу болсон бэ яагаад гараа гипсдуулчихсэн юм бэ? гэхэд өчигдөр орой Буянхишиг, Баасанрагчаа хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Буянхишигийг өмөөрөөд юу болоод байгаа юм бэ гэж асуухад Баасанрагчаа намайг та цаашаа байж бай гээд түлхэж унагаад гарыг минь хугалсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/

 

3. Гэрч Б.Буянхишигийн “Биднийг гэрт ирэх үед манай танил эгч болох Эрдэнэчимэг үүдэн дээр ирчихсэн байсан. Тэгээд манай гэрт ороод бүгдээрээ архи ууцгаасан. Би нэлээн халсан байсан бөгөөд нэг мэдэхэд Баасанрагчаатай маралдаж байсан. Яг юунаас болж бидний хооронд маргаан болсныг би санахгүй байгаа юм.  Гэтэл Эрдэнэчимэг эгч унтахаар том өрөөнд орсон байснаа гарч ирээд намайг өмөөрөөд байх шиг байсан. Тэгээд Баасанрагчаа бид хоёр Эрдэнэчимэг эгчийг аваад эмнэлэг явж гарыг нь гипсдүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/

 

4. Гэрч Б.Амартүвшингийн “2016 оны 10 сарын 27-ны өдөр би гэмтлийн тасагт жижүүрийн ээлжтэй байсан. Жижүүртэй байх хугацаанд орой болсон хойно Эрдэнэчимэг гэх эмэгтэй хоёр хүнтэй хамт ирж үзүүлсэн. Яг хэдэн цагийн үед ирснийг мэдэхгүй байна. орой л болсон байсан. Ингээд уг иргэний биед үзлэг явуулахад түүний баруун гар хавдсан зовиур ихтэй байсан. Тэгээд түүний хавдартай гарыг дижитал рентгэн аппаратаар авч баруун гарын яс шуу хэсгээрээ хугарсан байсан тул хавдартай гарт нь гипсэн аравч тавьж өгсөн. Ингээд Эрдэнэчимэг гэх эмэгтэйд дахин гэмтлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлээд явуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-р хуудас/

 

5. Гэрч Э.Сайнбаярын “Бид нар Буянхишигийнд очих гээд явж байгаад тэдний хаалганы гадаа орцны 4 давхарт Буянхишигийн хамаатны эгч Эрдэнэчимэгтэй тааралдсан. Эрдэнэчимэг эгч хаалгыг чинь тогшсон хүн байхгүй байсан одоо ирж байгаа юм уу гээд бид 5 Буянхишигийнд орсон. Бид хэд ярилцаж байгаад Буянзаяа бид хоёр гадагшаа дэлгүүр орох гэж гэрээс гарсан. Гадагш гараад 30 орчим минутын дараа гэрт ороход Эрдэнэчимэг эгч том өрөөнд баруун гараа сойж уясан байдалтай сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Баасанрагчаа Эрдэнэчимэг эгч гараараа хаалга налаад зогсож байхаар нь холд цаашаа гээд түлхсэн чинь гараа дараад шалан дээр унасан тэгээд ийм юм болчихлоо гэж хариулж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/

6. Гэрч Хэнчбишийн “Зургаас харахад шууны үеэр хугарч зөрүүтэй, зөөлөн бороо үүссэн, ясан бороо үүсээгүй байсан. Энэ нь гүйцэд эдгэрээгүй эдгэрч байна. Бороолох процесс явагдаж байна гэсэн үг. Хугарал нь бага зэргийн зөрүүтэй бороолж эдгэрч байсан. Ийм учраас шарлага, шавар, иллэг зэрэг физик эмчилгээнд явахыг бичиж явуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/

 

7. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 12 сары 22-ны өдрийн 31 дугаартай дүгнэлтийн “Б.Эрдэнэчимэгийн биед баруун гарын шуу ба богтос ясны далд хугарал үүсчээ.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 32-р хуудас/

 

8. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн “Б.Эрдэнэчимэгийн биед үзлэг хийхэд баруун гар өвдөнө гэсэн зовиуртай, баруун гарын шуу битүү боолттой, боолтыг авч үзэхэд ил харагдах гэмтэл үгүй, баруун сарвуу бага зэрэг хавдсан, сарвуу шуу эмзэглэлтэй, бугуйн үеийн хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Б.Эрдэнэчимэг 2016 оны 10 сарын 27-ны өдөр уг гэмтлийг авсан байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баасанрагчаа мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Эрдэнэчимэг нь “Хохирлоо төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учир намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Бүжинлхам ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч М.Баасанрагчаагийн гэм буруутай үйлдэл нь нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа. Иймд хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан албадан ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.Баасанрагчаа нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6 дугаар хорооллын 18 дугаар байрны 11 тоотод Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түлхэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Эрдэнэчимэгийн “Намайг жижиг өрөөнд орох үед Буянхишиг, Баасанрагчаа нар муудалцсан байдалтай байхаар нь би ороод юу болоод байгаа юм бэ гэхэд Баасанрагчаа танд хамаагүй, та цаашаа бай гээд намайг түлхтэл би газар унахдаа баруун гараа газар тулж унаад баруун гар маань шуу хэсгээрээ өвдөж хавдаж эхэлсэн. Би гар хугалчихлаа гээд орилсон” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Буянхишигийн  “Гэтэл Эрдэнэчимэг эгч унтахаар том өрөөнд орсон байснаа гарч ирээд намайг өмөөрөөд байх шиг байсан. Тэгээд Баасанрагчаа бид хоёр Эрдэнэчимэг эгчийг аваад эмнэлэг явж гарыг нь гипсдүүлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Сайнбаярын  “Гадагш гараад 30 орчим минутын дараа гэрт ороход Эрдэнэчимэг эгч том өрөөнд баруун гараа сойж уясан байдалтай сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Баасанрагчаа Эрдэнэчимэг эгч гараараа хаалга налаад зогсож байхаар нь холд цаашаа гээд түлхсэн чинь гараа дараад шалан дээр унасан тэгээд ийм юм болчихлоо гэж хариулж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Лхамсүрэн, Б.Амартүвшин нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн “Б.Эрдэнэчимэгийн биед баруун гарын шуу ба богтос ясны далд хугарал үүсчээ.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

М.Баасанрагчаад ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн 201714000024 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290,294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхсайханы Баасанрагчааг бусдын бие махбодид  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч М.Баасанрагчааг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн албадан ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч М.Баасанрагчаа нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  М.Баасанрагчаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.АЛТАНГАДАС