Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 834

 

МАГАДЛАЛ

 

2018.04.02                                                     Дугаар 834                      Улаанбаатар хот

 

 

 

 

Э.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00130 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч ?, холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 16 сар, 30 өдрийн цалинтай тэнцэх олговорт 49 793 080 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Монгол Улсын иргэн Э.Э нь ? эмнэлгийн туслах ажилтнаар 2014 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс хойш ажиллаж байсан. Гэтэл ажил олгогчоос 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа, гэрээг цаашид сунгахгүй байхаар шийдвэрлэсэн гэсэн мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдлийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүйгээр зөвхөн хүлээн авсан гэж гарын үсэг зурж авсан. Мэдэгдлийг өгснөөс хойш ажил олгогчоос нэхэмжлэгчийг дуудаагүй, хариу өгөөгүй байж байгаад Энхтайвны корпусын орон хариуцсан захирлын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0826/01 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас халсан тушаал өгсөн. Ийнхүү Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь дараах үндэслэлээр хууль бус байгаа болно.

Хариуцагч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай     байгуулсан нь хууль бус болох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1-т зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн харилцаанд тус хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эмнэлгийн туслах ажилтны ажлын байр нь байгууллагаас байр, ажиллах орчин нөхцөлөөр хангагдаж, ажлын байрны тодорхойлолтын дагуу эрүүл мэндийн хэлтэст эмнэлгийн үйлчилгээ болон захиргааны чиг үүргийг ажлын өдрүүдэд гүйцэтгэн, баталсан цалинг тогтмол авч ажилладаг Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна. Ажил олгогчоос нэхэмжлэгчтэй анх 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний нийт хугацаа 5 жил байх талаар мэдэгдсэн бөгөөд ямар үндэслэл шаардлагаар энэ хугацааг тогтоож байгаа нь тодорхойгүй байсан. Цаашлаад 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дүгнэхдээ гэрээний хугацааг 6 cap гэж ажил олгогчоос тогтоож, 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусахаар гэрээний өөрчлөлтөд тусгасан байсан. Гэрээний хугацааг 6 cap болгож богиносгож тогтоохдоо ч мөн тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр ажил олгогч үзэмжээрээ хандсан. Гэрээний хугацааг 6 сараар тогтоосон өөр ажилтан байгаагүй. Ингээд хариуцагч байгууллагаас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа талаар мэдэгдэл өгч 8 дугаар сарын 29-ний өдрөөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Ийнхүү байнгын ажлын байранд тодорхой үндэслэл, шаардлага үүсээгүй байхад хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан гэж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, 23.2.2 дахь заалтыг зөрчсөн. Ажил олгогчийн ажлаас халах тушаал гаргахдаа үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулагдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээнд хамааралтай болно.

Энэ асуудлаар нэхэмжлэгч Олон Улсын Энхтайвны корпусын захиралд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргахад түүний өмнөөс Бүс нутаг хариуцсан захирал ? 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр е-мэйлээр хариу ирүүлсэн. Түүний е-мэйлд Би энэ асуудлыг хянаж үзэхэд таны хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон нь гэрээний зохицуулалт болон танай улсын Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн байна гэсэн байсан.

Иймд нэхэмжлэгч хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, Эмнэлгийн туслах ажилтнаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Ажилгүй байсан хугацааны цалин тооцох тухайд нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш цалин аваагүй бөгөөд нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтээс нэг сарын цалин 2 867 665 төгрөг болох нь харагдана. Иймд ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 16 cap, 30 өдрийн цалинд 49 793 080 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Монгол хэл дээр ирүүлсэн уг албан бичгийг Гадаад харилцааны яамны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/17-2363 тоот ноот бичгээр уламжилсныг Элчин сайдын яам 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан. Уг албан бичигт хатагтай Э нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэхийг Энх тайвны корпусаас хүссэн байна. Элчин сайдын яамны 2017 оны 1 дүгээр сарын 13-ны 013, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны 240, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 280 тоот ноот бичгүүдээс ? 22-ын 2501-1 (2017)-д буй нэмэлт өөрчлөлт оруулсан Нийтийн эрх зүйн 87-293 буюу Энх тайвны корпусын тухай хуульд зааснаар Энх тайвны корпус нь ? болох тухай Гадаад харилцааны яам мэдэж байгаа. Мөн Энх тайвны корпус нь1990 оны 8 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотод байгуулсан Энх тайвны корпусаар дамжуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсад хамтран ажиллах тухай гэрээ-ний дагуу Монголд үйл ажиллагаа явуулж байгааг ч Яам мэднэ. Мөн эдгээр ноот бичгээс Энх тайвны корпус нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ? хуулийн этгээд болж чадахгүйг Яам мэдэж байгаа. Элчин сайдын яамнаас өмнө нь мэдэгдсээр байтал Энх тайвны корпусыг энэ хэргийн хариуцагч хэмээн зүй бусаар нэрлэсээр байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлийн 71.1-д шүүх иргэний хэргийг 60 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заасан тул Элчин сайдын яамны 280 тоот ноот бичигт заасан хугацааг (60 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх) хэрэглэх боломжгүй гэж уг шүүхийн албан бичигт тэмдэглэжээ. Нэхэмжлэлд хариу өгөх, эсвэл шүүх бүрэлдэхүүний өмнө хүрэлцэн ирэх ёстой өдрөөс доод тал нь жар (60) хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх тухай шаардлага нь олон улсын хууль тогтоомжоор нэгэнт тогтсон ойлголт болохыг Элчин сайдын яам тэмдэглэж байна.

Тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож өгсөн нь мөн л зохих ёсны мэдэгдэл хүргүүлэх журмыг дутуу дулимаг хэрэгжүүлсэн зүйл болжээ. Ийм учир шалтгааны улмаас ? нь энэ хэргийн аль нэг тал болж, хариулт тайлбар өгөхгүй бөгөөд ?ын эсрэг буюу ямар нэг байдлаар ?ын ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 29 дүгээр зүйлийн 29.6-д заасныг тус тус баримтлан Монгол дахь ?ын Энхтайвны корпуст холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 49 793 080 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Э.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Гадаад Улсын байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй учир Монгол Улсын шүүхэд хариуцагч болох чадамжгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Манай улсад 2016 оны байдлаар 2137 гадаад улсын аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхэлж байх бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газар бүртгүүлж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан 93 Олон Улсын болон Гадаад Улсын төрийн бус байгууллага, салбар төлөөлөгчийн газар ажиллаж байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагад маш олон Монгол Улсын иргэн хөдөлмөр эрхэлж мөн олон тооны иргэн, хуулийн этгээдтэй аливаа эрх зүйн харилцаанд оролцож байна. Тухайн харилцаанаас үүдэлтэйгээр аливаа маргаан үүссэн, эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын иргэн нь тухайн байгууллагын харьяалах Гадаад Улсад биш. Монгол Улсын шүүхэд хандаж эрх ашгаа хамгаалуулах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Гадаад Улсын байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нь хариуцагч болох чадамжгүй гэх үндэслэлээр аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх ёсгүй буюу шүүх энэ шалтгаанаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн шүүхээр эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг хязгаарлах ёсгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч нь төлөөлөгчийн газар буюу хуулийн этгээдийн эрхгүй байгууллага гэдэг нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй болохыг тэмдэглэж байна.

Хариуцагч байгууллага нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Шүүхээс удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч байгууллага хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирэхээс татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээс гаргасан эрхийн акт заавал биелэгдэх бөгөөд мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт зааснаар Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй хэргийн оролцогчийг шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх ажиллагаа хийх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн шаардлагад шүүхийн шийдвэр нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Монгол дахь ?ын Энхтайвны Корпуст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 16 сар, 30 өдрийн цалинтай тэнцэх олговорт 49 793 080 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилжээ.

Шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь Монгол дахь ?ын /цаашид ? гэх/ Энхтайваны корпусыг хариуцагчаар тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд Энхтайваны корпус нь иргэний эрх зүйн харилцааны бие даасан оролцогч мөн эсэх, эсвэл ?-ын Засгийн газрын нэгж болох эсэхийг шүүх тодруулаагүй байна.

?-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн ноот бичигт “...Энхтайваны корпус нь ?-ын Засгийн газрын агентлаг болох, тэрээр ?-аас салангид хуулийн этгээд болж чадахгүй, түүнийг энэ хэргийн хариуцагч гэж зүй бусаар нэрлэсэн...” гэснийг шүүх анхаараагүй, Монгол Улс болон ?-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Дипломат харилцааны тухай ? конвенцийн холбогдох заалтуудад нийцүүлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

“?ын Энхтайваны корпусын шугамаар хамтран ажиллах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, ?ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хоёрдугаар зүйлд “...Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар сайн дурынхантай холбогдсон бүх асуудлаар ?ын Засгийн газартай зөвлөлдөж хамтран ажиллана...” гэжээ.

Дээрх хэлэлцээрийн заалтаас үзвэл нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь ?-ын Энхтайваны корпус гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагчийн эрх зүйн байдлыг зөв тогтоосноор хариуцагчийг зөв тодорхойлох, үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд болон Олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн шийдвэрлэх боломжтой болох бөгөөд шүүх энэ ажиллагааг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх, залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримт болон түүнд холбогдох нотлох баримтад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин    шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                         М.НАРАНЦЭЦЭГ