Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 58

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч М.М-, Д.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгч А.Д- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн А-ийн Д-ид холбогдох эрүүгийн 201614000048 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

  Б- овгийн А-ийн Д-, Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ** аймгийн ** сумын ** багт оршин суух, урьд Орхон аймаг сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан,  хэрэг хариуцах чадвартай гэх, /РД:/

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.Д- нь давтан үйлдлээр 2015 оны 11 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр “Дөмөг” худалдааны төвийн урдаас М.М-ын 3 тооны үхрийг хулгайлж 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр 7 дугаар хорооллын урдаас Ц.Б-ийн 2 тооны үхрийг хулгайлж 1 900 000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч М.М-ын “Өглөө 08 цагийн орчим гэрээс гарч хайтал өндөрлөгийн зүүн хажуунаас 3 үнээгээ олж авсан бөгөөд бүдэг цагаан сартай улаан зүсмийн эвэртэй гунж, хар зүсмийн шүдлэн гунж, хар халзан бяруу зэрэг 3 тооны үхэр алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-р хуудас/

            2. Хохирогч Д.Б-ийн “2015 оны 11 сарын эхээр манай ээж Б, дүү З бид гурав нутаг руугаа буюу Говь-Алтай аймгийн Дэлгэр сум руу явахаар болоод өөрийн том ах Д-ид тугалтай 4 үнээ, 2 шүдлэн үхрээ харуулж орхисон юм. Ингээд бид 2015 оны 12 сарын дундуур шахуу ирээд 2-3 хонож байгаад ахтайгаа уулзахад 2 шүдлэн үхрийг маань алдчихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/

            3. Гэрч Ч.Д-ны “Б ганцаараа гарч ирснээ Шандын нэг гудамж руу дагуулж ороод нэг хашааны гадна ирж зогссон. Тэгтэл хашаан дотроос нэг намхан залуу үүд онгойлгож өгөхөөр нь би машинаа хашаа руу нь оруулж зогсоосон. Гэтэл тэр хашаан дотор модон дээр үхрийн махнууд өрж тавьсан байсан бөгөөд энэ махнуудыг ченжид өгөх юм гэж Батсүх хэлээд миний машины багаж руу нөгөө махнуудыг ачсан. Тэгээд махаа ченжид өгнө гээд Батсүх нөгөө хаалга онгойлгож өгсөн намхан залуу хоёртой хамт Зээл рүү явж байтал Б би ээжийндээ орлоо та хоёр цаашаа яваад махаа өгчих, наад залуу чинь мэдэж байгаа гээд буугаад үлдсэн. Тэгээд нөгөө залуутай нь би Зээлийн өгөөж дэлгүүрийн харалдаа зүүн талын гудамж руу орж нэг айлын гадаа очиж зогсоход нөгөө залуу махаа зөөж оруулсан” гэсэн мэдүүлэг /1-р х/х-ийн 34-р хуудас/, “Би Н гэж ченжийг бол танина, гэхдээ гэр нь зээлд байдаг гэж мэдээгүй, Д- гэж залуу өөрөө зааж өгөөд очсон” гэсэн мэдүүлэг. /2-р х/х-ийн 15-р хуудас/

            4. Гэрч Я.Д-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 36-37-р хуудас/

            5. Гэрч Б.П-ийн “Даваа хонгор зүсмийн морь уначихсан 3 тооны үхэр хашаанд тууж оруулж ирсэн. Тэр гурван үхрийн хоёр нь хар зүсмийн гэхдээ гэдсээрээ цагаан өнгийн зүстэй байсан. Харин гурав дахь нь улаан зүсмийн үхэр байсан. Гурвуулаа шүдлэн үхэр байх шиг харагдсан. Тэгээд би ажил руугаа явчихаад 17 цагийн орчим гэртээ ирэхэд Даваа манай нэг ах одоо ирнэ иртэл нь нэг үхэр унагалцаад өгөөч гэхээр нь түүнтэй нийлж нэг үхрийг нь нядалж байтал Батсүх гэж хүн ирсэн. Энэ хүнийг бол танихгүй, тэр үед танилцаж нэрийг нь мэдэж авсан. Ингээд энэ хоёр манай хашаанд үлдсэн үхрээ нядалж 20 цагийн орчимд байх дуусгасан. Удаа ч үгүй Б нь нэг хүнтэй утсаар ярьж байгаад гарч нөгөө жолоочийг авч ирж эхлээд хоёр үхрийн махыг ачиж тэр гурав явсан. Хаашаа явсныг мэдэхгүй, эргэж ирээд үхрийн арьс шир, гэдсээ аваад явсан. Явахдаа надад нэг үхрийн бүтэн мах өгсөн. Уг нь Даваа өмнө нь надад 70 000 төгрөгийн өртэй байсан юм. Тэр өрөндөө гэж хэлж өгсөн. 12 сарын 20-н хэднээр байх Даваа дахин над руу залгаад хоёр үхэр янзлалцаад өгөөч гэхээр нь за гэж хэлчихээд зааж өгсөн. Рашаантад байх ахынх нь хашаанд яваад очтол нөгөө хоёр үхрээ янзалчихсан гээд машин ачсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

            6.Гэрч П-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 39-40-р хуудас/

            7.Гэрч Б.Н-ийн “Тэгээд орой 21 цагийн орчим байх хоёр үхрийн мах авч ирсэн бөгөөд 400 000 төгрөгийг түүнд өгч өглөө гарал үүслийн бичгээ авч ирж үлдэгдэл мөнгөө ав гэж хэлээд явуулсан. Даваа 11 цагийн орчим гарал үүслийн бичиг барьчихсан хүрч ирэхээр нь үлдэгдэл 550 000 төгрөгийг түүнд өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/

            8.Гэрч Б.Б-йн “Би 2015 оны 11 сарын дундуур Говь-Алтай аймаг яваад 2015 оны 12 сарын эхээр иртэл хоёр шүдлэн үхрийг алдчихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/

            9.Гэрч С.Д-ийн “2015 оны 11 сарын эхээр ээж дүү нар маань Говь-Алтай аймаг руу явахаар болсон юм. Явахдаа надад өөрийн 4 тугалтай үнээ, 2 эр үхэр зэрэг нийт 10 орчим үхрээ үлдээсэн. Тэгээд малыг нь өөрийнхөө малтай хамт хариулж явж байтал 2015 оны 12 сарын дундуур байх 2 эр шүдлэн үхэр нь алга болчихсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-р хуудас/

            10.Хохирогч М.М-ын алдсан үхрийг 1 650 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 50-53-р хуудас/

            11.Хохирогч Д.Б-ийн алдсан үхрийн 1 900 000 төгрөгөөр үнэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 137-140-р хуудас/

            12.Гэрч Д.О-ийн “Надтай Д- өөрөө яриад 2 үхрийн махны гарал үүслийн бичиг авах гэсэн юм гэж ярьсан. Би махны талаар асуухад өөрийн малнаас авч ирсэн. Ямар ч асуудалгүй, би нядлаад хүнд зарсан чинь махны гарал үүслийн бичиг нэхээд байна гэхээр нь итгээд өгсөн” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 16-р хуудас/

            13.Гэрч Т.П-ын “Би тухайн үед төрөөд удаагүй, манай охин 2 сартай байсан байх. Би нөхрөөс асуухад хөдөөнөөс ирсэн залуу үхэр зарж байна. Би нэг үхрийг нь зээлээр авч байгаа гэж хэлж байсан. Би хийсвэрээр төрсөн болохоор гадаа гарч хараагүй, харин бүлтгэр нүдтэй дээлтэй залуу орж ирээд гарсан. Гадаа хэдэн хүн мал нядалж байсныг хэлж мэдэхгүй. Манай нөхөр махны мөнгө өгөхгүй бол утасдаад байна гээд надаас 280 000 төгрөг тоолж аваад хашаанаас гарч өгчихөөд ирсэн” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 17-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д- мэдүүлэхдээ “Энэ дээрхи үхрүүдийг хулгайлсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин үхэр хулгайлахад хамтарч оролцсон 2 хүнийг шалгуулмаар байна. Тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байгаа” гэв.

Хохирогч М.М- мэдүүлэхдээ “Энэ хэргийг түргэн шуурхай шийдэж, хохирлыг минь барагдуулж өгөхийг хүсч байна. Д- нь хохирол төлөөгүй байгаа” гэв.

Хохирогч Ц.Б- мэдүүлэхдээ “Миний 2 үхэр бол мах сүүний чиглэлийн үхрүүд байсан. Шинжээч бага үнэлсэн байсан. Хохирлоо төлүүлж авмаар байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд мэтгэлцэхдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байна. Хохирлын үнэлгээнд гомдолтой байгаа ч нэгэнт гарсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч М.М-ын хохирлыг тогтоосон үнэлгээнй дагуу гаргуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа мэтгэлцэхдээ “Энэ хэрэгт хулгайлагдсан малыг үнэлэхдээ хохирогч М.М-ын 3 тооны үхрийг 1 650 000 төгрөгөөр үнэлсэн атлаа хохирогч Ц.Б-ийн 2 тооны үхрийг 1 900 000 төгрөгөөр үнэлсэн байна. Юуг үндэслэж өндөр үнэлсэн болохоо шинжээч дүгнэлтдээ тусгаагүй байна. Шүүгдэгч А.Д- энэ хэргийг ганцаараа үйлдээгүй бусадтай бүлэглэж үйлдсэн тухайгаа удаа дараа мэдүүлж байхад энэ асуудлыг сайтар шалгалгүй хэрэгсэхгүй болгож миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгуулах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Идэрмөнх ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч А.Д-ийн гэм буруутай үйлдэл хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хулгайд алдагдсан малыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт үндэстэй гэж үзэж байна. А.Д-ийн мэдүүлгийн дагуу гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй хүмүүсийг сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан боловч гэмт хэрэг хамтран оролцсон болох нь тогтоогоогүй. Иймд А.Д-ийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч А.Д- нь давтан үйлдлээр 2015 оны 11 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр “Дөмөг” худалдааны төвийн урдаас М.М-ын 3 тооны үхрийг хулгайлж 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр 7 дугаар хорооллын урдаас Ц.Б-ийн 2 тооны үхрийг хулгайлж 1 900 000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд А.Д-ийн мэдүүлгийн дагуу зарим хүмүүсийг сэжигтэн, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг үндэслэлгүй гарсан, уг тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий баримт байхгүй байх тул хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ц.Б-ийн 2 тооны үхрийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байна. Уг үхрүүд нь мах сүүний чиглэлийн үхэр байсан талаар хохирогч гэрчүүд мэдүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч А.Б-ид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь байхгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291, 292, 293 дугаар зүйл, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу хохирогч нар нь гэм хорын хохирлоо нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд хохирогч М.М-, Ц.Б- нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Д-оос нийт 3 550 000 төгрөг гаргуулж хохирогч М.М-т 1 650 000 төгрөг, хохирогч Ц.Б-ид 1 900 000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.Д-ийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б- овгийн А-ийн Д-ийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар А.Д-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Д-ид оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.Д-ийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Д-оос нийт 3 550 000 /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.М-т 1 650 000 төгрөг, хохирогч Д.Б-ид 1 900 000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-ид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС