Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 111/ШШ2017/0036

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, шүүгч Ч.Оюунсайхан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар нарын бүрэдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ж.Энэрэлтцэцэг, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч З.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Л.Батхуягийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан тогтоож, хууль бусаар учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, тус цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгүүлэх, хууль зүйн туслалцаа авсан болон уг актын улмаас надад учирсан хохирол 1.500.000 гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Лхагвасүрэнгийн Батхуяг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн Засаг даргаар 2013 оны 01 сарын 14-ний өдрөөс хойш ажиллаж байсан ба 2015 оны 06 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын даргын орон тоонд түр томилогдож улмаар өөрийн үндсэн ажилтайгаа давхар эрхэлж байсан ба 2015 оны 08 сард би өргөдлөө өгч Сумын засаг даргын 2015 оны 08 сарын 09-ний өдрийн 62 дугаартай захирамжаар багийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2015 ондоо төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн тул Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2016 оны 1 сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар тус сумын Тамгын газрын даргын албан тушаалд томилон жинхлэгдсэн юм. Ингээд ажлаа хэвийн ямар нэгэн алдаа, эндэгдэл гаргалгүй хийж байсан. Гэтэл 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон З.Мөнхтөр нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн, би чамтай ажиллаж чадахгүй, би өөрийн багаа бүрдүүлж ажиллана, чи ажилгүй байхын зовлонг мэдэр гэх зэргээр удаа дараа дарамталж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Захирамжийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23.1.1. албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн; 23.1.2. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон; мөн 26.7. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан ба миний бие Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйлийн аль нэг заалтыг зөрчөөгүй, мөн би ажлын хариуцлага алдаагүй, зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

З.Мөнхтөр нь урьд Засаг даргын Тамгын газарт нягтлан хийдэг байхдаа Монгол Ардын намын даргын ажил авсан байсан тул би тус сумын тамгын газрын даргын хувьд Төрийн албаны тухай хуулийн 10-р зүйлийн 10.6 дахь хэсэгт Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээсээ түдгэлзэж тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харъяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэж заасны дагуу хэлж сануулсан боловч тэтгэмж суулгаад өгчихвөл өөрийн хүсэлтээр гарна гэсэн ч тухайн үеийн хурал нь тэтгэмж суулгаж өгөөгүй. Би дээрх хуулийн заалтаар З.Мөнхтөрийг ажлаас чөлөөлж байсан.

Би төрийн захиргааны албан хаагчийн хувьд ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ л биелүүлж ажиллаж байсан, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй байхад ажил албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр миний хөдөлмөрлөх эрх болон тангараг өргөсөн төрийн албан хаагч миний эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл гаргасан.

Миний оронд авсан Д.Амарсайхан нь 2016 сонгуулиар сайн ажилласан, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд ороогүй, тухайн албан тушаалын ажлын байрны шалгуурыг хангаагүй. З.Мөнхтөр нь хэт намчирхах үзэл гаргаж, үзэл бодлоор ялгаварлаж байгаагаас гадна намайг урьд өөрийг нь ажлаас чөлөөлсөний хариу авч байгаа мэтээр хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Би энэ тухай гомдлоо 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн албаны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд гаргасан. Төрийн албаны салбар зөвлөлөөс миний гомдлыг хүлээн авч уг захирамжийг хүчингүй болгосон талаар 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 тоот албан бичгээр мэдэгдсэн юм. Харин тухайн төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг 02 сарын 20-ны үеэр хүлээн авч тус сумын Засаг даргад хандсан боловч намайг ажилд авахгүй гэсэн.Намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл хүлээн авч шийдвэрлэхдээ намайг ажлаас чөлөөлсөн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаа хүчингүй болгохыг зөвлөсөн шийдвэр гаргасан.

Гэтэл тус сумын Засаг дарга нь одоог хүртэл энэ захирамжаа хүчингүй болгохгүй байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Би сум орон нутгийн сайн сайхны төлөө өөрийн мэдсэн сурсанаа зориулах гэж л зүтгэдэг жирийн нэг төрийн албан хаагч билээ. Иймд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамж нь хууль зөрчсөн байх тул хүчингүй болгож, намайг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан тогтоож, хууль бусаар надад учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, тус цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгүүлэх, хуульзүйн туслалцаа авсан болон уг актын улмаас надад учирсан хохирол 2.000.000 /хоёр сая төгрөг/ гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Батхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Л.Батхуяг нь тус шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан. Миний бие Лхагвасүрэнгийн Батхуяг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн Засаг даргаар 2013 оны 01 сарын 14-ний өдрөөс ажиллаж байсан ба 2015 оны 06 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын орон тоонд түр томилогдон ажиллаж улмаар өөрийн үндсэн ажилтайгаа давхар эрхэлж байсан ба 2015 оны 08 сард өргөдлөө өгч сумын Засаг даргын 2015 оны 08 сарын 09-ний өдрийн 62 дугаартай захирамжаар багийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн.

Улмаар 2015 ондоо төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн тул Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2016 оны 01 сарын 04-ний өдрийнг Б/01 тоот захирамжаар тус сумы тамгын газрын даргын албан тушаалд томилон жинхлэгдсэн юм. Ингээд ажлаа хэвийн ямар нэгэн алдаа, эндэгдэл гаргалгүй хийж байсан.

Гэтэл 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон З.Мөнхтөр нь 2016 оны 11 сараас эхлэн, би чамтай ажиллаж чадахгүй, би өөрийн багаа бүрдүүлж ажиллана, чи ажилгүй байхын зовлонг мэдэр гэх зэргээр удаа дараа дарамталж 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Захирамжийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, мөн хуулийн 26.7-т заасан Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан ба миний бие Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн аль нэг заалтыг зөрчөөгүй, мөн би ажлын хариуцлага алдаагүй, зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

З.Мөнхтөр нь урьд Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогч хийж байхдаа МАН-ын ажил авч байсан тул би тус сумын Тамгын газрын хувьд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээсээ түдгэлзэх тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харъяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэж заасны дагуу хэлж сануулсан боловч тэтгэмж суутгаад өгчихвөл өөрийн хүсэлтээр гарна гэсэн ч тухайн үеийн хурал нь тэтгэмж суутгаж өгөөгүй. Би дээрх хуулийн заалтаар З.Мөнхтөрийг ажлаас чөлөөлж байсан.

Би төрийн захиргааны албан хаагчийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ л биелүүлж ажиллаж байсан, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй байхад ажил албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр миний хөдөлмөрлөх эрх болон тангараг өргөсөн төрийн албан хаагч миний эрхэд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл гаргасан.

Миний оронд авсан Д.Амарсайхан нь 2016 оны сонгуулиар сайн ажилласан, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад, тухайн албан тушаалын ажлын байрны шалгуурыг хангаагүй. З.Мөнхтөр нь хэт намчирхах үзэл гаргаж, үзэл бодлоор ялгаварлаж байгаагаас гадна намайг урьд өөрийг нь чөлөөлсний хариу авч байгаа мэтээр хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Би энэ тухай гомдлоо 2017 оны 01 сарын16-ны өдөр Төрийн албаны Баянхонгор аймаг дахь сабар зөвлөлд гаргасан. Төрийн албаны салбар зөвлөл миний гомдлыг хүлээн авч уг захирамжийг хүчингүй болгосон талаар 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 тоот албан бичгээр мэдэгдсэн юм. Харин тухайн төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 тоот шийдвэрийг мөн оны 02 сарын 20-ны үеэр хүлээн авч тус сумын Засаг даргад хандсан боловч намайг ажилд авахгүй гэсэн. Намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар хүлээн авч шийдвэрлэхдээ намайг ажлаас чөлөөлсөн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаа хүчингүй болгохыг зөвлөсөн шийдвэр гаргасан.

Гэтэл тус сумын Засаг дарга нь одоог хүртэл захирамжаа хүчингүй болгохгүй байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Би сум орон нутгийн сайн сайхны төлөө өөрийн сэдсэн сурсанаа зориулах гэж л зүтгэдэг жирийн нэг төрийн албан хаагч билээ.

Иймд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамж нь хууль зөрчсөн байх тул хүчингүй болгож, намайг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан тогтоож, хууль бусаар надад учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж тус цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийлгэх, хууль зүйн туслалцаа авсан болон уг актын улмаас надад учирсан хохирол 2000000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа.” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга З.Мөнхтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2016 оны 11 сарын 23-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай нэг бүрчлэн уулзаж цаашид төрийн ажлыг чанартай гүйцэтгэх, хамтарч ажиллах, сум орон нутгийн цаашдын хөгжлийн талаар, тухайн албан хаагчийн эрхэлж буй ажлын онцлог хүндрэл бэрхшээлийн талаар ярилцан санал солилцсон болно.

Тухайн үед Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Батхуягтай сумын мал аж ахуйн болон төрийн байгууллагуудын өвлийн бэлтгэл ямар хэмжээнд хангагдсан талаар ярилцахад өвлийн бэлтгэл 80 хувь хангагдсан гэж тайлбарласан.

Гэвч Ахуй үйлчилгээний барилгын нэг жигүүрийн халаалтын секцүүд хөлдсөн галлагаа байхгүй цаашид үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа тухай түрээслэгчид санал гаргасан юм. Ингээд Л.Батхуягтай халаалтын хэвийн үйл ажиллагаа алдагдсан талаар асуухад тухайн ажиллаж байсан галлагч усыг нь асгаагүйг мэдээгүй байсны улмаас халаалтын системд гэмтэл учирсан гэж хэлсэн. Гэрээний хугацаа нь дууссан гэрээт албан хаагчтай гэрээгээ дүгнээгүй, намрын галлагаа эхлэхэд усыг нь сулласан байдлыг шалгаж үзээгүйн улмаас 46 секц /радиатор/ хагарч хөлдсөн байсан. Энэ халаалтын системд үүссэн хохирлын талаар санал зөрөлдөж цаашид ийм байдлаар сэтгэл гаргахгүйгээр ажиллах юм бол хамтран ажиллах боломжгүй гэдгийг анхааруулж хэлсэн.

Ахуй үйлчилгээний барилгын халаалтыг хэвийн болгож ажилд оруулж, түрээслэгчдийн ажлын байрны хэвийн нөхцөлийг 12 сарын 31 гэхэд хангаж ажиллах хэрэгтэй гэдэг үүрэг өгсөн боловч ажлаас чөлөөлөгдөх хүртэл биелүүлээгүй юм.

Засаг даргын Тамгын газрын дарга бол тухайн байгууллагын аж ахуйг удирдах, хөрөнгийг захиран зарцуулах, ашиглуулах, түрээслүүлэх, ашиглалтаас хасах санал гаргах, зайлшгүй шаардлагатай бол хөрөнгө бэлтгэх үндсэн эрх, үүрэгтэй байдгаас гадна сумын ерөнхий менежер болон байгууллагын төсвийн шууд захирагч байдаг. Ажлын байрны болон албан тушаалын шаардлагын дагуу хийх ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас дараах зөрчил дутагдлуудыг гаргасан байгаа.

1. Ахуй үйлчилгээний барилгын халаалтын 46 секц хагарсан. Засвар хийж хэвийн ажиллагаанд оруулахад 1004500 төгрөгийн хохирол учруулсан тооцоог хавсаргав.

2. Ахуй үйлчилгээний байранд өрөө түрээслэгчидтэй түрээсийн гэрээ байгуулсан боловч түрээсийн төлбөрийг холбогдох дансанд төвлөрүүлээгүй. Нийт 4 иргэнд өрөө түрээслүүлж 1150000 төгрөгийн түрээсийн орлого оруулахаар гэрээ байгуулсан боловч тухайн жилд 30000 төгрөгийн орлогыг оруулж үлдэгдэл 1120000 төгрөгийг төсөвт оруулаагүй. Мөртөө түрээслэгчдийн 2016 онд үйл ажиллагаа явуулсан гэрэл цахилгааны зардал 1035837 төгрөгийг түрээслэгчдийн өмнеөс төлж төсвийн үргүй зардал гаргасан. Гэрээний мөнгөн дүнг хавсаргав.

3. Халуун усыг ажиллуулж иргэдийн хэрэгцээг хангах, төрийн хөрөнгийн ашиглалт, хадгалалтын талаар хариуцагч иргэнтэй гэрээ байгуулаагүй. Төрийн хөрөнгийг бусдад түрээслүүлсэний орлого оруулаагүй.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа босго үнээс хамаарч төсвийн шууд захирагч шууд гэрээ байгуулах, тендер зарлаж сонгон шалгаруулалт явуулах зарчимтай байтал Засаг даргын тамгын газрын 2016 оны түлшийг гэрээ байгуулалгүй Амарбаянжинст ХХК-аар гүйцэтгүүлж 1 тоннын даацтай портор «ашины нэг удаагийн тээвэрлэж ирсэн нүүрсийг 3 тонноор тооцон авч байгууллагад их хэмжээний хохирол учруулсан / 15 удаагийн явалт 2 тн=30тн х65000=1950000 төгрөг/

5. Төсвийн тухай хуулиар тэмдэгтийн хураамж болон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсаны хураамжийг сумын төсөвт төвлөрүүлэх хуультай байтал ажилд орсон цагаас хойш нэг ч төгрөгийг төвлөрүүлээгүй зөрчил гаргасан. /2016 онд итгэмжлэл хийлгэсэн хүний тоо 50*3000Т=150000 төгрөг, 2015 онд хэдэн хүн итгэмжлэл хийлгэсэн, өөр ямар төрлийн нотариат хийснийг мэдэх боломжгүй юм. Нотариат хийлгэсний хураамжийг бүртгэх дэвтэрииг архивт болон ажил хүлээлцсэн хүнд өгөөгүй болно./ Жишээ болгож нэг итгэмжлэлийг, нийт итгэмжлэлээр мөнгөө авч буй 50 иргэний судалгааг хавсаргав./

6. Л.Батхуяг нь өөрийн эрхэлж буй ажлын албан хэрэгцээнд зориулж ширээ, сандал худалдан авч бүртгэлд тусгуулсан боловч хувьдаа авч төрийн хөрөнгийг завшсан. /420000 төгрөгийн баримтыг хавсаргав./

7. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх хуулиар хориотой байтал 2016 оны Улсын Их Хурлын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийн уулзалтанд оролцож Тамгын газрын даргын хувьд ард иргэддээ намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг албан тушаалаа ашиглан уриалж байгаа нь төрийн албаны хуулийг ноцтой зөрчсөн бегөөд тухайн үөд Л.Батхуяг сумын сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан.

8. Л.Батхуяг нь 2016 оны 02 сарын 05-нд тухайн үеийн Засаг даргатай 2016 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулж тухайн оны 12 сарын 30-ны дотор багтаан тайлагнахаар зааж гэрээ байгуулсан бөгөөд удаа дараа гэрээний биелэлтийг гаргаж ирүүлэхийг шаардсан боловч 2017 оны 01 сарын 10-ныг хүртэл хугацаанд гаргаж тайлагнаагүй нь үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй үнэлэх үндэслэл болж ажлаас чөлөөлөгдсөн.

Төрийн албач хаагч төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журам нь /Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол/ Төсвийн шууд захирагчийн тухайн жилд хийсэн ажлаа төсвийн жилдээ багтаан тайлагнах, үнэлүүлж, дүгнүүлэх ажиллагаа юм. Энэ журмын

2.1. Төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй.

2.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй.

2.4.Төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахгүй, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхгүй байгаа төсвийн ерөнхийлөн захирагчид шаардлага тавих эрхтэй.

Төсвийн шууд захирагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө төсвийн өрөнхийлөн захирагчид ирүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

“Хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт хүнд өвчтэй байх, өвчтөн асарсан, албан томилолтоор дотоодод ажиллаж байгаа, сургалтад хамрагдсан, ээлжийн амралттай байх, гарцаагүй болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй байхыг ойлгоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаныг сонгон шалгаруулах журам нь Төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэ журмын Аравдугаар зүйлд Удирдах албан тушаалтны нөөц бүрдүүлэх талаар дараах байдлаар заасан байдаг. Журмын 10-ын 39-д “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”. 40-д “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно” гэсэн журмыг зөрчин томилогдсон нь хууль бус томилгоо тул ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон.

Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 35 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжинд “Л.Батхуягийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь зөрчилтэй томилгоо мөн” гэдгийг нотолсон байгаа. Харин түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй гэснийг миний хувьд сайн ойлгохгүй байгаа учир хуулийн зөвлөгөө авч, судалж байгаа. Учир нь би Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох үйл ажилагааг явуулсан ба эрх бүхий албан хаагчдаас захирамжийн шийдвэрийн төсөлд хяналтын дагалдах хуудсаар санал авч шийдвэрээ гаргасан тул хуульд үндэслэх зарчмыг баримталсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Л.Батхуяг нь төрийн албаны зөвлөлөөс ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг хүчингүй болгосон учир Засаг даргад хандсан мэтээр нэхэмжлэлдээ дурьдсан нь зөвлөмжийг өөрийн биеэр хүлээн авч танилцаагүй, надтай уулзаагүй, утсаар холбогдоогүй байж зөвлөмжийг буруу ойлгосон байгааг илэрхийлж байна.

Төрийн албаны салбар зөвлөлийн зөвлөмж нь Төрийн албаны тухай хууль, энэ хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх хэд хэдэн журмыг зөрчсөн албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох тухай зөвлөмж гаргах биш харин аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлээгүй, тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтанд ороогүй хүнийг томилсон зөрчилтэй захирамжийг хүчингүй болгох зөвлөмж хүргүүлэх шаардлагатай байсан юм шиг санагдаж байгаа юм. Яагаад вэ гэвэл Төрийн албаны тухай хуульд дараах байдлаар заасан байна.

Төрийн албаны хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ”.

17.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.

17.4. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх бопомжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина гэсэн заалтуудыг зөрчиж гаргасан шийдвэрийг хүчингүй болговол хууль зүйд нийцэх болов уу гэж үзэж байгаа.

Холбогдох хуулиудыг судалж үзээд Засаг даргын Тамгын дарга Л.Батхуягийг томилсон 2016 оны Б/01 захирамжийг хуулийн дагуу хүчингүй болгож түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж томилгоог зөрчилгүй болгохыг зорьж байсан боловч өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажлаа тайлагнахгүй, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж сэтгэлээсээ биш цаг өнгөрөөж байгаа байдал нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үргэлжлүүлэн явуулах боломжгүй байсан. Тиймээс Л.Батхуягийг Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, төрийн ажлын туршлагатай Д.Амарсайханыг хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчээр томилоод ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгон шалгаруулалтыг явуулж өгөхийг аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүсэлтээ хүргэсэн боловч одоогоор ажлын байрны сонгон шалгаруулалт түр хойшлогдсон байгаа.

Л.Батхуягийн хариуцлагагүй үйлдэл төрийн албанд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байдлаас улбаалж тухайн байгууллагад учруулсан хохирлыг барагдуулах талаар өөрт нь зөвлөж, хэрэв барагдуулахгүй байгаа тохиолдолд үнэн бодит байдлыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулан 5260337 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулах, байгууллагыг хохиролгүй болгохын төлөө шуурхай ажиллана гэдгийг би ажлаа авсан цагаас хойш хэлж сануулсаар байсан. Гэтэл чи намайг халах захирамжаа гарга, ажлаа ав гэх мэтээр танхайрч, шийдвэр гарч ажлаа өгмөгц Солонгос улс руу гараад хөдөлмөр эрхэлж байгаа тул хариуцах эзэнгүй гэсэн байдлаар өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулалгүй ба цагдаад өгч шалгуулах боломжгүй байгаа юм.

Хариу тайлбарт дурьдсан хариуцлагагүй, ёс зүйгүй байдал, хуулийг дагаж мөрддөггүй зэрэг нь Л.Батхуягийг төрийн албанд болон төрийн албаны удирдах албан тушаалд ажиллах боломжгүй гэдгийг харуулж байна.” гэв.

Гуравдагч этгээд Д.Амарсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Даваахүү овогтой Амарсайхан нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа билээ. Уг албан тушаалд ажиллаж байсан Л.Батхуяг нь захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргаснаар уг албан тушаалд ажиллаж байгаа намайг гуравдагч этгээд тайлбар өгөх ёстой гэсэн. Иймд дараах тайлбарыг гаргаж байна.

Хэрэв би энэ ажилд ороогүй бол надад өөр ажилд орох боломж байсан /Жишээ нь төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч гэх мэт/. Би шүүх хуралд оролцохгүй. Миний эрх ашиг хөндөгдөж байгаа нь үнэн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Батхуяг нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан тогтоож, хууль бусаар надад учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, тус цалинд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгүүлэх, хууль зүйн туслалцаа авсан болон уг актын улмаас надад учирсан хохирол 2.000.000 /хоёр сая төгрөг/ гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ажилгүй байсан хугацааны цалин 8.413.520 төгрөг, мөн хууль зүйн туслалцааны төлбөр 1.500.000 төгрөг гаргуулах” гэж тодруулсан болно.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 1 сарын 10-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгож, Л.Батхуягийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 24 дүгээр тогтоолоор Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Л.Батхуягийг нөөцийн жагсаалтад бүртгэжээ.

Л.Батхуяг нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар захирамжаар Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар “Л.Батхуягийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

Шинэжинст сумын Засаг дарга З.Мөнхтөр нь 2017 оны Б/03 дугаар захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 26 дугаар зүйлийн 26.7, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.1, 2.2, 2.4, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10.40 дэх заалтуудыг тус тус үндэслэж, дараах зөрчлүүдийг гаргасан гэж үзжээ.

Үүнд: Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролгүйгээр тухайн албан тушаалд томилогдон ажилласан, Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг шаардсан хугацаанд нь тайлагнаагүй, дүгнүүлээгүй, сумын төсвийн орлогод төвлөрөх тэмдэгтийн хураамж, нотариатын үнийг ажилд орсон цагаас хойш төвлөрүүлэлгүй татварын хууль зөрчсөн, төрийн өмчийн хөрөнгийг бусдад ашиглуулах, төрийн үүргийг гүйцэтгүүлэхэд гэрээ хийгээгүйгээс өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт муудаж, байгууллагад хохирол учруулсан, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг зөрчиж, Засаг даргын Тамгын газрын 2016 оны түлш нийлүүлэх гэрээ хийхгүйгээр байгууллагад худалдан авалт хийсэн гэжээ.

1. Хариуцагч ...Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-т заасан “...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох...”-ыг төрийн албан хаагчид хориглосон байхад Л.Батхуяг нь нэр дэвшигчдийн иргэдтэй уулзсан уулзалт дээр хэлсэн үг нь дээрх хуулийг зөрчсөн гэж маргаж, түүнийг нотлох бичлэгийг шүүх хуралдаан дээр судлуулсан хэдий ч уг бичлэг зохих шаардлага хангаагүй, мөн зөрчил гаргасан талаар Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар гомдол, мэдээлэл гаргах эрх нь нээлттэй байхад тухайн Сонгуулийн ерөнхий хороо болон цагдаа, шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж, шийдвэрлүүлээгүй байна.

2. Мөн хуулийн 23.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болохоор заасан бөгөөд 23.1.1-д “...албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” тохиолдолд албан тушаал бууруулахаар зохицуулсан байхад дээрх заалтыг үндэслэн Л.Батхуягийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.

3. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан бөгөөд Л.Батхуяг нь энэ хуулийн 15.1.14-т заасныг зөрчсөн нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

4. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.1-д “Төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй”, 2.2-т “төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж хэрэгжилтийг хангуулах эрхтэй”, 2.4-т “төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахгүй, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэхгүй байгаа төсвийн ерөнхийлөн захирагчид шаардлага тавих эрхтэй.” гэж заасан бөгөөд энэ журмыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох боломжгүй юм. Шинэжинст сумын Засаг дарга нь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхуягтай 2016 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор тайлагнаж, төсвийн ерөнхийлөн захирагч 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор биелэлтийг дүгнэхээр тусгасан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэжээ.

 5. Хариуцагч нь Л.Батхуягийн зөрчилтэй авсан цалин болон бусад зөрчлийг төлүүлэх улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай танилцуулга, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19-02 дугаартай “Зөрчилтэй авсан цалин төлүүлэх тухай” улсын ахлах байцаагчийн акт, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19-02 дугаартай “Илүү олгосон цалин төлүүлэх тухай” улсын байцаагчийн акт, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19-02 дугаартай “Хуурамч баримтаар мөнгө зарцуулсныг төлүүлэх тухай” улсын байцаагчийн акт зэргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн хэдий ч эдгээр танилцуулга, актууд нь Л.Батхуягийг ажлаас чөлөөлсний дараа гарсан байна. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэлээ сумын төсвийн орлогод төвлөрөх тэмдэгтийн хураамж, нотариатын үнийг төвлөрүүлээгүй, төрийн өмчийн хөрөнгийг бусдад ашиглуулах, төрийн үүргийг гүйцэтгүүлэхэд гэрээ хийгээгүйгээс ашиглалт, хадгалалт, хамгаалалт муудаж, байгуулалагад хохирол учруулсан, Тамгын газрын хэрэглээний түлшийг 2016 онд гэрээгүйгээр худалдан авалт хийсэн гэж нэхэмжлэгчийг буруутгаж, төрийн албанаас чөлөөлсөн хэдий ч эдгээр зөрчлийг гаргасныг тогтоогоогүй, энэ нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэв.

6. “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10.40-д “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно.” гэснээс үзэхэд Л.Батхуяг нь 2015 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн бөгөөд Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллахдаа дахин шалгалт өгөхөөр дээрх журамд тусгажээ. Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 35 тоот албан бичгээр, ...Л.Батхуягийг Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон нь зөрчилтэй томилгоо... гэж байгаа ч энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, шүүх түүний эрх зүйн байдлыг дордуулж анх төрийн албанд томилогдсон шийдвэрт дүгнэлт хийх боломжгүй юм.

7. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга З.Мөнхтөр 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Л.Батхуягийг ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар захирамжийг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа хийх гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг огт хийгээгүй байх бөгөөд энэхүү акт нь нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албанд ажиллах хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзсэн болно.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Л.Батхуягийг ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул хүчингүй болгож, Л.Батхуягийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хоёр. “Л.Батхуягийн ажилгүй байсан хугацааны цалин 8.413.520 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлагуудын тухайд:

Нэхэмжлэгч Л.Батхуягийг төрийн албанаас чөлөөлөх нэрийдлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль бусаар ажлаас халсан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 болон 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны олговор 8.413.520 /Найман сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, энэ талаар холбогдох дэвтэрт бичилт хийлгэх үндэслэлтэй байна.

Гурав. “Хууль бус актын улмаас учирсан хохирол 1.500.000 төгрөгийг нөхөн төлүүлэх” тухай хүссэн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Батхуягийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь маргаан бүхий захиргааны актаас учирсан шууд хохирол биш, хуульд заасан эрхээ эдэлсэн үйлдэл байх тул 1.500.000 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаартай “Л.Батхуягийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Л.Батхуягийг урьд эрхэлж байсан ажил буюу Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Батхуягийн ажилгүй байсан 9 /ес/ cap 20 /хорь/ хоногийн цалин 8.413.520 /Найман сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Л.Батхуягийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА

                                ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН

                               Б.СУГАР