Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2026/0043

 

“ХТ” ХХК-ийн нэхэмжлэлийн

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч

Нэхэмжлэгч: “ХТ” ХХК

Хариуцагч: “ДТҮ-” ХХК, ДТҮ-ийн Тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “А***” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 114/ШШ2025/0045 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид:нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 114/2025/0041/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ХТ” ХХК-аас “ДТҮ-” ХХК, ДТҮ-ийн Тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “ДТҮ- ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/2256 дугаар мэдэгдэл, Үйлдвэрлэлд ашиглах автосамослов автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДА********* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,

Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал автомашин нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл, “ДТҮ-” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/2255 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашины багц №1 худалдах худалдан авах 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн DMP-2025-03-319 дугаар гэрээ хууль бус болохыг тус тус тогтоолгож, хүчингүй болгуулах,

Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДА********* дугаартай тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр “ХТ” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, худалдах худалдан авах гэрээ байгуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 114/ШШ2025/0045 дугаар шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.2, 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн “ДТҮ-” ХХК, ДТҮ-ийн Тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДА********* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл, ДТҮ- ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/2255, 01/2256 дугаар мэдэгдлүүд, мөн автосамосвал, автомашин багц №1 худалдах, худалдан авах 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн DMP-2025-03-319 дугаар гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДА********* дугаартай тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр ХТ ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. “Нэхэмжлэлийн "хамгийн сайн тендерээр шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах" шаардлагын тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийн 2.2 дахь хэсэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.2.2, 50.2.3 дахь хэсгүүдэд заасан үнэлгээний хорооны эрх хэмжээнд шүүх халдаж шийдвэрлэх боломжгүй гэх агуулгаар тайлбарлажээ.

3.2. "ХТ" ХХК "Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин нийлүүлэх багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДА********* дугаартай тендер сонгон шалгаруулалтад оролцож, Үнэлгээний хороо 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл зөвлөмж, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл, зөвлөмж, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тэмдэглэл, зөвлөмжүүдийг тус тус гаргасан.

3.3. Өөрөөр хэлбэл Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал авто машин худалдан авах үнэлгээний хороо энэ асуудлаар шийдвэрлэх хурлыг 3 удаа хийсэн бөгөөд удаа дараа үнэн зөв, тендер шалгаруулалтын баримт бичиг болон хуульд нийцсэн шийдвэрийг гаргаж чадаагүй нь Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/7203 дугаар албан бичиг болон анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд үнэлгээний хороо хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх замаар эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд хэрэгжүүлэх явцдаа хуульд нийцээгүй шийдвэрийг гаргасан.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д "Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана." гэж зааснаар шүүх үнэлгээний хорооны сонгох боломжийг зөв хэрэглэсэн эсэх нь хуульд нийцээгүй талаар дүгнэлтийг хийж байгаа бол алдааг хэрхэн залруулах шийдвэрийг гаргах боломжтой гэж үзэж байна.

3.5. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 114/2025/0045 дугаар шийдвэрт нэхэмжлэгч "ХТ" ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг хамгийн сайн тендерээр шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэжээ.

            4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            4.1.“... Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1-д захиргааны акт, 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг.

 Хурлын үеэр ч тэр, гомдлын хариуг өгч байхдаа ч тэр Үнэлгээний хорооны хурлаараа хариуцагч тал дистрибьютерийн гэрээ болон сертификат нь шаардлага хангахгүй байна хэмээн ээсэн байх бөгөөд үүнийгээ хэлж, тайлбарлаж байсан гэдэг. Түүнчлэн тус тендер шалгаруулалтын гол шалгуур нь дистрибьютерийн гэрээ болон сертификат байсан. Гэтэл тус баримт бичгүүд хуурамч болохыг нэхэмжлэгч Бямбажав хурал дээрээ өөрийн амаар хэлсэн байдаг ба мөн дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Үүнд:

4.1.1. Хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд Letter of authorization, ХТ ХХК, онцгой бус эрхт албан ёсны борлуулагч мөн гэж XCMG (HCMG) гээд тамга дарсан хуулийн этгээд 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн XCMG IMP & EXP.CO. LTD гэж бичээд ерөнхий менежер ЖК гарын үсэг зурсан байх ба үүнд зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн: крантай ачааны автомашин, автокран, агаарын тавцант өргөгч, сэрээт өргөгч гэж заасан байх ба үүнийгээ ХТ ХХК-ийн захирал сертификат нь юмаа гэж тайлбарлаад, хурлын үеэр Тийм ээ бид автосамосвал нийлүүлэх дистрибьютерийн эрхийг энэ жил аваагүй гэдгээ мөн хүлээн зөвшөөрдөг буюу тус тендерт оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлж орсноо хүлээн зөвшөөрдөг.

4.1.2. Хавтаст хэргийн 25 дугаар талд ХТ ХХК-ийн XCMG CONSTRUCTION MACHINERY GROUP IMP & EXP.CO. LTD -тэй байгуулсан дистрибьютерийн гэрээ байх бөгөөд тус гэрээний 3 дугаарт заасан бүтээгдэхүүний хэсэгт оноох л крантай ачааны автомашин, автокран, агаарын тавцант өргөгч, сэрээт өргөгчийг дурдсан байх ба Б талын гарын үсэг хэсэгт Монгол бичгээр гарын үсэг зурсан байх ба эрх олгогдсон цахим шуудан гэдэг хэсэгт b********* гэх цахим шуудан бичээстэй байна.

4.1.3. Хавтаст хэргийн 40 дүгээр талд Б.Б-д олгосон итгэмжлэл байх бөгөөд үүнийг XCMG CONSTRUCTION MACHINERY GROUP IMP & EXP.CO.LTD-д ХТ ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгосон байх бөгөөд тус итгэмжлэлд монгол бичгээр Бямбажав гэж бичээд Булган гарын үсэг зурсан байдаг. Энэ нь мөн л хууль бус үйлдэл хийснийг нотолж байгаа болно.

4.1.4. Түүнчлэн хавтаст хэргийн 59 дүгээрт тус итгэмжлэлийн төгсгөлд ямар бараа бүтээгдэхүүний дистрибьютерийн эрх олгож байгааг харж болно. Харин хавтаст хэргийн 129 дүгээр талд Гарын үсгийн баталгааны маягтад зурсан Ц.Б-ын гарын үсэг байх бөгөөд тэрээр өөрийгөө өөр өөрөөр гарын үсэг зурдаг гэж тайлбарладаг. Хэрвээ тэр хүн өөр өөрөөр гарын үсгээ зурдаг юм бол тендерийн гарын үсгийн маягтыг бөглүүлэх аливаа нэг шаардлага байхгүй мэт ойлгогдож байна.

4.1.5. Мөн энэ компанийн хуулийн этгээдийн гэрчилгээг тендерт гаргаж өгсөн байна. Тус гэрчилгээнд Xuzhou Xcmg Heavy Vehicle CO.,LTD. гэсэн нэртэй компанийн XG90D уул уурхайн самосвалын техникийн үзүүлэлтийн танилцуулгыг хавсаргасан байдаг ба энэ нь сертификат дээр байгаа компанийн нэрнээс зөрдөг.

4.2. 2025.07.01-ний өдрийн болон 2025.08.26-ны өдрийн ДТҮ-ийн мэдэгдлүүдийн үндэслэх хэсэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9 байсан буюу Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан байдаг ба бүх шаардлагыг хангасан тендер гэдэгт тус хуулийн 26.3. Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна; 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2. санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх гэсэн үндсэн шаардлагууд багтдаг болно. Гэтэл шүүх дан ганц гарын үсэг алдаатай байна гэх үндэслэл дээр дүгнэлт өгч байх бөгөөд энэ нь Захиргааны актын үндэслэх хэсгийн гол хуулийн заалтыг үгүйсгэж байгаа мэт харагдаж байна.

4.3. Техникийн тодорхойлолттой холбоотой асуудал дээр 2 тал 2лаа дүйцүүлсэн техникийн тодорхойлолтыг өгсөн байдаг ба энэ нь Захиалагч талаас тавьсан техникийн нөхцөлийг сайжруулан саналыг хүргүүлсэн болохыг хэн аль тал маргадаггүй ба нэхэмжлэгч талын техникийн тодорхойлолтод заасан агаарын бохирдлын эсрэг сертификат нь зөрүүтэй (Олон улсын чанар стандартын гэрчилгээ нь хуурамч) байсан талаар мөн шүүхэд манай талаас тайлбарлаж өгсөөр байхад шүүх үүнийг үнэлээгүй.

Харин Сангийн яам захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож хуулийн 59.10.2 дахь заалтад заасныг үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэж, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байх энэ асуудал дээр урд тал хийн нумтай, хойд тал төмөр нумтай гэснийг операторын тав тухыг хангаж төмөр нумнаас шалтгаалсан эвдрэлийг бууруулсан гэсэн тайлбарыг манай талаас өгсөн байдаг.

4.4. Хавтаст хэргийн 213 дугаар талд С*** болон А*** ХХК-ийн дистрибьютерийн гэрээ байх бөгөөд тус гэрээний Гэрээний бүтээгдэхүүн гэх хэсэгт бидний зүгээс автосамосвалын дистрибьютер хийж болох автомашинуудыг нэрсийг бичсэн байдаг ба манай компанийн бичиг баримтын бүрдэл бүрэн хангагдсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар мөн адил тогтоогддог.

4.5. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд 2025.09.08-ны өдрийн Сангийн яамны албан бичигт гомдол хүлээн авах хугацаа дууссан талаар дурдаад иймд гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг.

4.6. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.4-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт урьдчилан тодорхой зүйл хийх, түдгэлээх, эсхүл тодорхой зүйл хийхийг үүрэг болгох; мөн хуулийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох заалтыг заасан байх бөгөөд тус захиргааны акт нь энэ хэсэгт хамаарахгүй байх тул эерэг захиргааны актад тооцогдох бүрэн боломжтой байна.

4.7. Эцэст нь ХТ ХХК тус тендерийг хүчингүй болгууллаа гэхэд дахин тус тендерт өрсөлдөх боломж одоогоор нэхэмжлэгч талд байхгүй, учир нь тэдний тендерт ирүүлсэн гол баримт бичгүүд нь тендерийн шаардлагыг хангахгүй байгаа нь тодорхой болсон.

Харин энэ тендер хүчингүй болсон тохиолдолд манай компанийн С*** ХХК-тай байгуулсан гэрээ биелэгдэхгүй болж, бид 5 ширхэг авто самосвалыг хэнд хаана нийлүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж (урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн), их хэмжээний хохирол амсах бөгөөд Хариуцагч тал мөн адил 2025 оноор тус тендерийн төсвийг татуулан, тус 5 самосвалаар гүйцэтгүүлэх байсан ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэх билээ.

 Иймд анхан шатны 114/1/2025/0045 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “ Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДА********* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл, ДТҮ- ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/2255, 01/2256 дугаар мэдэгдлүүд, мөн автосамосвал, автомашин багц №1 худалдах, худалдан авах 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн DMP-2025-03-319 дугаар гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох үйлдвэрлэлд ашиглах автосамосвал автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДА********* дугаартай тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр “ХТ” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3. “Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДА********* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл, ДТҮ- ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/2255, 01/2256 дугаар мэдэгдлүүд, мөн автосамосвал, автомашин багц №1 худалдах, худалдан авах 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн DMP-2025-03-319 дугаар гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Анхан шатны шүүхээс “... хариуцагчаас тодруулга авах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд эргэлзээтэй баримтуудыг тодруулах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, тухайлбал “ХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-аас ирүүлсэн гарын үсгийн баталгаа үнэн зөв эсэх талаар ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөл байдал үүссэн байхад нөхцөл байдлыг магадлах, тодруулж авсны үндсэн дээр бодит нөхцөл байдалд тулгуурлаж дүгнэлт өгөх шаардлагатай байсан тул уг хуулийн заалтыг хэрэглээгүй … дээрх ажиллагааг зайлшгүй хийх ёстой байсан, ... маргаан бүхий тендерийн шаардлагыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн аль нь бүрэн хангаагүй гэж эрх бүхий байгууллагаас тодорхойлсон байхад зөвхөн гуравдагч этгээд “А***” ХХК-аас тодруулга авахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийг шаардлагад нийцээгүй гэж шийдвэрлэсэн нь хуульд заасан тэгш боломжтой өрсөлдөх зарчимд нийцээгүй …” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин” нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 6 дугаар тэмдэглэлээр[1] “Багц-1 Үйлчилгээний автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “А***” ХХК-ийн ирүүлсэн тендерийг 28 дугаар зүйлийн 28.1.1-ийн дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.3. Хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/1780 дугаар мэдэгдлээр[2] “А***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн байна.

Харин тус өдрийн 01/1783 дугаар мэдэгдлээр[3] “... Албан ёсны дистрибьютерийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр Б.Б-д олгосон боловч тус итгэмжлэлийг олгосон гарын үсэг дээр Б-н баталгаат гарын үсэг зурагдаагүй. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Б.Б-н гарын үсэг зурагдаагүй. Тендерийн маягтад ирүүлсэн Б-н гарын үсгийн баталгаажуулсан маягттай зөрсөн ...” гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй болохыг “ХТ” ХХК-д мэдэгдсэн байна.

3.4. Хариуцагч “ДТҮ-” ХХК-ийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “ХТ” ХХК-аас Сангийн яаманд хандан гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02/6785 дугаар албан бичгээр[4] захиалагчийн шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, мөн яамны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/7203 дугаар шийдвэрээр[5] “ДТҮ-” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/1780, 01/1783 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг мэдэгдсэн байна.

3.5. Үүний дараа маргаан бүхий 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин” нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 7 дугаар тэмдэглэлээр[6] тендерийг дахин хянан үзэхээр дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:

-““ХТ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Ц.Бийн гарын үсгийн маягт болон гэрээнд гарын үсэг зурсан нь зөрүүтэй тул шаардлага хангахгүй”,

-““А***” ХХК-ийн тендерт дистрибьютерийн гэрээний нүүр хуудас болон баталгаажуулсан хуудсыг хавсаргасан байх бөгөөд баталгаажуулсан хуудаст Sinotruck international буюу гэрээний нөгөө талын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй, гэрээний заалтуудыг ирүүлээгүй тул тодруулга авах”,

-“Техникийн тодорхойлолтод хурдны хайрцаг “механик ажиллагаатай урагшаа 7, хойшоо 1 шатлалтай, 7DS220+QH70N дүйцнэ” гэж, урд тал хийн нумтай, ар тал төмөр нумтай гэж ирүүлсэн нь илүү давуу талтай бөгөөд Операторын тав тухыг хангаж, төмөр нумнаас шалтгаалсан эвдрэлийг бууруулсан тул нийцэж байна” гэж үзсэн нь тэмдэглэлээр тогтоогдож байна.

Улмаар үнэлгээний хорооноос тус тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн нь” хэсэгт “А***” ХХК-аас ирүүлсэн дистрибьютерийн гэрээнд тодруулга авахаар шийдвэрлэсэн байна.

 

3.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасан.

3.7. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах боломжтой боловч захиалагч нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх боломжтой байхаар хуульчилсан байна.

3.8. Харин хариуцагчаас маргаан бүхий 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин” нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 7 дугаар тэмдэглэлээр “А***” ХХК-аас дистрибьютерийн гэрээг тодруулахаар шийдвэрлэж, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн  01/2221 дүгээр албан бичгээр[7]дистрибьютерийн гэрээ нь шаардлага хангаж байгаа боловч хянан үзэхэд тодорхойгүй, эргэлзээтэй байгаа тул дистрибьютерийн гэрчилгээтэй уялдаж буй эсэхийг тогтоох” зорилго, үндэслэлээр “А***” ХХК-аас тодруулга шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

3.9. Өөрөөр хэлбэл, хариуцагч “ДТҮ-” ХХК-аас “А***” ХХК-ийн тендерт ирүүлсэн дистрибьютерийн гэрээний асуудлыг тодруулахаар шийдвэрлэж, тодруулга шаардсан нь “ХТ” ХХК-ийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх үндэслэлтэй, дээрх хуульд заасантай нийцээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна.

3.10. Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/7203 дугаар шийдвэрт “... “ХТ” ХХК-ийн дистрибьютерийн гэрээг орчуулгын хамт ирүүлсэн байх бөгөөд тус гэрээнд монгол бичгээр тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Ц.Б гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан байх ба гарын үсгээ крилл болон монгол бичгээр зурдаг тухай гомдолд дурдсан байх тул дистрибьютерийн гэрээ шаардлага хангахгүй, гарын үсэг зөрүүтэй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн байна.

Гэтэл хариуцагчаас энэ талаар “ХТ” ХХК-аас тодруулалгүйгээр “... гарын үсгийн маягт болон гэрээнд гарын үсэг зурсан нь зөрүүтэй тул шаардлага хангахгүй ...” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн тендерийн маягт дээрх гарын үсэг,  итгэмжлэл дээрх гарын үсгийг зөрүүтэй хуурамч болох талаар эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт шийдвэр байхгүй байхад дахин энэ үндэслэлээр шаардлага хангаагүй тендер ирүүлсэн гэж үзсэнийг шүүх зөв гэж үзэх үндэслэлгүй. 

3.11. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... итгэмжлэл болон хавсралтаар ирүүлсэн гарын үсгийн баталгааны маягттай зөрүүтэй байсан гэх үндэслэлийн тухайд шууд дүгнэлт хийх боломжгүй, дээрх байдлаар зөрүүтэй гэдэг нь ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй, тогтоосон баримт байхгүй байхад гарын үсэг зөрүүтэй гэж дүгнэх үндэслэлгүй ...”  гэсэн дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

3.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.17-д “"тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ” гэж заасан.

3.13. Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 18.1-д[8] “ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлагад: ... хэрэв оролцогч нь үйлдвэрлэгч, албан ёсны дистрибьютер бол туршлагын мэдээллийг шаардахгүй ...” гэж, Өөрөө буулгагчийн техникийн тодорхойлолтын[9] 7-д Хурдны хайрцаг “механик ажиллагаатай урагшаа 12, хойшоо 2 шатлалтай байх /HW12, эсхүл түүнтэй дүйцэх, дээд хурд 40 км/ц багагүй/”, 11-д Нум “Урд болон ар тал төмөр нумтай” гэж тус тус заасан байна.

3.14. Харин хариуцагчаас тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтоор нумыг урд болон ар тал төмөр нумтай байхаар тусгасан атлаа гуравдагч этгээд “А***” ХХК-ийн техникийн тодорхойлолтын 11-д Нум “Урд тал хийн нумтай, ар тал төмөр нумтай” гэсэн тендерийг ирүүлсэн байхад шалгаруулсан нь тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтод тусгаагүй үндэслэлээр тендерт сонгон шалгаруулсан гэж үзэхээр байх бөгөөд энэ нь тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй тул хариуцагчийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.

 Мөн хариуцагчийн эрх бүхий мэргэжлийн байгууллагын шийдвэр дүгнэлтэд үндэслээгүй “... шинэ технологид суурилсан тээврийн хэрэгсэл гэж үнэлж, хийн нумтайг шалгаруулсан ...” гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

3.15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасан.

3.16. Нэхэмжлэгчээс тендер шалгаруулалттай холбогдуулан Сангийн яаманд хандаж гаргасан гомдлыг Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/8267 дугаар албан бичгээр “... дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан танай компаниас ирүүлсэн гомдлыг тус яам хянаж үзэж, холбогдох шийдвэрийг захиалагчид болон танай байгууллагад 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 02/7203 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Танай 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №25-А09/03 тоот албан бичигт шийдвэрлэж хариу өгсөн асуудлыг дурдсан, мөн гомдол хүлээн авах хуульд заасан дээрх хугацаа өнгөрсөн байх тул танай гомдлыг хүлээн авах боломжгүй байна” гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан байна.

3.17. Энэ тохиолдолд нэгэнт нэхэмжлэгчийн гомдлыг Сангийн яам “хянан шийдвэрлэх боломжгүй” гэж буцаасан байх тул шүүх “урьдчилан шийдвэрлүүлсэн байх шаардлага тогтоосон журмыг хэрэглэх боломжтой” гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасантай нийцэхгүй тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... Сангийн яамнаас гомдол гаргах хугацаа дууссан талаар мэдэгдэж гомдлыг буцаасан, ... урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаагүй ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4. “Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДА********* дугаартай тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр “ХТ” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, худалдах худалдан авах гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх;” 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж тус тус зааснаар үнэлгээний хороо нь тендерийг нээх, хянан үзэж үнэлж захиалагчид шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүрэг бүхий этгээд байна.

4.2. Энэ тохиолдолд хариуцагчийн хуулиар олгосон чиг үүргийг шүүх хэрэгжүүлж тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр “ХТ” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, худалдах худалдан авах гэрээ байгуулахыг даалгах боломжгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... Үнэлгээний хороо нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх замаар эрхээ хэрэгжүүлэх явцдаа хуульд нийцээгүй шийдвэрийг гаргасан. Үнэлгээний хорооны алдааг хэрхэн залруулах талаар шийдвэр гаргах боломжтой тул даалгах шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү ...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                   М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 191-193 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтас, 197 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтас, 198 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтас, 199 дэх тал

[5] Хэргийн 1 дэх хавтас, 200-201 дэх талууд

[6] Хэргийн 1 дэх хавтас, 202-203 дахь талууд

[7] Хэргийн 1 дэх хавтас, 207 дахь тал

[8] Хэргийн 2 дахь хавтас, 130 дахь тал

[9] Хэргийн 2 дахь хавтас, 102 дахь тал