Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1086

 

МАГАДЛАЛ

 

2018.05.09                                                Дугаар ?86,87                                Улаанбаатар хот

 

 

 

Д.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ?2/ШШ2018/00695 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Д холбогдох,

 

2017 оны ? дугаар сарын 06-ны өдрийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсан болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн ? дугаар хороо Зүүн ард аюуш ? дугаар гудамж ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, мөн хаягт байршилтай ? м.кв талбайтай хувийн орон сууцыг Д.Б нэр дээр шилжүүлэх, байрны түрээсийн зардал 2 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны ? дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Г.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.О, Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн ? дугаар хороо Зүүн ард Аюуш ? дугаар гудамж ? тоот байрлах ? м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг 2017 оны ? дугаар сарын 6-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээгээр газар болох үл хөдлөх хөрөнгийг 18 000 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн ? дугаар хороо зүүн ард аюуш ? дугаар гудамж ? тоот хаягт байрлах ? м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны ? дугаар сарын 6-ны өдрийн үл хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 20 000 000 төгрөгөөр тус тус Г.Д худалдах, худалдан авах гэрээнүүдээр шилжсэн боловч худалдан авагч Г.Д нь газрын төлбөрийг 18 000 000 төгрөгөөр тохирч 2017 оны ? дугаар сарын 6-ны өдөр 4 000 000 төгрөгийг төлөөд үлдэх 14 000 000 төгрөгийг 2017 оны ? дугаар сарын 13-ны өдөр 9 000 000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр, хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр тохирч 5 000 000 төгрөгийг 2017 оны ? дугаар сарын 04-ний өдөр төлж, үлдэх 15 000 000 төгрөгийг 2017 оны ? дугаар сарын 13-ны өдөр төлөхөөр тохирсон боловч дээрх хугацаанд төлбөрүүдийг шаардсан боловч зээл авах гэж байна гэж удаа дараалан худал ярьсаар ирсэн. Гэрээнд заасан хугацаанд төлбөрүүдийг төлөөгүй болохоор нь дахин зээлийн гэрээ гэдгийг 2017 оны ? дугаар сарын 16-ны өдөр үлдэх төлбөр болох 29 000 000 төгрөгийг 2017 оны ? дугаар сарын    30-ны өдөр төлөхөөр хугацааг дахин тогтоосон боловч гэрээний төлбөрүүдийг төлөөгүй. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дээрх гэрээнүүдээс бүгд татгалзаж, Г.Д хандаж өгсөн мөнгөө ав, газар хашаа орон сууцны үл хөдлөх хөрөнгүүдийг шилжсэн байгааг буцааж өг, ингээд наймаагаа буцаахаар болцгоосон.

Хугацаандаа үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул хариуцагч Г.Дийн буруутайгаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнүүдээс татгалзаж байна. Нэхэмжлэгч нь 2017 оны ? дугаар сарын 06-ны өдрийн Г.Дтэй байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны ? дугаар сарын 06-ны өдрийн хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсан болохыг тогтоолгох, 2017 оны 11 дүгээр сарын ?-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын   19-ний өдрийн байрны түрээсийн төлбөр 2 000 000 төгрөг, хариуцагч Г.Дийн нэр дээр шилжсэн байгаа Баянгол дүүргийн ? дугаар хороо Зүүн ард аюуш ? дугаар гудамж ? тоот хаягт байрлах ? м.кв талбайтай гэр бүлийн зориулалтай газар, мөн Г.Дийн нэр дээр шилжсэн байгаа Баянгол дүүргийн ? дугаар хороо Зүүн ард аюуш ? дугаар гудамж ? тоот хаягт байрлах ? м.кв хувийн орон сууцны үл хөлдөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч Д.Б нэр дээр шилжүүлэхээр, 2017 оны ? дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Байрны түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөгийг бэлнээр өгчихсөн, одоо үүнийгээ баримтжуулах гээд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг шилжүүлсэн байгааг Г.Дээс гаргуулна. 2017 оны ? дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээгээр Д.Б нь Г.Д 29 000 000 төгрөг зээлдүүлээгүй, харин нэхэмжлэгч нь газрын үл хөдлөх хөрөнгө болон хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгүүдийг худалдсан үнийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэх гэж, 2017 оны ? дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаа тогтоож, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр биеэр уулзацгааж өгсөн мөнгөө ав, бид цаашид хүлээх боломжгүйгээ хэлээд, газар хашаа байраа чөлөөлж өг гэхэд цагдаад биднийг барьж өгөөд оруулахгүй байсан. Төлбөрөө авахын тулд Г.Дтэй 2017 оны ? дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан байгааг Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г.Д нь урьдчилгаа болох мөнгийг аваад 2017 оны ? дугаар сарын 04-нд нь гэрт нь очиход эхнэр Д.Б нь байсан. Тэгээд мөнгийг нөхөр н.Б данс руу хийе гээд 3 000 000 төгрөгийг дансаар нь хийж, үлдэгдэл 6 000 000 төгрөгийг Хаан банкны  АТМ-р эхнэр Д.Бг дагуулан нөхөр Б данс руу нь шилжүүлэн өгсөн болно. ? 000 000 төгрөг өгөх байсан боловч хашаа нурсан байдалтай, засвар хийх ажил маш их байсан тул 1 000 000 төгрөгийг засварт ашиглахаар болоод, тус 1 000 000 төгрөгийг үлдэгдэл 28 000 000 төгрөгт нэмж өгье гэж Д.Бд хэлж тохирсон. Ингээд урьдчилгаагаа өгсний маргааш өдөр нь энэ хашаа байшинг барьцаанд байгааг бидэнд хэлсэн. Мөн хашаа, байшингаа та 2-н өгсөн урьдчилгаа мөнгөөр чөлөөлөөд байшингаа үл хөдлөхөөр оруулна гээд ? дугаар сарын 05-нд материалаа Баянгол дүүргийн үл хөдлөхөд өгнө гээд явсан. Ингээд гэрчилгээ нь ? дугаар сарын 06-нд нэхэмжлэгч Д.Б нэр дээр гарсан. Тэгээд худалдах, худалдан авах гэрээг 29 000 000 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болохоор гэрээг хийсэн. Мөн тус өдөр барьцаанд тавих итгэмжлэлийг анх тохирсон ярьснаар хийсэн. 2017 оны ? дугаар сарын 06-нд би нөхөр н.Б 300 000 төгрөгийг хашааг засварлах зорилгоор нэмэр болгон авсан. Ингээд 2017 оны ? дугаар сарын 07-нд хашааг шинээр барих мод, банз, шургааг, хадаас, төмөр утас, ажиллах хүн хүчийг авч засварлаж эхэлсэн. 2017 оны ? дугаар сарын 08-нд хашааны 3-н талыг бүрэн засварлаж дуусгасан. Ингээд дээрх хашааны бичиг баримтыг аван 2017 оны ? дугаар сарын 09-нөөс эхлэн “Ч ф” ББСБ ХХК-иас зээл хөөцөлдөж эхэлсэн болно. Гэвч зээлийн материал шаардлага хангахгүй байна, итгэмжлэлээр зээл олгохгүй хэмээн буцаасан. Худалдан авах гэрээ хийж, нэр дээр байх ёстой юм байна гэж тус нөхцөл байдлаас хамаарч 2017 оны ? дугаар сарын 15-нд Д.Б болон н.Б нарт учир байдлаа хэлсэн. Тэгээд тэд худалдах, худалдан авах гэрээг хийхгүй гэж татгалзсан. Бэлэглэлийн гэрээгээр тус хашаа байшинг авсан, зээл авч болдог юм өмнө нь шилжүүлэн авч байсан гэж хэлсэн. Д.Б надаас барьцаа шаардаж, би дүүгийнхээ нэр дээр байгаа хашааг үлдэгдэл    29 000 000 төгрөгийг барьцаанд өгсөн. Үл хөдлөхөөр оруулан Д.Бд барьцаагаар үлдээсэн. Татвараас зайлсхийн бэлэглэлийн гэрээг 2017 оны ? дугаар сарын 16-нд хийж өгсөн. Дахин ББСБ дээр очиход бэлэглэлийн гэрээгээр авсан хашаа байшинг 3-6-н жилийн хугацаанд барьцаалах, худалдах эрх үүсдэггүй юм гээд намайг ахин буцаасан. Д.Б нэр дээр буцаан бэлэглэлийн гэрээ хийж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээг 2017 оны ? дугаар сарын 20-нд харилцан тохиролцсоны үндсэн дээр, Д.Б зөвшөөрлөөр тус бүр 5 000 000, 5 000 000 төгрөгийн үнийн дүнтэйгээр хийсэн. Баянгол дүүргийн үл хөдлөхөд аваачин өгч нэр дээрээ хашаа байшингийн гэрчилгээг 2017 оны ? дугаар сарын ?-нд нэр дээрээ авсан. Тэгээд дахин ББСБ дээрээ очиж уулзсан. Тэгэхэд ББСБ нь 30 000 000 төгрөгийн зээл гаргах боломжгүй. Нэмэлт барьцаа шаардлагатай гэсэн. Ингээд Д.Бтай ярьж хэлэхэд чи надад байгаа газраа ав, би энэ хоосон хашаагаар чинь яахавдээ гээд хэлэхэд Г.Д миний бие байж байг ээ, би хүнээс гуйгаад үзье гээд хэлсэн. Дүүгийнхээ гэрчилгээг буцаан шилжүүлж ав гэхээр нь би 11 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр О нэр дээр шилжүүлэхээр материалаа буцаан Хан-Уул дүүргийн үл хөдлөхөд өгсөн. Олон дахин тодорхойгүй шилжилт хөдөлгөөн хийсэн, зээл олгох нөхцлийг хангахгүй байна, хүлээцгүй байна гэдэг хариуг өгсөн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 03-нд хас банкнаас зээл авах боломжтой, асууж судлахад болно гэсэн, жаахан хугацааг бидэнд өгөөч гэж гуйхад, надад наймааг буцаана, 9 000 000 төгрөгөө ав гээд Д.Б, н.Б нар уурлан загнаж, маргааш гэхэд байшинг чөлөөл хэмээн дайрч доромжилсон. Дээрх болсон үйл явц дунд хийсэн ажлуудаас тайлбарлахад бид 2-ын өгсөн 9 000 000 төгрөгнөөс ариун цэврийн өрөөний дотор заслыг хийж тохижуулсан. Мөн н.Б Чингэлтэй дүүрэгт байрлах өвлийн зуслангийн байшингийнхаа шалыг цутгаж засварласан. Худалдаж авсан гэх хашаа байшинг ББСБ-н зээлийн барьцаанаас чөлөөлсөн. Хашаан дотор байгаа байшингаа бидны мөнгөөр үл хөдлөхөөр оруулан гэрчилгээг гаргуулсан. Хашааны газрыг 2017 оны ? дугаар сарын 20-нд жижиг экскаватор хөлсөлж аваад тэгшилсэн. ? дугаар сарын 19-нд байшингийн гал тогооны өрөөг өөрийн хөрөнгө мөнгөөр засч өөрчилсөн. Гэрээг зөрчиж наймааг буцаахгүй болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны ? дугаар сарын 20-нд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу тус газар болон хувийн сууцыг бид харилцан тохиролцож, нэхэмжлэгчид зохих үнийг төлж худалдан авсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан тайлбар нь бүгд үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлтэй хариуцагч Г.Д холбогдох 2017 оны ? дугаар сарын 06-ны өдрийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсан болохыг тогтоолгох, байр түрээслэсэн зардал 2 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны ? дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Бгаас 9 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Д олгож, Баянгол дүүргийн ? дугаар хороо Зүүн ард аюуш ? дугаар гудамж ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-? дугаарт бүртгэлтэй гэр бүлийн зориулалттай газрын өмчлөх эрхийг, Баянгол дүүргийн ? дугаар хороо Зүүн ард аюуш ? дугаар гудамж ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэлтэй хувийн сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Бд шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дээс улсын тэмдэгтийн хураамжид 347 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Д.Б нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагад байхгүй асуудлыг өөрийн санаачлагаар, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж "2017 оны ? дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн нотариатаар батлуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "Шүүхээс гарч буй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шийдвэр гаргах гол нөхцөлийн нэг нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой байх явдал байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй асуудлыг шүүх шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч хууль зүйн өөр үр дагавар үүсэх боломжтой юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тогтоож тодорхойлдог атал дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь мэтгэлцэх зарчимыг алдагдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т заасан "Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана..." гэсэн заалтыг зөрчсөн байна. 2017 оны ? дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны ? дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн нотариатаар батлуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хийгдсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Г.Д нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй болно. Шүүх хэргийг буруу дүгнэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бус хэрэгт байхгүй гэрээ хийгдсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар "шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүхээс зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар төлбөр төлөх хугацаа тогтоогдохгүй байх тул тэдний бичгээр байгуулсан 2017 оны ? дугаар сарын 20-ны өдрийн гэрээг төлбөр төлөх хугацааг тохироогүй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2017 оны ? дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн нотариатаар батлуулсан үл хөдлэх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд хугацаа тогтоогоогүй бөгөөд гэрээнд заасан төлбөрийг шууд төлөхөөр тохиролцон хийгдсэн. Хариуцагч Г.Д нь тус гэрээнд зааснаар үнийн дүн болох төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Шүүх нь 2017 оны ? дугаар сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн тойргийн нотариатаар батлуулж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2 гэрээ байгуулсан байхад нэг гэрээ байгуулсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2017 оны ? дугаар сарын 20-ны өдөр 2 гэрээ байгуулагдсан ба ? м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн ? м.кв талбайтай хувийн орон сууцыг тус тусд нь харилцан тохиролцон нийт үнийг              ? 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна. Шүүх шийдвэртээ тус бүрт нь үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Д холбогдуулан 2017 оны ? дугаар сарын 06-ны өдрийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсан болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн ? дугаар хороо Зүүн ард аюуш ? дугаар гудамж ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, мөн хаягт байршилтай ? м.кв талбайтай хувийн орон сууцыг Д.Б нэр дээр шилжүүлэх, байрны түрээсийн зардал 2 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны ? дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь “...орон сууц, газрын үнийг төлөхгүй байгаа гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...газрыг өөрийн зардлаар тэгшилсэн, байшингийн гал тогооны өрөөг өөрийн хөрөнгөөр засч өөрчилсөн, нэхэмжлэгчид зохих үнийг төлсөн...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2017 оны ? дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Газар худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь, Баянгол дүүргийн ? дугаар хороо Зүүн ард аюуш ? дугаар гудамж ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг 18 000 000 төгрөгөөр, мөн хаягт байршилтай ? м.кв талбайтай хувийн орон сууцыг 20 000 000 төгрөгөөр худалдан авах, 2017 оны ? дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 2 гэрээгээр дээрх хаягт байх газар, хувийн сууцыг нэхэмжлэгч нь Г.Д бэлэглэхдээ газар ? 000 000 төгрөг, хувийн сууц нь 5 000 000 төгрөгийн үнэтэй гэж гэрээнд бичсэн, 2017 оны ? дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь Г.Д 29 000 000 төгрөгийг 2017 оны ? дугаар сарын   30-ны өдөр хүртэл хүүгүй зээлдүүлэх, энэ гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэх баримтаар дуусгавар болсонд тооцсон, 2017 оны ? дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 2 гэрээгээр дээрх хаягт байх, 5 000 000 төгрөгийн үнэтэй хувийн сууц, 5 000 000 төгрөгийн үнэтэй газрыг Г.Д худалдан авах, хариуцагч нь гэрээний зүйлийн үнэ гэж 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгснийг нэхэмжлэгч буцаан хариуцагчид шилжүүлсэн, 2017 оны ? дугаар сарын 19-ний өдөр Г.Д олгосон гэрчилгээгээр нэхэмжлэлд заасан газар, хувийн сууцны өмчлөгч болсон зэрэг үйл баримт тогтоогдсон талаар зохигч маргаагүй.

Зохигчдын хооронд газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба үүргийн зөрчил буюу гэрээний зүйлийн үнийг тогтоосон     хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр уг гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь Г.Д 29 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй, энэ гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл гэдэгт талууд маргаагүйгээс гадна гэрээг дуусгавар болгож баримт үйлдсэн байх тул гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч нь бусдын орон сууцыг түрээслэсний төлбөрт 2 000 000 төгрөг гаргуулах шаардлагын талаар шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэснээ шийдвэрт агуулгын хувьд ойлгомжгүй бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ?2/ШШ2018/00695 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны ? дугаар сарын 06-ны өдрийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалсан болохыг тогтоолгох, түрээсийн зардал 2 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны ? дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Бгаас 9 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Д олгож, Баянгол дүүргийн ? дугаар хороо Зүүн ард аюуш ? дугаар гудамж ? тоот хаягт байршилтай ? м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-? дугаарт бүртгэлтэй гэр бүлийн зориулалттай газар мөн хаягт байршилтай ? м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг Д.Бд буцаан шилжүүлэхийг хариуцагч Г.Д даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 347 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

         ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР

 

                                                                       М.НАРАНЦЭЦЭГ