| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2020/00333/и |
| Дугаар | 183/ШШ2020/01252 |
| Огноо | 2020-05-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2020/01252
2020 оны 05 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2020/01252 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3.000.000 төгрөг, томилолтын зардал 1.670.500 төгрөг, нийт 4.670.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1. Захиалгаар бүтээл тууривах гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу урьдчилгаанд өгсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай. Б.Б нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр М 229 тоот “Захиалгаар бүтээл туурвих гэрээ” байгуулж, “Эрт нахиалсан сарнай” олон ангит уран сайхны кинонд найруулагчаар ажиллаж, М 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус бүтээлээ хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу М нь Б.Б ажлын хөлсөд нийт 25.000.000 төгрөг төлөхөөр тохирч, ажлын хөлсийг дараах журмаар өгөхөөр заасан. Үүнд: Гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт 3.000.000 төгрөг, М зохиолыг баталснаас хойш ажлын 5 хоногт 5.000.000 төгрөг, кино үйлдвэрлэл эхлэх үед 10.000.000 төгрөг, кино үйлвэрлэл дуусаж, бэлэн болсон киног хүлээн авч, акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт 7.000.000 төгрөг байхаар тогтоосон. М нь гэрээнд заасны дагуу гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор буюу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа 3.000.000 төгрөгөөс холбогдох татварыг суутган 2.700.000 төгрөгийг Б.Б Төрийн банкны дансанд шилжүүлсэн Гэвч Б.Б нь гэрээний дагуу хийгдэх ёстой ажлаас ямар ч ажлыг хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бид гэрээнээс татгалзаж, Б.Б гэрээт ажлын төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймээс Мо нь хариуцагч Б.Б тус 2.700.000 төгрөг болон түүнд хамаарах татварт төлсөн 300.000 төгрөг буюу нийт 3.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Бид гэрээний 6.2-т заасны дагуу торгуулийг нэхэмжлээгүй болохыг дурдав. 2. Томилолтын зардлын үлдэгдэл зөрүүг нөхөн төлүүлэх тухай. Б.Б нь М уран сайханы удирдаачаар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд ОХУ-ын Москва болон Санкт Петербург хотуудад томилолтоор явж, тухайн хотуудад байрлах Монгол Улсын түүхтэй холбоотой түүхэн эд зүйлийн тухай баримтат кино бэлтгэхээр ажилласан. Ийнхүү томилолтоор ажиллахдаа М томилолтын зардалд 5.784.050 төгрөгийг авсан ба томилолтоос ирснээс хойш 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр томилолтын тайланг бичиж, тайлангийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М нягтлан бодогчтой тооцоо нийлсэн. Тооцоо нийлэхэд томилолтын зардлын гүйцэтгэл 4.113.500 төгрөг болж, харин зөрүү 1.670.500 төгрөг гарсан. Энэхүү томилолтын зардлын зөрүүг Б.Б нь М буцаан олгоогүй байна. Б.Баяраа нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр М байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож, ажлаас чөлөөлөгдсөн. М ерөнхий захирлын 2015 оны 319 дүгээр тушаалаар батлагдсан “Ажилтнуудын гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах журам”-ын 5.2-т заасны дагуу санхүүгийн баримт бүрдүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүй тул томилолтын зардлын зөрүү 1.670.500 төгрөгийг, мөн гэрээний урьдчилгаа төлбөр болгон авсан 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан тайлбартаа: “Найруулагч Б.Б нь М 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Захилгаар бүтээл туурвих гэрээ”-г байгуулж, “Эрт нахиалсан сарнай” олон ангит кинонд найруулагчаар ажиллахаар тохиролцсон. Гэвч бодит байдал дээр тухайн үеийн М удирдлага энэхүү олон ангит кинонд найруулагчаар ажиллах санал, даалгаврын гэрээг байгуулагдахаас өмнө буюу 2015 оны сүүлээр найруулагч Б.Б өгч, тухайн киноны зохиол дээр 2016 оны 2 дугаар сараас эхлэн ажилласан байдаг. Энэхүү ажил нь ажлын байрны тодорхойлолтод байхгүй, албан үүргээс гадуур ажил гэдгийг дурдах нь зүйтэй. Кино найруулагчийн ажил нь тухайн бүтээл олны хүртээл болох хүртэл нууцын өндөр зэрэглэлтэй хийгддэг бөгөөд эх зохиолыг бүтээл болгохын тулд зохиолд олон засвар, өөрчлөлт оруулах, найруулга нэмэх, кино сценүүдийг урьдчилан хар зургаар цаасанд буулгаж, найруулагчийн зохиол, төлөвлөгөө /раскадровк/ гаргах зэрэг цаг, мөнгөөр хэмжигдэшгүй оюуны их хөдөлмөр шаарддаг ажил юм. “Эрт нахиалсан сарнай” олон ангит киноны найруулгад Б.Б олон шөнийн нойр, хоолгүй ажилласан хөдөлмөр шингэсэн. Тухайлбал, кино зохиол бичсэн зохиолчтой уулзах, найруулагчийн заавар зөвлөгөөний дагуу зохиолд оруулсан засваруудаа хянуулахаар найруулагчид явуулсан олон и-мэйлүүд нотлохоос гадна киноны сценүүдийг хар зурганд буулгасан олон хуудас гар зургууд нотлох юм. Түүнчлэн “Эрт нахиалсан сарнай” олон ангит киноны зохиолч, раскадровк зураач нарыг гэрчээр оролцуулж, найруулагчийн тухайн үед хийсэн хөдөлмөрийг гэрчлэх бүрэн боломжтой. Б.Б нь нийт 30 гаруй кино, 20 гаруй нэвтрүүлэг найруулж, эдгээр нь бүгд үзэгчдийн хүртээл болж, өндөр үнэлгээ авсан. Нэг баримтат кино найруулах гэрээний үнийн дүн хамгийн багадаа 20-30 сая төгрөг байдаг. Б.Б найруулагч нь тухайн киноны найруулга дээр ажиллаж байх хугацаандаа захиалагч талын “Санхүүжилт орж ирэхгүй байна. Санхүүжилт орж ирмэгц төлбөрийг төлнө” гэх шалтгааныг ойлгон хүлээн авч, 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл аливаа төлбөргүйгээр ажиллаж байсан ба 2016 оны 6 дугаар сард “Багахан хэмжээний санхүүжилт орж ирсэн тул ядаж урьдчилгаа болгон 3.000.000 төгрөгийг өгье” гэж тохиролцоод хэлцлээ баталгаажуулан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулснаар 6 сар ажилласны эцэст урьдчилгаа нэртэй 3.000.000 төгрөг авсан. Үүний дараа 2016 оны 9 дүгээр сар хүртэл уг төсөл дээр ажилласан ба “Дахин санхүүжилт орж ирэхгүй бололтой, цаг багатай, үнэтэй найруулагчийг төлбөргүй ажиллуулахаас санаа зовж байна” гээд захиалагч болон найруулагч харилцан тохиролцож, гэрээг цуцалсан байдаг. Захиалагчийн гэрээг цуцалсан үйлдэл нь дараагийн найруулагчийг томилсон үйлдэл болон өнөөдрийг хүртэл тус гэрээтэй холбоотой аливаа маргаан аль ч талаас гаргаагүй байгаагаар нотлогдоно. Харин гэрээний дагуу шилжүүлсэн хөлс нь найруулагчийн хийсэн бодит ажилтай харьцуулахад маш бага төлбөр бөгөөд хийсэн бодит ажилдаа томирсон хөлсийг М нэхэмжлэх боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон А.С, А.А нарын мэдүүлгээр М нь гэрээг 2016 оны 8 дугаар сарын 20-ноор тасалбар болгон цуцалсан ба үүнээс хойш гэрээний урьдчилгаа шаардах эрхтэй байсан боловч уг эрхээ захиалагч алдсан тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.1-т заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн хоёрдахь шаардлагын хувьд мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Б.Б нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба энэ хугацаанд түүнээс томилолтын зардлыг нэхэмжлэн гаргуулж авах эрхээ алдсан. Хэрэв М ажиллаж байх хугацаанд ямар нэгэн томилолтын зардлын өр, төлбөр үүссэн бол цалингаас нь суутгал хийх байдлаар бүрэн барагдуулан авах боломжтой байсан. Гэтэл үйл явдал болсноос хойш 4 жилийн дараа энэ мэтчилэн зохиомол хэрэг үүсгэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М нь хариуцагч Б.Б холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3.000.000 төгрөг, томилолтын зардал 1.670.500 төгрөг, нийт 4.670.500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Томилолтын зардлаас 400.000 төгрөгийг хасч, үлдэх 1.270.550 төгрөгийг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 3.000.000 төгрөгийн хамт нэхэмжилж байна” хэмээн тодруулсан хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага буюу Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан баримтууд, талуудын гаргасан тайлбараас үзэхэд М болон Б.Б нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 229 дугаартай “Захилгаар бүтээл туурвих гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Б.Б нь захиалагчийн хүсэлтийн дагуу бичигдсэн залуусын хүмүүжил, төлөвшилд тулгамдаж байгаа асуудал, залуусын амьдрах ухааны боловсрол, харилцааны соёл, нөхөрлөл, нийгмийн ухамсар хариуцлагын сэдэвтэй “Эрт нахиалсан сарнай” ажлын нэртэй бүрэн хэмжээний 30 ангит уран сайхны киноны эх зохиолыг баримтлан кино үйлдвэрлэлийн технологийн үе шатлалын дагуу ажиллаж, киноны эх зохиолыг найруулагчийн зохиол, төлөвлөгөө, раскадровкийг гаргаж, киног өндөр түвшинд найруулан туурвиж, М эх хувиар нь хүлээлгэн өгөх, захиалагч М нь гэрээний дагуу найруулагчид нийт 25.000.000 төгрөгийн ажлын хөлс олгохдоо гэрээ байгууснаас хойш ажлын 5 хоногт 3.000.000 төгрөг, захиалагч найруулагчийн зохиолыг баталснаас хойш ажлын 5 хоногт 5.000.000 төгрөг, кино үйлдвэрлэл эхлэх үед 10.000.000 төгрөг, кино үйлдвэрлэл дуусаж, бэлэн болсон киног хүлээн авч, акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт 7.000.000 төгрөг тус тус олгохоор тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна.
Гэвч захиалагч М нь тухайн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байх ба энэ нь хэрэгт авагдсан гэрч А.А “Хамгийн сүүлд Б.Б найруулагч руу би 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн и-мэйл байна. Хэрэгт авагдсан и-мэйлийг би явуулж байсан нь үнэн. Үүнээс хойш М гэдэг найруулагчийг томилсон” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан А.А Б.Б 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн “6-10 дугаар ангийн зохиолууд илгээлээ” гэх и-мэйл зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар захиалагч М нь хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 229 тоот гэрээг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2019/13243 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид М нь шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан тухай дурдсан байгаа боловч уг хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба хариуцагч Б.Б холбогдуулан нэхэмжлэл гаргасан болохыг мэдэгдээгүй тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасан хөөн хэлэлцэх хугацааны тасалдал хамаарахгүй байна.
Мөн үүнээс өмнө хариуцагч Б.Б холбогдуулан шаардлага гаргаж, төлбөрөө буцан төлөхийг мэдэгдэж байсан тухай баримтууд хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Өмнө нь утсаар олон удаа ярьж шаардаж байсан” гэх тайлбар нотлогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Б холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэлийн хоёрдахь шаардлага буюу “Томилолтын зардал 1.270.550 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Б.Б нь М 2015 он 4 дүгээр сарын 24-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, тус телевизийн Уран сайхны удирдагчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл хугацаанд ОХУ-ын Москва болон Санкт Петербург хотуудад томилолтоор ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн 28 дугаар талд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Мөнгө урьдчилгааны тайлан” гэх баримтаар Б.Б нь томилолтын зардалд нийт 5.784.050 төгрөг хүлээн авснаас баримтаар 4.113.500 төгрөгийг тайлагнаж, үлдэх 1.670.550 төгрөгийг дутуу төлсөн гэж тэмдэглэсэн, мөн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн баримтаар хариуцагчийн цалингаас 400.000 төгрөгийг суутгасан, үлдэх 1.270.550 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа тухай дурджээ.
Гэвч нэхэмжлэгч М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гарган шийдвэрлүүлээгүй байх тул дээрх томилолтын зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хариуцагч Б.Б холбогдох “Томилолтын зардал 1.270.550 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч М нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3.000.000 төгрөг, томилолтын зардал 1.270.550 төгрөг, нийт 4.270.550 /дөрвөн сая хоёр зуун далан мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.678 /наян есөн мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА