Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1234

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Б.З****, түүний өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.З****г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308005000633 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын 2 дугаар багт оршин суух, **** сумын Цаг уурын газарт техникч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Тантав овогт Батмөнхийн З**** //.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З**** нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Үнэгэн сүүлхэй Лидэр гэх ургамлыг 2019 онд түүж бэлтгэн зохих зөвшөөрөлгүйгээр 2022 оны 11 дүгээр сард өөрийн тариалангийн талбайд тарьж ургамалжуулж түүж бэлтгэсэн, хадгалж, тээвэрлэсний улмаас Байгаль орчин уур амьсгалын санд учирсан 26.991.600 төгрөгийн хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 134.958.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 428а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Б.З****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 онд анх байгаль дээр өөрөө ургадаг Лидэр ургамлын үрийг нь түүгээд өөрийн тариалангийн талбай дээр сонирхлоороо тарьж ургуулсан. Энэ ургамал нь нэг жилийн дараа ургадаг ургамал биш гурван жил болоод 2022 онд тариан талбайгаа чөлөөлөх зорилгоор хурааж авсан. Тухайн ургамлыг хурааж аваад Улаанбаатар хотод авдаг газар байдаг гэж хүнээс сонссон.  Дайвар авч явна гээд ачааны машинд байхаар нь өгч явуулсан. Тэгээд “Эмээлт дээр хураачихлаа” гэж над руу хүн ярьсан. Зөвшөөрөл авч тариалдаг гэдгийг нь мэдээгүй байсан. Ийм нөхцөл байдал үүснэ гэж бодоогүй. Намар болохоор толгой өөрөө боловсроод уначихдаг. Тэгээд тэрнээс нь түүж авч тариалсан. Ханиаданд сайн. Манай нутагт айлуудын хажуугаар багахан газар ургадаг. Манай нутгийнхан түүнийг түүж авдаггүй. Би өөрийнхөө талбай дээр тарималжуулж үзье гэж бодоод тарималжуулсан. 8 шуудай нь овор хэмжээний хувьд бага. Би өөрөө машингүй ирсэн. Орон нутгийн автобусанд сууж ирсэн. Миний тариалангийн талбай 0,07 га буюу  70 сорт. Би төмс, лууван, манжин, амтат гуа, газрын алим, тарвас зэргийг тариалдаг. 10-аад жил тарьж байна. Би эдгээр хүнсний ногоог  орон нутагтаа зардаг. Лидэр ургамал нь айлуудын хажуугаар багахан газар ургадаг. 500 грамм үрийг түүж аваад тарьж ургуулсан. 50 сорт талбайд тарьсан. Зөвшөөрөл авч тарьдаг гэдгийг мэддэггүй байсан. Нэг килограммыг нь 7000-8000 төгрөгөөр авъя гэсэн. Нийт 1,000,000 гаран төгрөг болно гэж тооцоолж байсан. Цаг уурын техникч мэргэжилтэй. Тусгай бордоо хэрэглэдэггүй. Усалгаа сайн бол тэгээд ургачихдаг. **** аймгийн **** сумын 4 дүгээр баг, Эхийн гол гэдэг газар тариалангийн талбайтай. Би л энэ ургамлыг тарьж үзсэн хүн. Бас нэг зорилго нь эмийн ховор ургамлыг тариалаад байвал төсөлд хамрагдах боломжтой гэж хүмүүсээс сонссон. Нэн ховор, ховор гэдгийг мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            Хохирогч Ц.Т****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Байгаль орчин уур амьсгалын санд 2022 оны 6 дугаар сард ажилд орсон. Түүнээс хойш уг газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

            Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 9 цагийн орчим би **** аймгийн **** сумын төв дээрээ өөрийн 16-35 БНА улсын дугаартай Mitsubishi Supergreat гэх тээврийн хэрэгслээр **** аймгаас Улаанбаатар хот руу дайвар ачих гэж байтал үл таних 40 орчим настай 175 см орчим өндөртэй махлагдуу эрэгтэй хүн надад 8 шуудаатай зүйл өгч Улаанбаатар хот руу дайвар явуулах гэсэн юм гэж хэлсэн. Би тухайн хүний дайварыг авч надад утас тэмдэглүүлж холбогдож байсан. Би тухайн дайварын хөлс гэж 90,000 төгрөг авахаар тохирч явсан. Тэгээд би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчим Улаанбаатар хот руу орж ирээд Эмээлтийн орчим 22-ын товчоогоор орж иртэл цагдаа миний машиныг шалгаж тухайн 8 шуудаатай эд зүйлийг шалгаж, “гарал үүслийн бичиггүй өвс ургамал зөөвөрлөж байна” гэж намайг шалгаж би цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн. Би тухайн хүнийг танихгүй. Би сайн мэдэхгүй байна. Надад дайвар хүргээд өгөөч гэж 90,000 төгрөг өгсөн би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

            Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З**** бид хоёр 2002 онд **** аймгийн Эхийн гол гэх нутагт танилцаад 2003 онд том хүү маань гарсан. 2004 оноос хойш хамт амьдраад гэр бүлээ батлуулсан. Одоо **** аймаг **** сум Эхийн гол гэх газарт нөхөр, 3 хүүхдийн хамт амьдарч байна. Манай нөхөр З**** **** аймгийн **** сумын Эхийн гол станцын даргаар ажилладаг юм. Мөн хажуугаар нь хүнсний ногоо тариалдаг. Би хүнсний ногоо тарих ажилд нь оролцдог. Эмийн ургамал өөрөө тарьж байгаа тухайгаа хэлж байсан болохоос би ямар ургамал болох, хэдэн төрлийн ургамал тарьж байгаа талаар нь мэдэхгүй. Манай нөхөр өөрөө ногоо тарих сонирхолтой хүн байгаа юм. Надад эмийн ургамал гэж хэлсэн. Би ямар нэртэй ургамал болохыг нь мэдэхгүй. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр бид 2 хамт Улаанбаатар хотод ирсэн. **** аймгаас гарахын өмнө ачаа тээврийн машинд эмийн ургамал гэх 8 шуудай ургамлыг тавьсан юм. Би танихгүй ээ, өмнө нь харж байгаагүй залуу байсан. Тухайн үед ачаа ачуулах гээд **** аймгаас ачаа ачдаг том машины зогсоол дээр очоод тухайн жолоочийг Улаанбаатар хот руу явна гэхээр нь тавьсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),

            Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би З****г сайн танина найз нөхдийн холбоотой, садан төрлийн холбоо байхгүй. Би 2005 оны үеэс эхлэн гэр бүлээрээ Эхийн голд ногоо тариалж байна. З**** 3 жилийн өмнө Лидэр гэдэг ургамлыг тариална гээд үрийг нь олж ирээд тарьж байхыг нь мэднэ. Лидерийг тариалснаас хойш хэр хэмжээтэйг хураан авсныг мэдэхгүй. Өнгөрсөн 2022 онд 7-8 шуудай Лидэр ургамал хураан аваад 2022 онд 12 дугаар сард байх өөрийнхөө машинд ачаад сумын төв рүү явахад нь ачилцаж өгсөн. З****гийн ногооны талбайдаа гэр барьсан байдаг бөгөөд гэрийнхээ урд талд хэсэгхэн газар тариалан байсныг нь мэднэ өөр хаана тариалсан эсэхийг нь би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

            Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би З**** гэдэг хүнтэй нэг дор ажиллаж нутагладаг учраас сайн танина, садан төрлийн холбоо байхгүй. Би 2010 оноос эхлэн Байгаль хамгаалагчаар томилогдож ирсэн. Тэр үед З**** эхнэр, хүүхдүүдтэйгээ ногоо тариалдаг байсан. З**** нь гэр бүлээрээ Эхийн голын ногооны талбайд амтат гуа, газрын алим, огурци, помидор, төмс, лууван, манжин, халуун чинжүү гэх төрлийн ногоо тариалахаас гадна багахан талбайд Лидэр гэх ургамлыг тариалдаг юм. Лидэрийг 3-4 жилийн өмнөөс хашаандаа багахан талбайд тариалж эхэлсэн. Лидэр гэх ургамлыг хувь хүн өөрийн талбайд тариалах зөвшөөрөл авдаг эсэхийг мэдэхгүй байна, тийм зөвшөөрөл олгодоггүй байх гэж бодож байна. Лидэр гэх ургамал нь тариалсан дариуд шууд хураагддаг ургамал биш байна лээ. Тэгэхээр өнгөрсөн жил хэр хэмжээний Лидэр хурааж авсан талаар би огт мэдэхгүй байна. Тариалсан талбай нь бага хэдий ч Лидер гэх ургамал нь үндсээрээ газар доогуураа хавж ургадаг ургамал учраас багагүй хэмжээтэйг хурааж авсан байх гэж үзэж байна. Манай энэ орчимд Лидэрийг тариалдаг өөр хүн байхгүй бүгд нарийн ногоог тариалдаг юм. Манай ойр орчимд Эхийн голын нуурын орчимд 200х300 орчим талбайд ургадаг байгаа. Надад ямар нэгэн байдлаар баригдсан, мэдэгдсэн зүйл байхгүй, өөрийн талбайгаас л хурааж авсан байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дахь тал),

            Шүүгдэгч Б.З****гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би **** аймгийн **** суманд 2022 оны 03 дугаар сараас эхлэн 4 дүгээр багт 0.50 га газарт Лидэр нэртэй эмийн ургамлыг туршилтын журмаар тавьсан юм. Ингээд 2022 оны 11 дүгээр сард 140 кг Лидэр эмийн ургамлыг хурааж авсан юм. Тэгээд би Лидэрээ Улаанбаатар хотод байдаг Самандбадраа уламжлалт эмнэлэгт 1 кг нь 6000 төгрөгөөр худалдан борлуулахаар болоод 140 кг 8 шуудай Лидэрийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу явах замын машинд өгөөд явуулсан чинь Улаанбаатар хотод Эмээлтийн шалган нэвтрүүлэх постон дээр цагдаа шалгаад гарал үүслийн бичиггүй гээд машиныг журмын хашаанд хийсэн байсан юм. Ингээд өнөөдөр намайг цагдаагаас дуудахаар нь ирээд мэдүүлэг өгч байна. 8 шуудай Лидэрийг 2023 оны 1 дүгээр сарын 09 ний өдөр 16-35 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд би өөрөө тавьсан. 8 шуудай Лидэр нь миний эзэмшлийн Лидэр байгаа юм. Надад Лидэр тарих зөвшөөрөл байхгүй. Би холбогдох байгууллагаас нь зөвшөөрөл аваагүй...

Би хүүхэд байхаасаа л мэднэ. Манай **** аймгийн **** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ тэнд ургадаг юм. Би өөрийнхөө тарималжуулсан талбай дээрээсээ түүж бэлтгэсэн. **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт ургаж байгаа Лидэр нэртэй ургамлаас үр болон үндсээр нь шилжүүлэн суулгах байдлаар тарималжуулсан. Лидэр ургамлын үр нь орой дээрээ гарч ирээд намар болохоор байгалийн жамаараа унадаг. Би 2018 оны намар унасан үрийг нь түүж аваад хавар нь өөрийн ногоо тарьдаг 5 га талбайныхаа 1 га орчимд нь тарьсан. 2019 хавар тарихдаа байгаль дээр ургадаг лидэр гэх ургамлын салаа мөчрөөс нь 20-30 см хэмжээтэйг тайрч аваад шороонд суулгадаг. 1 га талбайн 20-30 хувьд нь мөчрөөс нь тайрсан хэсгийг суулгасан юм. Тэгээд 3 жил усалж арчилж байгаад 2022 оны 11 дүгээр сард өөрийнхөө тарьсан талбайгаас хураасан юм. Нийт хураасан хэмжээ нь л энэ 8 шуудай Лидэр ургамал байгаа юм. Одоо байхгүй. 2022 оны 11 дүгээр сард хураахдаа бүгдийг нь хураасан. Манай талбай дээр тухайн хураалтын үед ургамлын толгой хэсэг нь Үлдсэн боловч тэрийг нь мал идчихдэг юм. Одоо талбай дээр ямар нэгэн үлдэц байхгүй. Огурци, помидор, амтат гуа, чинжүү, төмс, лууван, манжин, гүрмэн гээд таримал цэцэг зэргийг тарьж ургуулдаг юм. Би анх удаагаа 2019 оны хавар тарималжуулаад 3 жил ургуулаад 2022 оны 11 дүгээр сард хурааж авсан юм. Өмнө нь тарьж байгаагүй ээ. Анхны хураалтаараа энд хураагдсан 8 шуудай 216.8 гр ургамлыг л хурааж бэлтгэсэн. Самандбадраа гэх эмнэлгийн Баттогтох гэдэг эмчтэй хүнээр дамжуулж 2022 онд танилцаад тэр хүнд би лидэр гэх ургамал тарьж байгаа гэж хэлсэн юм. Тэгсэн чинь манай эмнэлэг авна гэж хэлсэн байсан юм. Тэгээд сая буюу 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу ачаа байсан тээврийн машинд 8 шуудай лидэр ургамал, нэг хайрцаг ямааны мах ачуулаад би өөрөө эхнэрийн хамт хот хоорондын тээврийн автобусанд суугаад ирсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42, 44 дэх тал),

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-24, 29-32 дахь тал),

- **** аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар албан бичиг, түүний хавсралт гэрэл зураг (хавтаст хэргийн 49-51 дэх тал),

- Цагдаагийн ерөнхий газар, Экологийн Цагдаагийн албанаас ирүүлсэн Ө-750 дугаар “Лидэр” ургамлын дээжид хийсэн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний “2023.02.07-ны өдөр ирсэн хайрцаг бүхий ургамлын газрын доорх эрхтэн нь үндэс бөгөөд Үнэгэн сүүлхэй лидэр гэх зүйл юм. Энэ зүйл ургамал нь олон наст, сөөгөнцөр. Тухайн зүйл ургамлын үндсээр насыг тогтоох боломжгүй. 737,12 грамм үндэсний дээжийг 60 хэмийн халуунтай термостад 24 цаг байлгаж чийгийн алдагдлыг үнэлэхэд 555,22 грамм буюу 24,6 хувийн алдагдалтай учир нойтон жингээр тооцов. Тухайн зүйл нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болон 2004 оны 165 дугаар тогтоолоор, ЗГ-ын 2015 оны 410-р тогтоолоор тус тус нэмэлт “Ховор ургамал”-ын жагсаалтад орсон. Шинжилгээнд ирсэн дээжийн түүгдсэн хугацааг тогтоох боломжгүй. Үнэгэн сүүлхэй лидэр гэх зүйл нь ****, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар хужир марзтай, давстай сайр, булаг шандын эрэг, бут сөөгт газраар ургана. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/677 дугаар тушаалаар батлагдсан нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ (Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, р. 2022)-д А/603 тушаалаар тус зүйл ургамал нь 1 кг Нойтон жингийн УЭЭЗҮ- 124,500 төгрөг. Үүний нэгжийн үнийг хураагдсан гэх үндэсний 216,8 кг дээжийн үнэ нийт Нойтон жингийн УЭЭЗШ – 26,991,600 төгрөгийн үнэлгээ тогтоолоо. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-т заасан журмын дагуу тооцоолоход нойтон жингээр 134,958,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дахь тал),

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны  02 дугаар сарын 05-ны өдрийн Ц-66 дугаар “Mitsubishi Supergreat авто машин 46,000,000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 80-82 дахь тал),

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 06/1703 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 118 дахь тал),

- Шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 155-161 дэх тал),

- Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн албанаас ирүүлсэн Ө-750 дугаартай Лидэр ургамлын дээжид хийсэн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт шинжилгээний “Үнэгэн сүүлхэй лидэр үр болон үндсээр үржих чадвартай. Гуурт дээд ургамал нь бэлгийн болон бэлгийн бус үржлээр үрждэг. Бэлгийн үржил нь тухайн дээд ургамлыг цэцэглээд үр тогтолт явагдсаны дүнд үр бий болж дараагийн шинэ бодгаль бий болохыг хэлнэ, бэлгийн бус үржил нь үндэс болон мөчрөөр үржихийг хэлнэ. Үнэгэн сүүлхэй лидэр зүйлийг тарималжуулсан хэвлэлийн мэдээ, үр дүн одоогоор байхгүй учир хариулах боломжгүй. Үнэгэн сүүлхэй лидэр нь 50-100 см хүртэл өндөр, үндэс голлосон хэдий ч, 3 м болон түүнээс урт газрын хөрсөн доор хавж ургадаг үндэсний системтэй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 163-164 дэх тал),

- Мэргэшсэн үнэлгээчин Т.Лхагвасүрэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээний “...Уг 216,8 кг Үнэгэн сүүлхэй лидэр ургамлын үндэсний зах зээлийн бодит үнэлгээ нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 1,300,800 төгрөг байна гэж тогтоолоо...” гэсэн тайлан (хавтаст хэргийн 175-179 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 97 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.З****г Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Үнэгэн сүүлхэй Лидэр гэх ургамлыг 2019 онд түүж бэлтгэн зохих зөвшөөрөлгүйгээр 2022 оны 11 дүгээр сард өөрийн тариалангийн талбайд тарьж ургамалжуулж түүж бэлтгэсэн, хадгалж, тээвэрлэсний улмаас Байгаль орчин уур амьсгалын санд учирсан 26.991.600 төгрөгийн хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 134.958.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-24, 29-32 дахь тал), **** аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар албан бичиг, түүний хавсралт гэрэл зураг (хавтаст хэргийн 49-51 дэх тал), Цагдаагийн ерөнхий газар, Экологийн Цагдаагийн албанаас ирүүлсэн Ө-750 дугаар “Лидэр” ургамлын дээжид хийсэн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дахь тал), Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны  02 дугаар сарын 05-ны өдрийн Ц-66 дугаар тайлан (хавтаст хэргийн 80-82 дахь тал), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 06/1703 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 118 дахь тал), Шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 155-161 дэх тал), Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн албанаас ирүүлсэн Ө-750 дугаартай Лидэр ургамлын дээжид хийсэн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 163-164 дэх тал), Мэргэшсэн үнэлгээчин Т.Лхагвасүрэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тайлан (хавтаст хэргийн 175-179 дэх тал), Хохирогч Ц.Т****ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрч П.Базарваань, Г.Баттогтох, А.Баярмаа, Д.Нямдаваа нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар  тогтоогдсон гэж дүгнэжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар

Шүүгдэгч Б.З**** нь **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт ургаж байгаа Лидэр буюу үнэгэн сүүлхэй лидэр (Chenopodium Iljinii) гэх нэршилтэй ургамлын үр болон үндсийг 2019-2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд зохих зөвшөөрөлгүй түүж, бэлтгэж, өөрийн ногооны талбайд тариалсан, түүнийг хураан авсан,

Лидэр буюу үнэгэн сүүлхэй лидэр (Chenopodium Iljinii) гэх нэршилтэй ховор ургамлыг 2023 оны 01 дүгээр сарын 8-10-ны өдрийн хооронд гэрч П.Базарваанийн эзэмшлийн 16-35 БНА улсын дугаартай Mitsibushi Supergreat марктай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад цагдаагийн байгууллагад шалгагдсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.З****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах талын байр суурь, шүүгдэгч Б.З****, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Гэм буруугүйн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.З****г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Ургамал гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, дээд ургамал хамаарна, Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-д зааснаар “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Лидэр буюу үнэгэн сүүлхэй лидэр (Chenopodium Iljinii) нь байгалийн ургамал тэр дундаа ховор ургамал юм.

Харин шүүгдэгч Б.З****гийн **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ногооны талбайд тарьж, ургуулсан гэх Лидэр буюу үнэгэн сүүлхэй лидэр (Chenopodium Iljinii) ургамлын үндсийг түүж, тарималжуулсан нь Ургамал хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар хүний үйл ажиллагааны оролцоотойгоор зориудаар тарьж ургуулсан ургамал, тэдгээрийн үр, суулгац гэх ойлголтод хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, Байгалийн ургамал гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг хэлнэ гэж тодорхойлсноос үзэхэд Лидэр буюу үнэгэн сүүлхэй лидэр (Chenopodium Iljinii) нь шүүгдэгч Б.З****гийн ургуулсныг байгалийн ургамал гэж үзэхгүй.

Байгалийн ургамлын тухай хуулийн зорилт нь ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Эрүүгийн хуульд “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг хуульчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол” гэж,

Зөрчлийн хуульд “Байгалийн ургамлын тухай хууль зөрчих” зөрчлийг хуульчилж, Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол” гэж тусгасан байна.

Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийн аль алинд нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлыг, түүсэн, бэлтгэсэн гэдэг шинж давхардан орсон байгааг анхаарч аль үйлдэл нь зөрчил, гэмт хэрэгт тооцох эсэхийг заавал зааглан ялгах нь эрүүгийн эрх зүйн онол, зарчимд нийцнэ.

Байгалийн баялгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, олборлосон, байгаль орчны чадавхыг тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн олборлосон, байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулж байгаа аливаа үйлдэл, эс үйлдэхүйг байгаль орчинд хохирол учруулсанд тооцдог.

Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог учиртай.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэн” буюу лидэр нь ховор ургамал болохынхоо хувьд энэ гэмт хэргийн хадлагын зүйл нь байгалийн ургамал бөгөөд шүүгдэгч Б.З****гийн тарималжуулсан ховор ургамал нь халдагын зүйлд тооцогдохгүй, байгалийн ховор ургамлын нөөцийг хорогдуулж, устгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор...” гэж зааснаар иргэн байгалийн ургамлыг ахуйн болон бусад хэрэгцээнд ашиглах эрхтэй бөгөөд тус хуулийн дээрх хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө ховор ургамлыг ашиглахдаа сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болохоор хуульчилснаас үзвэл шүүгдэгч Б.З**** нь **** аймгийн **** сумын Засаг даргаас ховор ургамал ашиглах зөвшөөрөл аваагүй хууль бус үйлдэл зөрчлийн шинжтэй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.З****д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоор “...Лидэр гэх ургамлыг 2019 онд түүж бэлтгэн зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн тариалангийн талбайд тарьж ургамалжуулж 2022 оны 11 дүгээр сард түүж бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай...” гэж боловсруулсан гэх гэмт хэргийн шинжийг яллах дүгнэлтэд тусгаагүй, харин улсын яллагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ховор ургамлыг түүж, бэлтгэсэн шинжтэй давхцсан, мөн тээвэрлэсэн гэх шинжүүд байхгүй учраас яллахаас татгалзсан.

Тодруулбал, гэм буруугүйн шүүх хуралдаанд улсын яллагч байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Б.З**** нь байгалийн ховор ургамлыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлтийн цар хүрээг багасгасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуульд заасан Байгалийн ургамлын тухай хууль зөрчих зөрчилд аль алинд нь ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүй ашигласан зэрэг обьектив талын шинжийг адилхан тусгасан, харин гэмт хэрэг, зөрчлийн ялгаа нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нийгэмд аюултай үйлдлийн хэр хэмжээ, обьектив талын нэмэгдэл шинж буюу халдлагын зүйл зэргээр ялгагдана, түүнд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн а/ Зохих зөвшөөрөлгүйгээр, б/ ховор ургамлын үрийг түүж в/ бэлтгэсэн, г/ хадгалсан, е/тээвэрлэсэн ” гэх шинжийг хангасан гэж үзэж Б.З****д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Б.З****г цагаатгаж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримаар хураагдсан 216,8 килограмм жинтэй “Үнэгэн сүүлхэй лидэр” гэх ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж, шүүгдэгч Б.З**** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

            Шүүгдэгч Б.З****д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул ургамлын санд учруулсан гэх 134,958,000 төгрөгийн экологи эдийн засгийн хохирлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхих нь зүйтэй.

Эд мөрийн баритмаар хураагдсан 216.8 кг жинтэй Үнэгэн сүүлхэй лидэрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц зориулалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын Яаманд шилжүүлэхээр шийдвэрлэв.

            Б.З****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.7, 36.9 дүгээр зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тантав овогт Батмөнхийн З****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Байгаль орчинд учирсан 134,958,000 (нэг зуун гучин дөрвөн сая есөн зуун тавин найман мянга) төгрөгийн экологи-эдийн засгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримаар хураагдсан 216,8 килограмм жинтэй “Үнэгэн сүүлхэй лидэр” гэх ургамлыг цагаатгах тогтоол хуулийн төгөлдөр болмогц Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.З**** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР