Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1175

 

2020 оны 05 сарын 04 өдөр              Дугаар 183/ШШ2020/01175                  Улаанбаатар хот

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Л нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Г холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2.975.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагч Н.Г, хариуцагчийн өмгөөлөгч О.О, О.Б, иргэдийн төлөөлөгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөг хүртэл хугацаанд тасралтгүй 12 жилийн хугацаанд нийтийн халуун усны газар ажиллуулж байгаа ба Яармагийн иргэдийн ахуйн ариун цэврийг сахихад өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн. Гэтэл 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Н.Г өөрийн гэр бүлийн гишүүдийн хамтаар манай халуун усны газраар үйлчлүүлж, хамуугийн халдвар авсан гэж Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасны дагуу 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 35 хоногийн хугацаанд манай халуун усны газрын үйл ажиллагааг зогсоон шалгасан. Ийнхүү шалгахад хамуугийн нян илэрээгүй бөгөөд иргэн Н.Г нь манай халуун усны газраас хамуугийн халдвар авлаа гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл болсон тул тус халуун усны газарт учирсан хохирол 2.975.0000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд халаалт, цахилгааны зардал 923.000 төгрөг, 35 хоногийн орлого 2.052.000 төгрөг, нийт 2.975.000 төгрөг ба үүнийг хариуцагч Н.Г гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Намайг ор үндэслэлгүй худал мэдээлэл өгсний улмаас халуун усны газарт хохирол учирсан гэж нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл би болон манай гэр бүлийн гишүүд энэ халуун усны газарт 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр үйлчлүүлсэн бөгөөд үүнээс хойш 3 хоногийн дараа манай гэр бүлийн гишүүд бүгд хамуугийн халдвар авсан болох нь тогтоогдож, холбогдох эмнэлгийн болгон мэргэжлийн хяналтын газарт хандсан. Би өөрөө “Ш” ХХК-ийн Шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг бөгөөд манай байгууллага ажилчдаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Энэ хүрээнд би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шинжилгээнд хамрагдсан ба тухайн үед надад хамуугийн болон бусад арьс өнгөний өвчин илэрээгүй. Уг шинжилгээг өгснөөс хойш Б.Л эзэмшлийн халуун усны газраар үйлчлүүлсэн. Иймд уг халуун усны газраас өөр газраас халдвар авсан байх учиргүй. Би маш их гомдолтой байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Болсон явдал, хоёр талын санал, гомдол бүгдийг сонслоо. Миний бодлоор хохирсон, хамуу илэрсэн тал гомдол гаргаагүй байхад хохироосон тал гомдол гаргах буруу юм шиг. Мэдээж Мэргэжлийн хяналт зөвөөр шийдэж, үйл ажиллагааг хаасан байх. Шүүх, шүүгч нар зөв шийднэ гэдэгт найдаж байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

 

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Н.Г холбогдуулан “Гэм хорын хохирол 2.975.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н.Г өөрийн гэр бүлийн гишүүдийн хамтаар 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Л ажиллуулдаг “Үсчин, Халуун усны газар”-аар үйлчлүүлсэн байх ба Н.Г болон түүний гэр бүлийн гишүүдийн биед тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрснийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Арьсны өвчин судлалын үндэсний төвд очиж оношлуулахад “Хамуу өвчин” болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Ч.О гомдол гаргасан байна.

 

Дээрх гомдол, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газар 2010000138 дугаартай “Зөрчлийн хэрэг”[1]-ийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нээж, шалгасан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үүнд: Хан-уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газар нь “Үсчин, Халуун усны газар”-аас 2020 оны 1 дүгээр сарын 16, 23, 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрүүдэд авсан 3 удаагийн лабораторийн шинжилгээ авахад зөвхөн угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үйл ажиллаагаа хангалтгүйгээс үүдсэн нянгийн бохирдол үүссэн байгааг тогтоож, тухайн халуун усны газрын үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд зогсоон, холбогдох халваргүйтгэл, ариутгал, цэвэрлэгээг хийлгэсэн байх ба энэхүү зөрчлийг шалган шийдвэрлэсэн актын талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

 

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн их эмч Э.Б мэдүүлэг[2] авсан байх ба уг мэдүүлэгт “Хамуу өвчний нууц хугацаа өндөгөөр халдварлагдсан тохиолдолд 14-28 хоног, хачигаар халдварлагдсан тохиолдолд 3-7 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг, хамуу өвчин нь хөвөн даавуун зөөлөн эдлэл, цагаан хэрэглэлээр ихэвчлэн дамждаг, плита зэрэг гөлгөр гадаргуутай эд зүйлээр дамжиж халдварлах нь ховор байдаг” гэжээ. 

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Ч.О, Н.Г нарын гэр бүлийн гишүүдэд илэрсэн хамуу өвчин нь тухайн халуун усны газарт үйлчлүүлснээр халдварлагдсан болох нь тогтоогдоогүй, харин тухайн газарт угаалга, цэвэрлэгээ муу байгааг илэрүүлж, холбогдох зөрчлийг арилгуулсан ажээ.

 

Хэдийгээр дээрх зөрчлийг иргэн Ч.О, Н.Г нараас гаргасан гомдлын дагуу шалгаж, халуун усны газрын үйл ажиллагааг зогсоосон байгаа боловч нэхэмжлэгч Б.Л өөрийн ажиллуулдаг үсчин, халуун усны газрын ариун цэврийг чанд сахиж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хангалтгүй биелүүлж байсныг тухайн зөрчлөөр илэрүүлсэн байна.

 

Тэгэхээр хариуцагч Н.Г гэм буруутай үйлдэл болон тухайн халуун усны газраас илэрсэн зөрчил хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргаж ирүүлсэн бусад баримтуудад шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна. 

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Г “Гэм хорын хохирол 2.975.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Б.Л нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Г “Гэм хорын хохирол 2.975.000 /хоёр сая есөн зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Б.Л нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.550 /жаран хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА

                                ШҮҮГЧИД                                                  Б.МӨНХЖАРГАЛ

                                                                                                  Д.МӨНХЦЭЦЭГ