Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1087

 

МАГАДЛАЛ

 

2018.05.09                                                  Дугаар 1087,6                                Улаанбаатар хот

 

 

 

“А”  хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00572 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А”  хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Э, Д.Б нарт холбогдох,

 

187 292 900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ж,

Өмгөөлөгч: С.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С, С.Я,

Өмгөөлөгч: Т.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Б нь манай хоршооны ууган идэвхитэй гишүүдийн нэг байлаа. Тэрээр 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хандаж өөрийн эрхэлдэг газар шорооны ажилд автомашин авах шаардлагатай байгаа тул 35 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлээр олгохыг хүссэн. 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хандаж өөрийн эрхэлдэг төмрийн худалдааны бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул           50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлээр олгохыг хүссэн. 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хандаж өөрийн эрхэлдэг төмрийн худалдааны бизнест эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлээр олгохыг хүссэн. Манай байгууллагын зүгээс холбогдох баримт бичигтэй танилцаад дээрх зээлүүдийг олгохоор шийдвэрлэсэн болно. Д.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ-13/80 тоот зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд БГ-13/80 тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ? дугаар хороо, ? дугаар байрны ? тоотын ? м.кв талбайтай ? өрөө орон сууцыг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Мөн Б.Б нь 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд дахин манай байгууллагад хандаж тус тус 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр ЗГ-14/33, ЗГ-14/101 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Сүхбаатар дүүрэг, ? дугаар хороо, ? дугаар хорооллын ? дүгээр байрны ? тоотын ? м.кв талбайтай ? өрөө өрон сууц, Сонгинохайрхан дүүрэг, ? дүгээр хороо, ? дүгээр хороолол ?-р байрны ? тоотын ? м.кв талбайтай ? өрөө орон сууцыг БГ-14/33, БГ-14/101 тоот барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгон барьцаалсан байдаг.

Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд дараах төлбөрийг хийсэн болно. ЗГ13/80 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрөөс 9 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15 652 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 925 100 төгрөг, нийт 25 577 500 төгрөг, ЗГ14/33 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрөөс 3 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10 628 300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 335 500 төгрөг, нийт 13 963 800 төгрөг, ЗГ14/101 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрөөс 10 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5 291 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 134 400 төгрөг, нийт 15 425 800 төгрөгийг зээлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн байна. Зээлдэгчийг нас барснаас хойш хугацаанд ямар нэгэн төлбөр хийгдээгүй бөгөөд төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ нь, ЗГ13/80 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 26 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 14 729 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3 246 900 төгрөг буюу нийт 44 001 200 төгрөг, ЗГ14/33 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 47 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 25 573 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 286 900 төгрөг буюу нийт 77 860 800 төгрөг, ЗГ14/101 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 21 325 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 105 500 төгрөг буюу 65 430 900 төгрөг, дээрх гэрээнүүдийн нийт төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл нь 187 292 900 төгрөг юм. Иймд зээлдэгч Д.Б-н хууль ёсны өвлөгч Б.Т, Б.Н нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-с ЗГ14/101, ЗГ13/80, ЗГ14/33 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 187 292 900 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Нэхэмжлэлд өвлүүлэгчийн бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгах тухай дурдсан байсан ч энэ нь бие даасан шаардлага биш, хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэлд энэ талаар дурдсан байсан боловч холбогдох хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон тул энэ талаар шийдвэрт тусгуулах шаардлагагүй гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ өндөр байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний талийгаач дүү Д.Б 10-аад жилийн өмнө зээл авах гэсэн юм та байраа барьцаанд тавиулаач гэхэд нь амьдрал нь дээшлэг гэж бодоод дүүдээ тусалж ? өрөө байрныхаа ордерыг өгч байсан. “А”  ХЗХ-ноос амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж зээл авч сайхан амьдарч байсан нь үнэн. “А”  ХЗХ-ноос зээл аваагүй тул байраа буцааж авах хүсэлтэй байгааг харгалзан үзэж өвийг нь авагч Б.Э-р хоршооны өрийг даруулах саналтай байна. Иймд өөрөө мөнгө аваагүй Б.Э “А”  ХЗХ-ны өрийг даруулах хүсэлт гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.Э татсан байдаг. Гэтэл Д.Б хууль ёсны өвлөгч нар нь Б.Т болон Б.Н нар байгаа. Нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Д.Б үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж авсан зээлийн хувьд зээлдэгч нь зээл хүссэн хүсэлтдээ төмрийн наймааны эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа тул зээл хүсч байгаа талаараа дурдсан байдаг. Зээлийг Д.Б эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж олгосон тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл Д.Б хувийн байдалтай салшгүй холбоотой ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болох ёстой. Мөн Д.Бүл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаалуулагч буюу Д.Б мэдээллийг огт тусгаагүй, харин уг гэрээний толгой хэсэгт барьцаалуулагч гэдэгт Д.Б гэгч этгээдийг тавьж, улмаар түүний мэдээллийг тусгасан байна. Гэтэл барьцаалуулагч гэдэг нь өмчлөгч этгээд бөгөөд барьцааны зүйл болох Ү-? тоот улсын бүртгэлийн дугаартай, ? тоот гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ? дүгээр хороо, ? дүгээр хороолол, ? байрны ? тоот ? м.кв талбай бүхий ? өрөө байрны өмчлөгч нь Д.Б байна. Ийнхүү өмчлөгчийн буюу барьцаалуулагчийн мэдээллийг тусгаагүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн “А”  ХЗХ нь гуравдагч этгээдийн хөрөнгийг буюу иргэн Д.Б хөрөнгийг барьцаалж байгаа атлаа өмчлөгчид огт мэдэгдэж, барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгаагүй байна. Хэрэв барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгасан бол Д.Б зүгээс хэдэн төгрөгийн зээлд, хэрхэн барьцаалагдаж байгааг мэдэх байсан. “А”  ХЗХ-ны зүгээс барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж шалгаагүй нь Д.Б зүгээс уг зээлийг мэдээгүй байгаа байдал болон барьцаа хөрөнгө шалгасан баримт байхгүй байгаа зэргээр хангалттай нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Э 187 292 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А”  ХЗХ-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас Сонгинохайрхан дүүргийн ? дугаар хороо, ? дугаар байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ? дугаар хороо, ? дугаар хороолол, ? дүгээр байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн ? дүгээр хороо, ? дүгээр хороолол, ? дугаар байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн      Ү-? дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүй орхиж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ? дугаар хороо, ? дугаар байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ? дугаар хороо, ? дугаар хороолол, ? дүгээр байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, мөн өдөр төлсөн 1 094 415 төгрөг, нийт 1 164 615 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Элбэгзаяагаас  1 094 415 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А”  ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Т, Б.Н нарын хууль ёсны төлөөлөгч Б.Э холбогдох шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, харин хариуцагч Д.Б холбогдох буюу барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа "2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БГ/14/101 дугаартай барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156,1, 156.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байгаа хэдий ч хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн огноо бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ? дүгээр хороо, ? байрны ? тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг “А”  ХЗХ-той байгуулсан барьцааны гэрээний дагуу бүртгэлд бүртгэж 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр барьцааны гэрээ дуусгавар болсон бүртгэл хийгдсэн байна. Нэхэмжлэгч талаас “...үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаан дахь барьцааны гэрээ дуусгавар болсон бүртгэлийг хэрхэн үзэж байгаа талаар шүүх хуралдаанд тодруулахад ямар байдлаар ийм лавлагааг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгснийт мэдэхгүй гэсэн тайлбарыг хийсэн ба шүүх лавлагааны хүчинтэй эсэхийг сайтаас лавлагааны доод хэсэгт бичигдсэн кодоор шалгаж үзэхэд лавлагаа хүчинтэй байна" гэж дүгнэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь, Нэхэмжлэгч "А" ХЗХ-ноос дээрх барьцааны гэрээг дуусгавар болгох хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй, барьцааны гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа талаар тайлбарлаж, мэтгэлцсэн болно. Нэхэмжлэгчээс уг үйл баримтыг тодруулуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар "А” ХЗХ-ноос Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг ? дүгээр хороо, ? байр ? тоот хаягт байрлах ? м.кв бүхий орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг дуусгавар болгосон бүртгэлийг 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хийлгэсэн талаарх нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэж", 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 444 тоот албан бичгээр захирамжийг хүргүүлсэн. Энэхүү захирамжийн дагуу маргаан бүхий барьцааны гэрээг дуусгавар болгох хүсэлтийг барьцаалагчаас гаргасан эсэх, зээлийн барьцаанд бүртгэлтэй эсэхийг тодруулахад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 243 дугаартай албан бичгээр "...2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр танай хоршоотой байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар үүрэг дуусгавар болсон бүртгэл хийгдээгүй байна" гэсэн хариу ирүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдснаар барьцааны гэрээ дуусгавар болсон, болоогүй гэсэн эрх бүхий байгууллагын хоорондоо эрс зөрөөтэй тодорхойлолт, цахим лавлагаа авагдсан байдаг.

Гэтэл Шүүхийн зүгээс эдгээр нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, мөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх заалтуудыг зөрчиж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны 243 дугаартай тодорхойлолтыг ямар баримтаар хэрхэн үгүйсгэж байгаагаа шийдвэртээ дурьдаж тусгалгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж, илтэд хохиролтой шийдвэр гаргалаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Б холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй шийдвэрлэсэн буюу Д.Б өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг ? дүгээр хороо, ? дүгээр хороолол ? байр ? тоот хаягт оршин байх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь хэрэгт Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн барьцаалбар тус үл хөдлөх хөрөнгө дээр бүртгэлтэй байна гэсэн албан бичгийг үнэлэлгүй, хариуцагч Д.Б гаргаж өгсөн ТҮЦ машины лавлагаа гэх баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь буруу болжээ. ТҮЦ машины лавлагаа ирснээс хойш шүүхийн журмаар ирсэн барьцаа хөрөнгө бүртгэлтэй байгаа тухай баримт бичиг бодит үнэн баримт юм. Нэхэмжлэгч “А”  ХЗХ-ны Гүйцэтгэх захирал гэх З.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч Гүйцэтгэх захиралтай хийсэн гэрээний хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон байхад өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь эргэлзээтэй байхад шүүхээс анхаарч үзэлгүй шүүх хуралдааныг хийсэн нь буруу болжээ. Энэ нь Хадгаламж зээлийн хоршоодын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1.10, 50 дугаар зүйл 50.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хэсгийг зөрчсөн байна. Нэхэмжлэгч “А”  ХЗХ болон Б.Б нарын хооронд байгуулагдсан. Зээлийн гэрээний үүрэгт нийт 187 292 900 төгрөг нэхэмжилж байгаагаас нэхэмжлэгч талтай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр эвлэрэн хэлэлцэхээр тохиролцож, Нэхэмжлэгч тал Зээлийн гэрээний нийт үүргээс нэмэгдүүлсэн хүү болох 12 639 300 төгрөгийг хасч, эвлэрэн хэлэлцэхээр болж, харин хариуцагч Д.Б зүгээс эвлэрлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Д.Б тохиролцох хугацаа олгож шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Иймд Иргэний хуулийн диспозитив зарчмын хүрээнд нэхэмжлэгч талаас татгалзаж байсан нэмэгдүүлсэн хүү болох 12 639 300 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хуулийн 453 дугаар зүйл 453.1 дэх хэсэг, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.1, 24.3 дахь хэсгүүдэд зааснаар Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү авах талаар тусгайлан гэрээнд заагаагүй байх тул нэхэмжлэгч талаас нэхэмжилээд буй 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13\80 дугаар Зээлийн гэрээнд бодсон хүү болох 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш тооцсон хүүний төлбөрт 9 428 110 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авсан 14\33 тоот Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бодсон хүү 2 895 200 төгрөгийн хүүг илүү тооцсон байх тул нийт 12 323 310 төгрөгийн хүүг хууль болон гэрээнд заасны дагуу тооцох ёсгүй байсан хүүгийн төлбөрт тооцож нэхэмжилснийг шүүхээс тооцож үзээгүй нь буруу болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасуулж өгнө үү.

Иймд Д.Б өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг ? дүгээр хороо, ? дүгээр хороолол ? байр ? тоот хаягт оршин байх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгч хугацаа дууссанаас хойш бодсон хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүний тооцоо болох 2 464 662 төгрөг, хууль болон гэрээнд заасны дагуу тооцох ёсгүй байсан хүүний төлбөрт 12 323 310 төгрөг, нийт 14 787 972 төгрөгийг хасч шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “А”  хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б.Э, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 187 292 900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Элбэгзаяа нь “зээлийн хүү өндөр байгаа” гэж, хариуцагч Д.Б нь барьцааны гэрээ дуусгавар болсон, итгэмжлэл хүчин төгөлдөр биш гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д.Б нь 2013 оны 4 дүгээр сарын    17-ны өдөр 35 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сард 2,8 хувийн хүүтэй, 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сард 2,8 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ? дугаар хороо, ? дугаар байрны ? тоотын ? м.кв талбайтай ? өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, ? дугаар хороо, ? дугаар хорооллын ? дүгээр байрны ? тоотын ? м.кв талбайтай ? өрөө өрон сууц, Сонгинохайрхан дүүрэг, ? дүгээр хороо, ? дүгээр хороолол ?-р байрны ? тоотын ? м.кв талбайтай ? өрөө орон сууцуудыг барьцаалуулсан, эдгээр зээлээс 15 425 800 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээнүүдийн нийт төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл нь 187 292 900 төгрөг байгаа нь баримтаар тогтоогдсон.

Зээлдэгч Д.Б нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан, түүний хууль ёсны өвлөгч Б.Т, Б.Н нар насанд хүрээгүй гэх үндэслэлээр тэдгээрийн эх Б.Э нь хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар зохигчид маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагаас Д.Б өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. Учир нь Д.Б нь өөрийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, ? дүгээр хороо, ? дүгээр хороолол ?-р байрны ? тоотын ? м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг “А ХЗХ” ХХК-д зээлийн барьцаанд барьцаалуулах, гэрээний үүргийг хангуулахтай холбоотой бүхий л асуудалд төлөөлөх, орон сууцыг худалдах, бэлэглэх зэрэг хэлбэрээр захиран зарцуулах эрхийг Д.Бд 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3 жилийн хугацаатай, 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3 жилийн хугацаатай, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3 жилийн хугацаатай тус тус итгэмжлэлээр олгосон байна.

Дээрх итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба тухайн орон сууц нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/14/101 тоот, 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд хүчин төгөлдөр барьцаалсан гэрээний үүргийг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хэргийн 169 дэх талд авагдсан баримтанд Д.Б өмчлөлийн дээрх орон сууцны барьцааны гэрээ дуусгавар болсон гэж бичигдсэн ба Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 243 тоот албан бичигт барьцааны үүрэг дуусгавар болсон бүртгэл хийгдээгүй байна гэжээ.

                                                                                                                     /хэргийн 201 дэх тал/

Дээрхээс дүгнэвэл зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоос “...зээлийн төлбөрөөс 14 787 972 төгрөгийг хасуулах...” гэснийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/0572 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн ? дугаар хороо, ? дугаар байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ? дугаар хороо, ? дугаар хороолол, ? дүгээр байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн ? дүгээр хороо, ? дүгээр хороолол, ? дугаар байрны ? тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-? дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 302 100 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

         ШҮҮГЧИД                                                 С.ЭНХТӨР

 

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ