Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0064

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Аа” ХХК,

 Д.П нарын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: гуравдагч этгээд Л.Т

Нэхэмжлэгч: “Аа” ХХК, Д.П

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Л.Т

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 126/ШШ2025/0024 дүгээр шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Л.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э, Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 126/2025/0012/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Аа” ХХК, Д.П нараас Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 126/ШШ2025/0024 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг нөхцөл байдлыг тогтоож, дахин шинэ акт гаргах хүртэл 5 /тав/ сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Өмнө нь “ХЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “ХЭ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Д-н П-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газар зохион байгуулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 04-ний Өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн.

3.2. Тус захиргааны хэрэгт одоо нэхэмжлэл гаргаж буй "Аа" ХХК, иргэн Д.П нар гуравдагч этгээдээр татагдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан.

3.3. “ХЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн газар нь “1500 м.кв газар” юм уу?, “4000 м.кв газар” юм уу?, “4400 м.кв газар” юм уу?  аль нь “илт хууль бус захиргааны акт байна” гэж дүгнээд байгаа нь ойлгогдохооргүй болсон ...” гэж тайлбарлан маргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалд тусгагджээ.

3.4. Тухайн үед гуравдагч этгээдээр оролцож байсан “Аа” ХХК, Д.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх байдлаар тайлбарлан маргаж байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий гэж үзэж “... “ХЭ” ХХК болон Д.Л-д “4000 м.кв” газар эзэмшүүлэх шийдвэр гарч байгаагүй, дээр дурдсан 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдэх газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй болжээ.

3.5. Гэвч илүү эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч “ХЭ” ХХК хууль ёсоор эзэмшиж байгаагүй тул уг алдааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул нэхэмжлэлийг хангаж, захирамжийг “илт хууль бус” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь алдаатай захиргааны актыг заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нь нээлттэй байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

3.6. Өөрөөр хэлбэл анх газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн хэмжээ нь 1500 м.кв тул түүнээс хойш тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар 4000 м.кв, 4400 м.кв хэмжээтэй болсныг хууль ёсны эзэмших эрх гэж үзэхгүй талаар шүүх нэгэнт дүгнэсэн тул үүнтэй хэн ч маргах эрхгүйгээр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.

3.7. Нөгөөтэйгүүр 1500 м.кв газрын хэмжээгээр хууль ёсоор эзэмших эрх үүссэн, түүнээс илүү хэмжээний газрыг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх нь өөрийн бүрэн эрх, чиг үүрэг талаар ч шүүх дүгнэсэн.

3.8. Үүнээс үзвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, хууль ёсоор эзэмших эрх үүссэн 1500 м.кв газрыг иргэн, аж ахуй нэгжийн эзэмшилд үлдээж, үлдэх хэсгийг нийтийн эзэмшил болгосон Хөвсгөл аймгийн Засаг даргын шийдвэрийг буруутгах, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

3.9. Харин ч Төрийн захиргааны байгууллага, алба тушаалтнаас өнөөдрийн маргаж буй талуудад 4930 м.кв газрыг эвлэрлийн журмаар хуваан эзэмшүүлэх боломжийг олгож, эвлэрэн хэлэлцэх хугацаа олгосон боловч "Аа” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбат, иргэн Д.П нар хүлээн зөвшөөрөөгүй тул Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг гаргасан гэж үзэж байна.

3.10. Гэвч анхан шатны шүүх “... Д.Ч-т газрын хэмжээг нь 930 м.кв газраар нэмэгдүүлсэн эсэх, уг нэмэгдүүлсэн газар нь маргаан бүхий газрын аль хэсэгт хамаарч байгаа, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар гарсан эрх зүйн актуудын хүрээнд газрын мэдээллийн сан болон газар дээр нь судалгааг зохих журмын дагуу хийж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д нийцүүлэн нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдэд хуваан эзэмшүүлэх эсэх асуудлыг тэдгээрийн оролцоог хангах замаар нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэхүү маргаж буй газрыг Төрийн эрх бүхий албан тушаалтнаас анх 1500 м.кв хэмжээгээр эзэмшүүлсэн болохыг тогтоосон байхад түүнийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 126/ШШ2025/0024 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Аа” ХХК, Д.П нараас “... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нар тус бүрт хамаарах нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэхэд тайлбар хийж, шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээг уг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлах замаар маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Тодруулбал, 

3.1. Нэхэмжлэгч нараас “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалаар 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэдгийг нэгэнт тогтоосон, түүнчлэн маргаж байсан 4000 м.кв газрын 930 м.кв газар нь Д.Ч-н хүсэлтээр хуульд заасан журмын дагуу нэмэгдсэн, хууль ёсоор эзэмшсэн 2430(1500+930) м.кв газар нь ямар ч тохиолдолд хөндөгдөх ёсгүй, ... дан ганц Л.Т-гийн 8 давхар орон сууц барьсан 435 м.кв газрыг хөндөлгүй орхиж, Д.П-ын 881 м.кв газрыг хасаж, сууриараа 252 м.кв 8 давхар барилга барьсан “Аа” ХХК-ийн орон сууц барьсан газрыг үлдээж бусад газрыг хасаж талуудад эрх тэгш бус хандсан  ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар[1] “Хэ” ХХК-ийн захирал Д.Л-д “Ч” ХК-ийн баруун талд 1500 м.кв газар эзэмших эрх олгосон байна.

3.3. Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжаар “Хэ” ХХК-д “Ч” ХХК-ийн баруун залгаа 4000 газар эзэмших эрхийг Д.Л-гээс Д.Ч-т шилжүүлж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар Д.Ч-ын эзэмшлийн 4000 м.кв газрын хэмжээг 4930 м.кв болгон нэмэгдүүлжээ.

3.4. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Д.Ч-аас өөрийн эзэмшлийн газраас 881.6 м.кв газрыг Д.Пт, 435 м.кв газрыг Л.Тд тус тус шилжүүлэхээр гэрээ байгуулсан байна.

3.5. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн[2] хавсралтын 9 дэх хэсэгт Д.Ч-т 3614 м.кв, Л.Тд 435 м.кв, Д.Пд 881 м.кв газрыг тус тус  үйлчилгээний орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

3.6. Мөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Д.Ч- нь өөрийн эзэмшлийн 3614 м.кв газрын эзэмших эрхийг “Аа” ХХК-ийн төлөөлөгч Д.Э-д шилжүүлэхээр гэрээ байгуулсан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжаар Мөрөн сумын 8 дугаар баг С****, *** тоотод байршилтай 3614 м.кв үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газрыг “Аа” ХХК-д 23 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

3.7. Дээрх баримтуудаас үзэхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжаар Д.Ч-т 4930 м.кв газар эзэмших эрх олгосны дараа уг шийдвэр хүчинтэй байх үед тэрээр өөрийн эзэмшил газраас Л.Т, Д.П, “Аа” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан. Улмаар хариуцагчаас газар эзэмших эрх шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан байхад хариуцагчаас маргаан бүхий актыг ямар үндэслэлээр зөвхөн гуравдагч этгээд Л.Тгийн 435 м.кв талбайн хэмжээг хууль ёсоор эзэмшсэн хэмээн үзэж түүний талбайг хэмжээнээс хасалгүйгээр нэхэмжлэгч Д.П, “Аа” ХХК-ийн талбайн хэмжээг багасгасан нь ойлгомжгүй, тодорхой бус байхаас гадна нэхэмжлэгч нарын эзэмшил газрын хэмжээнээс  бодитоор хэрхэн хасагдсан эсэхийг шүүх тодруулаагүй, эдгээрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

3.8. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд өмнө нь “Хэ” ХХК-аас Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад тус тус холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд “... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Хэ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн 10-т бичигдсэн Д.Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр[3] нэхэмжлэгч “Хэ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3.9. Уг шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд нараас эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 235 дугаар магадлалаар[4] гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.10. Тус магадлалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 213 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 235 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.11. Энэхүү шүүхээр өмнө шийдвэрлэгдсэн үйл баримтуудаас үзэхэд “Хэ” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 235 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс үзвэл нэхэмжлэгч нарын “... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжаар Д.Ч-т 4930 м.кв газар эзэмших эрх олгосон, уг шийдвэр хүчинтэй хэвээр байгаа” гэж маргасан үндэслэлд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

3.12. Мөн тухайн үед буюу 2021 онд хариуцагчаас Д.Ч-т 930 м.кв газрыг нэмж эзэмшүүлсэн байх боловч үүнтэй холбоотой газрын хувийн хэрэг хэрэгт авагдаагүй, тус шийдвэр хүчинтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаар үйл баримтыг шүүх тодруулж, дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

3.13. Нэхэмжлэгч нараас “... 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэдгийг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон, түүнчлэн маргаж байсан 4000 м.кв газрын 930 м.кв газар нь Д.Ч-ын хүсэлтээр хуульд заасан журмын дагуу нэмэгдсэн, хууль ёсоор эзэмшсэн 2430(1500+930) м.кв газар нь ямар ч тохиолдолд хөндөгдөх ёсгүй ...” гэж тайлбарлан маргасан байна. Шүүх нэхэмжлэгч нарын энэхүү маргасан үндэслэлтэй холбогдуулан анх эзэмшүүлсэн 1500 м.кв болон 930 м.кв газрын байршлыг тодруулан тогтоож, гуравдагч этгээд Л.Тгийн эзэмшил газар анх эзэмшсэн 1500 болон сүүлд нэмж эзэмшсэн гэх 930 м.кв газарт багтаж байгаа эсэх, давхцаж байгаа эсэх, эсхүл үлдэж байгаа 3430 м.кв газарт багтаж байгаа эсэхийг тодруулж, маргааны үйл баримтад дүгнэлт өгөх байжээ. 

3.14. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 235 дугаар магадлалыг үндэслэсэн гэсэн байх бөгөөд тухайн хэрэгт авагдсан нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрын болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн зураг, хувийн хэрэг бусад баримтуудыг хэрэгт хавсаргагдсан байдлаар шинжлэн судлахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй, тус хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу “Хэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг нь нотлох баримтаар аваагүйг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг бүрэн дүүрэн бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гэж үзэхээр байна.  

3.14. Мөн нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Д.Пын 881.6 м.кв газрыг хасаж, сууриараа 252 м.кв 8 давхар барилга барьсан “Аа” ХХК-ийн орон сууц барьсан газрыг үлдээж бусад газрыг хасаж талуудад эрх тэгш бус хандсан, … нийтийн эзэмшилд авсан газрын хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгө байгаа ...” гэж тайлбарлан маргасан байх боловч хэрэгт авагдсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн зураг болон газрын кадастрын зургаас үл хөдлөх эд хөрөнгүүд нь анх эзэмшсэн 1500 м.кв дотор байгаа эсэх, эсхүл нэмэгдүүлж эзэмшүүлсэн 4930 м.кв газарт байрлаж байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, шүүх уг газартай үл хөдлөх эд хөрөнгүүд хаана байршиж байгаа болон үлдсэн нийтийн эзэмшлийн талбайд үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэх, нийтийн эзэмшлийн 3430 м.кв газар хаана байршиж байгааг нэг мөр эцэслэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Ийнхүү анхан шатны шүүх дээр дурдсан хэргийн үйл баримтыг тодруулаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй, маргааны үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх эцэслэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           М.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 128 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтас, 57 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтас, 18 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтас, 27 дахь тал