Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 59

 


     

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0076/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар, Н.Төгсбаяр,
Шүүгдэгч С.Цогбадрах, Ө.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булган овгийн Сүхбаатарын Цогбадрах, Боржигон овгийн Өлзийтхутагийн Батчулуун нарт холбогдох 201709000045 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймаг, Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг 1 дүгээр хороолол 18-27 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2010 оны 09 дүгээр сарын 24- ний өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн №66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Булган овогт  Сүхбаатарын Цогбадрах /РД:АЮ87112313/

2. Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Баялаг” хүнсний цехэд жолооч ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг Партизаны 2-53 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъая шагнал, шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Өлзийтхутагийн Батчулуун /РД:ТВ87070370/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Цогбадрах, Ө.Батчулуун нар нь бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр иргэн Ш.Жаргалсайханыг согтууруулах ундаа хэрэглэж тухайн үед болж байгаа үйл явдлыг ойлгож мэдэхгүй байдлыг далимдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг 31-24 тоотод оршин суух гэрээс нь “Асег Е-431” маркийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, “Кеп” маркийн жижиг цахилгаан дрилл зэрэг 1,560,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ууж байсан архи дуусчихаад Энхбаяр нилээн согтоод гэртээ үлдээд Батчулуун бид 2 гэрээс гарч гар утсаа барьцаанд тавьж дэлгүүрээс архи авахаар гарсан. Тэгтэл 2 дугаар орцны гадаа нэг настай ах согтуу дээшээ хараад хэвтэж байсан. Хажуу талд нь том хар цүнх, барилгын зураг байсан. Батчулуун бид 2 очоод тэр ахыг босгоод” гэрт чинь оруулаад өгье, хаана байдаг вэ” гэж асуухад “24 тоот” гэсэн. Батчулуун бид 2 тэр ахыг 2 талаас нь сугадаад 4 давхарт гараад 24 тоот хаалгыг нь тогшсон чинь хаалгаа тайлахгүй байсан болохоор “гэрт чинь хүн байхгүй юм шиг байна, түлхүүр чинь байгаа юм уу” гэж асуухад тэр гадуур куртикнийхээ халааснаас гэрийнхээ түлхүүрийг гаргаж ирсэн, би түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод ахыг гэрт нь оруулаад үүдний коридорт нь суулгаад Батчулуун тэр ахын том хар цүнхийг нэг мөрөндөө үүрчихсэн байснаа нээгээд харсан чинь дотор нь нөүтбүүк байхаар нь авсан. Би тэр айлын гал тогооны өрөөнд ширээн дээр нь мөнгөн аяга байхаар нь тэрийг нь аваад бас ширээн доогуур байсан гар цахилгаан дрилл байхыг нь аваад тэр ахаас эхнэрийнх нь утасны дугаарыг асуугаад би өөрийнхөө 99947425 дугаарын утсаар яриад Жаргалсайхан гуай согтуу байхаар нь гэрт нь оруулчихлаа гэж хэлчихээд Батчулуун бид 2 гарсан. ...Тэр айлаас авсан юмаа Батчулуун бид 2 Энхбаярын гэрт оруулаад нөүтбүүкийг нь угаалгын машин дотор нь нуугаад мөнгө аяга, цахилгаан дрилл хоёрыг нь балкон дээр нуусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна, дахин нэг боломж олгож өгнө үү” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ө.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн “...Цогбадрах бид 2 тэр ахыг 2 талаас нь сугадаад 2-р орц руу нь ороод дээшээ 4 давхарт 24 тоот хаалганы гадаа очоод хаалгыг нь нилээн нүдсэн чинь хүн гарч ирэхгүй байсан, тэр ахаас эхнэрийнх нь дугаарыг асуугаад залгасан чинь эхнэр нь утсаа авахгүй байсан, тэгсэн тэр ах гадуур халааснаасаа гэрийнхээ түлхүүрийг гаргаад ирсэн. Тэгээд гэрийн түлхүүрээр нь гэрийг нь онгойлгоод гэрт оруулаад үүдний өрөөнд нь суулгаад би үүрч явсан хар цүнхийг нь буулгаад үүдний өрөөнийх нь сандал дээр нь тавьчихаад цүнхний цахилгааныг нь онгойлгоод үзсэн чинь хар өнгийн нөүтбүүк байхаар нь би аваад, Цогбадрах цаашаа гал тогооных нь өрөө рүү ороод ширээн дээр нь байсан дунд гарын мөнгөн аяга, ширээн доор нь байсан гар цахилгаан дрилл байхыг авсан. ...Цогбадрах бид 2 дэлгүүр оролгүй нөгөө авсан юмнуудаа Энхбаярын гэрт оруулаад би авсан нөүтбүүкээ угаалгын машин дотор нь хийгээд Цогбадрах мөнгөн аяга, цахилгаан дрилл хоёроо болкон дээр нуусан тэгж бид хоёрыг нууж байхад Энхбаяр мэдээгүй унтаж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр явдал болсноос хойш 2 хоногийн дараа буюу Пүрэв гаригт би хөдөө ажилаар явж байхад цагдаагийн газраас залгаад авсан эд зүйлээ буцааж өгсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн үед би найз Зоригтбаатарын гэрт 0,5 литрийн 2 шил архи хувааж ууж ажил ярьсан. 11 цаг өнгөрөөгөөд Зоригтбаатарын гэрээс гараад Олон улсын худалдааны төв орж хүнээс барилгын зураг аваад хуучин хорооллын 31 дүгээр байр хүртэл алхаад 16 давхарын урд замаар явж байгаад халтираад унаж байснаа санаж байгаа юм. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Тэгээд би гэнэт ухаан ороод сэрсэн чинь гэртээ том өрөөндөө унтаж байсан. Тэгж сэрэхэд маргааш өглөө нь болчихсон байсан. Би босоод нөүтбүүкнийхээ цүнхийг нээгээд хартал цүнхэн дотор нөүтбүүк байхгүй байсан. Гал тогоонд ортол ширээн дээр байсан цахилгаан гар дрилл алга болчихсон байсан. Эхнэр үдээс өмнө гэрт ирэхэд нь би “нөүтбүүк яасан бэ” гэж асуутал эхнэр “чиний мөнгөн аяга байхгүй байна” гэсэн тэгээд би гэрт хулгай орсон байна гэж мэдсэн. ...Миний гэрийн түлхүүр гадуур өмссөн байсан куртканы халаасанд байсан. Би хүнд түлхүүрээ гаргаж өгснөө санахгүй байгаа юм. Гэхдээ манай гэрт түлхүүрээр онгойлгож орсон байсан. Алдагдсан эд зүйлээ олж хүлээж авсан. Одоо надад гомдол санал байхгүй.”... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

Гэрч Т.Сэлэнгийн мөрдөн байцалтад өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр буюу мягмар гаригт намайг ажилтай байхад өдөр 13 цагийн үед миний 99374390 дугаарлуу 99947425 дугаарын утас 2-3 удаа залгасан байсан. Тухайн үед би хичээлтэй байсан учраас утсаа авч чадаагүй. Тэгээд хичээл завсарлаад утсаа хараад буцаагаад залгаад ярьсан чинь нэг залуу танай нөхөр Жаргалсайхан согтуу байна, би гэрт нь оруулж өглөө гэж хэлсэн, ... маргааш өглөө нь гэртээ очсон чинь Жаргалсайхан миний цүнхэн дотор байсан нөүтбүүк байхгүй байна гэхээр нь би юм хийж байгаад айлд орхичихсон юм байх гэж бодоод тоохгүй байсан чинь гал тогооны өрөөнд байсан дунд гарын мөнгө аяга, цахилгаан дрилл 2 байхгүй байсан, тэгэхээр нь хүн гэрээс юм хулгайлсныг мэдээд урд өдөр нь Жаргалсайханыг гэрт нь оруулж өглөө гэж ярьсан хүнийг сэрдээд утасных нь дугаарыг нь хэсгийн байцаагчдаа хэлсэн юм.”... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,

Гэрч Ш.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Жаргалсайхан хар өнгийн нөүтбүүк хийсэн цүнхээ үүрчихсэн надаас салаад Мастер гээд хэвлэлийн газар Олон услын худалдааны төв орно гээд салаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017.01.16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “...Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ны байдлаар 1,560,000 /Нэг сая таван зуун жаран мянган/  төгрөг байна. /хавтаст хэргийн 22-р хуудас/,
 
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан /хавтаст хэргийн 5-12 дугаар хуудас/,

С.Цогдбадрах, Ө.Батчулуун нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 47-49-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч С.Цогбадрах, Ө.Батчулуун нар нь бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 11-12 цагийн орчим иргэн Ш.Жаргалсайханыг согтуурсны улмаас тухайн үед болж байгаа үйл явдлыг ойлгож мэдэх чадваргүй байхад нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг 31-24 тоотод оршин суух гэрээс нь “Асег Е-431” маркийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, “Кен” маркийн жижиг цахилгаан дрилл зэрэг эд зүйл хулгайлж 1.560.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Жаргалсайханы мэдүүлэг, гэрч Т.Сэлэнгэ, Ш.Зоригтбаатар нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна. 
Аймгийн прокурорын газраас С.Цогбадрах, Ө.Батчулуун нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Цогбадрах, Ө.Батчулуун нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Цогбадрах нь урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтайд тооцох хугацаа дууссан байна.

Шүүгдэгч С.Цогбадрах, Ө.Батчулуун нар нь хохирогч Ш.Жаргалсайханд 1,560,000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд хулгайд алдагдсан эд зүйлийг буцаан өгсөн /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч С.Цогбадрах, Ө.Батчулуун нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9 дүгээр зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Цогбадрах, Ө.Батчулуун нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,  шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
 ТОГТООХ нь: 

 1. Булган овогт Сүхбаатарын Цогбадрах, Боржигон овогт Өлзийтхутагийн Батчулуун нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Цогбадрахад 50,000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ө.Батчулуунд 50,000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.Цогбадрахад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар, Ө.Батчулуунд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Шүүгдэгч С.Цогбадрах, Ө.Батчулуун нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нэмэгдэл ялыг биелүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудсын хамт шилжүүлэхийг шүүгчийн туслах /Б.Нямдорж/-д даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Цогбадрахад оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар, шүүгдэгч Ө.Батчулуунд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч С.Цогдбарахыг 2 /хоёр/ жил, шүүгдэгч Ө.Батчулууныг 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан нар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх болохыг С.Цогбадрах, Ө.Батчулуун нарт мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цогбадрах, Ө.Батчулуун нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тэнсэгдсэн ялтан нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Цогбадрах, Ө.Батчулуун нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД