Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00620

 

  “ВОС” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01156 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1257 дугаар магадлалтай,

“ВОС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М Ф” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 21,891,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ВОС” ХХК нь “М Ф” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 21,891,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01156 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан, “М Ф” ХХК-аас 21,891,390 төгрөг гаргуулах тухай “ВОС” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 267,410 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1257 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М Ф ХХК-иас 21 891 390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВОС ХХК-д олгосугай гэж өөрчлөн, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 267 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3 дахь хэсэгт заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан “...Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг аман хэлбэрээр хийж болох боловч талуудын байгуулсан гэх тухайн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ болон бодитоор биелэгдэж, 21,891,390 төгрөгний барааг хариуцагчид нийлүүлсэн болохоо нэхэмжлэгч тал нотолж чадаагүй...” гэснийг үнэлж дүгнээгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримтад “...өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлсэн гэх талууд няравуудын гарын үсгээр баталгаажсан орлого зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад түүнийг байгаа мэтээр хийсвэрлэн бодож зөвхөн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г гэсэн ганц баримтаар үнэлж /харьцуулан дүгнэх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй /Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх заалтыг буруу тайлбарласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгч “ВОС” ХХК нь ямар нэр төрлийн, ямар шинж чанартай, хэдэн ширхэг барааг хэнд хүлээлгэж өгснөө ИХШХШТ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлэх баримтаар бүрэн нотолж чадаагүй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч “М Ф” ХХК-наас 21,891,390 төгрөгийг гаргуулж, “ВОС” ХХК-д олгох тухай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж хяналтын журмаар гаргасан гомдлын шаардлагыг өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч “ВОС” ХХК нь хариуцагч “М Ф” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээгээр нийлүүлсэн барааны үнийн дутуу 21,891,390 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ямар чанар, нэр төрлийн, хичнээн хэмжээний барааг нийлүүлсэн нь тодорхойгүй, барааны орлого, зарлагын баримт байхгүй, нэхэмжлэл нотлогдоогүй гэх үндэслэлээр маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч “М Ф” ХХК-иас 21,891,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ВОС” ХХК-д олгон нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

8. “ВОС” ХХК-ийн нягтлан бодогч Р.Энх-Амгалан, “М Ф” ХХК-ийн нягтлан бодогч Э.Туул нарын гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтуудаас үзэхэд талууд 21,891,390 төгрөгийн тооцооны үлдэгдэл байгааг удаа дараа баталгаажуулсан /хх9-12/, 2012-2016 оны хооронд нэхэмжлэгч нь онцгой төрлийн төмрийн будгийг нийлүүлж, тооцоог нийлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ дээрх баримтаар нотолсон байхад хариуцагч үгүйсгэж, баримт гаргаагүй байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан баримтыг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсгийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Тооцоо нийлсэн баримтаар “М Ф” ХХК нь хүлээж авсан барааны үнэд 21,891,390 төгрөгийг төлөх үүргээ зөвшөөрсөн, тус компанийн нягтлан бодогч Э.Туул болохыг хариуцагч маргаагүй үйл баримтаас үзэхэд талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ.

9. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болсон тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1257 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 267,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

                                       ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД