Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2023/0010/Э/223/2023/0011 |
Дугаар | 2023/ШЦТ/405 |
Огноо | 2023-10-13 |
Зүйл хэсэг | 11.1.2.1., |
Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/405
2023 10 13 2023/ШЦТ/405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунтуяа,
Иргэдийн төлөөлөгч Б.Баатар,
Хохирогч Г.Гүндэгмаа, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг,
Шүүгдэгч Д.Л-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Дардан Даваадоржийн Л-т холбогдох эрүүгийн 2234000000554 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Дардан Даваадоржийн Л-, 1991 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэнд дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Төв аймгийн Жаргалант сумын 2-р баг Өлийн ам гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РС91031418 регистрийн дугаартай гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Л- нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзий ам” гэх газар гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Гүндэгмаатай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн хохирол, 3-4 орчим долоо хоногтой ураг зулбуулж Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т заасан амь насанд аюултай хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234000000554 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Г.Гүндэгмаагийн өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант сумын нутаг Өгөөмөр 2-р багийн нутаг Өлийн ам гэх газар хамтран амьдрагч Д.Л-ын хамт өөрийн 3-н хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Тэгсэн манай хамтран амьдрагч Д.Л- намайг 2022 оны 10 сарын 30-ний өдөр манай хоёр хүүхэд гар утас булаацалдан Аминбилэг уйлж, Байгалмаа нь уурласан тэгсэн Д.Л- утсаа хурааж энэ хоёр хүүхэд чинь хоорондоо таарахаа байж байгаа юм биш үү гэхээр нь би харин тиймээ гэж хэлтэл чи ер нь надтай амьдрах юм уу яг яах гээд байгаа юм бэ гэхээр би амьдрах гээд байж байна гэтэл намайг хоёр хүүхдээ буруу хүмүүжүүллээ писда минь чи гэсэн. Би тухайн үед нь надад ч гэсэн хэцүү байна гэж хэлтэл “намайг чи манай гэрээс зайл” гэж намайг гэрээсээ хөөж гаргасан. Би тухайн үед нь гарч яваад гадаа зогсож байхаар нь би үхрээ эргүүлэх санаатай явж байтал миний араас мотоцикль унаж ирээд чи муу их даварч байна гээд намайг миний өмсөж явсан дээлээс зуурч миний баруун талаар цасан дээр хөлөөрөө хавсарч унаган миний толгой дээр Д.Л- хөлөөрөө дарж дээр суусан. Би арай хийж доороос нь босоод иртэл намайг чи миний эд хөрөнгөн дээр ирж даварлаа чи муу намайг хэлдэг газраа хэлээрэй гээд байж байгаад намайг чи сайхан зантай хүн шүү гэж намайг хэлхээр нь би зөрүүлээд чи надаас илүү сайхан зантай хүн шүү гэж байгаад бид хоёр малаа хурааж хамт гэртээ хариад амраад 2022 оны 10 сарын 31-ний өглөө босоод манай нөхөр Д.Л- надаас 2 хонь гулуузлах уу амьдаар зарах уу гэж асуухаар нь өөрөө мэд гэж хэлээд үнээгээ саах гээд саалийн хувингаа аваад гарах гэсэн чинь гаднаас Д.Л- орж ирээд намайг хүүхэд загнаад байна гэж учиргүй уурлаж цагаан өнгийн гартаа барьж явсан тугалын хүзүүвчин уяагаар миний хоолойг боож чамайг ингээд алчъя гээд дээрээс дараад хоолоо шахаад байхаар хоёр гараараа түлхэж байгаад салаад би зугтаад гарсан. Тэгсэн араас гарч ирээд тугалын шилбүүрийн урт модны бүдүүн талаар нь намайг толгойны зулай хэсэгт цохиод мөн зүүн гарын тохой хэсэг рүү дахиад цохисон. Би зууралдаж байгаад модыг авах гэтэл дахиад миний толгой руу нөгөө модоороо 2-3 удаа цохиод би хэсэг нэлээн манарч малын хашааны хажууд уйлаад зогсож байтал Д.Л- дахиад гэрээс төмөр иштэй алах барьж гарч ирээд чамайг мал шиг алчъя гээд алхаа баруун гартаа бариад над руу далайж намайг цохих гээд байхаар нь би зугтсан. Чи муу гичий өөдөөс их үг сөрдөг болжээ гээд зогсож байгаад алхаа гэрийн баруун тийшээ шидээд малдаа явсан. Тэгэхээр би гэртээ ороод сууж байтал намайг гэртээ орж ирээд чи муу яах гэж орж ирсэн юм гээд байхаар нь би миний ханиа одоо тайвшир гэж гуйж байгаад би үхрээ саахаар болоод гарсан. Д.Л- намайг үхрээ саагаад дуусаад орж ирэхэд хоёр хонь муулж дууссан байхаар нь би гэдсийг арилгаж өгөөд Д.Л- төв орох болоод намайг машин асаалцаж өг гээд би машиныг асаалцаж өгсөн чинь өөрийнхөө дагавар охин Байгалмааг дагуулан сумын төв рүү явсан. Би тэр хойгуур нь эгч рүүгээ залгаж миний толгойноос цус гараад байна манай нөхөр намайг зодсон гэтэл манай эгч цагдаад өгнө болохгүй гээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг урьд өмнө байнга цохиж зодож байсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Би их зодуулсандаа, намайг нүдийг чинь ухаад хаячъя миний зүүн талын нүдний зовхи хэсэг рүү хуруугаа чихэж оруулаад хоёр нүдийг чинь ухаад өгье гээд аймаар өвтгөөд ухаад байсан. Тэрнээс болоод миний нүдний хараанд хүртэл өөрчлөлт орсон. Намайг дандаа хүзүү толгой хэсэг рүү дэвсэж хэвлий хэсэг рүү байнга зодох болгондоо өшиглөж миний гарын хурууг хугалаад хаячъя гээд мушгиж дардаг. Мөн миний билэг эрхтэн хэсэг рүү модоор хатгаж билэг эрхтэн хэсэг рүү өшиглөж байсан. Би зодуулж байх хугацаандаа Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Би Цагдаагийн байгууллагад хандъя гэж бодож байсан ч намайг гэр бүлээр чинь шатааж ална Хөвсгөлийнхөө хүнийг алж чаддаг шүү гэж намайг айлган сүрдүүлж зодож тамлаад байдаг болохоор нь би хандаж чаддаггүй байсан. 2022 оны 7 сарын сүүл хэсгээр нөхөр Д.Л-д баруун шанаа хэсэг рүүгээ өшиглүүлж сумын эмнэлэгт үзүүлж байхдаа би өөрийгөө үхэрт мөргүүлсэн гэж хэлээд үзүүлж байсан. Тухайн үед миний эрүү ангайж чадахгүй болсон байсан. Бид хоёр хамт амьдраад гурван жил болох хугацаандаа дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Би анх хамтран амьдрагч Д.Лхавга-Очиртой суухдаа хоёр дагавар хүүхэдтэй суусан юм. Д.Л- ч мөн нэг дагавар охинтой байсан. Энэ зун надтай хэрэлдэж маргалдаж байхдаа миний хүү Билгүүнтулгыг /4 настай/ минь нэг удаа гараас нь барьж гэрээс гаргаж шидсэн тэрнээс цохиж зодож байгаагүй. Энэ удаа зодуулснаас болж миний толгой өвдөж баруун гар цээж хэсэг нил хөндүүр байна. Мөн доошоо цус гарч байгаа. Би модоор цохиулснаас болж толгойдоо дөрвөн оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хх 6-7-р хуудас/,
Гэрч Г.Угтахбаярын өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант суманд Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг юм. Би тухайн өдөр эмнэлгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд сумын хэсгийн төлөөлөгч ажил дээр ирээд алсын дуудлага өгсөн. Тухайн үед би хэсгийн төлөөлөгчийн хамт дуудлагаар очход нөхөртөө зодуулсан гэх 26 настай эмэгтэй Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн нутаг хөдөө гэртээ 2 хүүхдийн хамт байж байсан. Тухайн үед үзлэг хийхэд Гүндэгмаа гэх хүний дагзны ар хэсэгт 3 см орчим урттай язарсан ил харагдах шархтай байсныг би сумын эмнэлэгт авчирч шарханд анхдагч цэгцлэлт хийж өвчин намдаах тарьж толгойнд 4 оёдол тавьсан. Тэгээд эмнэлэг дээр хэсэг байж байгаад цагдаа дээр очиж мэдүүлэг өгнө гээд явсан. Тэгтэл 30 орчим минутын дараа буцаад гүйгээд ирсэн. Би яасан талаар асуусан чинь эмчээ би цагдаад мэдүүлэг өгөөд сууж байтал миний сууж байсан сандал дээр доошоо цус гарч сандал нэлийсэн цус болсон байна. Цагдаа яаралтай очиж эмнэлэгт үзүүлээд ир гэсэн юм гэж орж ирэхээр нь би эхлээд Гүндэгмаагийн шээсэнд тестээр жирэмсэн эсэхийг шалгахад сөрөг гарахаар нь би цус тогтоох тариаг гарын булчин хэсэгт хийж дотуур үзлэг хийж үзэхэд Гүндэгмаагийн умайн хүзүү 1 см хэртэй нээгдсэн бээлийнд шингэн цус мэт зүйл наалдаж гарч ирж байсан. Би асуумжаар асуухад Гүндэгмаагийн сүүлийн сарын тэмдэг 2022 оны 9-р сарын 27-ны өдөр бага хэмжээтэй ирж үзэгдсэн гэж надад хэлсэн. Би тухайн үед чи Улаанбаатар хот руу онош тодруулах зорилгоор ГССҮТөв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү 13А маягт хийж өгч явуулсан. Тухайн эмэгтэй манайд жирэмсний хяналтад ороогүй байсан. Би тухайн эмэгтэйг жирэмсэн эсэхийг өөрөөр үзэх боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 10-11-р хуудас/,
Шинжээч Л.Бямбатуяагийн өгсөн: “Ер нь бол хэвлий рүү хүч үйлчилсний улмаас тодорхой хэлбэл цохих, өшиглөх, унах зэргийн улмаас ураг зулбадаг. Гэхдээ энэ үед хэвлийн доод хэсгээр маш хүчтэй өвдөлт өгч, доош цус гадагшилдаг. Дээрх шинж тэмдэг нь хүч үйлчилснээс хойш үйлчилж эхэлнэ. Хохирогчид хэвлийн доод хэсгээр базлах, хатуурах, хүчтэй өвдөх шинж тэмдгүүд илрээд бие махбодийн онцлогоос шалтгаалан доош цус гарах, гарахгүй тодорхой хугацаагаар явж болно. Энэ нь ураг зулбаж эхэлсэн ба умайн хананаас арай ховхорч амжаагүй нь доош цус гараагүй байна гэсэн үг.” гэх мэдүүлэг /хх 30-р хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 610 дугаартай шинжээчийн: “1.Г.Гүндэгмаагийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.Дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Г.Гүндэгмаагийн эмнэлгийн бичиг баримтаар 3-4 орчим долоо хоногтой жирэмсэн байсан байна. 6.Г.Гүндэгмаагийн ураг зулбасан байна. 7.Г.Гүндэгмаагийн ураг нь мохоо зүйлийн гэмтлийн улмаас жирэмслэлт таслагдан ураг зулбасан байна. 8.Г.Гүндэгмаагийн ураг зулбалт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 16-17-р хуудас/,
Шүүгдэгч Д.Л-ын өгсөн: “2022 оны 10-р сарын 31-ний өдөр гадаа машин янзлаад байж байтал дунд охин Аминаг хамтран амьдрагч Гүндэгмаа гэр дотор зодоод байхаар нь би болиоч гээд хэлсэн чинь Гүндэгмаа "чамайг шар махтай чинь хатаана даа" гэхээр нь би уурандаа хүүхдийн тоглоомын уяагаар хоолойгоор нь боосон чинь нөгөө уяа нь тасарсан чинь Гүндэгмаа гараад зугтаасан. Тэгэхээр нь би ардаас нь гараад шилбүүрээр толгой руу нь 1 удаа цохисон. Тэгтэл Гүндэгмаа над руу "Ханиа намайг уучлаарай миний буруу” гээд бид хоёр эвлэрсэн. Би 3-р ангийн охиноо сумын төвд хүргэж өгчхөөд гэр рүүгээ явж байхад цагдаа, эмнэлэг, эхнэрийн эгч нар манай гэрт ирээд сумын төв рүү явсан. Гүндэгмаа хүүхдээ удаа дараа зодоод байхаар нь тэсэлгүй зодчихсон. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 43-р хуудас/,
Гэрч Э.Болор-Эрдэнийн өгсөн: “Би Гүндэгмаа гэх хүнийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЭХО-р үзсэн. Үзлэгээр жирэмсэн эсэхийг мэдэхийн тулд эмэгтэйчүүдийн ЭХО-д үзүүлсэн. Сарын тэмдэгийн хугацаагаар 5-6 долоо хоногтой жирэмсэн байх ёстой байсан боловч умайн хөндийд ургийн цэврүү харагдаагүй учраас зулбасан байж магадгүй гэж сэжиглэн цусанд жирэмсэн эсэхийг үздэг “ХГ” шинжилгээ өгөхийг зөвлөсөн. “ХГ” шинжилгээний хариу жирэмсэн гэсэн хэмжээ буюу 180.1 гэж заасан. Хэрвээ жирэмсэн биш байсан бол 0-10 гэж заах ёстой байсан. Үзлэгийн явцад умайн салст маш нимгэрсэн буюу 0.3 см байгаа нь бүрэн зулбасны дараа ийм хэмжээтэй гарах боломжтой. Олон улсын стандартаар жирэмсний хугацааг тооцоолохдоо сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн тоолдог. Яг жирэмсэн болох өдөр нь ойролцоогоор сарын тэмдэг ирснээс хойш 2 долоо хоногийн дараа өндгөн эс ялгарч жирэмсэн болох боломжтой. Тийм учраас жирэмсэн хүний хугацааг жирэмсний хяналтад орох ЭХО-р үзэх үед сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс бодож бодит хугацаан дээр ойролцоогоор 2 долоо хоног нэмж хэлдэг. Жирэмсэн болсон хүн дараагийн сарын тэмдэг ирээгүй бол жирэмсэн эсэхийг таамаглан тестээр үзэж жирэмсэн эсэхээ мэднэ. Ихэнх жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний эхэн үеийн шинж тэмдэг сүүлийн сарын тэмдгээр тооцоход 5-6 долоо хоногтойд илэрнэ. Энэ шинж тэмдгүүдэд нь дотор муухайрах, ам үнэрийг хэт мэдрэх, бөөлжих, толгой эргэх гэх мэт шинжүүд илрэх боломжтой. 5-6 долоо хоногтой жирэмсэн байх үед гаднаас хараад мэдэх боломжгүй.” гэх мэдүүлэг /хх 129-130-р хуудас/,
Гэрч Ч.Батзулын өгсөн: “Найз нөхдөөрөө дамжуулаад анх танилцаж байсан. Хуурай ах, дүүгийн холбоотой. Д.Л-оор би 2020 оноос хойш бол мал маллуулж байгаа. Эхнэр Г.Гүндэгмааг сайн мэдэхгүй. Гэрт нь очдог байхад уулздаг байсан. Д.Л- нь Төв аймгийн Жаргалант суманд байдаг. Сумаасаа 10 км зайтай хөдөө гэртээ аавынхаа ах, төрсөн эгчтэйгээ хамт 3-уулаа амьдардаг. Хүнтэй муудалцаад байдаггүй, гайгүй харилцаатай хүний ярьж байгаа үгийг хүлээж авахдаа удаан, дуу муутай. Улаанбаатар хотоос намайг гэрт нь хааяа нэг очход маргалдаад муудалцаад байдаг зүйл ажиглагдаж байгаагүй. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Хоорондоо харьцахдаа эхнэр, нөхөр шиг хэвийн харилцаатай байсан.” гэх мэдүүлэг /хх 137-р хуудас/,
Гэрч Б.Урантэсийн өгсөн: “Би Лхгава-Очиртой хамт Төв аймгийн Жаргалант сумын 1-р баг Өлийн ам гэх газар хөрш зэргэлдээ амьдардаг хөрш айлын хүн байгаа юм. Манайх 2016 оноос хойш айл хөрш болж амьдардаг. Гүндэгмаа гэх эмэгтэй бол Л-ын эхнэр нь байгаа юм. Д.Л- нь их тусархаг, зөөлөн хүн. Ах, эгч хоёроо асардаг. Хоорондоо хааяа нэг маргалдаж, муудалцаад сална гээд явж байсан. Хоорондын харилцаа бол гайгүй. Эхнэр, нөхөр шиг л харилцдаг байсан. Эхнэр Гүндэгмаа, Л-той харьцахдаа захирангуй, тушаасан байдалтай харилцдаг.” гэх мэдүүлэг /хх 139-р хуудас/,
Гэрч Д.Билгүүний өгсөн: “Л- нь өөрийн үеэл эгч Л.Эрдэнэцэцэгтэй 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр багийн өрөөнд орж ирээд тодорхойлолт авах гэсэн юм гэхээр нь би тодорхойлолт бичиж өгсөн. Тухайн тодорхойлолтод Д.Цогтгэрэл, Н.Санжаасүрэн нарын эрүүл мэндийн группийн дэвтрийг үндэслэн оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй гэж бичсэн. Д.Цогтгэрэл, Н.Санжаасүрэн нарыг хэн ч хаанаас нь ч харсан оюун ухааны бэрхшээлтэй нь мэдэгддэг. Мөн оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ группэд байдаг. Би Гүндэгмаа, Д.Л- нарын талаар сайн мэдэхгүй. Л- нь урьдны эхнэрээсээ салаад Гүндэгмаа гэх эмэгтэйтэй суусан. Намайг багийн дарга болохоос өмнө Л- нь охин Байгалмаагаа хөл нүцгэн хонинд явуулаад байна гэж мэдээлэл сумын нийгмийн ажилтанд ирсэн.” гэх мэдүүлэг /хх 141-142-р хуудас/,
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын: “1.Д.Л- нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.Д.Л- нь болсон хэргийн байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3.Д.Л- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт /хх 155-156-р хуудас/,
Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн “эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”, эхо-ны зураг /хх 18/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо /хх 20/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Компьютер томографийн шинжилгээ” /хх 21/, яаралтай тусламжийн хуудас /хх 22-25-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирогчийг зодож цохисноо хүлээн зөвшөөрч байгаа, хүнд гэмтэл учруулсан гэдэгт санал нийлэхгүй байгаа талаар өөрөөр хэлбэл хохирогч жирэмсэн байсан эсэх нь эргэлзээтэй, жирэмсэн байсан бол шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас зулбасан эсэх нь эргэлзээтэй гэж маргасан.
Шүүгдэгч Д.Л- нь хамтран амьдрагч Г.Гүндэгмаатай хүүхдээ загнасан гэх шалтгааны улмаас маргалдаж 2022 оны 10 дугаар сарын 31-нд эрх чөлөөнд халдаж тугалын хүзүүвчин уяагаар хоолойг нь боож, хоолойг нь шахаж, тугалын шилбүүрийн урт модны бүдүүн талаар толгойны зулай, зүүн гарын тохой хэсэгт цохиж хохирогч Г.Гүндэгмаагийн 3-4 орчим долоо хоногтой ураг зулбасан болох нь:
Хохирогч Г.Гүндэгмаагийн өгсөн: “...2022 оны 10 дүгээр сарын 31-ний өглөө босоод манай нөхөр Д.Лхавга-Очир надаас 2 хонь гулуузлах уу амьдаар зарах уу гэж асуухаар нь өөрөө мэд гэж хэлээд үнээгээ саах гээд саалийн хувингаа аваад гарах гэсэн чинь гаднаас Д.Лхавга-Очир орж ирээд намайг хүүхэд загнаад байна гэж учиргүй уурлаж цагаан өнгийн гартаа барьж явсан тугалын хүзүүвчин уяагаар миний хоолойг боож чамайг ингээд алчъя гээд дээрээс дараад хоолоо шахаад байхаар хоёр гараараа түлхэж байгаад салаад би зугтаад гарсан. Тэгсэн араас гарч ирээд тугалын шилбүүрийн урт модны бүдүүн талаар нь намайг толгойны зулай хэсэгт цохиод мөн зүүн гарын тохой хэсэг рүү дахиад цохисон. Би зууралдаж байгаад модыг авах гэтэл дахиад миний толгой руу нөгөө модоороо 2-3 удаа цохиод би хэсэг нэлээн манарч малын хашааны хажууд уйлаад зогсож байтал Д.Л- дахиад гэрээс төмөр иштэй алах барьж гарч ирээд чамайг мал шиг алчъя гээд алхаа баруун гартаа бариад над руу далайж намайг цохих гээд байхаар нь би зугтсан. Чи муу гичий өөдөөс их үг сөрдөг болжээ гээд зогсож байгаад алхаа гэрийн баруун тийшээ шидээд малдаа явсан. Тэгэхээр би гэртээ ороод сууж байтал намайг гэртээ орж ирээд чи муу яах гэж орж ирсэн юм гээд байхаар нь би миний ханиа одоо тайвшир гэж гуйж байгаад би үхрээ саахаар болоод гарсан. Д.Лхавга-Очир намайг үхрээ саагаад дуусаад орж ирэхэд хоёр хонь муулж дууссан байхаар нь би гэдсийг арилгаж өгөөд Д.Л- төв орох болоод намайг машин асаалцаж өг гээд би машиныг асаалцаж өгсөн чинь өөрийнхөө дагавар охин Байгалмааг дагуулан сумын төв рүү явсан. Би тэр хойгуур нь эгч рүүгээ залгаж миний толгойноос цус гараад байна манай нөхөр намайг зодсон гэтэл манай эгч цагдаад өгнө болохгүй гээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Намайг урьд өмнө байнга цохиж зодож байсан. ...Энэ удаа зодуулснаас болж миний толгой өвдөж баруун гар цээж хэсэг нил хөндүүр байна. Мөн доошоо цус гарч байгаа. Би модоор цохиулснаас болж толгойдоо дөрвөн оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэх мэдүүлэг нь;
Гэрч Г.Угтахбаярын өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант суманд Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. Би тухайн өдөр эмнэлгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд сумын хэсгийн төлөөлөгч ажил дээр ирээд алсын дуудлага өгсөн. Тухайн үед би хэсгийн төлөөлөгчийн хамт дуудлагаар очход нөхөртөө зодуулсан гэх 26 настай эмэгтэй Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн нутаг хөдөө гэртээ 2 хүүхдийн хамт байж байсан. Тухайн үед үзлэг хийхэд Гүндэгмаа гэх хүний дагзны ар хэсэгт 3 см орчим урттай язарсан ил харагдах шархтай байсныг би сумын эмнэлэгт авчирч шарханд анхдагч цэгцлэлт хийж өвчин намдаах тарьж толгойнд 4 оёдол тавьсан. Тэгээд эмнэлэг дээр хэсэг байж байгаад цагдаа дээр очиж мэдүүлэг өгнө гээд явсан. Тэгтэл 30 орчим минутын дараа буцаад гүйгээд ирсэн. Би яасан талаар асуусан чинь эмчээ би цагдаад мэдүүлэг өгөөд сууж байтал миний сууж байсан сандал дээр доошоо цус гарч сандал нэлийсэн цус болсон байна. Цагдаа яаралтай очиж эмнэлэгт үзүүлээд ир гэсэн юм гэж орж ирэхээр нь би эхлээд Гүндэгмаагийн шээсэнд тестээр жирэмсэн эсэхийг шалгахад сөрөг гарахаар нь би цус тогтоох тариаг гарын булчин хэсэгт хийж дотуур үзлэг хийж үзэхэд Гүндэгмаагийн умайн хүзүү 1 см хиртэй нээгдсэн бээлийнд шингэн цус мэт зүйл наалдаж гарч ирж байсан. Би асуумжаар асуухад Гүндэгмаагийн сүүлийн сарын тэмдэг 2022 оны 9-р сарын 27-ны өдөр бага хэмжээтэй ирж үзэгдсэн гэж надад хэлсэн. Би тухайн үед чи Улаанбаатар хот руу онош тодруулах зорилгоор ГССҮТөв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү 13А маягт хийж өгч явуулсан. Тухайн эмэгтэй манайд жирэмсний хяналтад ороогүй байсан. Би тухайн эмэгтэйг жирэмсэн эсэхийг өөрөөр үзэх боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 10-11-р хуудас/,
Шинжээч Л.Бямбатуяагийн өгсөн: “Ер нь бол хэвлий рүү хүч үйлчилсний улмаас тодорхой хэлбэл цохих, өшиглөх, унах зэргийн улмаас ураг зулбадаг. Гэхдээ энэ үед хэвлийн доод хэсгээр маш хүчтэй өвдөлт өгч, доош цус гадагшилдаг. Дээрх шинж тэмдэг нь хүч үйлчилснээс хойш үйлчилж эхэлнэ. Хохирогчид хэвлийн доод хэсгээр базлах, хатуурах, хүчтэй өвдөх шинж тэмдгүүд илрээд бие махбодийн онцлогоос шалтгаалан доош цус гарах, гарахгүй тодорхой хугацаагаар явж болно. Энэ нь ураг зулбаж эхэлсэн ба умайн хананаас арай ховхорч амжаагүй нь доош цус гараагүй байна гэсэн үг.” гэх мэдүүлэг /хх 30-р хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 610 дугаартай шинжээчийн: “1.Г.Гүндэгмаагийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.Дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Г.Гүндэгмаагийн эмнэлгийн бичиг баримтаар 3-4 орчим долоо хоногтой жирэмсэн байсан байна. 6.Г.Гүндэгмаагийн ураг зулбасан байна. 7.Г.Гүндэгмаагийн ураг нь мохоо зүйлийн гэмтлийн улмаас жирэмслэлт таслагдан ураг зулбасан байна. 8.Г.Гүндэгмаагийн ураг зулбалт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 16-17-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан байна.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Д.Л-ын үйлдсэн тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлгийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Баатар нь шүүгдэгч Д.Л-ыг "Ямар ч байсан Д.Л- гээд энэ залуу 7-8 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн өөрийн үйлдэлдээ гэмшээгүй байх шиг санагдаж байна. Залуу хүн ийм байж болохгүй эмэгтэй хүнийг зодож болохгүй. Би гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг гаргасан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “гэм буруутай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “шүүгдэгч Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 7 жил хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “5 жилээс доош хорих ял оногдуулж өгөөч. Хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бага насны хүүхдээ амардаг. Олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асардаг зэргийг харгалзан үзнэ үү.” гэх саналыг тус тус шүүхэд гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгчийг хохирогчийг зодсоноо хүлээж зөвшөөрч байгаа хэдий ч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэснийг түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Шүүгдэгч хамтран амьдрагч Г.Гүндэгмааг нэг удаа бус удаа дараа зоддог байсан талаар хохирогч Г.Гүндэгмаагийн "Намайг урьд өмнө байнга цохиж зодож байсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Би их зодуулсандаа, намайг нүдийг чинь ухаад хаячъя миний зүүн талын нүдний зовхи хэсэг рүү хуруугаа чихэж оруулаад хоёр нүдийг чинь ухаад өгье гээд аймаар өвтгөөд ухаад байсан. Тэрнээс болоод миний нүдний хараанд хүртэл өөрчлөлт орсон. Намайг дандаа хүзүү толгой хэсэг рүү дэвсэж хэвлий хэсэг рүү байнга зодох болгондоо өшиглөж миний гарын хурууг хугалаад хаячъя гээд мушгиж дардаг. Мөн миний билэг эрхтэн хэсэг рүү модоор хатгаж билэг эрхтэн хэсэг рүү өшиглөж байсан. Би зодуулж байх хугацаандаа Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Би Цагдаагийн байгууллагад хандъя гэж бодож байсан ч намайг гэр бүлээр чинь шатааж ална Хөвсгөлийнхөө хүнийг алж чаддаг шүү гэж намайг айлган сүрдүүлж зодож тамлаад байдаг болохоор нь би хандаж чаддаггүй байсан. 2022 оны 7 сарын сүүл хэсгээр нөхөр Д.Лхавга-Очирд баруун шанаа хэсэг рүүгээ өшиглүүлж сумын эмнэлэгт үзүүлж байхдаа би өөрийгөө үхэрт мөргүүлсэн гэж хэлээд үзүүлж байсан. Тухайн үед миний эрүү ангайж чадахгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 6-7-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гүндэгмаагийн эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн хохирол, 3-4 орчим долоо хоногтой ураг зулбасан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах зэрэг хохирол, хор уршиг учирсан, гэрч Д.Билгүүний өгсөн: “Л- нь урьдны эхнэрээсээ салаад Гүндэгмаа гэх эмэгтэйтэй суусан. Намайг багийн дарга болохоос өмнө Л- нь охин Байгалмаагаа хөл нүцгэн хонинд явуулаад байна гэж мэдээлэл сумын нийгмийн ажилтанд ирсэн.” гэх мэдүүлэг /хх 141-142-р хуудас/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 8 жил 6 сар хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогч Г.Гүндэгмаад шүүгдэгчээс 5 ханатай гэр өгсөн цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Л-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л- нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Л-ын асрамжид 2014 оны 8 дугаар сарын 24-нд төрсөн 9 настай Л.Байгальмаагийн хамт амьдардаг талаар Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн засаг даргын албан тоот шүүх хуралдаанд ирүүлсэн байх тул Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу насанд хүрээгүй Л.Байгальмаад асран хамгаалалт, харгалзан дэмжигч томилохыг Төв аймгийн Жаргалан сумын засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэрч Д.Билгүүний өгсөн мэдүүлэгт “Л- нь өөрийн үеэл эгч Л.Эрдэнэцэцэгтэй 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр багийн өрөөнд орж ирээд тодорхойлолт авах гэсэн юм гэхээр нь би тодорхойлолт бичиж өгсөн. Тухайн тодорхойлолтод Д.Цогтгэрэл, Н.Санжаасүрэн нарын эрүүл мэндийн группийн дэвтрийг үндэслэн оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй гэж бичсэн. Д.Цогтгэрэл, Н.Санжаасүрэн нарыг хэн ч хаанаас нь ч харсан оюун ухааны бэрхшээлтэй нь мэдэгддэг. Мөн оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ группэд байдаг. Би Гүндэгмаа, Д.Л- нарын талаар сайн мэдэхгүй." гэх мэдүүлэг авагдсан бөгөөд Д.Цогтгэрэл, Н.Санжаасүрэн нар нь Д.Л-ын асрамжид байдаг талаар баримт авагдаагүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Л-т 8 /найм/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Л-ын охин 2014 оны 8 дугаар сарын 24-нд төрсөн 9 настай асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг Төв аймгийн Жаргалан сумын засаг даргад даалгасугай.
5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай. з
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ш.ГАНДАНСҮРЭН
Ю.ЭНХМАА