Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/406

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          10             13                                                    2023/ШЦТ/406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү,

   Шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т-, 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүү нарын хамт Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуун 2-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

                                            

            Шүүгдэгч Б.Т- нь өсвөр насны яллагдагч Н.Н-тай бүлэглэж 2023 оны 8 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Агуйтын өвөр” гэх газарт байрлах гэрт хохирогч Б.*******г “...өдөр өгчих гэсэн зүйлүүдийг өгөхгүй гэсэн биз дээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгойн тус газар гараараа цохих, өшиглөх, төмөр сав, ширээ шидэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2334000000354 дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Б.*******гийн өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 20-ны өдөр рүү шилжих шөнийн 02 цагийн орчим Батням гэх айлынд хөзөр тоглож байгаад гэр лүүгээ мотоциклтой явах гэсэн чинь намайг Батнямын хүүхэд болох Т- нь та мотоциклоо үлдээчих би машинтай хүргэж өгье гээд хүргүүлэхээр болоод Батнямын хүүхэд Т- болон Батнямын эхнэрийн эгчийнхэн хүүхэд Бөөлөө, ахин нэг жоохон хүүхэд нарыг сайн мэдэхгүй гурван залуугаар машинтай гэр лүүгээ хүргүүлж гэрт очоод 08 сарын 19-ны өдрийн 14 цагийн орчим Батнямынд очиход Батнямын хүү Т- нь надад байх бугуйл, хазаар болон суран эдлэлүүдээ бүгдийг өгчих та ямар юм бугуйлдах биш гэхэд нь өгөхгүй гээд өнгөрч байсан ба намайг шөнө хүргэж өгөхдөө өдөр өгчих гэсэн зүйлүүдийг өгөхгүй гэсэн биз дээ гээд Т- болон хамт явж байсан залуугийн хамтаар гараараа болон гэрт байсан ширээ, хувин нараар тэр хоёр зодчихоод цагдаад хэлбэл ална гэж ахин Т- нь намайг зодох гээд дайраад байхаар нь Бөөлөө нь болиулаад Т-ийг аваад явсан. Эхлээд намайг хүргэж өгөөд гэр рүү орох гээд гадна байхад Бөөлөө нь миний нүүрний зүүн талын хэсэгт гараараа 5 удаа цохиод дараа нь гэрт ороход Т- нь гараараа нүүр хэсэгт хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Бас над руу хувин болон ширээ авч шидэж нүүр хэсэгт оносон. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-н 06-р хуудас/,

Гэрч Н.Н-ын өгсөн: “Би 2023 оны 08 дугаар сарын 19 шөнө хамаатны ах болох Т- хамтаар өөрийн гэртээ байж байгаад шөнийн 01 цагийн орчимд Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг Чонжинболдогийн хойно байрлах Батням ахын гэрт очиж хоноод өглөө нь тэндээс ажилдаа явна гэж бодож гэрт нь очих үед Т- ахын аав болох Батням Улаакаа ах, ******* нар уусан согтуу байдалтай байсан. Улаакаа ах болох Т-гийн аав болох Батням ах нар хоорондоо хэрэлдэж маргаад байсан. Би болон Т- ах бид хоёр Улаакаа ахыг ******* хамтаар Машинд суулгаж гэрт нь хүргэж өгөх гэж явсан. Машин дотор *******, Т- ах бид хоёрыг та 2 мангар бацаан яадаг болсон юм бэ гээд хэл амаараа доромжлоод байсан. Удалгүй ******* гэрийн гадна ирж машин буулгах үед ******* намайг гараараа нэг удаа алгадсан Тэр үед Т- ах намайг өмөөр ч ******* нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Би тэр үед нь ******* нүүр хэсэгт нь 5-6 удаа гараараа алгадсан. Тэр үед ******* над руу дайраад байхаар нь би машин дотор ороод суусан. Машины гадаа *******, Т- ах нар үлдсэн. Тэр хоёр хоорондоо маргаад байсан. Удалгүй машин дотор байсан Улаакаа ах бөөлжих гээд байхаар нь би машин дотроос Улаакаа ахыг буулгаж гадаа бөөлжүүлсэн юм. Тэр үед ******* газарт унасан байдалтай Т- ах нүүр хэсэг рүү нь 1 удаа өшиглөж байсан. Би Улаакаа ахыг машин дотор буцааж оруулж суулгасан. Тэр үед Т- ах машин дотор жолооны ардаа сууж машинаа барин явсан. Тэгээд бид хоёр Улаакаа ахыг гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 13-14-р хуудас/,

Шүүгдэгч Б.Т-гийн өгсөн: “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 40-р хуудас/,

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 526 дугаартай шинжээчийн: “1.Б.*******гийн биед нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь шинжээч эмч үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 17-18-р хуудас/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

                                                                                                    

            Иймд шүүгдэгч Б.Т-г гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Т-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

            Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

           

            Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

            5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ