| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/02779/и |
| Дугаар | 183/ШШ2019/02493 |
| Огноо | 2019-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2019/02493
| 2019 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2019/02493 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.257.333 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар Нийслэлийн *******ны нутагт байрлах аммиак хөргүүртэй зоорийн барилга, тоног төхөөрөмжийг худалдан авч өмчийн харилцааны газраас хүлээж авахад түрээсээр эзэмшиж байсан М ХХК нь ашигласан цахилгааны төлбөр болох 2.838.222 төгрөгийг төлөөгүй байсан юм. М ХХК-ийн захирал******* нь уг төлбөрийн үнийн дүнгээр манай компанитай зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлж хүү, алдангийн хамт эргүүлж төлөхөөр тохиролцож, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2.838.222 төгрөгийн зээлийг 0 хувийн хүүтэйгээр, 4 сарын хугацаатай, төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээж NR/07/236 тоот зээлийн гэрээг байгуулсан болно. Иймд хариуцагч М ХХК-иас зээлийн гэрээний төлбөрт 2.838.222 төгрөг, гэрээний 2.3-д төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасны дагуу 1.419.111 төгрөгийн алданги, нийт 4.257.333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар манай компанийн түрээслэж байсан *******ны нутаг дэвсгэрт байрлах хөргүүртэй зоорийн барилгыг худалдаж авсан гэж тайлбарлаж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газраас биднийг дуудлага худалдаа явуулахаас сарын өмнө гар гээд гаргасан. Дуудлага худалдааны ялагч нь гэрээнд гарын үсэг зурсанаар өмч нь тухайн хүнд шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр манайх уг зоорийн барилгыг 2014 оны 03 дугаар сараас хойш ашиглаагүй учир түүнээс хойших хугацааны цахилгааны төлбөр болон алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ гэдэг бол бэлнээр мөнгө шилжүүлж өгч авсан байх ёстой. Гэтэл бэлнээр мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй.******* захирал ноцтой төөрөгдөлд ороод зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад явсан байна лээ. Миний төлбөрийг өгчих юм байна гэж бодоод цахилгааны төлбөрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.257.3333 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2.838.222 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна. /хх-6-7/
Хариуцагч М ХХК нь зээлийн гэрээний дагуу 2.838.222 төгрөгийг аваагүй гэсэн тайлбар үндэслэлтэй хэдий ч тэрээр *******нд байрлах Багахангайн 700 тоннын аммиакан хөргүүрийн байрыг түрээслэж байх хугацаанд үүссэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл нийт 2.838.222 төгрөгийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцож, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар өмнөх цахилгааны төлбөрийн үлдэгдэл 2.838.222 төгрөгийг төлж барагдуулах үүрэг дуусгавар болсон байна.
Харин солигдсон зээлийн гэрээний үүрэг 2.838.222 төгрөгийг хариуцагч М ХХК нь 4 сарын хугацаанд, хүүгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзэж, зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.
2014 12 угаар 12- сан тул нэхэмжлэгч Н ХХК зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч нь үүргээ биелүүлээгүй 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны алданги төлөх үүрэгтэй байна.
Гэвч зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тооцсон алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг багасгаж 1.419.111 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас зээлийн төлбөр 2.838.222 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс тооцсон алданги 1.419.111 төгрөг, нийт 4.257.333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түрээсийн обьектыг 2014 оны 03 дугаар сараас хойш ашиглаагүй учир түүнээс хойших хугацааны цахилгааны төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээ байгуулчих юм бол Нийслэлийн өмчийн харилцааны газраас төлбөрөө гаргуулаад авчих юм байна гэж төөрөгдөөд зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа боловч *******нд байрлах Багахангайн 700 тоннын аммиакан хөргүүрийн байрыг түрээсээр ашиглаж байх хугацаанд цахилгааны төлбөрийн өр үүссэн болохыг хүлээн зөвшөөрч, уг өрийг нэхэмжлэгч Н ХХК-тай зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр төлүүлсэн, өр төлбөрийг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн, дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болон хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзалыг хүлээн авах боломжгүй юм. /хх-9-11/
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 83.068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 83.068 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 4.257.333 /дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 83.068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 83.068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР