| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/03658/и |
| Дугаар | 183/ШШ2019/00404 |
| Огноо | 2020-02-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2019/00404
| 2020 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2020/00404 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, байранд байрлах, Х УТҮГ /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах, МХХК /РД: /-д холбогдох,
Гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХУТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х/Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/ нь монгол улсад аж ахуйн нэгж, иргэд харилцаа холбооны зах зээл дүр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргаж Харилцаа холбооны тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг байгууллага юм. МХХК нь албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл эзэмших талаар хүсэлт гаргасныг Ххүлээн авч танилцаад 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 820 /В/ СН 78 тоот Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулан Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Гэрээний дагуу МХХК нь Улаанбаатар хот кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл төлбөрт 2 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
ХТБАГУТҮГ-аас кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ төлбөрт 2 500 000 төгрөгийг Мишээл резиденс ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Мишээл резиденс ХХК нь Нийслэл медиа ХХК оноосон нэртэй байсан ба 2013 онд иргэн Э.А уг компанийн хувьцааг Л.Г худалдан авсан. Хувьцааг худалдан авч байхад Л.Ганзориг нь нэхэмжлэлд хавсаргасан гэрээний талаар Э.А мэдэгдээгүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд ХТБАГУТҮГ-аас гэрээний төлбөрийн талаар нэхэмжилж байгаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХУлсын төсөвт үйлдвэрийн газар нь хариуцагч МХХК-д холбогдуулан тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ”...2012 оны 05 сарын 10-ны өдрийн 820/В/СН78 тоот гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрт 2 500 000 төгрөг гаргуулна.” гэж тайлбарлаж байна.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэл медиа ХХК-ийн хооронд байгуулагдсан 820/В/СН78 тоот гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээг талууд 2012 оны 05 сарын 10-ны өдрөөс нэг жилийн хугацаатай байгуулсан байна. Гэрээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалттай үйлчилгээний хөлс гэх хэсэгт “...тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний нэг жилийн хөлс болох 1 500 000 төгрөгийг тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарснаас хойш 1 сарын дотор Зохицуулах хороонд төлнө...” гэж заажээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх гэрээний үндсэн дээр 5581273 регистрийн дугаартай Нийслэл медиа ХХК-д 2012 оны 05 сарын 10-ны өдрөөс 2013 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 820/В/СН78 дугаар тусгай зөвшөөрөл “В” ангилалын гэрчилгээг олгосон байна.
Нийслэл медиа ХХК нь оноосон нэрээ МХХК болгон өөрчилсөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Тусгай зөвшөөрлийн гэрээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ХУлсын төсөвт үйлдвэрийн газрын хариуцагч МХХК-д холбогдуулан гаргасан тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХУлсын төсөвт үйлдвэрийн газрын хариуцагч МХХК-д холбогдуулан гаргасан тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөр 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХУлсын төсөвт үйлдвэрийн газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ