Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1088

 

Магадлал

2018.05.09                                                     Дугаар 1088,86                                Улаанбаатар 

 

Б.Үийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00733 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Үийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалин гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ОХХК-д ковшийн операторын албан тушаалд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаатайгаар нэг жилийн хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн гэрээндээ сарын үндсэн цалингаа 1 200 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд ажил олгогчоос ажиллуулж байх хугацаанд хөдөлмөрийн тухай хуульд заасныг ноцтой зөрчиж, миний нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлдөггүй байсан. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэхээр удаа дараа шаардахаар төлөхгүй, чи өөрөө хувиараа төл гээд дарамталж, хувь хүний орлогын албан татвар 10 хувийг суутгаж байна гээд цалин 1 080 000 төгрөг олгодог байсан. Мөн ажиллах хүнгүй гэж намайг ажлын байранд экскваторчинаар хүртэл амралтгүй ажиллуулдаг байсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр кемп менежер н.Э намайг ажлаа хийж байхад дуудаад ажиллахаа боль гээд, ажиллуулаагүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халсан тушаалын канондсан хуулбарыг надад өгсөн. Ямар үндэслэлээр намайг ажлаас халж байгаа юм гэхээр ямар нэгэн тодорхой үндэслэл хэлэхгүй мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байсан. Ажлаас халсан тушаалын эх хувийг авъя гээд нэхэхээр өгөхгүй, байгууллага дээр эх хувь нь үлддэг гээд өгөөгүй. Мөн манай компаний Ерөнхий захирал Солонгос хүн байдаг бөгөөд, анх бид хоёртой хөдөлмөрийн гэрээ байгуулахад ажил олгогчийг төлөөлөн Т.Б байгуулсан бөгөөд ажлаас халсан тушаалыг гаргахдаа манай байгууллагад огт ажилладаггүй, Т.Билгүүнгэрэл гэсэн хүний нэр дээр ажлаас халсан тушаал гаргасан байсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа, Б.Ү нь 2017 оны 10 дугаар сарын цалин хөлс 624 000 төгрөг аваагүй, цалин хөлс нь 1 200 000 төгрөг бөгөөд сард 25 удаа гарч ажилладаг, 5 хоног амардаг байсан. Үүнээс тооцоход нэг хоногийн цалин 48 000 төгрөг. Иймд 2017 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл буюу халагдах хүртэл хугацаанд ажилласан 13 хоногийн цалин гаргуулна.

Иймд Б.Үийг ажилд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага гаргаж байна. Б.Ү нь О ХХК-нд ковш машины оператор ажилтай байсан. Нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр уурхайн талбайд шөнийн нэгдүгээр ээлжинд дугуйт ачигчаар талбайн ул цэвэрлэх ажил гүйцэтгэж байхдаа “Б ө” ХХК-ийн өмчлөлийн “Howo” маркийн автомашины тэвшийг мөргөж, дугуйт ачигчид өмчийн эвдрэл учруулсан бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй. Түүнчлэн удирдах албан тушаалтны тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, эсэргүүцлээ илэрхийлэхдээ дугуйт ачигчаар хурд хэтрүүлэн давхиж, ажилчдын автобус болон мастеруудын албан хэрэгцээний “Ланд круйзер” автомашины голоор хүчтэй гарч, уурхайн питийн ирмэг дээр огцом зогсож, өөрийн амь нас, бусдын эрүүл мэнд, өмч хөрөнгөд хохирол учруулах нөхцөл бүрдүүлсэн, мөн өөрийн эхнэр н.Х хамт ажиллагсадтайгаа хардаж, дугуйт ачигчаар дайрч ална гэх зэргээр сүрдүүлэн, хэрүүл маргаан үүсгэдэг нь хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн зэрэг зөрчил гаргасан болно. Ажилтан Б.Үтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 9.2.8-т “эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ” байгуулсан ажилтан гэрээг зөрчин ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл гаргаж, хохирол учруулсан нь тогтоогдсон”, 9.2.15-т “удирдах ажилтны даалгавар шийдвэрийг /үндэслэлгүйгээр эсэргүүцэх, буруу биелүүлэх, бусдыг хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны дарамтад орох нөхцөлийг санаатайгаар бий болгосон”, 9.2.17-т “аюулгүй ажиллах дүрэм журмыг биелүүлээгүй ажлын нөхцөл байдал, түүнчлэн ажил олгогчийн болон түүний хамтран ажиллагчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг зогсоосон, тасалдуулсан, түүнд хор хохирол учруулсан”, 9.2.14-т заасан “Компаний дотоод журам баримтлаагүй” гэж бол ноцтой зөрчил гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна. Б.Ү нь Хөдөлмөрийн гэрээнд “ноцтой зөрчил” гэж тодорхойлсон сахилгын зөрчлийг гаргасан тул бид Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасны дагуу ажлаас халсан болно. Анх Б.Үтой 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Ажилд авах тухай” тушаал Ерөнхий захирал Т.Б нэрээр гарсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас халах тухай” тушаал Ерөнхий захирал Т.Б нэрээр гарсан байдаг. Т.Б нь эрх бүхий албан тушаалтан мөн юм. Иймд Б.Үийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ү О ХХК-д ковшийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч О ХХК-иас 5 680 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Үийн Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацаанд нөхөн бичилт хийхийг хариуцагч О ХХК-д даалгаж, Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч О ХХК-д холбогдуулж цалин 624 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ү нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 105 830 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нягтлан үзэхгүйгээр "Хөдөлмөрийн гэрээнд дээрх үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон зүйлгүй байна" гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь Б.Үтой байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-ний 9.2.8-т "эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ" байгуулсан ажилтан гэрээг зөрчин ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл гаргаж, хохирол учруулсан нь тогтоогдсон", 9.2.15-т "удирдах ажилтны даалгавар шийдвэрийг үндэслэлгүйгээр эсэргүүцэх, буруу биелүүлэх, бусдыг хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны дарамтад орох нөхцөлийг санаатайгаар бий болгосон", 9.2.17-т "аюулгүй ажиллах дүрэм журмыг биелүүлээгүй ажлын нөхцөл байдал. түүнчлэн ажил олгогчийн болон түүний хамтран ажиллагчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг зогсооосон, тасалдуулсан, түүнд хор хохирол учруулсан", 9.2.14-т заасан "Компаний дотоод журам баримтлаагүй" бол ноцтой зөрчил гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасныг нягталж үзээгүй байна. Шүүхэд уурхайн дэргэдэх тээврийн хэрэгслийн зогсоолын бүдүүвч зургийг гаргаж өгсөн. Уг зурагт уул уурхайн хүнд машин механизмууд хаана зогсох, хүн тээврийн тээврийн хэрэгсэл болон суудлын автомашинууд хаана зогсох талаар дэлгэрэнгүй зурагдсан байгаа. Эдгээр хоёр өөр төрлийн тээврийн хэрэгслүүд аюулгүй ажиллагааны үүднээс тус тусын өөр өөр зогсоолууд дээр байршуулан зогсдог болно. Угаасаа уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л газруудад энэ дүрэм журам мөрдөгддөг.

Түүнчлэн Б.Ү нь үзэгдэх орчин хязгаарлагдсан үед, эрх бүхий албан тушаалтнаас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам танилцуулахаас өмнө, дур мэдэн уул уурхайн хүнд машин механизм болох дугуйт ачигч жолоодон хүн тээврийн хэрэгслүүд зогсдог зогсоол руу өндөр хурдтай давхиж орж дотроо зорчигчидтой байсан ажилчдын автобус болон суудлын автомашины дундуур давхиж ослын аюултай нөхцөл байдал үүсгэсэн болохыг гэрч Б.Б, Э.Д нар гэрчилдэг. Зүй нь ослын аюултай байдал үүсгэсэн тохиолдолд Замын цагдаад мэдэгдэж баримтжуулах ёстой байх. Гэтэл Б.Ү дугуйт ачигчийг аюултай байдалд оруулж зогсоосны дараа хүмүүс сандарч орилж хашгирснаас болоод буцааж тухайн байрнаас нь хөдөлгөөд өөр газар аваачсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгөх боломжгүй болсон юм. Хариуцагч талаас Б.Үийн ноцтой зөрчлийн талаар Зүүн далангийн нүүрсний уурхайн инженер-техникийн удирдах ажилтнуудын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хурлын тэмдэглэлийг гаргаж өгсөн болно. Энэхүү бичмэл нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байтал шүүх нотлох баримтыг шинжлэн судалж зохих үнэлэлт дүгнэлтийг өгч чадаагүй байна. Б.Ү нь "Хөдөлмөрийн гэрээ"-ний 9.2.8, 9.2.15, 9.2.17-т заасан үндэслэлүүд болон "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.2.6-д заасан ноцтой зөрчлийг гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцласан болно. Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил гаргаж, бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөлд байдал үүсгэсэн ажилтанд хариуцлага тооцсон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна. Удирдах албан тушаалтны хууль ёсны шаардлага биелүүлдэггүй, дураараа техник хэрэгсэл унаж давхидаг, хөдөлмөр хамгаалалын журам зөрчдөг ажилтан уул уурхайн онцгой бүсэд ажиллуулж болохгүй гэж шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж бид үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч О ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч О ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн дотоод дүрэм журмыг үндэслэн нэхэмжлэгч Б.Үийг мөн өдрөөс эхлэн ковшийн операторын ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь уурхайн талбайд “Б ө” ХХК-ийн өмчлөлийн “Howo” маркийн автомашины тэвшийг мөргөж, дугуйт ачигчид өмчийн эвдрэл учруулсан эсэх, дугуйт ачигчаар ажилчдын автобус болон мастеруудын албан хэрэгцээний “Ланд круйзер” автомашины голоор гарсан нь тус байгууллагын хэмжээнд гарсан ажилтан, албан хаагч нарын үйл ажиллагаатай холбоотой зөрчил, дутагдлууд байгаа тул нэхэмжлэгч нь ямар эрсдэл бий болгосон мөн хууль бус гэм буруутай үйлдэл гаргасан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил гаргаж, бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөлд байдал үүсгэсэн гэж үзэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэрт хариуцагч байгууллага болох О ХХК-ийн нэрийг О гэж бичсэн нь буруу боловч энэхүү үг үсгийн алдааг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгохгүй бөгөөд хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын нэрийг шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрт зөв бичих талаар шүүх цаашид анхаарвал зохино.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00733 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 105 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                   

                                         ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР                                               

 

                                                                                        М.НАРАНЦЭЦЭГ