Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2026/0077

 

 

 

 

 

 

 

 

 

 

“СМ” ХХК,

 “Ах” ХХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч “СМ” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч “Ах” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Нэхэмжлэгч: “СМ” ХХК, “Ах” ХХК Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0077 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 159/2025/0055/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “СМ” ХХК, “Ах” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Ж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Ж сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн “СМ” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “СМ” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0077 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.4, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн 52.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2, 20.2.3 дахь заалтыг тус тус баримтлан “СМ” ХХК, “Ах” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Ж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “2025 оны 02 дугаар сарын 26-ны 03 дугаар шийдвэрийн “СМ” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “СМ” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. "СМ" ХХК нь Сэлэнгэ аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт Үр тарианы усалгаагүй тариалангийн 4 нэгж бүхий 804,55 га газрыг 60 жилийн хугацаатай, 2013 онд Төмс хүнсний ногооны 11 га, 2019 онд Үтрэмийн 0.8 га газрыг тус тус эзэмших болсон. Ж сумын Засаг дарга асан Ж.Отгондалай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг.

3.2. "Ах" ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд "СМ" ХХК-ийн 100-н хувийн хувьцаа эзэмшигч болно. Тариалангийн талбайд оруулсан бүхий л хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Тиймээс өөрсдийн хөрөнгө оруулалтыг хамгаалах, өмнө нь эзэмших эрхтэй байсан газраа газар ашиглах эрхээр буцаан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газарт гомдол гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаар Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор "Ах" ХХК-ийн газрын тусгай зөвшөөрлийг орон нутгаас хүчингүй болгосонтой холбоотой үүссэн гомдлыг судалж шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.А, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Л нарт даалгаж шийдвэрлэсэн.

Үүний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас чиглэл өгөгдсөн. Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/563 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаар “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, "Ах" ХХК-ийн гомдлыг шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/955 дугаар албан бичгээр үүрэг даалгавар өгсөн байдаг.

 Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/363 дугаар албан бичгээр Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.А-д хандан "Ах" ХХК-д Ж сумын нутаг дэвсгэрт тариалангийн газрыг ашиглуулах боломжтой гэх хариуг өгсөн байдаг.

3.3. Анхан шатны шүүх "Шүүхээс нэгтгэн эцэслэн дүгнэхэд, дээрх дурдсан хуулиудад зааснаар нь захиргааны байгууллагын хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах захиргааны байгууллагад эрх олгосон хуулийн зохицуулалт бөгөөд тухайн үйл баримтыг зохих албан тушаалтан, захиргааны байгууллагын /сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурал/ хэрэгжүүлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт зааснаар хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байна" гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэжээ.

 Монгол Улсын Засгийн газар нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д "газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах", Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т "хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх" гэж заасан эрхтэй.

 Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1.-д зааснаар сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу аж ахуй нэгж байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг дээд шатны засаг даргын хувьд шийдвэрлэх эрхтэй болно.

Аймгийн Засаг даргын шийдвэр чиглэмж гарсан байдаг. Харин Ж сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.1, 21.4.2, 21.4.3-т заасны дагуу аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн.

3.4. Гэтэл Сэлэнгэ аймгийн Ж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлаараа хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаар Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114/ШШ2024/0032 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэмж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/955 дугаар Үүрэг даалгавар өгөх тухай чиглэмжийг зөрчиж, хууль бусаар татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр болно.

 Мөн шүүхэд авагдсан Сэлэнгэ аймгийн Ж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл нь өөр өөрөөр бичигдсэн нөхөн хийсэн байхаар байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д зааснаар "тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах" эрхтэй.

3.5. Гэтэл Сумын Засаг даргын зүгээс өргөн мэдүүлсэн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа "СМ" ХХК, "Ах" ХХК-ийн хүсэлт гаргасан ашиглах газрыг тусгахаас ямар үндэслэлээр татгалзсан нь тодорхойгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална" гэж заагаад 4.2.1. "хуульд үндэслэх, 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 40 дугаар зүйлийн 40.2.3-д "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", 40.3-д "Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана" хэмээн заасан. Хуульд заасан шаардлага маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Ж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлд тусгагдаагүй. Тиймээс дээрх үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус актын шинжийг агуулж байгаа болно.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “СМ” ХХК, “Ах” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Ж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Ж сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн “СМ” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийн дагуу 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгахаас татгалзсан хэсэг хууль бус болохыг тогтоож, “СМ” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг хүлээн авч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах газрыг тусгаж шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

            2.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.5-д “"нутгийн өөрөө удирдах байгууллага" гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн” гэж заасан.

            Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”,  гэж заасан.

            2.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх эрх хэмжээтэй байх бөгөөд сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах эрх хэмжээг олгосон байна.

            2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “СМ” ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1217 дугаар албан бичгээр “... газар ашиглах эрхийг “Ах” ХХК-ны хөрөнгө оруулсан “СМ” ХХК-д олгохоор 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан ашиглах  эрхийг олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Ж сумын Засаг даргад гаргасан байх бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Ж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудалд оруулж, хүсэлтийг шийдвэрлэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр “... хүсэлтийг хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан болно” гэсэн хариуг нэхэмжлэгч нарт өгсөн байна.

2.4. Дээрхээс үзвэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5-д заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.5. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж заасан.

2.6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Сэлэнгэ аймгийн Ж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хуралдааны дэгийг баталсан байх бөгөөд тус дэгийн 8 дугаар зүйлийн 13-д “Хуралдаанд оруулсан асуудал олонхийн санал авч чадаагүй буюу дэмжигдээгүй тохиолдолд тухайн асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг хэсэгчлэн албажуулж асуудал оруулагчид албан бичгээр мэдэгдэнэ” гэж хуралдааны дэгээр нарийвчлан зохицуулсны дагуу  хуралдааны тэмдэглэлийг хэсэгчлэн албажуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр “... хүсэлтийг хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан болно” гэсэн хариуг хүргүүлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

2.7. Анхан шатны шүүхийн “...  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар тогтоолын дагуу хариуцагч тус сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Ж сумын иргэдийн Төлөөлөгчид хуралд санал, хүсэлтийг гаргасан уг үйл баримт тогтоогдож, шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзнэ ...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

2.8. Учир нь, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 32 дугаар тогтоолоор Жаргалант сумын Засаг дарга нь газар ашиглах хүсэлтийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын Газар зохион байгуулалтын төсөлд оруулж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

2.9. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.10. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ