| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/03200/и |
| Дугаар | 183/ШШ2019/00443 |
| Огноо | 2020-02-14 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2019/00443
| 2020 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2020/00443 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, оршин суух, Л. Х /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, хаягт оршин суух, Монгол овогт Д.Э /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Э-ийн С /РД:/ нарт холбогдох,
Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 17 152 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Х, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь кимчи үйлдвэрлэж 200, 300, 500 гр-аар савлаж, худалдан борлуулдаг Зуун жил хүнс ХХК-ийн захирал Э.С, тус компанийн ажилтан Д.Э нарт үйлдвэрийн түүний эд болох кимчиний байцаа, лууван тарвас, сармис зэрэг хүнсний ногоог тариалж үйлдвэрт нь хөрөнгө оруулж хамтран ажиллах талаар харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Гэрээнд А талыг төлөөлж Л.Х миний бие, харин Б талыг төлөөлж тус компанийн ажилтан Д.Э нь гэрээ байгуулж компанийн захирал Э.С гэрээнд тэмдэг дарж гарын үсгээ зурсан. Гэрээнд хамтарч ажиллах талаар нийтлэг үндэслэл, удирдлага хяналт, эд хөрөнгө, хариуцлага, бусад заалт, гэрээ хүчин төгөлдөр байх, талуудын хаяг гэсэн 7 зүйл, 18 заалт бүхий гэрээ байгуулсан. Миний бие гэрээний 3.1-д заасны дагуу хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал, олсон орлого, өр авлага, бусад зүйлс нь талуудын дараах өмчлөлд байна хэсгээр өмчлөх дундын өмчид дараах хувь хэмжээгээр А тал нь 40, Б тал нь 60 гэж хувь хэмжээг тодорхойлсны дагуу 1 жилийн үйл ажиллагааны зардалд ногдох 40 хувийн санхүүжилтэнд зориулж хөрөнгө оруулахаар тохиролцсон. Энэ гэрээг байгуулахаас өмнө миний танил Г.Болдбаатар нь надтай Д.Э гэдэг хүнийг танилцуулаад энэ хүн 20 жил хүнсний ногоо тариалсан туршлагатай тариаланч хүн байгаа юм. Энэ хүний хүү нь хүнсний үйлдвэртэй кимчи хийж борлуулдаг, үйл ажиллагаа нь тогтвортой байдаг гурвуулаа хамтарч хүнсний ногоо тариалъя тус бүрдээ 20, 20 сая төгрөг гаргаж хөрөнгө оруулж хамтрая гэсэн саналыг 2017 онд тавьсан. Би өөрийн хамаатан дүүгээсээ 20 сая төгрөг зээлж бэлэн болгосон. Хамтарч ногоо тариална гэсэн маань бүтээгүй, зөвхөн ногооны талбайг миний мөнгөөр түрээслээд ногоо ч тариагүй өнгөрсөн. Гэтэл Зуун жил хүнс ХХК-ийн ажилтан Д.Э нь надтай хамтарч ажиллая та хүнээс мөнгө зээлсэн юм чинь дэмий байлгаад яахав эргэлтэнд оруул хүү бид хоёрын үйлдвэрт хөрөнгө оруулж хамтран ажиллая, таны гэр бүлийн хүн тань хүнд өвчтэй байгаа тул та бидний хэлсэн мөнгийг л шилжүүлээд өгчих, тэгээд үйлдвэрлэлийн орлогын 40 хувийг танд өгнө гэж амласан. Миний эхнэр 2017 оны 03 дугаар сард харваж хагалгаанд орсноос хойш хэвтэрт хүний бүрэн асаргаанд орсон юм. Иймд миний бие тус компаний үйлдвэрлэл, үйл ажиллагаанд биечлэн оролцож чадахгүй болсон. Тэгээд тус компанийн 1 жилийн үйл ажиллагааны зардалд ногдох 40 хувийн санхүүжилтэнд зориулж хөрөнгө оруулахаар харилцан тохиролцож, 17 152 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хамтран ажиллах гэрээг байгуулснаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 02-ныг хүртэл надаас мөнгө авах зорилгоор ногоо тариалж байгаа ажилчдад цалин хөлс өгөх хэрэгтэй байна гэх мэтээр компаниас хийж байгаа үйл ажиллагааныхаа тухай ярьж надаас дээрхи мөнгийг шаардан авч байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сараас хойш дахин надаас мөнгө шаардсан би мөнгө байхгүй, байсан мөнгөө эхнэрийнхээ эм тарианы зардалд зориулж дууссан гэж хэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Зуун жил хүнс ХХК-ийн захирал Э.С, компанийн ажилтан Д.Энхтар нар нь үйлдвэрлэлийн байраа сольж, харилцах утаснуудаа өөрчлөн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүргийн гүйцэтгэлийг хангаж ажиллаагүй. Өөрөөр хэлбэл 7 дугаар зүйл, 18 заалт бүхий хамтран ажиллах гэрээний бүхий л заалт огт биелэгдээгүй. Гэрээний 2.2-т заасан хамтын ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлж буй тал хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний удирдлагыг хэрэгжүүлж буй тал хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг сар бүр тайлагнах үүрэгтэй гэсэн заалт оруулсан. Хэдийгээр 2.1-д А, Б хоёр тал төлөөлөх эрхээ дангаар хэрэгжүүлэх тухай заалт гэрээнд тусгагдсан боловч энэ гэрээг байгуулах үед Зуун жил хүнс ХХК-ийн ажилтан Д.Э нь таны гэр бүлийн хүн тань хүнд өвчтэй байгаа тул та бидний хэлсэн мөнгийг л шилжүүлээд өгчих, тэгээд үйлдвэрлэлийн орлогын 40 хувийг таньд өгнө гэж тохиролцсон, миний бие Д.Эийн хэлсэн үгэнд итгэж гэрээний ач холбогдлыг ч ухаж ойлгоогүй гарын үсэг зурсан. Мөн тус компанийн захирал Э.С нь манай үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, ашиг орлого нь тодорхой тус та санаа зовох шаардлагагүй, таны мөнгийг 2018 оны 02 дугаар сард 10 сая үлдсэн мөнгийг 2019 он гарангуут өгнө гэж надаас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уулзаж сүүлийн 2 сая төгрөгийг авахдаа амалж байсан. Мөн 2018 оны 8 дугаар сараас эхлэн гэрээний ашиг орлогоо сар бүр хувиарлана гэж бичиж өгч байсан ба Д.Э нь 2017 онд хүнсний ногоо тариалах талбайн түрээсэнд 5 500 000 төгрөгийг надаас авч 2018 оны 9 дүгээр сарын 23-нд тодотгол гэрээ гэгчийг нөхөн бичиж 2018 оны 12 дугаар сард дээрх авсан мөнгийг өгнө гэж хуурч мэхлэн өнөөдрийг хүргэсэн. Гэтэл миний тус компанитай хамтарч ажиллан хөрөнгө оруулалт болгож өгсөн мөнгөний зарцуулалтыг сар бүр тооцох нь битгий хэл бүтэн жил орчим хугацаанд гэрээ байгуулсан этгээдүүд сураг ажиггүй, хэл чимээгүй хаана байгаа нь тодорхой бус болсноос шалтгаалан миний бие иргэний хуулийн холбогдох заалтыг судалж үзэхэд надтай байгуулсан гэрээ гэх хэлцэл нь хуулийн шаардлага огт хангаагүй болохыг олж мэдсэн. Тухайлбал Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 467.3-т заасан хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана гээд 476.3.1-д гэрээний талуудын нэр хаягийг тусгах ёстой атал талуудын нэр, хаягийг бүрэн гүйцэд тусгаагүй 2 талын нэр, регистрийн дугаар хоёроос өөр зүйлгүй тусгаагүй гэрээний төгсгөлийн хуудсан дээр байх талуудын хаяг гэдэг хэсэгт А тал болох миний хаяг утсыг тавьсан атлаа Д.Э нь өөрийн нэр, оршин суух хаягаа огт тавиагүй харин Төв аймгийн Заамарт байх тариалангийн талбай болох Ар-Урт Тосон баг гэсэн тодорхой бус хаяг бичиж намайг учир мэдэхгүйг далимдуулан гарын үсэг зуруулж хуурч мэхэлж хэлцэл байгуулсан болно. Анхнаасаа намайг эцэг, хүү хоёр нийлж огт биелэгдэхгүй ажлыг дурьдан дүр үзүүлэн хэлцэл хийсэн болох нь гэрээний нэг ч заалт биелэгдээгүй байдлаас нэн тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэлт зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гэх зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн ба хэлцлийн үр дүнд ямар нэг эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх хүсэл зориггүй байсан гэж ойлгогдохоор байна. Мөн хуульд хэлцлийг бичгээр байгуулах, бичгээр байгуулсан хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээр заасан байхад бичгээр байгуулсан атал нотариатаар гэрчлүүлээгүй байгаа нь хуульд заасан хэлбэрийг зөрчсөн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу Зуун жил хүнс ХХК-ийн захирал Э.С, тус компанийн ажилтан Д.Э нартай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Энэ гэрээг байгуулахаас өмнө 2018 оны 02 дугаар сарын 23-ы өдөр тус кимчиний үйлдвэрлэл явуулахад шаардагдах нарийн ногооны үрийг Хятад улсаас бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулахад захиалагч талыг төлөөлж Л.Х миний бие Д.Э, Г.Юмжирдулам нарын хамт бэлтгэн нийлүүлэгч Долгорсүрэн гэдэг хүнтэй байгуулж тухайн өдрөө 2 747 400 төгрөгийг бэлнээр төлсөн ба гэрээний гүйцэтгэлээс шалтгаалж Долгорсүрэн нь надад 1 047 400 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 1 700 000 төгрөгийг Д.Э нь хариуцан буцаан төлөх болсон. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1 200 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 6 дугаар сарын 13-нд 400 000 төгрөгийг бэлнээр 2018 оны 6 дугаар сарын 18-нд 1 400 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 8 дугаар сарын 04-нд 1 000 000 төгрөгийг бэлнээр Д.Эд өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 06-нд 1 500 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-нд 1 400 000 төгрөгийг тус тус Э.Сын Хаан банкны 5753523937 тоот дансаар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөгийг Э.Сд бэлнээр, Д.Э нь 2018 оны 8 дугаар сарын 15-наас 20-ны дотор эргүүлж төлнө гэж 912 000 төгрөгийг бэлнээр авч хүүнд нь 140 000 төгрөг нэмж 1 052 000 төгрөг болгож өгнө гэж авсан. Төв аймгийн Батсүмбэрийн нутаг дэвсгэрт ногоо тариалах талбайг 2017 онд түрээслэхэд 5 500 000 төгрөгийг надаас авсан ба 2018 оны 9 дүгээр сарын 23-нд Д.Э нь энэ тухай тодотгон гэрээ нөхөн байгуулж 2018 оны 12 дугаар сард буцаан төлөхөөр болсон. Энэ тодотгол гэрээг байгуулах үед Г.Болдбаатар нь цуг байлцсан болно. Зуун жил хүнс ХХК-ийн захирал Э.Сд 3 удаагийн үйлдлээр 4 900 000 төгрөг, тус компанийн ажилтан Д.Эд 7 удаагийн үйлдлээр 12 252 000 төгрөг, нийт 17 152 000 төгрөг тус тус өгсөн тул Э.С, Д.Э нараас дээрх мөнгийг гаргуулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, өөрт хамааралтай шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Учир нь Л.Х, Болдбаатар ах хоёртой бид хамтран хүнсний ногоо тариалахаар ярилцаж ажиллагаа эхлүүлэх байсан боловч энэ хоёр хүний татгалзсан улмаас хамт ажиллахаа больсон. Харин Болдбаатар ах Л.Х нар хамтарч түрээсэлсэн 10 га талбайдаа манжин, ногоон тэжээлийн ургамал тариалсан юмаа. Болдбаатар ахын бие өвдсөн шалтгаанаар 2017 оны 7 дугаар сард тодотгол гэж бичиг үйлдэж надаар гарын үсэг зуруулсан. Учир нь тариалалт хийсэн 10 га газрыг намайг хариуцаж ургац хураалт болон борлуулалтыг хийж ажиллана уу гэсэн санал тавьсан юм. Гэхдээ энэ талбайг надад хариуцуулж өгөөгүй бөгөөд өөрсдөө бүх ургацаа хурааж борлуулалтаа хийж зохих орлогоо олж авсан. Надад огт хамааралгүй 5 600 000 төгрөг нэхэмжилсэн байна. Л.Х өөрөө намайг дуудан тусламж хүссэн. 2017 оны 6 дугаар Л.Хын гэрийн гадаа бид хоёр уулзаж ярилцаад кимчиний байцаа тариалж тариалсан түүхий эдээр кимчи үйлдвэрлэл борлуулж ажиллавал өр зээлээ дарахад нэмэртэй юм гэж зөвлөлдсөн. Ингээд 10 га газар өөрийн тариалалт хийх гэж байсан талбайд нэмж тариалалт хийхээр тохиролцоод, Л.Хаас газар хагалгаа, тариалалт ажилчдын цалин зэрэг нийт 5 400 000 төгрөг авч зарцуулсан. Талбайн үржих шим мөн хотой шавьжний нөлөө зэрэг эрсдэлийг дутуу тооцсоны улмаас ургац алдаж. Л.Х бид хоёр нийлээд 13 000 000 орчим төгрөгийн алдагдалд орсон. 8 сард уут захиалах мөнгөнд Л.Х 1 500 төгрөг гаргасан. Мөн уутаа авахад Л.Х 11 сарын 02-нд 2 000 000 төгрөг өгсөн. Үйлдвэрлэл явуулахад Л.Х ажиллах хүч борлуулалтын унаа зэрэг ажлыг хариуцаж ажиллахаар тохирсон боловч унаа гаргах, олох боломжгүй болсон гэдгээ хэлсэн. Миний зүгээс 1 амжиргаа нэртэй машин бэлдэж бэлэн болгоод мөн чанагч тогоо, вакум машин зэрэг тоног төхөөрөмж худалдан авч бэлэн болгосон. Л.Х нэг борлуулагч итгэлтэй хүн олж ажлаа явуулья гэсэн боловч хүнээ гаргаж чадаагүй. Улмаар цаг хугацаа өнгөрч бид хоёр төлөвлөж ярилцсан ажлаа хийж чадахгүй байх тусам хэн хэндээ итгэл алдаж эхэлсэн. Л.Хын эхнэр өвчтэй байсан болохоор би дотроо их санаа зовж байсан. Өнгөрсөн цагаан сарын дараа намайг эмнэлэгт хэвтсэн хойгуур над руу залгасан юм билээ. Утсаа аваагүй гэдэг шалтгаанаар надтай дахин холбоо барихаас татгалзаж, улмаар уулзахгүй чамтай ярих зүйл байхгүй, цагдаа, шүүхээр явна. Тэнд уулзана биз гэж мессеж бичиж байсан. Би олон удаа залгаж учирласан боловч ярих юм байхгүй гэж хатуурхан залилангийн хэрэг үүсгэх зорилгоор цагдаад хандсан, би очиж мэдүүлэг өгсөн. Энэ үеэс хоёрын харилцаа жирийн биш харилцаа болсон. Энэ мөнгийг би хувьдаа ашиглаж завшсан зүйл байхгүй бид хоёр хоёулаа алдагдалд орсон гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч Э.С, Д.Э нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 17 152 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зуун жил хүнс ХХК болон Л.Х нар 2018 оны 06 сарын 03-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт 0,4 га газарт кимчиний байцаа тариалах, кимчи үйлдвэрлэн борлуулах, хамтын ажиллагаанаас олсон ашгийн 40 хувийг А тал буюу Л.Х, 60 хувийг Б тал буюу Зуун жил хүнс ХХК авахаар тохиролцжээ. /хх8-10/
Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2018 оны 06 сарын 03-ны өдөр хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй тул тус гэрээний дагуу шилжүүлсэн 17 152 000 төгрөгийн хариуцагч нараас буцаан гаргуулна.” гэж тайлбарлаж байгаагаас дүгнэхэд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн хураамжийг буцаан шаардаж байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний оролцогч болох хуулийн этгээдээс нэхэмжлээгүй, иргэний хувьд хэлцлийг байгуулсан үндэслэлээр Э.С, Д.Э нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч С.С, Д.Э нар нь хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцвал зохих этгээдүүд биш юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч солих, хамтран хариуцагч оролцуулах зэрэг санал хүсэлт гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд Л.Хын хариуцагч Э.С, Д.Э нарт холбогдуулан 2018 оны 06 сарын 03-ны өдөр хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй гэх үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн 17 152 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээрх гэрээний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 910 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Хын Э.С, Д.Э нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 17 152 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ