Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч Ө.О,

хохирогч Ө.О, иргэний нэхэмжлэгч М.М, Д.Г нарын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

иргэний хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч Г.Тамир,

иргэний хариуцагч “Ч“ ХХК-ийн өмгөөлөгч Г.Батбаяр,

иргэний хариуцагч Ё.Ө-ын өмгөөлөгч Н.Энхжаргал,

иргэний хариуцагч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Отгонтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103002410322 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт С-ын Б, Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн   хамт *** тоот түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ***

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Замын булаг гэх газарт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б нь Ё.Ө-ын эзэмшлийн “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор ажилладаг байсан.

“Ч” ХХК нь “А” ХХК-тай 2023.06.07-ны өдөр II-40-АГ-21/44 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “А” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлын 1-р хэсгийн 37,282 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөл”-д “Ч” ХХК нь 10 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгслээр шороо тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Уг ажлыг хийж гүйцэтгэх 10 ширхэг машины нэг нь Ё.Ө-ын эзэмшлийн “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл байжээ.

Шүүгдэгч С.Б нь Ё.Ө-ын эзэмшлийн “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон “Ч” ХХК-ийн гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж байхдаа:

2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 12 цаг 18 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гармаас хойш 800 метр зайд Замын булаг гэх газарт байрлах эсрэг урсгалтай, 2 эгнээтэй, тусгаарлах зурвасгүй замд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд авто замын барилгын ажилд ашиглагдах шороог ачиж явахдаа “А” ХХК-аас гаргасан замын гарцаар гаралгүй хэтэрч, гүүрнээс 6,3 метрийн өмнө замаас гарах зорилгоор үргэлжилсэн цагаан шугамыг давж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж, тухайн цаг хугацаанд уг зам дээр ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд М.М-ийн жолоодон явж байсан “Nissan-Advan” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Уг зам тээврийн ослын улмаас “Nissan-Advan” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Б-ны амь нас хохирч, Ө.О-ын эрүүл мэнд хүнд хохирол, М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Г-ийн эзэмшлийн “Nissan-Advan” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,323,000 төгрөгийн хохирол, Ё.Ө-ын эзэмшлийн “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,185,000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:

- Зам тээврийн ослын талаарх дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 04 дэх тал),

- “...Осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 361-ийн гарам, замын булаг гэх газарт осол гарсан байв. Зорчих хэсгийн өргөн 8.5 м, асфальт, шулуун тэгш, хуурай, гүүр, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, эгнээний тоо 2, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байв. ...А цэг буюу ачаа автомашин болон суудлын авто машин анх мөргөлдсөн цэгийг зорчих хэсэг дээр үүссэн дугуйн мөр, эвдрэл гэмтлийн хагархай зэргийг үндэслэн зорчих хэсэг дээр байрлуулав...” гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 5- 16 дахь тал),

- “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Nissan-Advan” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар (1-р хавтаст хэргийн 25, 28 дахь тал),

- хохирогч Ө.О-ын “...Би 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн ажилладаг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байдаг үйлдвэрийн байрнаас ээлжээс буугаад хамт ажилладаг Б, М нарын хамт Улаанбаатар хот руу явсан. ...Замаараа шатахуун авахаар Борнуур сум орж, шатахуунаа аваад хөдөлсөн. Нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 42-43 дахь тал),

- иргэний нэхэмжлэгч М.М-ийн “...Би 2021.09.08-ны өдөр өөрийн ажиллагдаг Т  ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумд байрлах үйлдвэрийн байрнаас ээлжийн буултаас буугаад хамт ажиллагдаг Б, О  нарын хамт Улаанбаатар хот руу явсан. Би өөрийн хадам аав Г-ийн эзэмшлийн “Nissan-Advan” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Б урд зорчигчийн суудал дээр, арын суудал дээр О суугаа өглөө 08-09 цагийн үед хөдөлсөн. ...361-ийн гарам дөхөөд ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй замаар явж байтал эсрэг урсгалд том ачааны машин зүүн дохио өгөхгүй гэнэт урдуур дараад ороод ирэхээр нь би жолооны хүрдээ баруун гар тал руугаа хальт дараад тэр машинтай мөргөлдөөд замын хажуу руу шидэгдсэн. ...Би 60-70 орчим км\цагийн хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал),

- иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...“Nissan-Advan” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. Манай хүргэн Н.М Сэлэнгэ аймаг Баянгол суман байх үйлдвэрт ажилладаг бөгөөд ажилдаа явж чадахгүй, замын унаа одохгүй учир би өөрийн машинаа өгч явуулсан. ...Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 52 дахь тал),

- иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ё.Ө-ын “...Уг “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. Би С.Б-тай өмнө нь нэг доор ажиллаж байхдаа танилцсан. 2019 онд машинаа ажил явуулахаар болоод С.Б-тай  ярилцаад миний машиныг жолоодож ажил хийгээд надаас сард 1,500,000 төгрөг авахаар тохиролцсон. Уг ажил хэвийн явагдаж байгаад 2021 оны 06 дугаар сараас жолоочид өгөх цалинг 2,000,000 төгрөг болгосон. Би өөрийн нагац ах Т-тай  энэ оны 6 дугаар сард утсаар ярихад манай ах дарханы зам дээр ажиллаж байгаа “А” ХХК-тай өөрийн охины “Ч” ХХК-ийн нэр дээр гэрээ хийгээд машинууд явуулж байгаа гэхээр нь би өөрийн машиныг явуулахаар болоод 6 дугаар сарын 7-ны өдрөөс миний машиныг Б  жолоодоод уг зам дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа юм. ...Би С.Б-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Би “Ч” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Т ахтай ярилцаж байгаад машинаа ажиллуулахаар болсон. “А” ХХК-тай гэрээ хийгээгүй. Би иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учирсан хохирлыг баримтын хүрээнд өөрт ногдох  хэсгийг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 56-57, 60 дахь тал),

- гэрч Г.Т-ын “...“Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний зээ дүү Ө-ын эзэмшлийнх. ...Би хово маркийн 10 машин цуглуулаад Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын засварын ажилд энэ оны 4 дүгээр сараас хятад компанитай гэрээ байгуулж 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилласан. Гэрээ дуусаад уг зам дээр ажиллаж байсан “А” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 6 дугаар сарын 7-ны өдрөөс тухайн 10 машинаа ажиллуулж эхэлсэн. “Ч” ХХК нь миний охин Г-ийнх. Хувь хүнтэй гэрээ байгуулахгүй аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ хийнэ гэхээр нь би охин Г-д  хэлээд манай охин өөрийн компанийн нэр дээр “А” ХХК-тай гэрээ байгуулж ажил эхэлсэн. ...”Ч” ХХК нь С.Б-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, ер нь бол жолооч нартай гэрээ хийдэггүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64-65 дахь тал),

- гэрч М.А-ийн  “...Тухайн осол болдог өдөр талбайн инженер Ө  над руу залгаад ПК-17 гүүрэн дээр осол гарсан гэж хэлсэн. ...Хэрэг болсон газар руу явж байхдаа ахлах Э руу залгаад эмчийг дагуулаад ир гэж хэлсэн. Хэргийн газарт очиход манай компанид туслан гүйцэтгэх гэрээгээр ажилладаг “Ч” ХХК-ийн С.Б жолоочтой “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн эргэж зам засаж байсан тайлбар руу орох гэж байхдаа чигээрээ явж байсан “Nissan-Advan” маркийн машинтай мөргөлдөөд жижиг машинд явж байсан хүмүүс бэртэж гэмтсэн байдалтай харагдаж байсан. Би жолооч С.Б-ыг ажлын драгер багажаар шалгахад эрүүл байсан. Ослын газрыг хамгаалж тууз татаж хөдөлгөөний зохицуулалт хийж цагдаагийн байгууллагыг хүлээсэн. ...Анхан шатны зааварчилгааг би өөрийн биеэр өгч байсан. Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн өдөр манай ажилтан талбайн инженер Ө  өгч гарын үсэг зуруулсан байдаг. ...Би өөрөө С.Б-д замын хөдөлгөөнийд дүрмийн талаар зааварчилгаа өгч, шалгалт авч тест бөглүүлж баримтжуулж авч үлдсэн. ...Би С.Б-аас осол болсны дараа “та яагаад гаргаад өгсөн гарцаар талбай руу ороогүй юм бэ” гэж асуухад “гарцаа харалгүй өнгөрөөд цаашаа яваад өгсүүр газар руу явж байгаад ачаатай машинд төвөг учрахаар  байсан учир гүүрний наан ойрхон гарц харагдахаар нь орсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 68-69 дэх тал),

- гэрч С.Ө-ы “...Манай дохиочин Э над руу утсаар яриад гүүрэн дээр осол гарсан байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. ...Ч ХХК-ийн С.Б жолоочтой хово маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн эргэж засаж байсан талбай руу орох гэж байхдаа чигээрээ явж байсан ниссан адван маркийн машинтай мөргөлдөөд суудлын машинд явж байсан хүмүүс нь бэртэж гэмтсэн харагдаж байсан. ...Би өөрийн биеэр өдөр тутам аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан. Осол болсон газрын наана байсан гарц зөвшөөрөгдсөн гарц биш. Осол болсон газрын зүүн талд зөвшөөрөгдсөн гарц дээр дохиочин Э зогсож байхад жолооч өнгөрөөд явсан гэж хэлдэг...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73-74 дэх тал),

- талийгаач О.Б-ны цогцост хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1860 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 91-96 дахь тал),

-  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 8676 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. М-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун чамархайд шарх, зулгаралт, дух, зүүн хөмсөгт зулгарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн (1-р хавтаст хэргийн 106-107 дахь тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8571 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ө.О-ын биед зүүн 1, 2, 3, 4-р хавирганы хугарал, уушгины няцрал, уналт, цээжний зүүн хөндийн цусан хураа, арьсан доорх хий хуралдалт, зүүн сүүжний дэлбээний хугарал, тархины эдийн няцрал, зулай, зүүн чихэнд шарх, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдоо. 2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэсэн (1-р хавтаст хэргийн 113-114 дэх тал),

- “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1,185,000 төгрөгийн хохирол учирсан” тухай АБ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1849 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 120-121 дэх тал),

- “хохирогч Ө.О-ын Самсунг А10 маркийн гар утасны хохирлыг 220,000 төгрөгөөр тогтоосон” тухай АБ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-621/1930 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 120-121 дэх тал),

- “Nissan-Advan” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 5,323,000 төгрөгийн хохирол учирсан” тухай АБ ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1540 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 170-176 дахь тал),

- Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 250 дугаартай магадалгаанд “...1. “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1.1. хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ, 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Мөн дүрмийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 2. “Nissan-Advan” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэсэн (1-р хавтаст хэргийн 182-183 дахь тал),

- “Ч” ХХК, “А” ХХК нарын хооронд байгуулсан 2023.06.07-ны өдрийн II-40-АГ-21/44 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ” (1-р хавтаст хэргийн 212-213 дахь тал),

- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр (1-р хавтаст хэргийн 227-230 дахь тал),

- Шүүгдэгч С.Б-ын яллагдагчаар өгсөн “...Компаниас зөвшөөрөгдсөн гарц биш байсан. Би тэр замаар явахдаа энд гарц нээсэн байна гэж бодоод тухайн гарц руу эргэж орсон. Уг гарц руу өмнө орж байсан...” (1-р хавтаст хэргийн 242-243 дахь тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3528 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт 1. Шинжилж буй “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг биелүүлээгүй байх үндэслэлтэй. “Т ” “А”, “Ч” ХХК-ийн аль аль нь Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт биелүүлээгүйг автотехникийн шинжээч тогтоох боломжгүй. 2 Шинжилж буй “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг биелүүлээгүйгээс осол гарах шалтгаан үүссэн байх үндэслэлтэй...” гэсэн (4-р хавтаст хэргийн 155-160 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо харилцан хамааралтай, энэ хэрэгт ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

1.2. Хууль зүйн дүгнэлт

Гэмт хэргийн улмаас “Nissan-Advan” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Б-ны амь нас хохирч, Ө.О-ын эрүүл мэнд хүнд хохирол, М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Г-ийн эзэмшлийн “Nissan-Advan” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,323,000 төгрөгийн хохирол, Ё.Ө-ын эзэмшлийн “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,185,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндэс шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн “10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж заасныг, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэж, 1.4 дүгээр зүйлд “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”  гэж тус тус заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 1.2.11 дэх заалтад “давуу эрх” гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг, 1.2.16 дахь заалтад  “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг” ойлгоно гэж тус тус заасан ба зам тээврийн осол гарах үед тухайн зам дээр хойноос урагш чиглэлд чигээрээ явж байсан “Nissan-Advan” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.М нь давуу эрхтэй, зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн шүүгдэгч С.Б нь зам тавьж өгөх үүрэгтэй байжээ.

Гэтэл шүүгдэгч С.Б нь өөдөөс нь ирж байгаа тээврийн хэрэгслийг харсан атлаа зам тавьж өгөх үүргээ биелүүлэлгүй “амжиж эргэж чадна” гэж хөнгөмсгөөр найдаж, тээврийн хэрэгслээр давахыг хориглосон үргэлжилсэн цагаан шугамыг давж зүүн гар тийш эргэх үйлдэл хийсний улмаас зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Шүүгдэгч С.Б-ын дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, уг ослын улмаас “Nissan-Advan” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Б-ны амь нас хохирч, Ө.О-ын эрүүл мэнд хүнд хохирол, М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Г-ийн эзэмшлийн “Nissan-Advan” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,323,000 төгрөгийн хохирол, Ё.Ө-ын эзэмшлийн “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,185,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн хувьд маргахгүй гэсэн боловч нэр бүхий иргэний хариуцагч нар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Мөн иргэний хариуцагч “А” ХХК нь “Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлын 1-р хэсгийн 37,282 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төслийг хэрэгжүүлж байсан болохоос тухайн зам тээврийн осол гарсан зам дээр ямар нэгэн зам, замын байгууламжийг барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б нь шинээр баригдаж байгаа замын барилгын ажилд шаардагдах шороог зөөж тээвэрлэх зорилгоор тухайн замаар зорчиж явсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “...замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг ойлгоно...” зааснаар замын хөдөлгөөн байх тул Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах үүрэгтэй юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан Г.Т-ын гэрчээр болон иргэний хариуцагчаар өгсөн “...А ХХК-аас анх ХАБ-ын ажилтан А хичээл зааж шалгалт аваад гарын үсэг зуруулсан. ...түүнээс хойш А өдөр бүр зааварчилгаа өгөөд явж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 65 дахь тал, 3-р хавтаст хэргийн 101 дэх тал), гэрч М.А-ийн  “...Би өөрөө С.Б-д замын хөдөлгөөний дүрмийн талаар зааварчилгаа өгч, анх шалгалт авч тест бөглүүлж баримтжуулж авч үлдсэн. ...Би Б-аас осол болсны дараа “та яагаад гаргаад өгсөн гарцны дагуу талбай руу ороогүй юм бэ” гэж асуухад “гарцаа харалгүй өнгөрөөд цаашаа яваад өгсүүр газар руу явж байгаад ачаатай төвөг учрахаар байсан тул гүүрний наана ойрхон гарц харагдахаар нь орсон” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн  69 дэх тал), гэрч С.Ө-ийн “...би өөрийн биеэр өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн  73 дахь тал), шүүгдэгч С.Б гэрчээр өгсөн “...асуулт: та ажил гарахдаа ямар нэгэн зааварчилгаа дээр гарын үсэг зурсан уу? Хариулт: өнөөдөр өгсөн танилцаж зурсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн  80 дахь тал), шүүгдэгч С.Б-д өдөр тутмын зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зурж байсан талаарх “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр”-ын хуулбар  (1-р хавтаст хэргийн 227-230 дахь тал),  шүүгдэгч С.Б-ын яллагдагчаар өгсөн “...Компаниас зөвшөөрөгдсөн гарц биш байсан. Би тэр замаар явахдаа энд гарц нээсэн байна гэж бодоод тухайн гарц руу эргэж орсон. Уг гарц руу өмнө орж байсан...” (1-р хавтаст хэргийн 242-243 дахь тал), хөдөлгөөний аюулгүй байдлын схем зураг (5-р хавтаст хэргийн  дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б-д өдөр тутмын зааварчилгаа өгч байсан, тэрээр “А” ХХК-аас гаргасан замын орц, гарцаар гараагүй, зөвшөөрөгдсөн орц, гарцаас өөр замаар зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Тээврийн прокурорын газраас хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн, зам тээврийн осол нь зам дээр замын хөдөлгөөний явцад гарсан, шүүгдэгч С.Б нь зөвшөөрөгдөөгүй замын гарцаар гарахаар зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх тул хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчигдсөн эсэх талаар шинжээч томилох үндэслэлгүй, өөр төрлийн гэмт хэрэг шинжийг давхардуулан шалгах шаардлагагүй байна.

Зам тээврийн осол гарах үед М.М-ийн жолоодож явсан “Nissan-Advan” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл 64,3 км/цагийн хурдтай явж байсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.09.27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн мөрдөгчийн 2021.10.19-ний өдрийн 250 дугаартай магадалгаанд М.М-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй гэжээ.

Тээврийн прокурорын газраас М.М-ийг үйлдлийг гэмт хэрэг гарахад нөлөөлөөгүй, түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авсан (2-р хавтаст хэргийн 12 дахь тал) гэх дүгнэлтийг танилцуулсан ба энэ талаар оролцогч нь ямар нэгэн эсэргүүцлийн санал гаргаагүй болно.

Дээр дурдсанчлан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба зам тээврийн осол, гэмт хэрэг гарах үед М.М нь замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцож байсан, шүүгдэгч С.Б-ын болгоомжгүй үйлдэл нь зам тээврийн осол, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн шалтгаант холбоотой байх тул улсын яллагчийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

1.3 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэр бүхий хохирогч нарын хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Амь хохирогч О.Б-ны хууль ёсны төлөөлөгч Ж.Э-ы нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хууль ёсны төлөөлөгч Ж.Э-аас өмгөөлөгчийн хөлс, оршуулгын ажилтай холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин, талийгаачийн 36 сарын цалингийн тэтгэмж, насанд хүрээгүй хүүхэд Б.А-ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, түүний сургалтын төлбөр, сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал зэрэгт нийт 300,526,817 төгрөгийг гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч нараас нэхэмжилсэн.

2-р хавтаст хэргийн 46 дахь талаас 3-р хавтас хэргийн 47, 230-232 дахь талд талийгаач О.Б-ны оршуулгын ажилд зарцуулсан гэх хохирлыг баримтыг хавсаргасан байна.

Дээрх баримтуудыг шүүхээс нэг бүрчлэн шалгаж үзэхэд юунд зарцуулсан нь тодорхойгүй, оршуулгын зардалд хамааралгүй гоо сайхны бараа, архи, пиво, тамхи, өдөр тутмын хоол унд /кофе, түргэн хоол, бэлэн хоол, рестораны хоол гэх мэт/, тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ, шуудан илгээмж, үүрэн телефоны төлбөр, ДДИШ, Юнивишн телевизийн төлбөр, ариун цэврийн хэрэгсэл, электрон бараа, хувцас бусад төрлийн бараа, гэмт хэрэг гарахаас өмнө авсан эд зүйл, цаг хугацааны хувьд хэрэгт хамааралгүй хүнс, шатахууны төлбөр зэрэг баримтууд авагдсан байна.

Иймд нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй 30,694,448 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангасан 29,248,470 төгрөгийг оршуулгын зардалд тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв. Мөн хууль ёсны төлөөлөгч Ж.Э нь оршуулгын ажилтай холбоотойгоор ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй үеийн цалин болох 1,889,079 төгрөгийг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үйлчилгээ нь талуудын тэгш эрхийн үндэс дээр үүссэн гэрээний эрх зүйн харилцаа байхаас гадна Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д заасан үндэслэлд хамаарахгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин талийгаачийн 36 сарын цалингийн тэтгэмж, насанд хүрээгүй хүүхэд Б.А-ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, түүний сургалтын төлбөр, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Учир нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тэжээгчээ алдсаны төлбөрт өмнө нь 350,000 төгрөгийн тэтгэмж авч байсан, одоо 500,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа гэх боловч хэдэн сарын хугацаанд 350,000 төгрөгөөр, хэдэн сарын хугацаанд 500,000 төгрөгөөр тэтгэмж авсан талаар баримт байхгүй. Талийгаач О.Б-ны дундаж цалин хөлсийг тооцоолоход шаардагдах цалингийн карт хэрэгт авагдаагүй, түүнийг нас барахаас өмнөх гэр бүлийн гишүүдийн тоо, түүний асрамжид байсан төлбөр авах эрхтэй, эрхгүй этгээдүүд нь хэн хэн байсан нь тодорхойгүй, гэр бүлийн гишүүдээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-д сэтгэл санааны хохирлыг төлбөрийг нэхэмжлэх эрхийг шилжүүлсэн эсэх баримтгүй, насанд хүрээгүй хүүхэд болох Б.А-ын сургалтын төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг мөн эсэх талаар баримтгүй байх тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан журмаар гэм хорын хохирлыг тооцох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхисон болно.

Шүүгдэгч С.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-д 5,000,000 төгрөгийн хохирлын төлбөр шилжүүлсэн талаар оролцогч нар мэдүүлж байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт (29,248,470+1,889,079-5,000,000)=26,137,549 төгрөгийг олгож шийдвэрлэлээ.

Хохирогч Ө.О-ын хохирлын тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.О-ын биед хүнд хохирол учирсан ба тэрээр эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилсэн.

3-р хавтаст хэргийн 247 дахь талаас 4-р хавтаст хэргийн 12 дахь талд хохирогч Ө.О-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинээр хохирлын баримтууд гаргаж өгсөн.

Дээрх баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай хамааралтай, эвдэрсэн гар утасны төлбөр зэрэг нийт 9,853,386 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай хамааралгүй тамхи, өдөр тутмын хоол унд, утасны төлбөр, давхардсан баримт, цаг хугацааны хувьд хамааралгүй шатахууны зардал зэрэг нийт 3,261,426 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хавтаст хэргийн материалд хохирогч Ө.О-ын дундаж цалинг тооцоолоход шаардагдах цалингийн карт авагдаагүй, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас сард хэдэн төгрөгийн тэтгэмж авсан нь тодорхойгүй, хэдэн сарын хугацаанд тэтгэмж авсан талаар баримтгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт бүрэн биш  байх тул ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, сэтгэл санааны хохирол зэргийг хэлэлцэх боломжгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад шүүгдэгч С.Б-аас хохирлын төлбөрт 2,885,270 төгрөгийг хохирогч Ө.О-д шилжүүлснийг хасч нийт 6,868,116 төгрөгийг хохирогч Ө.О-д олгож, тэрээр цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирол болон гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

 Мөн иргэний нэхэмжлэгч М.М-ийн эмчилгээний зардалд зарцуулсан гэх баримтаар ирүүлсэн 4,659,389 төгрөгийг хохирол (1-р хавтаст хэргийн 187-191 дэх тал), иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн эзэмшлийн “Nissan-Advan” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 5,323,000 төгрөг, үнэлгээний зардал 64,000 төгрөг нийт 5,387,000 төгрөгийн хохирлоос үлдэх 2,422,034 төгрөгийг хохирлыг тус тус холбогдох иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Ё.Ө-ын өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийн тухайд:

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хариуцах ёстой боловч иргэний хуульд заасан гэм хор хохирлыг хариуцвал зохих зарим этгээдийг тусгайлан заасан байдаг.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс Ё.Ө, “Ч” ХХК, “А” ХХК, “Т ” ХХК нарыг тус тус иргэний хариуцагчаар татсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан.

Талийгаач О.Б, хохирогч Ө.О, иргэний нэхэмжлэгч М.М нар нь “Т ” ХХК-нд ээлжийн ажилтай, ээлжээс буугаад гэртээ харих замдаа зам тээврийн осолд орсон нь үйлдвэрлэлийн осол тооцогдох байсан гэх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин, нас барсны нөхөн төлбөр зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, хохирогч Ө.О нар нь “Т ” ХХК-аас нэхэмжилсэн.

Гэвч талийгаач О.Б, хохирогч Ө.О нар нь “Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар эрх зүйн харилцаа үүссэн, дээрх нэхэмжлэл нь хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн эрх зүйгээр зохицуулагдах буюу иргэд хоорондын гэрээний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй болохоос үйлдэгдсэн гэмт хэрэгтэй шууд хамааралгүй байна.  

Мөн “Т“ ХХК нь шүүгдэгч С.Б-тай ямарваа нэгэн байдлаар хамааралгүй, тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа бий болоогүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд “Т” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэгт иргэний хариуцагч биш болохыг тогтоосон болохоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, хохирогч Ө.О нарын иргэний журмаар нэхэмжлэл гарах эрхэд саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ “А” ХХК-ийн автозамын барилгын ажилд ашиглагдах шороог тээвэрлэж явсан хэдий боловч “А” ХХК-аас гаргасан гарцаар гараагүй, “А” ХХК нь өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч байсан болох нь тогтоогдсон.

Иймд зам тээврийн осол гарахад “А” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг компанийг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 ”Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч С.Б-ын жолоодож явсан “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Ё.Ө-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд мөн байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар “Ч” ХХК нь “А” ХХК-тай 2023.06.07-ны өдөр II-40-АГ-21/44 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “А” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлын 1-р хэсгийн 37,282 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөл”-д “Ч” ХХК нь 10 ширхэг хүнд даацын тээврийн хэрэгслээр шороо тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

“Ч” ХХК, “А” ХХК нарын хооронд байгуулсан 2023.06.07-ны өдрийн II-40-АГ-21/44 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд:

“...1.1 Гэрээгээр гүйцэтгэх ажил: Гүйцэтгэгч тал нь ....Bieben маркийн *** улсын дугаартай автомашинуудаар ажил гүйцэтгэнэ. ...1.4.7 хариуцлага: Гэрээт ажлыг гүйцэтгэхдээ захиалагч талд болон гуравдагч этгээдэд хохирол учруулбал эд хөрөнгийн, гэм хор учруулсны болон бусад хохирлыг гүйцэтгэгч тал нь дангаар хариуцна. ...5.1.2 Захиалагчаас ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөхийг шаардах. ...5.2.1 Ажлыг гэрээнд заасан хугацаанд, батлагдсан зураг, төсвийн дагуу, чанар, стандартын өндөр түвшинд хийж гүйцэтгэх. ...5.2.2 Ажлыг тухайн чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвартай, шаардлагатай тооны ажилтнуудаар гүйцэтгүүлэх. ...5.2.12 Захиалагч талын ХАБЭА хариуцсан ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэх...” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч С.Б нь Ё.Ө-ын эзэмшлийн “Bieben ND 3250” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон “Ч” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн ажлыг хийж гүйцэтгэж байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул “Ч” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохино.

Иргэний хариуцагч “Ч” ХХК нь шүүгдэгч С.Б-тай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, мөн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ё.Ө-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд иргэний хариуцагч Ё.Ө, “Ч” ХХК-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Цагдан хоригдсон 4 сар 10 хоногийг эдлэх ял оруулах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох саналтай... “ гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийг өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугийн хувьд маргаагүй. Өөрийн үйлдсэн хэргийн үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Маш их гэмшиж байгаа. Ар гэрийн хувьд 06 сартайгаас 18 нас хүртэл насны 4 хүүхэдтэй, ам бүлээ тэжээдэг. Болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон ба өөрийн боломж бололцоогоор 10,600,000 орчим төгрөгийн хохирол төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заасныг харгалзаж прокурорын сонсгосон ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. Нийгмээс тусгаарлавал ар гэрийн байдал хэцүү, эхнэр өвчтэй, бага насны хүүхдүүдтэй, өөрөө ажил хийгээд хохирлыг төлөх хүсэлтэй байгаа болно... “ гэсэн саналыг тус тус гарсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э “...Авто аваарын хэргийг болгоомжгүй үйлдэгдэг хэрэг гээд маш хариуцлагагүй ялыг оногдуулж байна. Манай гэр бүлийг тэжээж байсан хүн байхгүй болсон. Гэтэл яагаад ганцхан шүүгдэгчийг ар гэрээ тэжээдэг гэж үзээд байгаа юм. Би гурван хүүхэдтэй, 5 ачтай хоцорч үлдсэн. Шүүгдэгч ганцаар ажил хийдэггүй. Шүүгдэгчийн хувьд элэг бүтэн байна. Харин би ганцаараа байхад хохирогчийн ар гэрийн тухай яагаад ярихгүй байгаа юм. 2 жил 1 сар болж байхад ганц л удаа нэг эмэгтэй хүн над руу залгаад би С.Б-ын дүү нь байгаа юм, ахдаа туслах гэсэн юм гээд 4,0 сая төгрөг шилжүүлсэн. Шүүгдэгч С.Б өөрийнхөө хөдөлмөрөөр хохирол төлөөгүй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэг ч удаа холбогдож байгаагүй. Нэг ч удаа сэтгэл гаргаж уулзаж байгаагүй. Ийм яагаад тэнсэж өгөөч гэж байгаа юм бэ. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...”,

Хохирогч Ө.О “...Би шүүгдэгчээс утсаар ярьж гуйж байж эмчилгээний төлбөр авч байсан. Над руу өөрийн санаачилгаар нэг ч ярьж байгаагүй... “ гэсэн болно.  

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан жолоодох эрхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 81 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 84 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 85 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 88 дахь тал), С.Б-ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (3-р хавтаст хэргийн 239, 242 дахь тал), Баянхонгор аймгийн Жинст сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт (4-р хавтаст хэргийн 106 дахь тал), мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар шүүгдэгч С.Б-ын хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохирсон, нэг хүний биед хүнд хохирол учирсан, нэг хүний биед хөнгөн хохирол учирсан, бусдын эд хөрөнгөд хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг тал бүрэн бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 136 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б-ын жолоодох эрхийн *** дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч О овогт С-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаархөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Ё.Ө /РД:***/, “Ч” ХХК /РД: ***/-аас 40,251,088 /дөчин сая хоёр зуун тавин нэгэн мянга наян найм/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э /РД: ***/-д 26,137,549 /хорин зургаан сая нэг зуун гучин долоон мянга таван зуун дөчин ес/ төгрөг,

хохирогч Ө.О /РД: ***/-д 6,968,116 /зургаан сая есөн зуун жаран найман мянга нэг зуун арван зургаа/ төгрөг,

иргэний нэхэмжлэгч М.М /РД: ***/-д 4,659,389 /дөрвөн сая зургаан зуун тавин есөн мянга гурван зуун наян ес/ төгрөг,

иргэний нэхэмжлэгч Д.Г /РД: ***/-т 2,486,034 /хоёр сая дөрвөн зуун наян зургаан мянга гучин дөрөв/ төгрөг тус тус олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Ж.Э-ы нэхэмжлэлийн шаардлагаас 34,694,448 төгрөгийг, хохирогч Ө.О-ын нэхэмжлэлийн шаардлагаас 3,261,426 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, хохирогч Ө.О нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид хийх эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Мөрдөн байцаалтын шатанд “Т” ХХК /РД:***/, “А” ХХК /РД:***/-ийг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б-ын жолоодох эрхийн *** дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн түүний эдлэх ялыг тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР