Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0099

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгч: Н.Н

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Гуравдагч этгээд: Б.С

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126/ШШ2025/0028 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 126/2025/0019/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Н-аас Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “… Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Б.С-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126/ШШ2025/0028 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.3.4, 43.6, 44 дүгээр зүйлийн 44.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “... Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Б.С-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэгч Н.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С-н зүгээс хариуцагч М.Б-ыг өндөр насны тэтгэвэрт гарсан учраас төр төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэн түүнийг жинхэнэ хариуцагчаар солих хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хуралдааныг явуулсан нь шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, нотлох ажиллагаа, мэтгэлцэх зарчмыг алдагдуулан хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчлөө. Яагаад гэвэл хариуцагч М.Б- нь тэтгэврийн насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтээр төрийн албанаас бүрэн чөлөөлөгджээ. Гэтэл Уу сумын Засаг дарга Д.Б төр төлөөлөх эрхгүй М.Б-ыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хуульд нийцээгүй тул түүнийг хариуцагчаар шүүх хуралдаанд оролцох нь хууль зүйн боломжгүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугааp зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу жинхэнэ хариуцагчаар солих хүсэлт гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

3.2. Миний бие 2023 онд ХААИСургуулийг зоо инженер /мал зүйч/ мэргэжлээр төгсөж ирээд тухайн үед сумын хөдөө аж ахуйн тасгийн малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан мал зүйч Б.Н-н ажлын байрны сул орон тоон дээр 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр томилогдсон. Тухайн үед төрийн албаны ээлжит ерөнхий шалгалтыг авах хугацаа болоогүй байсан ч гэсэн албан ажлын шаардлагын дагуу томилогдсон ба ажиллах явцдаа хуваарийн дагуу зарлагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцэн 11 сард төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн. Төрөөс цалин авч, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг гүйцэтгэж ирсэн учраас өөрийгөө хуулийн дагуу тухайн албан тушаалын сул орон дээр томилогдсон, төрийн албаны тусгай шалгалт зарлагдахыг хүлээж байсан төрийн захиргааны албан хаагч байсан гэж үздэг, өнөөдөр ч тусгай шалгалт зарлагдахыг хүлээсээр байна. Харин тушаалыг хуулийн үндэслэлтэй гаргах асуудлыг томилох эрх бүхий албан тушаалтан хариуцдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь хэсэгт "Гэтэл нэхэмжлэгчийг анх тус албан тушаалд томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг зөрчсөн байна.", 13 дахь хэсэгт "Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тайлбарлаж буй хөдөлмөрлөх эрх нь хууль ёсоор үүсээгүй байх тул шүүх уг эрхийг хамгаалахгүй, маргаан бүхий тушаалуудын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй." дүгнэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлийн дагуу тэтгэвэрт гарч ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөн мал зүйч Б.Наранцэцэгийн сул орон тоон дээр томилогдсон байхад дээрх дүгнэлтийг шүүхээс хийх боломжгүй.

 Өөрөөр хэлбэл шүүх миний томилгоотой холбоотой талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт гаргалаа. Миний зүгээс тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төрийн албаны нөөцөд ороогүй байхдаа ажлын байрны сул орон тоон дээр томилогдсон хэдий ч ээлжит төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцсэн ба зөвхөн эрх бүхий албан тушаалтан төрийн албаны тусгай шалгалтыг дахин зарлуулахыг хүлээж байсан. Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сард тусгай шалгалт зарлуулахад нь миний бие 1 удаа орсон ба түүнээс хойш 2024 онд дахин тусгай шалгалтыг зарлуулаагүй, намар түүнээс яагаад тусгай шалгалт зарлуулахгүй байгаа юм бэ? гэж асуухад өвсөнд яваад мартчихсан гэж хэлсэн атлаа мэргэжил нь ажлын байранд тавигдаж байгаа Малын генетик нөөцийн тухай хуулийн болон албан тушаалын тусгай шаардлагыг хангахгүй байсан өөрийн бэрийг ажилд авах зорилгоор 2025 оны 01 дүгээр сард зарлуулсан гэж сүүлд сонссон. Би энэ талаар огт мэдээгүй болно. Харин эрх бүхий албан тушаалтан намайг анх томилсон тушаалын үндэслэлийг зөрчилтэй гаргасан нь надад хамаагүй байхад үүнээс шалтгаалан хууль, тогтоомжид заасан мэргэжлийн дагуу сумын хөдөө аж ахуйн тасгийн малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоон дээр төрийн албаны нөөцөөс ажиллаж байсан намайг шүүхээс хөдөлмөрлөх эрх нь хууль ёсоор эрх үүсээгүй гэж үзсэнийг хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Намайг анх зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх алдааг засаж Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2025/010 дугаартай захирамжийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 221/ШТ2025/0564 дугаартай тогтоолоор хүчингүй болгон миний хууль ёсны эрхийг хамгаалж, хуулийн дагуу сэргээсэн боловч анхан шатны шүүхээс дахин хөдөлмөрлөх эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3.3. Миний зүгээс шүүхэд хариуцагч М.Б- намайг ажлаас чөлөөлж, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаартай тушаал /захиргааны акт/ гаргахдаа мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал гаргах боломж олгон, оролцогчийн эрхийг хангалгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журам зөрчсөн гэж үзэн тухайн тушаалыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр явуулсан 3/181 дугаартай албан тоотоор тухайн ажиллагааг явуулсан талаар баримт шаардахад хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримт ирүүлээгүй. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.5 дахь хэсэгт "Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д "талууд харилцан тохиролцсон” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна" гэж дүгнэжээ. Миний бие төрийн захиргааны албан хаагч тул хөдөлмөрийн харилцаа Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой ба захиргааны байгууллага буюу хариуцагч М.Б- захиргааны акт гаргахдаа сонсох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулалгүй хууль зөрчин миний хөдөлмөрлөх эрхэнд халдсан байхад шүүхээс ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

3.4. Мөн хариуцагч М.Б-ын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд гаргасан тушаалыг илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан нь гуравдагч этгээд Б.С тухайн тушаалаар буюу өөрийгөө 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 02 дугаар сарын 14-ний өдрөөс томилсон Б/09 дугаартай тушаалаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой байсан. Тухайн шаардлагын талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.7 дахь хэсэгт "Нэгэнт хуулийн урьдчилсан нөхцөлүүд бүрдээгүй байхад гуравдагч этгээдийг шилжүүлэн томилсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул" гэж дүгнэсэн атлаа 4.4 дэх хэсэгт "Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь заалтуудыг үндэслэсэн буюу "төрийн албан хаагчийг шилжүүлэн томилох" зохицуулалтын дагуу гуравдагч этгээдийг шилжүүлэн томилсон байх тул уг тушаалууд нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн захиргааны актын талаар гаргасан дүгнэлтүүд нь зөрүүтэй байгаагаас гадна тухайн захиргааны актаар Б.С нь шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн үзлэгээр тушаалууд устгагдсан байсан, тэдгээрийг гаргах Захиргааны ерөнхий хуульд заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэсэн үндэслэл байхад илт хууль бусд тооцолгүй шүүх хууль зөрчиж, хариуцагч М.Б-од давуу байдал олгосон байна. Дээрх тушаалуудыг гаргах Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 тогтоолын 3 дугаар хавсралт, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан үндэслэлүүд байгаагүй болно.

3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6 дахь хэсэгт "Түүнчлэн шүүхээс Улаан Уул сумын Засаг даргын тамгын газарт бичиг баримтын үзлэг хийхэд нэхэмжлэгчийн маргаж буй Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 тоот тушаалууд архивт байхгүй, тушаалын бүртгэлд бүртгэгдээгүй (2 дугаар хавтаст хэргийн 31-33 дугаар тал) бөгөөд хариуцагчаас энэ талаар тайлбарлахдаа: 02 дугаар сарын 06-ны өдрөөс томилсон чинь Н.Н ажлаа 5 дахь өдөр хүлээлгэж өгье, хүлээж бай, ажлаа цэгцэлье гэхэд Б.С нь мөн Рэнчинлхүмбэ сум явж ажлаа хүлээлцээд ирье гэсэн учраас 02 дугаар сарын 14-ний өдрөөс гээд гараараа засаж өгөөд энэхүү тушаалыг устгаарай гэсэн чинь устгаагүй" гэсэн болно" гэж хариуцагчийн өөрийн хууль бус үйлдлийг хаацайлан хамгаалсан, илт худал, нотолгоогүй худал тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. Ийм зүйл огт болоогүй байхад хариуцагч М.Б-ын өөрийн бэрийг ажилтай үлдээхийн тулд зориуд өгсөн худал мэдүүлгийг нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон байгааг шийдвэр хуульд нийцээгүй, огт үндэслэлгүй болохыг харуулж байна.

3.6. Хариуцагч М.Б-ын зүгээс миний нэхэмжлэлийн шаардлагуудыг үгүйсгэж, түүнээс татгалзаж чадаагүй ба намайг хууль бусаар ажлаас чөлөөлж, өөрийн бэрийг ажилд томилохдоо зөвхөн хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн Монгол улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанд зайлшгүй баримтлах мэргэшсэн тогтвортой байх, Монгол улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг зарчмуудыг алдагдуулан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1. Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтууд, ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагад нийцүүлэлгүй захиргааны актуудыг гаргаснаас шалтгаалан нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16.1 дэх хэсэгт "Шүүх нэгэнт нэхэмжлэгчийн маргаж буй тушаалууд болох Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалууд болон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаал нь тус тус нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй" гэж дүгнэжээ. Тухайн захиргааны актууд нь нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илт зөрчсөн нь тодорхой байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Энэ нь анхан шатны шүүх хуулиар хүлээсэн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, сэргээх үндсэн зорилгоо биелүүлэхээс хууль зөрчин татгалзаж, эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч М.Б-ын удаа дараагийн хууль зөрчсөн, хууль бус үйлдлийг хамгаалсан илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдгийг нотолж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 126/ШШ2025/0026 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлуудыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Н.Наас Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Б.Сийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд хууль зүйн дүгнэлт бүрэн дүүрэн хийгээгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтуудад зөрүүтэй дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдуулан маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

3.1. Нэхэмжлэгчээс “... 2024 оны 07 дугаар сараас хойш хариуцагч нь миний  эрхэлж байсан албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлуулахгүй байсаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлөхдөө энэ тухай надад урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, … гуравдагч этгээдийн томилгоо нь Малын генетикийн нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох”-оор заасан, хуульд тусгайлан заасан “албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” шийдвэрийг шүүх гаргаагүй тохиолдолд ажилгүй байсан хугацааг тодорхойлох боломжгүй, энэ тохиолдолд тодорхойгүй хугацааны цалинтай тэнцэх олговор олгох хууль зүйн боломжтой гэж үзэж байгаа нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус ойлгомжгүй байна.

3.4. Тодруулбал, нэхэмжлэгчээс өөрийг нь ажлаас чөлөөлсөн болон гуравдагч этгээдийг ажилд томилсон шийдвэрүүдтэй холбогдуулан маргасан байх боловч нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлснээр нэхэмжлэгч нь хөдөлмөрлөхтэй холбоотой эрх сэргэнэ гэж үзсэн эсэх эсхүл төрийн албаны сонгон шалгаруулалтад орох боломж хаагдсан гэх агуулгаар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргаж байгаа эсэх, мөн “нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа “... ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага гарган маргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцэж байгаа эсэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад шүүх эдгээрийг нэг мөр бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

3.5. Мөн анхан шатны шүүхээс “... 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь заалтуудыг үндэслэсэн буюу “Төрийн албан хаагчийг шилжүүлэн томилох” зохицуулалтын дагуу гуравдагч этгээдийг шилжүүлэн томилсон байх тул уг тушаалууд нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй, … 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 тоот тушаалууд нь утга агуулга болон хуулийн зүйл заалтууд нь ижил бөгөөд хэзээнээс эхлэн томилж байгаагаараа ялгаатай буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс болон 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс гуравдагч этгээдийг … шилжүүлэн томилж байгаагаар ялгаатай, … дээрх тушаалууд нь хэдийгээр архивын хадгаламжийн нэгжид хадгалагдаагүй, тушаалын бүртгэлд бүртгэгдээгүй ч нэхэмжлэгчээс нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт өгсөн …” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

3.7. Тодруулбал анхан шатны шүүхээс Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн маргаан бүхий Б/09 дугаар тушаалыг хариуцагчаас өөрөө хүчингүй болгосон эсэх, хүчин төгөлдөр байгаа эсэх, уг актыг шүүхээр шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх эсэх, үр дагавартай эсэх нь тодорхойгүй байхад энэ талаар бүрэн дүүрэн тодруулж тогтоогоогүй нөхцөлд уг акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь мөн тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “захиргааны актын илт хууль бус байх шинжийг агуулаагүй” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй зөрчилтэй болсон байна.  

3.8. Нэхэмжлэгчээс “... сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан М.Б- нь өөрийн төрсөн хүүгийн эхнэрийг миний ажиллаж байсан албан тушаалд томилсон, ... түр томилогдон ажиллаж байсан албан тушаалд сул орон тоог төрийн албаны холбогдох байгууллагад мэдэгдэн сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэх ёстой байтал 2024 оны 07 дугаар сараас хойш хэрэгжүүлээгүй, ... Б.Сийн мэргэжил нь тухайн албан тушаалд тавигдаж байгаа шаардлагыг хангахгүй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажиллаагүй, эрүүгийн хэргийн улмаас гэрч, хохирогчийн хамгаалалтад ороогүй тул хуулийн дагуу шилжүүлэн томилох боломжгүй, ... тухайн тушаалуудыг гаргах Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй ...” гэж тайлбарлан маргасан.

3.9. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн дээрх маргасан үндэслэлтэй холбогдуулан хариуцагч Хөвсгөл аймгийн Уу сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан М.Б- нь гуравдагч этгээд Б.Сийн хадам аав нь мөн эсэх (Б.С бэр нь мөн эсэх) талаарх эрх бүхий байгууллагаас холбогдох баримт нотолгоог гаргуулж хэрэгт хавсаргаагүй, мөн энэ талаарх эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа эсэх, мөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр энэ талаарх гомдол маргаан эцэслэн шийдвэрлэгдэж ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гарсан эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэгчийн энэ талаарх маргасан үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь мөн учир  дутагдалтай байна.

3.10. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс ажлын байрны тодорхойлолттой холбогдуулан маргасан хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 40 дүгээр тогтоол болон 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолуудыг харьцуулан дүгнэлт хийж, Төрийн албаны зөвлөлөөс Б.Сийг уг албан тушаал дээр шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хууль, ажлын байрны тодорхойлолт болон хууль журмаар тогтоосон хэм хэмжээнд нийцсэн эсэхийг тодруулж, эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байтал энэ талаар ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн маргасан энэ талаарх үндэслэлд мөн дүгнэлт, тайлбар хийгээгүй байна.

3.11. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Б.Сийг шилжүүлэн томилсон Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаал гарсан, хүчин төгөлдөр байх бөгөөд уг тушаал хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэл хангагдсан ч нэхэмжлэгчийн эрх бүрэн сэргэх боломжтой эсэхийг тодруулж дүгнэх шаардлагатай.

3.12. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... гуравдагч этгээд Б.С нь уг асуудлаар маргаж, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргасан” гэж тайлбарласан байх тул анхан шатны шүүхээс энэ талаар тодруулж, тус маргааныг шийдвэрлэхээс өмнө энэхүү хэргийг шийдвэрлэх боломжтой эсэх тухайд хууль дүгнэлт хийхээс гадна хариуцагчаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоон дээр хамгийн сүүлд нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад оролцсоноос хойш сонгон шалгаруулалт зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан эсэхийг тодруулж, мөн нэхэмжлэгчийн “... Малын генетикийн нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэл зэрэгт тус тус хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээр дурдсан алдаа зөрчлийг зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                 М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ