Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Шүүгдэгч Д.Батцоож

Нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Батцоожид холбогдох 201714000076 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 44-01 тоотод оршин суух, урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр суллагдсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Бүргэд овогт Дэлэгийн Батцоож /РД: ДЭ71030315/

Шүүгдэгч Д.Батцоож нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 4-16 дугаар байрны подвальд иргэн Л.Дагвадоржийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Батцоожийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 01-нд Дагвадорж, Чимгээ, Бэхбат нартай таарсан. Бид захаас хонины толгой аваад 4-16 дугаар байрны подвальд ирээд идээд хэвтэж байтал Дагвадорж цээж рүү өшиглөн элдэв үгээр доромжилж байсан. Подваль харанхуй байсан учир гарт таарсан шил аваад толгой руу нь цохисон. Тэгээд гарч яваад эргэж очоогүй. Хохиролд 100.000 төгрөг өгсөн. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие муу, ходоодоо тайруулсан. Миний энэ байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Л.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...найз Батцоож, Бэхбат, Чимгээ нарын хамт 0.75, 0.5 литрийн архи ууцгаасан. Тэгээд Батцоож, Чимгээ бид гурав захаас хонины чанасан толгой аваад 4-16 дугаар байрны подвальд идэхээр очсон. Тэгээд Батцоожтой маргалдаж байсан чинь Батцоож миний толгой руу цохиод тархи хагалчихсан гэсэн мэдүүлэг / хх 6 ху/,

-Шинжээч эмч Ч.Буянзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан бөгөөд 2017 оны 01 сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 121 дугаартай дүгнэлтэнд: 1. Л.Дагвадоржийн биед хуйх ба зүүн шанаанд шарх үүсчээ. 2. Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 8 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 20 ху/

-Д.Батцоожийн сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 28-32 ху/

-Хохирол төлсөн тухай баримт /хх 33 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Батцоож нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 4-16 дугаар байрны подвальд иргэн Л.Дагвадоржийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батцоожийн “...2017 оны 01 дүгээр сарын 01-нд Дагвадорж, Чимгээ, Бэхбат бид нар захаас хонины толгой аваад тэрийг идээд хэвтэж байтал Дагвадорж цээж рүү өшиглөн элдэв үгээр доромжилж байсан. Бид подвальд байсан болохоор харанхуй байсан учир гарт таарсан шил аваад толгой руу нь цохисон” гэсэн, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.Дагвадоржийн “...Тэгээд Батцоожтой маргалдаж байсан чинь Батцоож миний толгой руу цохиод тархи хагалчихсан” гэсэн /хх 06 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед хуйх ба зүүн шанаанд шарх үүссэнийг тогтоосон шинжээчийн 121 дугаар дүгнэлт /хх 08 ху/ болон ял шийтгэлийг шалгах хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Батцоожид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Д.Батцоож нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, биеэр 5 жил 11 сар 04 хоногийн ялыг эдэлж, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил хасагдан хугацаа дуусч суллагдсан болох нь Хорих 415 дугаар ангийн тодорхойлолтоор нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтайд тооцох нь зүйтэй.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа болон согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогч Л.Дагвадорж нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхэд мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Дэлэгийн Батцоожийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Д.Батцоожийг 1 /нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Батцоожид оногдуулсан 1 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА