Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00056

 

 

2020 оны 01 сарын 07 өдөр

       Дугаар 183/ШШ2020/00056

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, хаягт оршин суух, Г. Н- /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, хаягт оршин суух,  Б.Т- /РД:/-т холбогдох, 

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н-, хариуцагч Б.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов,

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Т-тай 2005 онд танилцаж, 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний хүү Т.Б- нь 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Нөхөр маань 2009-2011 оны хооронд БНСУ-д, 2011-2013 оны хооронд БНСУ-д ирэн очин, 2016-2019 оны хооронд Япон улсад тус тус гэрээгээр ажиллаж байсан. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусч эх орондоо ирсэн. Бид 2014 онд банкны 8 хувийн зээлээр орон сууцанд орсон. Танилцаж гэр бүл болсноос хойш амьдралын сайн муу, сайхан муухай бүхий л цаг хугацааг хамт туулсан. Өнгөрсөн он жилүүдэд миний бие түүнд амьдралын жижиг сажиг асуудлаар дарамт болохгүйг хичээж хүүгээ өсгөн хүмүүжүүлж ажил хөдөлмөр эрхэлж байсан. Гэрлэлтээ батлуулснаас хойш 11 жил өнгөрөхөд 7 жилийг бид тусдаа амьдарсан. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эвлэрүүлэн зуучлах албанд миний бие өргөдөл гаргаж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эвлэрэх боломжгүй гэсэн тэмдэглэл гарсан. Сэтгэл санаа, зан харилцааны хувьд таарамжгүй болж хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж насанд хүрээгүй хүү Т.Б-ыг өөрийн асрамжинд авах, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ....гудамж, Буянт-Ухаа 1 дүгээр хороолол............ тоот хаягт байрлах, 51.78 метр квадрат хоёр өрөө орон сууцыг банкны зээлийн үлдэгдлийн тодорхой хэсгийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн Б.Т- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ....гудамж,       Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын ............ тоот хаягт байрлах, 51.78 метр квадрат хоёр өрөө орон сууц буюу гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгээсээ татгалзаж байна. Мөн хүүхдийн асрамжийг эхэд нь үлдээж, хүүхдийн тэтгэлгийг зохигчид бид харилцан тохиролцсон болно гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч Б.Т-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 2008 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн хүү Т.Б-ыг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ....гудамж, ............тоот хаягт байрлах 51,78 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны банкны зээлийн үлдэгдлээс 20 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцсон гэх үндэслэлээр 20 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т заасны дагуу гэрлэгчдийн хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2019 оны 10 сарын 21-ний өдөр дуусгавар болжээ.

 

Б.Т-, Г.Н- нар гэр бүл болсныг 2008 оны 06 сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн г-95/08 дугаарт бүртгэгдсэн нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр, тэдний дундаас 2008 оны 07 сарын 04-ний өдөр хүү Т.Б- төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

/хх-8-9/

Зохигчид удаан хугацаанд тусдаа амьдарснаас сэтгэл санаа, зан харилцааны хувьд таарамжгүй болсон, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлгүй гэх тайлбар, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар хэн аль нь зөвшөөрсөн, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэнийн асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан харилцан тохиролцож болно.” гэж заасан ба зохигчид 2008 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн хүү Т.Б-ыг эх Г.Н-ын асрамжид үлдээх, гэрлэснээс хойш хамт амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй,           Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ....гудамж, Буянт-Ухаа 1 хороолол, ..............тоот хаягт байрлах 51,78 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Н-, хүү Т.Б- нарын өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцжээ.

 

Иймд 2008 оны 07 сарын 04-ний өдөр хүү Т.Б-ыг эх Г.Н-ын асрамжид үлдээж, эцэг Б.Т-аас хуульд заасан хэмжээгээр хүү Т.Б-д  сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 330 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Б.Т- /РД:/, Их мянган овогт Г. Н- /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 07 сарын 04-ний өдөр хүү Т.Б-ыг эх Г.Н-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.2 дахь  хэсэгт  зааснаар 2008 оны 07 сарын 04-ний өдөр хүү Т.Б-ыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, эцэг Б.Т-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар Улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ....гудамж, Буянт-Ухаа 1 хороолол, 701 байр 53 тоот хаягт байрлах 51,78 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Н-, Т.Б- нарыг тогтоосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 330 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ