Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/00558

 

2020 оны 03 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2020/00558 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Д.Энхцэцэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, хэсэг, Ривер гарден  байр,  тоотод оршин суух Б овогт С Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо,  хэсэг, Лакшари Зайсан Виллаж хотхоны  байр тоотод оршин суух Г овогт О Э-д холбогдох,

 

44,819,446 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, иргэдийн төлөөлөгч Д.Э нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э О.Э нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг байгуулах үед маргаан бүхий орон сууц нь хотхоны байр  тоот  өрөө орон сууцыг 1,400,000,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээний төлбөрийг 2018 оны 8 дугаар сард бүтнээр нь өгөхөөр тохиролцсон. Харин 4 дүгээр сараас 8 сар хүртэл орон сууцыг сарын 5,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Хөлслөх хугацаандаа орон сууцны ашиглалтын зардлыг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулан нэхэмжлэгч байраа 4 сард хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь 4 дүгээр сараас 8 сар хүртэл амьдрах хугацаандаа сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй, 8 дугаар сарын 15-ны өдөр болоход орон сууц болох 1,400,000,000 төгрөгөө ч төлөөгүй. Тэгээд нэхэмжлэгч хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардахад шалтаг, шалтгаан тоочдог байсан. Ингээд нэхэмжлэгч хариуцагч нар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээгээ цуцлахаар тохиролцсон. Хавтаст хэргийн 98-99 хуудаст авагдсанаар гэрээ цуцлах тухай баримт талууд үйлдсэн. Хариуцагч орон сууцыг анх хүлээж авсан байдлаараа нь бүрэн бүтэн хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу орон сууцыг чөлөөлж өгөх ёстой байсан боловч хариуцагч чөлөөлөөгүй. Тиймээс нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь Энхжаргалын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гарган гурван шатны шүүхээр явж, шүүхээс талуудын хооронд орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Харин 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцлагдсан байна. Тиймээс орон сууцыг чөлөөлүүлэх үндэслэлтэй байна гэж шийдсэн. Гэтэл хариуцагч байрыг чөлөөлөхгүй байсан тул гүйцэтгэх хуудас бичүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлсэн. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн шүүхэд 2018 оны 12 сард хариуцагчаас орон сууцны түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн дагуу нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Уг анхан шатны шүүхийн шийдвэрт Давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулаад хариуцагч Дээд шатны шүүхэд хандсан одоо хянагдаад явж байгаа. Харин энэ удаагийн нэхэмжлэлийн үндэслэл бол 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг албадан чөлөөлүүлэх хугацаа хүртэл буюу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гэрээ цуцалснаас хойш гэрээний үүрэг хожимдуулсны дагуу түрээсийн төлбөрийг сарын 5,000,000 төгрөгөөр тооцон 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тооцож нэхэмжилж байна. Мөн үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд зааснаар орон сууцны ашиглалтын зардал төлөх ёстой байсан боловч хариуцагч нь анх орон сууцанд орсон үеэс эхлэн албадан чөлөөлүүлэх хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлага бол хариуцагч орон сууцыг өөрөө чөлөөлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс очоод хаалгаа онгойлгохгүй байсан учир хаалгыг тусгай хүнээр эвдүүлж онгойлгон 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С.Эд байрыг хүлээлгэж өгсөн. Хариуцагч байрыг өөрөө чөлөөлж өгөөгүй тул нэхэмжлэгч Панда гэх компанитай гэрээ байгуулан машин 2,000,000 төгрөгөөр түрээсэлж нийт 5 удаа хариуцагчийн эд хөрөнгийг нүүлгэж өгсөн. Тиймээс энэ тохиолдолд хариуцагч бол бусдын эд хөрөнгөөс санаатайгаар нүүхгүй байсан учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөнд санаатайгаар гэм хор учруулсан учир гэм хорын нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн нүүлгэсний хөлс 2,000,000 төгрөг, хаалга эвдэлсний 80,000 төгрөг орсон байгаа. Тиймээс нийт нэхэмжлэлийн шаардлага маань 44,819,476 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийн дүнг тодруулбал нэгдүгээр шаардлага буюу байрны түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг, хоёрт нь орон сууцны ашиглалтын зардалд 2,739,476 төгрөг, гуравт гэм хорын шаардлагад 2,080,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарыг ирүүлэхдээ бид нарын хооронд орон сууцны түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж хэлдэг. Гэтэл хавтаст хэргийн 39 дүгээр хуудаст байгаа гэрээний 5.6-т нь энэ талаар дурдагдсан байгаа. Хариуцагч анх 4 дүгээр сарын 18-ны өдөр нүүж орсон. Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрөө 8 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэж, харин энэ төлбөрөө өгөх хүртлээ сарын 5,000,000 төгрөгөөр орон сууцыг түрээслэхээр тохиролцсон. Талууд гэрээ цуцалсан талаар маргадаггүй. Харин хариуцагч энэ асуудлыг гэрээтэй холбоотой маргаан юм шиг тайлбарлаад байдаг. Гэхдээ өмнөх 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргахад гэрээний талаар маргаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Тиймээс гэрээ цуцлагдсан талаар өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Хариуцагч нь байр доголдолтой байсан гэж хэлдэг гэхдээ өмнөх хүчин төгөлдөр шийдвэрүүдэд байрны доголдлын талаар дурдаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч О.Э нь маргааны зүйл болох Хан уул дүүрэг дүгээр хороо,  хэсэг, хотхон  дугаар байр,  тоот хаягт байрлах 281.2 м.кв талбай бүхий орон сууцанд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр орж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Дээрх орон сууцанд орсноос хойш нэг сарын дараагаас бүх өрөөний шал, шалны хүрээ хоёрын завсар 2см хэртэй завсар гарсан байсныг нуун далдалж силкон шахсан, шал нь бүхэлдээ доош суун хонхолздог, цонхнууд бүрэн хаагддаггүй, обой нь эхнээсээ хууларсан, ариун цэврийн өрөөнүүдийн ханнууд цуурч суулт өгсөн гэх мэт хүн амьдрах боломжгүй доголдол зөрчлүүд гарсаар байсан тул С.Эг дуудан энэхүү доголдлыг өөрт нь харуулж цаашид яаж асуудлыг шийдэх талаар тодорхой шийдэлд хүрэх гэсэн боловч, нөхрөөсөө асууна хэмээн гэчихээд хариу хэлэхгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч тал дээрх орон сууцны доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж орон сууцыг худалдсанаас үүдэн хариуцагч С.Энхжаргалд тодорхой хэмжээний хохирол үүссэн байдаг. Мөн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх үйл ажиллагааны хүрээнд С.Энхжаргалын өмчлөлийн тавилга зэргийг эвдэж хэмхлэн хохирол учруулсан байдаг тул дээрх хохирлыг нэхэмжлэгч С.Энхжаргалаар төлүүлж барагдуулсны дараа дээрх иргэний хэргийг хянан шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн 40,000,000 төгрөг, ашиглалтын зардал 705,850 төгрөг СӨХ-ны төлбөр 1,520,000 төгрөг, цахилгааны төлбөр 513,626 төгрөг, нүүлгэлтийн зардал 2,000,000 төгрөг, хаалганы цоож онгойлгоход төлсөн төлбөр 80,000 нийт 44,319,446 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэртэй С.Э-н нэхэмжлэлтэй О.Эд холбогдох Орон сууц хөлслөх гэрээний үүрэг болох, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 33,523,436 төгрөг гаргуулах иргэний хэргийг Улсын дээд шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Энэхүү иргэний хэргийн үндэслэл нь дээрх үндэслэлгүй хөрөнгөжсөн болон бусад ашиглалтын зардал нийт 44,819,446 төгрөг гаргуулах иргэний хэрэгтэй адил байгааг хэргийн материалд авагдсан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн үндэслэлээс тодорхой харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4. эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж заасан байдаг. Дээрх хуулийн заалтаас үзэхэд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэртэй С.Э-н нэхэмжлэлтэй О.Эд холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэг болох, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 33,523,436 төгрөг гаргуулах иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл үндэслэлгүй хөрөнгөжсөн 40,000,000 төгрөг, ашиглалтын зардал 705,850 төгрөг, СӨХ-ны төлбөр 1,520,000 төгрөг цахилгааны төлбөр 513,626 төгрөг, нүүлгэлтийн зардал 2,000,000 төгрөг, хаалганы цоож онгойлгоход төлсөн төлбөр 80,000 төгрөг нийт 44,819,446 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч О.Эд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг, ашиглалтын зардалд 2,739,476 төгрөг, гэм хорын хохиролд 2,080,000 төгрөг нийт 44,819,476 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тодруулж гаргасан байна.

Хариуцагч О.Этай 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхон дугаар байр  тоот хаягт байрлалтай 281.2 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч С.Э байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 5 өрөө орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор орон сууцны үнийг төлөх, үнийг төлөх хүртэл орон сууцыг сар бүр 5,000,000 төгрөгөөр хөлслөх, мөн гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар ашиглалтын зардлыг хариуцахаар тохиролцсон эрх зүйн харилцаан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар талуудын хооронд холимог гэрээ байгуулагдсан байна.

 

Талууд орон сууцыг гэрээгээр тохиролцсоны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн, худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан талаар хэн аль нь маргаагүй, харин орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссанаас хойшхи 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс, ашиглалтын зардал төлөх талаар маргажээ.

Хариуцагч О.Э нь худалдах-худалдан авах болон орон сууц хөлслөх гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөх хугацаа дууссан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаныг хариуцагч О.Э зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дээрх орон сууцыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон болох нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц хүлээлцэх тухай баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 98/

 

Нэхэмжлэгч С.Эгийн орон сууцыг хариуцагч О.Э 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 196 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 22-36/

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч О.Э нэхэмжлэгчийн орон сууцыг сайн дураараа чөлөөлөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, нэхэмжлэгчийн орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлсөн болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай 8053 дугаар захирамж, 696 дугаар гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 37-42/

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах тул мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүйгээс хойшлуулсан бүх хугацааны хохирлыг орон сууц хөлслөх гэрээний үнийн дүнтэй адил хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасан ба талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний 3.6-д ... орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш 2018.08.15-ныг хүртэл түрээсэлж суухаар тохиролцон 1 сарын төлбөрт 5,000,000 төгрөгөөр тооцон төлнө. ... Орон сууцны ашиглалтын бүх зардлыг Б тал төлнө... гэж харилцан тохиролцсон байх тул 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсөн төлбөрт 35,000,000 /5,000,000х 7 сар/ төгрөг, ашиглалтын зардал болох цахилгааны төлбөр 513,283 төгрөг, цэвэр,бохир ус, дулааны төлбөр 705,850 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал /СӨХ/ 1,520,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ./х.х-ийн 12-21,48/

 

Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул орон сууцыг албадан чөлөөлүүлэхтэй холбогдон нэхэмжлэгчээс гарах ёсгүй зардал 2,080,000 төгрөг гарсан болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хохирлоо шаардах эрхтэй байна./х.х-ийн 10-11/

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас нийт 39,819,133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр гаргуулахтай холбоотой маргаан байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  дугаар шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр гаргуулж шийдвэрлэсэн байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч О.Э-д 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 14.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг түүний оршин суугаа газрын хаягаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн хуудсыг хариуцагч О.Э өөрөө гардан авсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр үргэлжлүүлэн явуулахад татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 295 дугаар зүйлийн 295.4, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Эаас 39,819,133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,343 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ

ШҮҮГЧИД Д.ЭНХЦЭЦЭГ

Д.ЯНЖИНДУЛАМ