| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/03778/и |
| Дугаар | 183/ШШ2020/00225 |
| Огноо | 2020-01-24 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2020/00225
2020 оны 01 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2020/00225 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, байранд байрлах, Ч/РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, байрлах, Б-групп ХХК /РД:/-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 95 041 242 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, В.Э, хариуцагчийн төлөөлөгч З.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй хариуцагч Б-групп ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 68 255 504 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Уг шимтгэлийн өр 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хуримтлагдсан байна. Энэхүү зөрчлийн улмаас тус компани даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх 68 255 504 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг өрийг төлүүлэхээр Б-групп ХХК-д Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай 881 тоот албан шаардлага, тус хэлтэст бүртгэлтэй Голомт банкны 1205026372 тоот дансны зарлагын гүйлгээг 37 тоот мэдэгдлээр 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, Голомт банкны 1205026371 тоот дансны зарлагын гүйлгээг 359 тоот мэдэгдлээр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус зогсоож хүргүүлсэн боловч одоог шимтгэлээ төлөөгүй нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4, ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалт 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүйд тооцсон тул хэрэглэх боломжгүй. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох дээрх 68 255 504 төгрөгөнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 30 337 558 төгрөг, нийт 98 593 062 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэдгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус компани нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019 оны 12 дугаар сард 6 312 200 төгрөг төлсөн. Иймд Нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл өр болох 65 526 403.73 төгрөгөнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 29 514 838 төгрөг, нийт 95 041 242 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манайх үйл ажиллагаа зогссон ч гэсэн ажилчдаа алдахгүйн тулд цалинг нь тавьж өдий хүртэл байлгаж байгаа. Иймээс уг тайлангаар үйл ажиллагаа зогсоогүй гэж үзэж байна. Манайх тайлангаа өгч байсан. 2 сарын дотор нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуул гэж байсан. Манайх 2 сарын дотор төлж барагдуулах боломжгүй. 6 сарын хугацаа өгвөл манайх төлж барагдуулах боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Чнь Б-групп ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 95 041 242 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 17.1.1-д “ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь 65 526 404 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул дээрх хуулийн заалтад нийцүүлэн 50 хувь буюу алдангид 29 514 838 төгрөг, нийт 95 041 242 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 633 156 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 2-т заасныг баримтлан Б-групп ХХК /РД:/-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 95 041 242 төгрөг /ерөн таван сая дөчин нэг мянга хоёр зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг гаргуулан, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст /РД:/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 633 156 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ