| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2020/00477/И |
| Дугаар | 138/ШШ2020/00607 |
| Огноо | 2020-05-18 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2020/00607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 10-14 тоотод оршин суух, ЖН88092265 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэнджавын Тунгалагтамирын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны 27 тоотод оршин суух, ЖЯ89122072 регистрийн дугаартай, Хатгин овогт Гантулгын Мөнхбатад холбогдох
Тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 626680 /зургаан зуун хорин зургаан мянга зургаан зуун наян/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Тунгалагтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантуяа, гэрч Б.Ариунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Тунгалагтамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ажилладаг Сибирийн эрүүл мэндийн барааны склад нь 10 дугаар байшинд байдаг. Би тэндээс албан ёсны кодтой бараа бүтээгдэхүүнийг шивэлт хийлгэж хүлээж авдаг. ...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн төвөөс Чулуунхороот сум руу явахдаа замын унаа хөлслөн жолооч Мөнхбатын машинаар явсан. Машинд суухдаа ачаагаа хүлээлгэн өгсөн. Чойбалсан сум өнгөрөөд замын айлаар буугаад эргээд хөдлөх гэтэл уг машины тээшний /багааж/ түгжээ эвдэрсэн байдалтай онгорхой явж байсан. Мэдмэгцээ ачаагаа уяагаар даруулаад цааш явж сумын төв орсон. Гэрийнхээ гадаа очоод ачаагаа авах гэтэл миний зарж борлуулдаг, ОХУ-аас оруулж ирдэг Сибирийн эрүүл мэнд корпорацийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн хайрцагтайгаа байхгүй, замд хаягдсан байсан. Чулуунхороот сумын хүмүүсийн захиалсан бүтээгдэхүүнийг складнаасаа тоо ёсоор нь аваад явсан байсан. Замын машин нь биднийг болон ачаа тээшийг саадгүй хүргэж өгнө гэж тохиролцон хөлс авсан тул иргэдийн аюулгүй зорчих болон ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй гэж бодож байна. Хайрцагтай бараа байхгүй болсныг мэдээд жолооч Мөнхбат нь зар тавьж олохыг бодьё, миний хариуцлагагүйгээс болсон учир би төлж барагдуулна гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл маргаад өгөхгүй байна. Миний бие Сибирийн эрүүл мэнд сүлжээний гишүүн учир өөрийн кодоор нэвтэрч бүтээгдэхүүнээ захиалдаг. Миний кодоор нэвтэрч орвол захиалж авсан бүтээгдэхүүнүүд бүгд жагсаалтаар гарч ирнэ. Энэ жагсаалтын дагуу би алга болсон бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Чойбалсан сум уруу явах хүртэл хугацаанд авсан бараа бүтээгдэхүүнүүд байсан. Иймд Г.Мөнхбатаас алга болсон бүтээгдэхүүний үнэ 626680 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх мөнгөний 70 хувийг төлье гэвэл эвлэрэх саналтай байсан боловч хариуцагч хүлээн аваагүй гэв.
Хариуцагч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сар шинийн баяр болох гэж байсан учир Чулуунхороот суманд байдаг аав ээжтэйгээ золгох гээд 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн машинаар явахдаа 3 хүн авч явсан. Нэг хүний 15000 төгрөгийн замын зардал авсан. Тухайн үед корона вирус гарсантай холбоотой 2020 оны 2 дугаар сарын 23-ны өглөө 08 цагаас эхлэн хөл хорио тавихаар зарласан байсан учир явах хүн олон байсан. Тунгалагтамир зарын дагуу холбогдоод явсан. Чойбалсан сум уруу явах замын бартаа сааднаас шалтгаалан машины тээшний /багааж/ түгжээ хугарч эвдэрсэн байсныг замын дагуу айлын гадаа очих үедээ мэдсэн. Ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг шалгахад чихрийн шилэн тавагны зурагтай жижиг хайрцагтай зүйл гээгдсэнийг мэдээд Тунгалагтамирт хэлэхэд ямар нэгэн юм хэлээгүй, машинаас бууж өөрийн ачааг шалгаагүй. Тэгээд тээшний хэсгийг нарийн олсоор даруулж бэхлээд цааш хөдөлсөн. Сум орох хүртлээ ачаагаа байнга шалгаж байсан. Суманд ирээд Тунгалагтамирыг буулгахдаа Өглөө сүүний хайрцагтай зүйл гээгдсэн болохыг бүгд мэдсэн. Зар тавьсан боловч холбоо барьсан хүн гараагүй. Дотор нь юу байсныг асуухад 500000 гаруй төгрөгийн бүтээгдэхүүн байсан гэхэд нь гайхсан. Үнэндээ жижиг Өглөө сүүний хайрцаг дотор юу байсныг мэдэхгүй. Бараа бүтээгдэхүүн хүлээн авсан баримт, Е баримт байна уу гэхэд бүх баримт нь хайрцаган дотроо байсан гээд маргасан. Ойлголцоогүй учир хуулийн байгууллагаар шийдвэрлүүлье гэсэн. Нэхэмжлэлд хавсаргасан барааны падаан гэх 5 хуудас захиалгын хуудас нь хуулийн дагуу хүчин төгөлдөр анхан шатны баримт биш, сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний захиалгын хуудас байсан. Уг захиалгын хуудаснуудын огноо нь сар гаруйн өмнөх он сар өдөртэй байсан. Тунгалагтамиртай ижил бизнес эрхэлдэг хүмүүсээс тодруулахад захиалга хийгдсэн өдрөөс 2-3 хоногт багтан бүтээгдэхүүн ирдэг, 7 хоногтоо захиалагчийн гар дээр очдог гэж хэлсэн. Мөн захиалгын хуудас дотор үйл явдал болсноос хойш огноотой хуудас байна. Ийм эргэлзээтэй байгаа учраас бид нотлох баримт шаардаад байгаа юм. Хүний ачааг алга болгосон учир бид санаа зовж байна. Гэхдээ 600000 төгрөгийн бараа байсан гэдэгт итгэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Гэрч Б.Ариунчимэг шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие цахим хаягт ажлын байрны санал тавихад Тунгалагтамир нь ирж уулзсан. 2019 оны 12 дугаар сараас эхлэн Сибирийн эрүүл мэндийн сүлжээнд элсэн хамтарч ажиллахаар болж Чулуунхороот суманд ажилласан. Би Эрээнцавын 10 гаруй хүнийг Тунгалагтамирын дор элсүүлсэн. Ингээд Тунгалагтамир цалинд хүрч 2 сая гаруй төгрөгийн цалин авсан. Гэнэт ажиллахаа болихоор нь учрыг асуухад хүмүүсийн захиалсан бараа бүтээгдэхүүнээ хаяад эргэлтийн мөнгөгүй болсон гэж хэлсэн. Манай компани нь мөнгөө төлсөн тохиолдолд шивэлт хийгдэн бүтээгдэхүүн нь ирдэг. Хэзээ ч зээлээр шивэлт хийдэггүй. Тунгалагтамир нь цалинд хүрч 600000 төгрөгийн бараа авсан. Эргэлтийн мөнгө нь алга болсон тул авах ёстой байсан цалингаа авч чадахгүй болж, дор нь ажилладаг байсан баг нь тарсан. Их хохирч байгаа. Чулуунхороот сум уруу хэдэн төгрөгийн ямар бараатай явсныг би мэдэхгүй. Манай салбарын албан ёсны оффисын эрх 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ирсэн. Түүнээс өмнө Е баримт өгөх боломжгүй байсан. Захиалгын хуудас нь бараа бүтээгдэхүүн авсныг нотолно. Тухайн баримтууд дээр тамга тэмдэг дардаггүй... гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Тунгалагтамир нь хариуцагч Г.Мөнхбатад холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 626680 /зургаан зуун хорин зургаан мянга зургаан зуун наян/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно. Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...жолооч намайг болон ачаа тээшийг саадгүй хүргэж өгнө гэж хөлс авсан учир иргэдийн аюулгүй зорчих болон ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй учир хохирлоо нэхэмжилнэ... гэж,
хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэлд хавсаргасан барааны падаан гэх 5 хуудас захиалгын хуудас нь хуулийн дагуу хүчин төгөлдөр анхан шатны баримт биш, сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний захиалгын хуудас байна. ...захиалгын хуудас дотор үйл явдал болсноос хойш огноотой хуудас байна, ямар нэгэн нотлох баримт байхгүй учир төлөхгүй... гэж тус тус тайлбарладаг.
Нэхэмжлэгч Ц.Тунгалагтамир нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн төвөөс Чулуунхороот сум уруу явахдаа хариуцагч Г.Мөнхбатын өмчлөлийн авто машинаар зорчсон бөгөөд явах замд түүний Өглөө сүүний хайрцагтай ачаа гээгдэн алдагдсан болох нь тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Шүүх талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэгч Г.Мөнхбат нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч Ц.Тунгалагтамир нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч Ц.Тунгалагтамир нь хөлс төлөх гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Г.Мөнхбат ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1-д заасны дагуу тээвэрлэгч нь зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөнд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол хариуцлага хүлээнэ. Иймд хариуцагч Г.Мөнхбат нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч нь 626680 төгрөгийн үнэ бүхий Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн байсан гэж нэхэмжилснийг хариуцагч баримтаар нотлоогүй гэж маргадаг.
Нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн захиалсан хуудсуудыг нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч талын үйл явдал болохоос өмнө, хойно захиалсан захиалгын хуудсууд байна, дээрх захиалгын хуудсаар авсан бараа бүтээгдэхүүнийг авч явсан гэдгийг нотлох баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч үйл явдал болсноос хойш буюу 2020 оны 2 дугаар сарын 28, 29-ний өдрүүдийн захиалгын хуудсыг өмнөх захиалгаа нөхөн гаргуулсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин гэрч Б.Ариунчимэгийн ...манай салбарын албан ёсны оффисын эрх 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ирсэн учраас Е баримт өгөх боломжгүй байсан, төлбөрөө төлсөн тохиолдолд захиалгын хуудас хэвлэгдэн гардаг учир захиалгын хуудас бараа бүтээгдэхүүн авсныг нотолно, тухайн баримтууд дээр тамга тэмдэг дардаггүй, Ц.Тунгалагтамир нь захиалга их хийж 2 сая гаран төгрөгийн цалин авсан... гэх мэдүүлэг, мөн хариуцагчийн нэхэмжлэгчийн Өглөө сүүний хайрцагтай ачааг замд гээгдүүлж хохирол учруулсан талаараа маргаагүй нөхцөл байдлуудыг харгалзан үйл баримт болохоос 1, 2 хоногийн өмнө буюу 2020 оны 2 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд захиалж авсан 245390 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 245390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тунгалагтамирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 381290 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Мөнхбатаас тээвэрлэлтийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 245390 /хоёр зуун дөчин таван мянга гурван зуун ерэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тунгалагтамирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 381290 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 8012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тунгалагтамирт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ