| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0227/З |
| Дугаар | 221/МА2026/0101 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2026/0101
Б.У, Ч.Б, Д.Э,
“Ээээ” ХХК, “Н” ХХК, “Мт” ХХК,
“Э****” ХХК, “Х******” ХХК, “Н” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгч: Б.У, Ч.Б, Д.Э, “Ээээ” ХХК, “Н” ХХК, “Мт” ХХК, “Э****” ХХК, “Х******” ХХК, “Н” ХХК
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 716 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгч Б.У, “Н” ХХК-ийн өмгөөлөгч Ж.С, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгч “Ээээ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2024/0227/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 716 дугаар шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 61 дүгээр зүйлийн 61.4, 68 дугаар зүйлийн 68.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.У нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагуудаас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дүгээр Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Газрын төлбөр тогтоох итгэлцүүрийн тоон утгын 6 дугаар бүсийн /1м.кв газарт ногдуулах төлбөрийн хэмжээ/ хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5671 дугаарт бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. “Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлыг хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэдэг Үндсэн хуулийн байгууллага юм. Энэ хүрээндээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/39 тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоосон.
2.2. Тус захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын төлбөр тогтоох эрх Татварын ерөнхий хуулиар олгогдоогүй гэж нэхэмжлэгчид маргасан. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна”, 7.2.18-д “газрын төлбөр” гэж заасан. Мөн хуулийн 8.1-т “Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно” гэж заасан. Эдгээрийг харгалзан газрын төлбөрийн хувь хэмжээний хязгаарыг Газрын Төлбөрийн тухай хуулиар, газрын төлбөрийг тогтооход ашиглах суурь үнэлгээг Засгийн газрын 182 дугаар тогтоолоор баталсан.
2.3. Харин Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр өсгөж, бууруулах боломжийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон байна. Өөрөөр хэлбэл энэ нь газрын төлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэсэн тусгайлсан зохицуулалт юм. Яг эндээс үүдэн хууль хэрэглээний маргаан гарч байна.
2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд хууль хэрэглэх талаар зохицуулсан. 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчилсан зохицуулсан хуулийн, тус хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Бидний маргаж байгаа асуудал бол газрын төлбөр тогтоохтой холбоотой маргаан тул Газрын тухай хуулийн заалтыг баримтална.
2.5. Хариуцагчийн газрын итгэлцүүрийн хувь хэмжээг тогтоох эрх нь дээрх хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолын хүрээнд багтаж байна. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дүгээр тогтоолын маргаан бүхий хэсгийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон агуулга нь дараах байдлаар зөрчилтэй байна.
2.6. Шүүхийн шийдвэрийн хянавал хэсгийн 20-д “... Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын холбогдох заалтыг буюу “… хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь байхаар тогтоосон хэм хэмжээний актын зохицуулалтыг үндэслэсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хууль журамд нийцсэн гэж үзэхээргүй байна гэж, хянавал хэсгийн 23-т “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнээс бус хуульд заасан хувь хэмжээнээс шууд тооцон ... тогтоох нөхцөл байдал үүссэн” гэж агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлтийг хийсэн.
2.7. Мөн хянавал хэсгийн 19-д “... хугацаа тогтоосон байх бөгөөд захиргааны байгууллагаас шүүхээс заасан хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тул Засгийн газрын дээрх тогтоолын холбогдох хэсэг хүчингүй болсон байна гэж дүгнэсэн боловч тухайн харилцааг зохицуулахаар Засгийн газрын 2025 оны 09 дүгээр тогтоол буюу шинээр гаргасан актыг нотлох баримтаар үнэлээгүй байна.
2.8. Дээрхээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.2-т заасан “... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн тул 121.1.1-т “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох М.Ч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны өмнөх намын бүлгийн хуралдаантай, Г.А хуулийн дагуу ээлжийн амралттай байсан тухай хүсэлтийг шүүхэд бичгээр өгсөн, мөн хариуцагчийн төлөөлөгч Ш.Н нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу байгууллагаас олгосон итгэмжлэлээс татгалзаж байгаагаа илэрхийлж, шүүх хуралдаанд оролцоогүй ба энэ нь хариуцагчийн мэтгэлцэх, татгалзлын үндэслэлээ нотлох зэрэг зарчим болоод эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Шүүгч Д.Чнь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагт иргэн Б.У нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааныг хийсэн. Зөвлөлдөх танхимаас гарч ирж шийдвэр танилцуулахдаа би алдаа гаргасан байна, захиргааны хэм хэмжээний акттай холбоотой учраас бүрэлдэхүүнтэй хийх байсан байна гээд шүүгчийн захирамжаар хурлыг хойшлуулж шүүгчид баймгүй мэргэжлийн алдааг гаргасан. Мөн хэргийн материалын нотлох баримт буюу тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг дур мэдэн сольсон нь илт хууль зөрчсөн үйлдэл болсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 716 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.У, Ч.Б, Д.Э, “Ээээ” ХХК, “Н” ХХК, “Мт” ХХК, “Э****” ХХК, “Х******” ХХК, “Н” ХХК-иудаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдуулан “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5671 дугаарт бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Газрын төлбөр тогтоох итгэлцүүрийн тоон утгын 6 дугаар бүсийн /1 м.кв газарт ногдуулах газрын төлбөрийн хэмжээ/ хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудаас ““Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дүгээр Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Газрын төлбөр тогтоох итгэлцүүрийн тоон утгын 6 дугаар бүсийн /1м.кв газарт ногдуулах төлбөрийн хэмжээ/ хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
4. Нэхэмжлэлийн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дүгээр Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Газрын төлбөр тогтоох итгэлцүүрийн тоон утгын 6 дугаар бүсийн /1м.кв газарт ногдуулах төлбөрийн хэмжээ/ хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
4.1. Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно.”, 2-т “Газрын суурь үнэлгээг тогтооход дараахь зарчмыг баримтална”, 2 дахь хэсгийн 1-д “хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээг тэдгээрийн зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалтыг харгалзах”, 2 дахь хэсгийн 2-т “энэ хэсгийн 1-д зааснаас бусад газрын үнэлгээг ашиглах зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзан тойрог бүрээр тогтоох”, 3-д “Газрын нэгдмэл санг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцөлөөр хуваасан үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийг Засгийн газар тогтооно”, 6 дугаар зүйлийн 3-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно: эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0,1-1,0 хувь;” 7 дугаар зүйлийн 2-т “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.
4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд газрын төлбөрийн хэмжээг газрын төлбөрийн суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийн инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр тогтоохоор заасан бөгөөд хуульд хот тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаарыг 0.1-1.0 хувь байхаар тооцож, тус хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтоохоор заасан байна.
4.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.У, Ч.Б, Д.Э, “Ээээ” ХХК, “Н” ХХК, “Мт” ХХК, “Э****” ХХК, “Х******” ХХК, “Н” ХХК-иудаас Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан шүүхэд “... Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2, 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох, Монголын Улсын Засгийн газрын татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус заасны дагуу газрын татварын хувь, хэмжээг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газарт газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
4.4. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаар шийдвэрээр “... Засгийн газраас хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг тодорхой, ойлгомжтой, ялгамжтай тогтоож өгснөөр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн тогтоосон итгэлцүүрийг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан хуульд заасан хязгаарт багтаан уг итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар болон тоон утгыг тогтоохоор хуульчилсан байхад маргаан бүхий 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолд хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь байхаар тодорхой бус тогтоосны улмаас аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнээс бус хуульд заасан энэ хувь хэмжээнээс шууд тооцон газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоох нөхцөл байдал үүссэн нь Газрын төлбөрийн тухай хуулийн зорилт, мөн хуулийн холбогдох заалт болон Татварын ерөнхий хуульд заасантай нийцэхгүй байна” гэж дүгнэн, тус шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын 2 дахь хэсэг дэх “... хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь ... байхаар тогтоосугай” гэсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
4.5. Хэдийгээр маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дүгээр тогтоолыг батлах үед Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын 2 дахь хэсэг хүчин төгөлдөр байсан боловч шүүхээс энэхүү маргааныг хянан шийдвэрлэх үед хүчингүй болсон байсан энэ тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнээс бус хуульд заасан хувь хэмжээнээс шууд тооцон газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоох нөхцөл үүссэн гэж үзэхээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “... хариуцагчаас маргаан бүхий 2021 оны 12/39 дугаар тогтоолыг гаргахдаа хуульд заасан 0.1-1.0 хувь гэсэн хуулийн заалтаар газрын суурь үнэлгээний хувийг шууд тогтоож газрын үнэлгээ, ашиглалт, зориулалт, зэрэглэл зэргийг харгалзан газрын төлбөрийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнээс бус хуульд заасан хувь хэмжээнээс шууд тооцон газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоох нөхцөл байдал үүссэн нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.6. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... газрын итгэлцүүрийн хувь хэмжээг тогтоох эрх нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолын хүрээнд багтаж байна, ... газрын төлбөрийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно ...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... тухайн харилцааг зохицуулахаар Засгийн газрын 2025 оны 09 дүгээр тогтоол буюу шинээр гаргасан актыг нотлох баримтаар үнэлээгүй ...” гэсэн агуулга бүхий гомдол нь тухайн маргаан бүхий тохиолдолд хэрхэн хамааралтай талаар тайлбарлаагүй байна.
4.8. Анхан шатны шүүхээс “... хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад эхлээд эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолсон нөлөөллийн шинжилгээг хийж, энэ шинжилгээгээр тухайн шийдвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай нь /нөлөөллийн шинжилгээг эрх бүхий этгээд танилцаж/ тогтоогдсон тохиолдолд санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулж уг саналуудыг тогтоолын төсөлд хэрхэн тусгаснаа танилцуулсан мэдээлэл бэлтгэж, тогтоолын төслийг батлуулахаар Хуралд оруулахаар байна. Маргаанд хамаарах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 3 иргэнийг оролцуулан 14 аж ахуйн нэгж байгууллага хэлэлцүүлгийн явцад болон цахимаар санал гаргасан гэж Нөлөөллийн шинжилгээнд дурдсан боловч хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг биелүүлсэн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
4.9. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.” 62.5-д “Хэлэлцүүлгийн явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны хэм хэмжээний актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэнэ” гэж заасан.
4.10. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/147 дугаар тушаалын хавсралтаар баталсан Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалын 2.1-д “Нөлөөллийн шинжилгээнд Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан дараахь нөхцөл байдлыг тусгаж түүнд хариулт өгөх байдлаар хийнэ:”, 2.1.3-д “ акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох. Тухайн захиргааны хэм хэмжээний актын улмаас нийгмийн ямар бүлэг, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг явуулна” гэж заасан.
4.11. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хийсэн нөлөөллийн шинжилгээ, түүнтэй холбоотой хийгдсэн судалгаанууд, газрын төлбөр төлөгч болон холбогдох захиргааны байгууллагуудаас санал авсантай холбоотой баримтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасан холбогдох байгууллагаас албан ёсоор санал авах, нөлөөллийн шинжилгээг аргачлалын дагуу хийж, нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэх зэргээр захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх хүрээнд тодорхой ажил гүйцэтгэснийг нотлохоос бус хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааг явуулсанд хамаарахгүй.
4.12. Энэ тохиолдолд Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг, хязгаар, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг шинэчлэн тогтоох тухай захиргааны хэм хэмжээний актыг гаргах ажиллагаанд нийт 3 иргэн, 14 аж ахуйн нэгж байгууллагаас санал авсан нь газрын төлбөр төлөгч 193.000 гаруй оролцогчийн оролцоог бүрэн хангасан гэж дүгнэх боломжгүй байна.
4.13. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хэм хэмжээний актын төслийг бэлтгэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ хуульд зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу актын төсөлд иргэдийн саналыг авах, ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг буюу газрын төлбөр төлөгчдийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү ажиллагааг хариуцагч бүрэн явуулсан эсэхийг тодруулж, шаардлагатай бол дахин явуулсны үндсэн дээр газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг шинэчлэн тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцнэ.
5. Нэхэмжлэлийн “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5671 дугаарт бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
5.1. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус заасан.
5.2. Маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5671 дугаарт бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаарт нийтэлсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байна.
5.3. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... Захиргааны хэм хэмжээний актыг эрх бүхий байгууллагаас хуульд заасан журмын дагуу бүртгэж, нийтлэгдсэн нь нэхэмжлэгч нархын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж, нэхэмжлэгчид ямар сөрөг үр дагавар үүссэн болох нь тодорхойгүй, .... холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгож байгаа тул бүртгэгдсэн хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж хүчингүй болсон холбогдох хэсгийг бүртгэж нийтлэх боломжтой, ... тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангараваас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчаас олгосон итгэмжлэлээс татгалзсан байх боловч анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төлөөлөл дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 29.2.1-д “төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан” гэж заасныг буруу тайлбарласан, мөн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалням оролцоогүй байхад шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон гэж тэмдэглэсэн байх бөгөөд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ м.цэцэгмаа
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ