Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1098

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Д.Түмэнжаргал,

шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001294 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, “**********” зочид буудал дотор хохирогч **********маргалдан цохиж, өвдөглөж эрүүл мэндэд “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун алганд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр хоёр найзтайгаа уулзаад караоке орсон. Хүн амьтан шуугилдах чимээ гарахаар нь очтол 3-4 хүн байсан. Тэд нартай муудалцаад ийм хэрэг болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Дахиж ийм муухай үйлдэл гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн 2308000001294 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч **********: “Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт байх “**********” нэртэй зочид буудалд 12 цагийн орчим найз **********тай хамт орсон. Бид хоёр 0,75 литрийн хэмжээтэй нэг шил архи уусан. Тэгсэн 2023 оны 7 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 02 цагийн орчим нэг танихгүй залуу гаднаас манай өрөөнд орж ирээд шууд миний нүүр хэсэгт гараараа цохиод газар унасан чинь хамар хэсэгт өвдөглөөд тэр үед буудлын эзэн цагдаад дуудлага өгсөн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.07.19-ний өдрийн 8677 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ********** биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун алганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Гэрч **********: “2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Батнямын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах “**********” караоке, зочид буудалд орж сууж байгаад “оройтчихлоо” гээд буудал руу орж амрая гээд өрөө аваад би түрүүлээд амрахаар болсон. Унтаж байгаад боссон чинь найз **********нэг хүнтэй маргалдаж, муудалцаад коридорт зогсож байсан. Тэгээд доороос хүн нь гарч ирээд “цагдаа дуудчихлаа” гээд удалгүй цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Би хүн цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Шүүгдэгч **********яллагдагчаар өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...найз ********** нэг танихгүй залуутай маргалдаад, барьцалдаад зогсож байхаар нь би “больцгоо” гээд дундуур нь орсон. Би тухайн үед нэлээн согтсон байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна, гэхдээ дараа нь сайн бодож үзэхэд найз **********тэй барьцалдаад зогсож байсан залуутай цохилцож зодолдсон  байна лээ. Би тухайн хүнийг цохиж, зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал),

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...хохирогч **********үзүүлж өөрийг нь зодсон гэх хүмүүс уг хүмүүсийн дунд байна уу, хэрэв байвал та уг хүний зургыг зааж ямар содон шинж тэмдгээр нь таньж байгаа болох талаар ярина уу” гэхэд **********нь 1 дүгээр зурагт байгаа хүн мөн байна гэж *********ын ************ын зургийг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-30 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-40), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-83), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-41), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-42), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-43), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-44), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-45), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-46-47), дансны хуулга (хх-48-74), хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хх-96) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, “**********” зочид буудал дотор хохирогч **********маргалдан цохиж, өвдөглөж эрүүл мэндэд “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун алганд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ********** “...нэг танихгүй залуу гаднаас манай өрөөнд орж ирээд шууд миний нүүр хэсэгт гараараа цохиод газар унасан чинь хамар хэсэгт өвдөглөөд...” гэх мэдүүлэг (хх-7-8), шүүх эмнэлгийн 8677 дугаар “1. ********** биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун алганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...6. Зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-21-22), гэрч ********** “...буудлын өрөөнд унтаж байгаад боссон чинь найз **********нэг хүнтэй маргалдаж, муудалцаад коридорт зогсож байсан...” гэх мэдүүлэг (хх-14-15), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-25-30) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч **********согтуурсан үедээ, хохирогч **********маргалдан нүүр хэсэгт цохиж унаган, өвдөглөн хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдолтой” гэх мэдүүлэг (хх-7-8)-ийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан, хор уршигтай холбоотой нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********нь 2023 оны 7 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо “**********” зочид буудал дотор хохирогч **********маргалдаж цохиж, өшиглөж эрүүл мэндэд “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун алганд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ бусадтай маргалдан хохирогчийн нүүр хэсэгт цохиж унаган, өвдөглөж эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Буянт Оюу” ХХК-ийн Авто центрт автын механикч ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч **********600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт *********ын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч **********гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР