Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1122

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Э.Оргилбат,

шүүгдэгч ************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ************холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308021511367 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************тоотод байрлах гэртээ хохирогч ************хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан архины шил хагалан хагархай хэсгээр зүсэж, гараараа цохиж зодон эрүүл мэндэд “эрүү, хамар, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ************шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирогч гэрт нулимаад, цэрээ хаяад байсан. Өөрөө энэ талаараа сайн мэдэхгүй байсан. Гэм буруугаа ойлгож, маш их харамсаж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.

Эрүүгийн 2308021511367 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ************: “2023 оны 6 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед танил ************ахын гэрт 0,75 литрийн архи 1 шилийг аваад очсон. Бид 2 хувааж ууж байтал ************ах гэнэт босож ирээд ууж байсан архины шилээ хагалаад хэлтэрхийгээр нь нүүр, баруун хөлний өвдөг зэргийг зүсээд гар, хөл, мөр лүү гараараа цохиод зодоод байсан. Би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Энэ үөд аав нь хажуунаас “Зүгээр байгаа хүүхдийг яаж байгаа юм” гэж хэлтэл ************ах гэнэт ухаан орсон юм шиг зодохоо болиод суусан. Тэгээд ************ах түргэн дуудна гэж гараад хүний утсаар дуудсан байсан. Би Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон, мөн шаардлагатай эм тариа авсан. Хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Баримтаа хэрэгт тусгуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.06.27-ны өдрийн 8115 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. ************ биед эрүү, хамар, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.9. Дээрх эрүү, хамар, баруун өвдөгний шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун шуу, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.5.6. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 7. Дээрх эрүү, хамар, баруун өвдөгний шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн алинд нь ч үүсэх боломжтой. Харин баруун шуу, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 8. ************ биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. 10. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

Шүүгдэгч ************яллагдагчаар өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд гэртээ аавын хамт байхад зүс таних ************ манайд 1 шилийг авч ирсэн. Бид 2 бөх үзэнгээ архийг ууж байтал ************ согтоод гэрт нус, шүлсээ хаяад байхаар нь би “Чи битгий давраад байгаарай” гээд хэвтэж байхдаа хөлөөрөө жийсэн чинь ************ ууж байсан архины шилээр намайг цохихоор би архины шилийг булааж аваад төмөр оронд цохиж хагалаад бариул хэсгийнх нь төмрөөр ************ зүсчихсэн. Тэгэж байгаад би гэрлийг асаатал аав сэрээд “хүүхэд гэмтээлээ” гэж хэлэхээр нь би түргэн тусламж дуудсан. ************ өөрөө хэрэггүй гэж байсан ч би асуудал хүндэрч магадгүй гэж бодоод түргэн тусламж дуудсан. Надаас ямар нэгэн нэхэмжилсэн зүйл байхгүй. Баримтаар хохирол нэхэмжилсэн тохиолдолд төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-34), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-28), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-26), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-30), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-32), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-36), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-38), АСАП сангийн лавлагаа (хх-44-46) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ************согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************тоотод байрлах гэртээ хохирогч ************хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан архины шил хагалан хагархай хэсгээр зүсэж, гараараа цохиж зодон эрүүл мэндэд “эрүү, хамар, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ************ “...************ах гэнэт босож ирээд ууж байсан архины шилээ хагалаад хэлтэрхийгээр нь миний нүүр, баруун хөлний өвдөг зэргийг зүсээд гар, хөл, мөр лүү гараараа цохиод зодоод байсан...” гэх мэдүүлэг (хх-10), шүүх эмнэлгийн 8115 дугаар “1.2. ************ биед эрүү, хамар, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.9. Дээрх эрүү, хамар, баруун өвдөгний шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-13-14), шүүгдэгч ************“...************ ууж байсан архины шилээр намайг цохихоор би архины шилийг булааж аваад төмөр оронд цохиж хагалаад зүсчихсэн...” гэх мэдүүлэг (хх-24) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ************согтуурсан үедээ, хохирогч ************хувийн таарамжгүй харилцаа үүсгэн архины шил хагалж хэлтэрхийгээр эрүү, нүүр, баруун хөлний өвдгийг зүсэж, цохин хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүйг харгалзан шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Д.************ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ************согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *******дугаар хороо, Тахилтын **** тоотод хохирогч ************хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд “эрүү, хамар, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зэргийг харгалзсан болно...” гэж,

шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж шүүгдэгч архины шил хагалан хагархай хэсгээр нь хохирогчийн эрүү, нүүр, баруун өвдгийг хэд хэдэн удаа зүсэж, гар, мөр, хөл рүү нь гараараа олон удаа цохиж эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “нийтэд тустай ажил хийлгэх” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт ************ийн ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ************ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР