| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/03161/и |
| Дугаар | 183/ШШ2019/00137 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2019/00137
| 2020 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2020/00137 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо байрлах, Ч-ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух, Д. Б /РД: /,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоот хаягт оршин суух, Д. Ц /РД: / нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 339 903 172.29 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч-ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч-нь зээлдэгч Д.Б, Д.Ц нартай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ББГ-2017/ЗГ/114 тоот орон сууцны зээлийн гэрээний дагуу орон сууц худалдан авах зориулалтаар 318 000 000 төгрөгийг 2032 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 180 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Б, Д.Ц нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, /17012/ 530 дугаар байрны 1203 тоотод байрлах, 106 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалуулж, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ББГ-2017/БГ/114/02 тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2018 оноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 11 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 7 215 939.30 төгрөг, зээлийн хүүнд 31 292 319.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 62 238.61 төгрөг, нийт 38 570 496.72 төгрөгийг төлсөн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна. Тус банк нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг хариуцагч нарт удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрт тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу ирүүлсэн ч бодитой төлөлт хийгдээгүй юм. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 310 784 061.70 төгрөг, зээлийн хүүнд 29 047 756.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71 535.72 төгрөг, нийт 339 903 172.29 төгрөгийг тус банкинд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байна. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ББГ-2017/ЗГ/114 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт нийт 339 903 172.29 төгрөгийг төлүүлэх, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ББГ-2017/БГ/114/02 тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч-ХХК нь хариуцагч Д.Б, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 339 903 172.29 төгрөг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- тоот дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, /17012/ 530 дугаар байрны 1203 тоот хаягт байрлах, 106 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2017 оны 11 сарын 16-ны өдөр ББГ-2017/ЗГ/114 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Б, Д.Ц нар нь зээлээр орон сууцны худалдах, худалдан авах зориулалтаар 318 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй, зээлдэгч Д.Б, Д.Ц нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд ББГ-2017/БГ/114/02 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, /17012/ 530 дугаар байрны 1203 тоот хаягт байрлах, 106 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд бариулжээ. /хх-7-13/
Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримт нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч Д.Б, Д.Ц нар нь гэрээ байгуулагдсан 2017 оны 11 сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 7 215 939.30 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 31 292 319.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 62 238.61 төлсөн ба 2019 оны 06 сарын 13-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2032 оны 11 сарын 16-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлохдоо дээрх зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулахаар шаардсан ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл тооцох үндэслэлтэй боловч нэхэмжлэгч зээлийн тооцооллыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2017 оны 11 сарын 16-ны өдөр ББГ-2017/ЗГ-114 дүгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба зээлийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч нараас үндсэн зээл 310 784 061.70 төгрөг, хүү 29 047 756.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71 535.72 төгрөг, нийт 339 903 172.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч Д.Б, Д.Ц нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нотлох баримтуудыг зөвшөөрсөн, үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь дээр шүүхээс хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн ББГ-2017/ЗГ/114 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Б , Ц нараас 339 903 172.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч-ХХК /РД:/-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Б, Д.Ц нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн, 106 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 927 665.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 1 927 665.86 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч-ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ