Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1121

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001323 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод хохирогч ***********үл ялих шалтгаанаар маргалдан, толгой руу нь мөргөж, нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд “баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Би тухайн үед архи уусан байсан. Хохирогч орж ирээд үгийн зөрүүгүй намайг цохисон болохоор би цохисон. Нүдэнд нь 1 удаа мөргөсөн, миний буруу. Хохирогчтой тохиролцоод 300,000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Харамсаж байна” гэв.

Эрүүгийн 2308000001323 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ***********: “2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ажлаасаа буугаад найзуудтайгаа баяр тэмдэглэж байгаад 02 цагийн үед гэртээ ирэхэд ээж, эгч, дүү болон нэг гудамжинд байдаг танил ах манайд архи ууж байсан. Агсам согтуу тавьсан байдалтай байхаар нь би тухайн ахтай “боль, яах гэж манайд архи, дарс уугаад агсам согтуу тавиад байгаа юм” гэж маргалдан муудалцаж байхдаа намайг мөргөөд, гараараа нүүр лүү 1-2 удаа цохисон. Над руу тоосго барьж хөөсөн, би зөрүүлж цохиогүй, арай гэж салаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд тухайн ах зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.07.19-ний өдрийн 8899 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. *********** биед баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх хүзүүний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5. Дээрх хүзүүний цус хуралт гэмтэл нь үзүүлсэн өдрөөс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх хүзүүний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Гэрч ***********: “2023 оны 7 дугаар сарын 12-нд гэртээ байхад 01 цаг өнгөрөөд 02 цаг болох гэж байхад манай гэрийн ойролцоо байх ***********орж ирсэн. Манай ээж “шөнө болж байхад юу хийж яваа юм” гэхэд “ганц архи ууя” гээд архи барьсан байсан. Юм яриад ээж нэг хундага уугаад, би амсаад өгсөн. Манай эхнэр ***********жорлон орох гээд гарсан хойгуур *********** орж ирээд “шөнө болж байхад яагаад айлд архи уугаад байгаа юм, гэртээ очиж уу” гэж ***********т хэлсэн. ***********“архи уугаад гарна, ямар сүртэй юм” гэхэд *********** “гар” гэхэд ***********босож ирээд шууд ***********мөргөөд нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Бид хэд ***********ыг гаргаад явуулсан. *********** халдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

Гэрч ***********: “2023 оны 7 дугаар сарын 12-нд гэртээ байсан. 02 цаг болох гэж байхад гэрт ***********орж ирсэн. Манай ээж “шөнө болж байхад юу хийж яваа юм” гэхэд “ганц архи ууя” гээд архи барьсан байсан. ...Ороход *********** ирсэн нүд нь хөхөрсөн байсан, яасан талаар асуухад “***********ахыг гэрээс гар гэж хэлэхэд мөргөөд 2-3 удаа гараараа нүүр хэсэгт цохичихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

Шүүгдэгч Б.***********ын яллагдагчаар өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг өнгөрч байхад ...танил ***********гэрт архи аваад орсон. ***********, түүний нөхрийн хамт архи уугаад сууж байсан. Гаднаас ***********дүү *********** орж ирээд миний шанаа хэсэгт гараараа цохисон. Би ***********т хандаж “чи яаж байна, гаръя хэлж ярих юм байвал хэлчих” гэхэд *********** “чи манай гэрт яагаад архи уугаад байгаа юм” гээд маргалдаад би цамцны захаар нь заамдаж боогоод нэг удаа ***********ын нүүр хэсэгт мөргөөд гараад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-29), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-25), “***********” ХХК-ийн “***********нь тус компанид гуталчнаар 2018 оноос хойш ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-28), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-30), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-31), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-32), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-33), дансны хуулга (хх-34-44) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод хохирогч ***********үл ялих шалтгаанаар маргалдан, толгой руу нь мөргөж, нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд “баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *********** “...би тухайн ахтай “боль, яах гэж манайд архи, дарс уугаад агсам согтуу тавиад байгаа юм” гэж маргалдан муудалцаж байхад намайг мөргөөд, гараараа нүүр лүү 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-7-8), шүүх эмнэлгийн 8899 дүгээр “1. *********** биед баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-19-20), гэрч *********** “...***********босож ирээд шууд ***********мөргөөд нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-13), гэрч  *********** “...*********** ***********ахыг гэрээс гар гэж хэлэхэд намайг мөргөөд 2-3 удаа гараараа нүүр хэсэгт цохичихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-15), шүүгдэгч Б.***********ын “...*********** “чи манай гэрт яагаад архи уугаад байгаа юм” гээд маргалдаад би цамцны захаар нь заамдаж боогоод нэг удаа ***********ын нүүр хэсэгт мөргөөд гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-63) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч “Нэг удаа мөргөсөн, хохирогч эхэлж цохисон” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна гэж шүүх үзснийг тэмдэглэж байна.

Иймд шүүгдэгч Б.***********ын ахуйн хүрээнд согтуурсан үедээ, хохирогчийн “гэрт архи уулаа, боль” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хохирогч ***********маргалдан нүүр хэсэгт мөргөж, хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 300,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчийн “Гомдолгүй, 300,000 төгрөг авсан” гэх тайлбарыг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод хохирогч ***********үл ялих шалтгаанаар маргалдан, толгой руу нь мөргөж, нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд “баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй, 300,000 төгрөг төлсөн гэх, хохирогч баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Өмнө 2 удаа ял шийтгүүлсэн ч хууль зүйн үр дагавар арилсан. Ажилтай, орлоготой тул торгох ялыг зөвшөөрч байна. 500,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ахуйн хүрээнд буюу шөнө айлд архи уухаар авч орон ууж согтуурсан үедээ, хохирогчийн “гэрт архи уулаа, боль” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, хэд хэдэн удаа цохиж эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 300,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“***********” ХХК-д гуталчин ажилтай, орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч ***********600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР