Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/359

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Л.Наранхүү,

шинжээч Л.Бямбатуяа,

шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг,

шүүгдэгч Э.Л гийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч, хохирогч Б.Б , Э.Л  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Б , Б овогт Э-н Л  нарт холбогдох эрүүгийн 2334000000222 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр   хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ............. оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

 -Нийслэлийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялыг Улсын дээд шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 04- ний өдрийн 73 дугаартай тогтоолоор 3 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж өөрчилснийг 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 -Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

-Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулах ялыг өршөөсөн, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Б-н Б , ............. регистрийн дугаартай гэв.

 

2.Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, "Ирээдүй" цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Энхжингийн 19-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Э-н Л , ............. регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Б.Б  нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн 21-3 тоотод 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Л тэй “...машины төлбөр төлөөгүй...” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь гар утсаар 1 удаа цохиж эрүүл мэндэд хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Л  нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн 21-3 тоотод 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Б тэй “...машины төлбөр төлөөгүй...” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зүүн гарын бугуйн тус газарт шүдээрээ хазаж эрүүл мэндэд нь зүүн бугуйн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч, хохирогч Б.Б : “2023 оны 5 дугаар сарын 11-ны өдөр манай хүүхдийн хонхны баяр болсон. Орой 19 цагийн үед би бага хүүтэй зурагт үзээд байж байсан. Манай хаалга тогшсон манай хүү хаалга онгойлгож өгсөн. Л  гээд эмэгтэй дуу гарсан тэгээд орж ирээд суусан.  Батбаяр үнэлгээний бичиг баримт  надад өгсөн. Тэгээд зураг аваад та нар яагаад мөнгөө өгөхгүй байгаа юм бэ олон удаа та нарын гуйлаа гэж байсан. Манай эхнэр учирлаж хэлээд ямар ч байсан мөнгийг чинь өгнө гэсэн. Манай хүн рүү нэлээд дайрч давшилсан. Дөнгөж орж ирэхдээ цэнэглэгч байна уу гэж хэлсэн. Тэгээд утсаа асаагаад суусан. Манай буруу ямар ч байсан мөнгөө өгнө одоо манайд мөнгөний боломж муу байна 5 дугаар сарын 30-нд мөнгөө өгнө гэж хэлсэн. Тэгтэл Л  манайд  цаг гаран бичлэг хийсэн. Бичлэгээ хийхээ боль гэхэд болихгүй өөрөө манай эхнэрийг доромжлох болохоороо бичлэгээ унтраагаад манай эхнэр өөдөөс нь юм хэлэхээр бичлэгээ асаагаад байсан. Эхлээд бол 300.000 төгрөг өгчих гэж байсан. Тэгээд маргааш нь үнэлгээ хийлгээд 900.000 гаруй төгрөг болсон байсан. шинээр солиход 300.000 төгрөг болно, харин будуулаад засуулахад 970.000 төгрөг болно гэсэн үнэлгээ гаргасан. Бид нар 300.000 төгрөг төлж чадахгүй байсан хүмүүс 900.000 төгрөг төлж чадаагүй. Манай эхнэр 300.000 төгрөг өгье гэсэн чинь авахгүй 600.000 төгрөг авна гээд байсан. Цаг гаран манайд орж ирээд доромжилж доромжилж явах гэж байсан. Тэгээд намайг ариун цэврийн өрөө ороод гараад ирсэн чинь л Л  буцаад суусан байсан. Манай эхнэр аягаа угаад байхад Л  бичлэг хийж байсан тэгээд би наад бичлэгээ болиоч гээд утсыг нь аваад цаашаа явж байсан чинь миний утсыг өг гээд араас үсэрч орж ирээд намайг хоолойноос заамдсан. Би баруун гартаа утсыг барьсан байсан. Тэгээд намайг самардаад байхаар нь Л гийн зүүн гарнаас барьсан. Л гийн нөхөр боль гэж хэлж байсан. Би тэгээд яаж дээрэлхүүлээд байж байх вэ цагдаа дууд гэж хэлсэн.  Манай эхнэр цагдаа дуудаад байж байтал Л  заамдаж байсан гараа тавиад миний гарыг татаж хазсан. Маш их өвдөж байсан тэгээд би чи боль гээд толгой руу нь түлхсэн. Тэгээд би Л гийн толгойноос цус гарч байсан. Намайг ахиад л заамдсан нөхөр нь гарч цагдаа дуудсан,  нөхөр нь гарч яваад удалгүй цагдаа ирсэн. Цагдаа руу очоод мөрдөгчид хэлсэн.  Та хоёр бие  та хоёр зохицчих төрийн албан хаагч юм байна гэж хэлж байсан. Маргааш нь Л гийн хадам ээж над руу залгаад баахан мөнгө нэхээд байсан.  Нэг ийм л асуудал болсон.” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Э.Л : “Би өөрөө хохирогч хүн яагаад ингэж хэлж байгааг ойлгохгүй байна. Хэн ч цус алдахаар хэн ч цочирдоно. Манай машиныг 4 дугаар сарын 17-ны өдөр мөргөсөн. Би 5 дугаар сарын эхээр мөнгөө өг гэж хэлж байсан. Б гийн эхнэр согтуу байсан. Залгахаар утсаа авахгүй, мессежэд хариу өгөхгүй байсан тэгээд аргаа бараад л гэрт нь очсон юм.” гэв.

 

            Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            Хохирогч Э.Л гийн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/, хохирогч Б.Б гийн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/, гэрч Б.Б ын мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/, гэрч Б.Д гийн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/, Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Чулуунбаатарын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 хуудас/, Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 29-30 хуудас/,  зэрэг болно.

 

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан шүүгдэгч Б.Б , Э.Л  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б , Э.Л  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас:“ Шүүгдэгч Б.Б  нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн 21-3 тоотод 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Л тэй “...машины төлбөр төлөөгүй...” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь гар утсаар 1 удаа цохиж эрүүл мэндэд хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Шүүгдэгч Э.Л  нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн 21-3 тоотод 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Б тэй “...машины төлбөр төлөөгүй...” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зүүн гарын бугуйн тус газарт шүдээрээ хазаж эрүүл мэндэд нь зүүн бугуйн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хохирогч, яллагдагч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч Э.Л , Б.Б  нар нь өөрийн үйлдлийн хууль болохийг мэдэж байсан хохирол хор уршиг зориуд хүргэсэн гэж үзэж байна. Б.Б , Э.Л  нарын үйлдэл нь хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна. Гэм бурууг нотолж байгаа нотлох баримт нь үгүйсгэх баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Л , Б.Б  нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Б.Б , Э.Л  нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч Л.Энхтунгалагаас: “Шүүх хуралдааны хэлэлцүүлгээс дүгнэхэд Б.Б , Э.Л  нарын хооронд төлбөрийн асуудал яригдаагүй утас булаацалдсан асуудал яригдаж байна. Шүүгдэгч нар төлбөр яриагүй. Бичлэг хийлээ гэж маргаж утас булаацалдсанаас болж ийм хэрэг гарсан. Шинжээчийн дүгнэлтээр боосон байгаа тохиолдолд гарт нь хүрч хазах боломжгүй гэж хэлж байна.  Б.Б  нэг гараараа утсыг нь барьж нөгөө гараараа нэг гараараа Э.Л гийн сарвалзаж байгаа гарыг хорьж байсан талаараа мэдүүлдэг ийм учраас утсаа авахын тулд хүнийг хазаж биед нь гэмтэл учруулсан үүнээс болж Б.Б  өөрт учирсан өвдөлтийн улмаас хазалтыг таслан зогсоохын тулд толгой руу түлхэх үйлдэл хийсэн байгаа. Гэхдээ утсаар толгой нь цохигдоод гэмтэл учирсан. Тийм учраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн өөрийнхөө эрүүл мэндийн эрүүл мэндийн эсрэг довтолгооны эсрэг хийж буй үйлдэл гэж үзэж аргагүй хамгаалалтад тооцож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн Э.Л гийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас: “Нэг зүйлийг хэлмээр байна. Нотлох баримт шинжлэн судалсны дараа асуулт асуухад хэргийн бодит байдал Б.Б  хоолойг боосны дараа Э.Л  хазсан үйл баримт нь Э.Л гийн мэдүүлэг болон Б ын мэдүүлэг зэргээр  тодорхой болж байна. Биеийн харьцаа хүч тэнцвэргүй, хүйсийн ялгаатай зэрэг нөхцөл байдал байна. Гэм бурууг шийдвэрлэхдээ 2 зүйл харж үзнэ үү гэж хүсэж байна. Аргагүй хамгаалалт гарцаагүй байдлын улмаас Э.Л  Б.Б гийн биед гэмтэл учруулсан байх боломжтой нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд харагдаж байна. Тиймээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1, 4.3-т заасныг хэрэглэх боломжтой бол хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. Монгол улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн  245 дугаар тогтоолд халдлага бодитой эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хохирол учруулах нь  хэн бүхэнд илэрхий,тодорхой байгаа буюу довтолгоо нь дуусаагүй байх явдалд хамгаалалт хийх эрх үүсдэг гэсэн байна. Миний үйлчлүүлэгч   хэр хэмжээгээ , адил хөнгөн хохирол учирсан  байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь машины хохирол төлөөгүйгээс болсон. Шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хор хохирлын хэмжээг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б , Э.Л  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Э.Л  болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй, шүүгдэгч Э.Л  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

            Харин шүүгдэгч Б.Б  болон түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж, Э.Л д учирсан хөнгөн хохирлыг  учруулаагүй, хэргийг прокурорт буцааж өгнө үү? гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч Э.Л  нь  нөхөр Б.Б ын хамт Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн 21-3 тоотод 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нөхөр ... тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б гийн эхнэр ... тээврийн хэрэгслээр мөргөж, гэмтэл учруулсан хохирол өгөх эсэх асуудлын талаар ярилцахаар Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн 21-3 тоотод байрлах Б.Б гийн гэрт очиход эхнэр Дарсүрэн нь хаалгаа тайлж гэртээ оруулсан байдаг.

            Улмаар тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, түүний үнэлгээний талаар маргалдаж,  Б.Б гийн эхнэр Б.Д  “та нарын төлбөр төлөхгүй” гэж уурлахад Э.Л  нь  бичлэг хийх явцад Б.Б  нь түүний гар утсыг булааж аваад маргаан үүсэх явцад Б.Б  нь гар утсаар Э.Л гийн толгойн орой хэсэгт цохисоны улмаас “толгойн орой хэсэгт 2 см урттай, хөндлөн байрлалтай шарх бүхий” гэмтэл учирсан бөгөөд/хх 2-4 тал/

          Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан “хуйханд шарх гэмтэл” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “хөнгөн” гэмтэлд хамаарагдаж байна.

           Хохирогч Э.Л  болон түүний нөхөр Б.Б  нар тухайн өдөр /тэр дороо/ Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан ба Б.Б  нь хохирогч Э.Л гийн гар утсыг булаан авч түүний толгой тус газарт нь цохиж байгаа үйлдэл хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэсэн тул Б.Б  түүний өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

          Шүүгдэгч Б.Б  нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн 21-3 тоотод 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Л тэй “...машины төлбөр төлөөгүй..” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт гар утсаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хуйханд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж,

         Шүүгдэгч Э.Л  нь  Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн 21-3 тоотод 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Б тэй “...машины төлбөр төлөөгүй..” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зүүн гарын бугуйн тус газарт шүдээрээ хазаж эрүүл мэндэд нь зүүн бугуйн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2334000000222  хэрэгт авагдсан:

 

            Шүүгдэгч Э.Л гийн өгсөн: “ 2023 оны 05 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим Э.Л  би өөрийн нөхөр Б ын хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Двизийн 5 давхар байранд амьдардаг Б  гэх айлд түүний эхнэртэй нь уулзахаар очсон юм. Бид нар машины хохирлын төлбөрийг хэзээ барагдуулж өгөх талаар очсон юм. Бид нарыг очиход Б гийн эхнэр нь гэрийнхээ хаалгыг тайлж өгсөн. Тэгээд гэрт нь ороход Б , эхнэр нь, бас тэдний 4 насны орчим хүүхэд гурав байсан. Манай нөхөр бид хоёрыг гэртээ оруулаад сандал дээр суулгасан. Бид нар сандал дээр сууж байхдаа та нар манай машины хохиролыг төлөхгүй болохоор нь бид нар өөрсдөө яваад ирлээ гэж хэлсэн. Тэгсэн эхнэр нь танай хохиролыг барагдуулж өгнө, та нар юун сүртэй юм бэ гэж уурлаж, манай гэрт ийм орой яах гэж ирсэн юм бэ гэж хэлсэн. Тэр үед согтуу байх шиг байсан. Эхнэр нь уурлаад хашигчаад байсан. Тэгсэн нөхөр Б  нь эхнэртээ уурлаж, чи дүү нартаа хэлээгүй юм уу хэлнэ гэж хэлээ биз дээ, энэ хүмүүс 1 шийд сонсох гэж ирсэн байна, чи 1 шийд өг гэж эхнэртээ уурлаж эхэлсэн. Тэр үед манай нөхөр Б  нь та нарын муудалцхыг хармааргүй байна, та нар утсаа авахгүй, шийд өгөхгүй байх юм бид нар зүгээр ямар нэгэн шийдвэр сонсох гэж ирсэн гэж хэлсэн. Б  нь эхнэртээ уурлаж чи дүү нараараа тэр машиныг нь засуулаад өгчихгүй гэж яасан юм бэ гэж хэлээд уурлахад эхнэр нь уурлаад чадахгүй та нарыг төлбөрийг төлнө гэж байхгүй, харж байгаарай гэж хэлээд уурлаад байхаар нь би та согтуу байна, би чадахгүй гэж хэлж байгааг чинь бичлэг хийж авна тэгээд цагдаад өгч шалгуулна гэж хэлээд утсаа гаргаж ирэхэд Б  нь миний утсыг булааж аваад намайг миний хувцснаас зуурч хоолой боогоод байхаар нь Б гийн гарыг нь хазаж боолтыг нь тавиулахад Б  нь уурлаж миний гар утсаар миний толгой хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. Нэг мэдсэн манай нөхөр намайг алгадаж сэрээж байсан. Би сэргээд миний толгойг хагалсан байна, цус гараад байна, толгой боох юм өгөөч гэж хэлэхэд Б гийн эхнэр нь хохьчин та нар яах гэж цагдаад дуудлага өгнө гэж хэлсэн юм бэ гэж хэлэхээр нь би нөхөртэйгөө хамт эмнэлэг явахаар тэднийг гэрээс гарахад түүний эхнэр нь бас мөрөөрөө шүргэж уурлаад үлдсэн. Би нөхөртэйгөө хамт эмнэлэгт явж үзүүлж боолт хийлгэсэн. Б  гэх хүн миний толгой хэсэгт миний гар утсаар 1 удаа цохиж гэмтээсэн. Би эмнэлэг орж 2 ширхэг оёдол тавиулсан. Миний толгой эргэж бөөлжиж тархи доргисон байгаа. Миний толгой нүүр хэсэгт чинэрч өвдөөд байгаа. Б  эрүүл байсан. Миний бодлоор эхнэр нь бага зэргийн согтолттой байх шиг байсан. Би тэр үед та согтуу байгаа юм биш үү таны яриа үг хэллэг эвгүй байна гэж хэлэхэд Б гийн эхнэр нь уурлаж бичлэг хийнэ гэж хэлж байсан. Миний эмчилгээний зардлын мөнгө одоогоор 800,000 төгрөг гарсан байх. Одоо томографик авхуулах ёстой хэдэн төгрөг болохыг нь  мэдэхгүй байна. Би одоо 7 хоноод боолтоо солиулж байгаа. Байнга өвчин намдаах эм ууж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

          Шүүгдэгч Б.Б гийн өгсөн: “Тэр хүмүүс манайд орж ирснийхээ дараа Л  нь утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан. Л  нь манай эхнэр Д тэй хүний машин эвдчихээд янзалж өгсөнгүй гээд уурлаад хэрэлдээд байсан. Манай эхнэр Д  нь тайлбарлаад танай нөхөрт янзлуулж егье гэж хэлэхэд танай нөхөр янзлуулахгүй мөнгөө авмаар байна гээд байсан шүү дээ гэж хэлсэн. Л  нь манай эхнэр Д г харааж зүхэж доромжлох болгондоо гар утсаараа бичиж байсан бичлэгээ унтраагаад манай эхнэр Д г тайлбар хийхээр бичлэгээ хийгээд байсан. Тэгэхээр нь би наад бичлэг хийхээ боль манай гэрт битгий бичлэг хийгээд бай боль гэж 5-6 удаа анхааруулсан. Тэр хүмүүс манай гэрт орж ирээд 1 цаг гаран хэрүүл хийсэн. Л  нь тэгээд та нар хэзээ янзлуулж өгөх юм бэ гэж асуухаар нь манай цалин 25-нд бууна тэгэхээр 30-наас өмнө танай хохиролыг барагдуулж өгье одоо арваадхан хоног үлдсэн байна гэж хэлсэн. Тэгтэл Л  нь та нар дандаа худлаа яриад байна гэж хэлээд уурлаад манай эхнэр Д  бид хоёрыг харааж зүхээд бичлэг хийгээд байсан. Би дахин гар утсаараа бичлэг хийхээ болио хүний гэрт орж ирээд бичлэг хийхээ боль гэж хэлсэн. Би бол Л тэй хэрүүл хийгээгүй аль болох тайлбарлаж ойлгуулах гэж зөндөө хэлсэн. Манай гэрт орж ирээд 1 цаг гаран хэрүүл хийлээ одоо боль гар яв, харанхуй шөнө айлын амгалан тайван байдал алдагдуулаад байхын 5 сарын 30 гэхэд танай хохиролыг барагдуулна гэж хэлсэн. Би гал тогооны түмбүүшиг түшээд зогсож байхад тэр хоёр явах гэж байхаар нь би ашгүй явах нь гэж бодоод бие засах өрөө рүүгээ орсон. Би бие засах өрөөнөөс гарч ирэхэд тэр хоёр яваагүй Л  нь гал тогооны өрөөнд манай эхнэртэй хэрэлдээд, нөхөр нь манай гэрийн үүдэнд зогсож байсан. Эхнэр Л  нь бичлэг хийж байснаа утсаа бичлэг хийж байгаагаар нь манай гэрийн ширээн дээр тавьсан байхаар нь би бичлэгээ боль гэж хэлээд бичлэгийг нь зогсоохоор утсыг нь авсан. Тэгсэн Л  нь миний гар утсыг өгөөч гэж хэлээд орилж босч ирээд гараараа миний фодволкны захнаас заамдан зуураад авсан. Тэгэхээр нь би бичлэгээ боль гэж хэлээд гар утсыг нь баруун гартаа барьсан байхад дарагдаад бичлэг хийхээ больсон. Л  нь намайг заамдаад зуураад байхаар нь би эхнэртээ хандан цагдаа дууд гэж хэлсэн. Би Л гийн зүүн гарын хувцасны ханцуй дээрээс нь зүүн гараараа бариад цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Тэгтэл Л  нь зуурч байсан гараа тавиад миний зүүн гарын шуун дээрээс бариад шууд хазсан. Миний гарыг хазахаар нь би зүүн гараа тавьтал Л  нь хоёр гараараа миний зүүн гарнаас зуурч байгаад маш хүчтэй, яс мөлжиж байгаа юм шиг хазсан. Би зүүн гараа татаж авах гэхэд болохгүй, миний гарыг тавихаар нь би баруун гараараа Л гийн толгой хэсгээс нь түлхэж хазсаныг нь тавиулахаар түлхсэн. Тэр үед би гартаа гар утас барьсныг нь мартсан байсан. Намайг түлхэхэд Л  нь тавиад холдсоноо толгойгоо барьж үзэхэд Л гийн гар нь цус болсон байсан. Л  нь цус болсон гараараа нүүрээ арчиж нүүрээ цус болгосон. Тэгсэнээ дахин гар утас өг гэж над руу дайраад миний хувцасны энгэрээс заамдаад утас өг гэж хэлээд дайраад байж байх үед түүний нөхөр Батбаяр нь салгасан. Тэгтэл Л  нь цагдаад дуудлага өг гэж хэлэхэд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн одоо цагдаа нар ирнэ гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. Ийм л зүйл болсон. Өшөө жаахан гүн хазсан бол миний гарын судсыг таслахаар байсан байна гэж эмч хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

 

          Гэрч Б.Б  өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 11-ний орой манай эхнэр Л  нь хүүхдийн эцэг эхийн хуралд 17 цагт ороод 19 цагийн орчим хурлаас гарч ирсэн. Бид хоёр хүүхдийнхээ багштай уулзчихаад гэр лүүгээ явж байсан. Бид нар гэр лүүгээ харих замдаа манай машиныг мөргөсөн Дариа гэх эмэгтэй рүү залгахад утас нь дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь би түүний нөхөр Б  рүү залгахад бас утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ хамт гэрийг нь мэдэх юм чинь гээд гэр лүү нь явсан. Бид нарыг Б гийн гэрт нь очиход 19 цаг 30 минут орчим болж байсан байх хаалгыг нь тогшиход эхнэр нь гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхөөр нь гэрт нь ороод гал тогооны өрөөнд нь ороход Дариа нь бид нарт цай хийж өгсөн. Бид нар цай ууж байгаад Дариа эгчээ манай машины хохирлыг хэзээ төлөх юм бэ? яаралтай машинаа засуулмаар байна, та үнэлгээгээр гарсан мөнгийг төлчих гэж хэлсэн. Тэгтэл Дариа нь танай үнэлгээ өндөр гарсан байна, хуучин машин ингэж өндөр гарах ёстой, машины чинь хойд талын хонго нь миний мөргөсөн газар биш гэж хэлсэн. Тэгэхээр нь эгчээ та болиоч ээ таны баримт чинь байгаа ш дээ та засаад өгөөч дээ гэж хэлэхэд. Манай дүү үнэтэй машин засдаг тэр дүүгээрээ янзлуулаад өгнө гэж хэлээд уурлаад байсан. Тэр үед нөхөр Б  нь унтлагын өрөөнөөсөө гарч ирээд эхнэр Дариад хандан чи тэр дүүтэйгээ яриад засуулчихад яадаг юм бэ гэж хэлээд маргалдаад байсан. Тэр үед эхнэр Дариа нь харанхуй шөнө болсон хойно манай гэрт орж ирж надаас юм нэхэж шантаажиллаа гэж хэлээд уурлаад байсан. Би бодохдоо эхнэрийг нь жаахан юм уучихсан байх гэж бодож байсан. Тэр хоёр маргалдаж байгаад дүү, эгч нар луугаа яриад байгаа бололтой байсан. Би тэр хүнд хандан толь 1 ширхэг нь 90.000/ерэн мянган/ төгрөг байдаг юм миний машины толийг хагалсан байна, надад толины үнэний баримт нь байгаа гэж хэлэхэд Дариа гэх эмэгтэй уурлаад төлөхгүй, та нар яахаараа манай гэрт орж ирээд айл гэр үймүүлээд байгаа юм гэж хэлсэн. Тэр үед нь манай эхнэр Л  нь утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд Б , Дариа нарт хандан та нар хэзээ янзалж өгөх юм бэ? та нар дандаа өөр өөр юм яриад байх юм гэж хэлээд надад хандан чи дандаа хүнд итгээд буруутаж байхын наад хүмүүс чинь зүгээр хүмүүс биш байгаа биз дээ гэж хэлээд уурласан. Тэр үед Б  нь хүүхдээ унтлагын өрөөндөө оруулж орхиод гарч ирэн манай эхнэрийн гартаа барьж байсан гар утсыг булаагаад авсан. Тэгэхээр нь манай эхнэр Л  нь яахаараа миний гар утсыг булааж авдаг юм бэ өг гэж хэлэхэд Б  нь өгөхгүй байсан. Тэгэхээр нь манай эхнэр Л  нь утсаа авахаар Б  рүү очиход Б  нь манай эхнэрийн цамцны захаас нь бариад хоолойг нь боогоод байсан. Тэгсэн манай эхнэрийн царай нь цонхийгоод дуугарч чадахгүй байхаар нь би Б д хандан та нар зүгээр энэ асуудлыг шийдсэн бол ийм зүйл болохгүй байсан ш дээ манай эхнэрийг тавь гэж хэлээд Б гийн гарыг салгах гэж татахад манай эхнэр Л  нь Б гийн гарыг нь хазсан. Тэгсэн Б  ах гартаа барьж байсан манай эхнэрийн гар утсаар эхнэр Л гийн толгой хэсэгт нь 1 удаа цохиж толгойг нь хагалсан. Тэр үед манай эхнэр ухаан алдсан. Би тэр үед эхнэрээ сэргээх гээд хайраа гэж дуудаад сэгсэрч байж сэргээсэн. Тэгсэн Б гийн эхнэр нь яах гэж манайд ирсэн юм хохь чинь гэж хэлээд байсан. Би тухайн үед утасгүй байсан болохоор эхнэрээ сэргээж орхиод цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа дагуулаад эргээд Б гийн гэрт очиход манай эхнэр шалан дээр нь сууж байсан. Тэгээд тэр цагдаад энэ хүмүүс бид нарын машиныг эвдчихээд янзалж өгөхгүй байгаа болохоор нь баримтжуулах гэж бичлэг хийхэд Б  нь утас авчихаад өгөхгүй байгаа гэж хэлж байж утсаа аваад манай эхнэр бид хоёр хамт цагдаатай хамт гарч ирсэн. Тэгээд замд явж байхад цагдаа нь эмнэлэг орж үзүүлчхээд хүрээд ирээрэй гэж хэлэхээр нь би эхнэрээ авч эмнэлэг орж оёдол тавиулаад цагдаа дээр иргэж ирсэн. Б гийн гараас 1 л удаа хазсан. Нээх чанга хазаагүй, удаан хазаагүй. Замын цагдаад бүртгэгдэн шалгагдсан. Замын цагдаа даатгалаараа асуудлаа шийдүүл гэж хэлсэн. Тэгсэн тэр хүний машины даатгал нь дууссан байсан болохоор хоорондоо тохироод салсан байсан юм. Би Б д хандан та нар зүгээр энэ асуудлыг шийдсэн бол ийм зүйл болохгүй байсан шүү дээ манай эхнэрийг тавь гэж хэлээд Б гийн гарыг салгах гэж татахад манай эхнэр Л  нь Б гийн гарын хазсан. Тэгсэн Б  ах гартаа барьж байсан манай эхнэрийн гар утсаар эхнэр Л гийн толгой хэсэгт нь 1 удаа цохиж толгойг нь хагалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

                

          Гэрч Б.Д  өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 11-ний орой би гэртээ нөхөр Б , бага хүү Буянбат нарын хамт Двизийн байрны 21-3 тоотод байсан. Оройн 19 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалга хүн цохихоор нь манай бага хүү Буянбат нь хаалгаа тайлж өгсөн. Тэгэхэд гаднаас 1 эрэгтэй, бас 1 эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Хамт орж ирсэн хүмүүсээс тэр хүүхэн нь цэнэглэгч байна уу утас унтрах гээд байна гэж хэлэхээр нь манай нөхөр Б  нь утасны цэнэглэгч авч өгөхөд тэр эмэгтэй утсаа цэнэглэсэн. Тэгээд утсаараа манай гэрт бичлэг хийж над руу хандан манай машиныг хэзээ янзалж өгөх юм бэ гэж асууж эхлэхээр нь би тэр эмэгтэйд хандан танай нөхөртэй чинь уулзсан машиныг нь янзалж өгнө гэж хэлэхэд танай нөхөр будаг замаск хийлгэмээргүй байна, мөнгийг нь өгчих гэж хэлсэн тэгэхээр нь би 5 сарын 20- нд хүнээс мөнгө авна тэрийг аваад өгье гэж тохирсон гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь худлаа яриад байгаарай, архичин, мангар юм уу худлаа ярьлаа гэж уурлаад салаавч гаргаад бичлэг хийгээд байсан. Миний бага хүү миний өвөр дээр сууж байтал айгаад байхаар нь манай нөхөр Б  нь хүүгээ аваад нөгөө өрөө рүүгээ аваад явахдаа замдаа наад хүн чинь төлнө гэж байна ш дээ та нар хүлээж болохгүй юм уу гэж хэлээд нөгөө өрөө рүү явсан. Тэгсэн эхнэр нь мангар авгай, одоо ч бас архичин минь одоо ч согтуу байна гэж хэлээд байхаар нь би тэр хүнд хандан хүний гэрт орж ирчхээд дураараа авирлаад гэж хэлэхэд утсаараа бичлэг хийгээд байхаар нь би буруу хараад аяга тавгаа угаагаад зогсож байгаад эргээд харахад манай нөхөр Б , нөгөө хүүхэнтэй зууралдаад хүний гэрт орж ирээд дураараа бичлэг хийлээ, ингэж болохгүй зөндөө доромжиллоо ш дээ гэж хэлээд зогсож байсан. Тэр эмэгтэй манай нөхрийн гарыг хазсан байдалтай байсан. Тэгээд тэр хүүхний толгойноос цус гарсан байсан. Тэгэхээр нь би салгах гэж оролдоход салахгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт нөхөр Б , бага хүү Буянбат, би бид гурав байсан. Гаднаас 1 эрэгтэй эхнэр гэх 1 эмэгтэйн хамт орж ирсэн. Бид нар байсан. Би мэдэхгүй байна. Тэр хүмүүс хэрүүл хийх гэж орж ирсэн байх. Эхнэр нь гэх эмэгтэй хазсан байсан. Миний нөхөр Б  нь цохиж хагалсан байх. Юугаар цохисныг нь би хараагүй. Тэр эмэгтэй манай нөхрийн гарыг хазсан байдалтай байсан. Тэгээд тэр хүүхний толгойноос цус гарсан байсан эхнэр нь гэх эмэгтэй хазсан байсан... миний нөхөр Б  нь цохиж хагалсан байх Юугаар цохисныг би хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын харьяа Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Чулуунбаатарын гаргасан 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №275 дугаартай шинжээчийн: “1.Э.Л гийн биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зуйлийн цохих, цохигдох хүчний улмаас үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаанд алдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 хуудас/,

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын харьяа Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяангийн гаргасан 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №287 дугаартай шинжээчийн: “1.Б.Б гийн биед зүүн бугуйнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/ зэрэг болно.

           

            Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, хэргийн зүйчлэлийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно. 

 

            Шүүгдэгч Б.Б  нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн 21-3 тоотод 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Л тэй “...машины төлбөр төлөөгүй...” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь гар утсаар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан “хуйханд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

            Шүүгдэгч Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Дивизийн 21-3 тоотод 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Б тэй “...машины төлбөр төлөөгүй...” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зүүн гарын бугуйн тус газарт шүдээрээ хазаж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан “зүүн бугуйнд шарх бүхий гэмтэл” буюу хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул,   

 Шүүгдэгч Б.Б , Э.Л  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

  Дөрөв. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

  мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

  Хохирогч Б.Б , Э.Л  нар нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохирол төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэл гаргаагүй тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Тав.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Э.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах саналтайн байна.” гэх дүгнэлт гаргасныг,

 

шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч Л.Энхтунгалагаас: “Шүүх нэгэнт гэм буруутайд тогтоолоо. Б.Б  өмнө нь ял эдэлж байсан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг Э.Л гийн буруутай үйл ажиллагаанаас гарсан тул хохирогчийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж  харж байна.  Тиймээс энэ байдлыг  харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр торгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

 

шүүгдэгч Э.Л гийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж чанар, хор уршгийн байдал зэргийг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хөнгөн ангиллын гэмт хэрэг сонгомол санкцтай Миний үйлчлүүлэгч төрийн албан хаагч 3 хүүхэдтэй ирээдүйд ял шийтгүүлснээс үүсэх сөрөг үр дагавар үүснэ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан ялаас чөлөөлж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Б  нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 20-3 тоотод оршин суух хаягтай, Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн дарга ажилтай, урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан талаарх ял шалгах хуудас/хх 68/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 71-77/-р тогтоогдсон, одоо 45 настай талаарх баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Э.Л  нь 1994 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 29 настай, "Ирээдүй" цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Энхжингийн 19-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар ял шалгах хуудас /хх 78/-р тогтоогдсон. Одоо 29 настай талаарх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.

 

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг байна.

 

     Шүүгдэгч Э.Л д анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, түүний хувийн байдал зэргийн харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

     Харин шүүгдэгч Б.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

         

Эрүүгийн 2334000000262 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б-н Б , Б овогт Э-н Л  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Л д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж

            6.Эрүүгийн 2334000000222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б , Э.Л  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б , Э.Л  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

       

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ