| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 122/2025/0020/З |
| Дугаар | 221/МА2026/0126 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0126
Ч.С-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч
Нэхэмжлэгч: Ч.С
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Ц
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ч.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 122/2025/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.7, 61 дүгээр зүйлийн 61.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Сгийн Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цт холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудиторын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/39 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. “ Сонсох ажиллагааг хуульд заасан арга хэлбэрээр явуулсан гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй тухай.
Захиргааны ерөнхий хуулийн 26-28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хариуцагч огт хийгээгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд сонсох ажиллагааны тэмдэглэл гэсэн баримттай хавтас хэрэгтэй танилцах үеэрээ анх удаа харсан бөгөөд хариуцагч талаас хуулийн дагуу сонсох ажиллагааг хийгээгүй. Гэтэл анхан шатны шүүх миний гарын үсэг зурагдаагүй Мэдэгдэх, сонсох, ажиллагаа хийсэн тухай гэх баримт, хариуцагчийн хүсэлтээр мэдээлэл авах зорилгоор хувь чатаараа хүлээн авсан авсан миний гарын үсгээр албажаагүй мэдээлэл тайлбарыг үндэслэн сонсох ажиллагаа хийгдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гээд 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” талаар хуульчилсан өгсөн. Гэтэл захиргааны байгууллага нь сонсох ажиллагааны талаар мэдэгдлийг надад огт ирүүлээгүй байдаг ба хавтас хэрэгт ирүүлсэн талаар ямар нэг баримт байхгүй болно. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж мөн хууль тогтоогч хуульчилсан. Боломж олгоогүй. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хууль журмын дагуу огт явуулаагүй байхад анхан шатны шүүх сонсох ажиллагаа хийгдсэн байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна.
2.2. Маргаан бүхий актын төлбөрийн хэмжээ буруу бичигдсэн байхад бичилтийн алдаа гэж үзсэн нь үндэслэлгүй талаар Анхан шатны шүүхийн шийдвэрт “... маргаан бүхий актын тогтоох хэсэгт илүү олгосон цалин хөлсийг 6974.6 мянган төгрөг гэж бичсэн боловч үүнийг хариуцагчаас уг бичвэрийн алдааг засах боломжтой байсан тул засварлаж 6339.1 мянган төгрөгөөр акт тогтоосон бөгөөд өөрийн байгууллагын тоон мэдээ тайландаа 6339.1 мянган төгрөгөөр тусгасан ... энэ нь захиргааны актын бичилтийн илэрхий алдаа байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий акт дээрх 6974.6 мянган төгрөг нь одоо ч бичигдсэн хэвээр байгаа бөгөөд энэ актын төлбөр хэсэгт өөрчлөлт ороогүй байгаа болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана гээд 106.3.6-т төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах; гэж хуульчилсан. Маргаан бүхий акт дээрх төлбөр тогтоосон төлбөрийн хэмжээ буруу бичигдсэн болох нь шүүх хуралдаан дээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх төлбөрийн хэмжээг багасгах шийдвэр гаргах ёстой байтал бичилтийн алдаа гэж үзэж орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.3. Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ” гээд 2.3.1-д “энэ хууль:”, 2.3.2-т “Монгол Улсын бусад хууль;” гэж хуульчилсны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж захирамж гаргасан Засаг даргын шийдвэр үндэслэлтэй бөгөөд энэхүү эрэмбийг зөрчиж Төрийн албаны тухай хуулиар зохицуулна гэж дүгнэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр огт үндэслэлгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-т “Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ” гэж хуульчилсан. Ямар ч тохиолдолд ажилтанд таатай нөхцөлийг хэрэглэх ёстой байтал анхан шатны шүүх эсрэгээр нь хариуцагч талыг зөвтгөн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие нэхэмжлэлдээ энэ талаар тодорхой дурдаж, дээрээс нь миний зөвшөөрөх эс зөвшөөрөх эрхийг зөрсөн талаар шүүх хуралдаан дээр маргаж байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээний эрэмбэ, ажилтанд ашигтай заалтыг баримтлах талаар огт дүгнэлт нь хийгээгүй нь мөн үндэслэлгүй байна.
Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122/ШШШШ2026/0001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Ч.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
3.1. Маргаан бүхий Сүхбаатар аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудиторын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/39 дүгээр актаар “... Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сд ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй гэх шалтгаанаар сумын Засаг даргын захирамжаар цалин урамшуулал олгохдоо ... 6339.1 мянган төгрөгийг илүү олгосон ...” гэсэн үндэслэлээр илүү олгосон цалин урамшууллыг нэхэмжлэгч Ч.Сгаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3.2. Дээрх маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “... Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасны дагуу ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж авах үндэслэлтэй, ... сонсох ажиллагаа хийгээгүй” гэх үндэслэлээр “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудиторын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/39 тоот актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
3.3. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан хаагч тул ээлжийн амралтаа биечлэн эдэлж чадаагүйн улмаас түүнд олгох урамшууллыг Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.9-д зохицуулсан байхад нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгосон нь үндэслэлгүй гэж үзсэн маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй, ... Төрийн захиргааны албан хаагчийн ээлжийн амралтаа эдэлж чадаагүйн улмаас урамшуулал олгох асуудлыг Төрийн албаны хуулиар зохицуулсан байна ... хариуцагчийг сонсох ажиллагааг хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3-т заасан арга хэлбэрээр явуулсан байна ...” гэх дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3.4. Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Б/18 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга албан тушаалтай нэхэмжлэгч Ч.С нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажлын 26 хоног ээлжийн амралт биечлэн эдлэхээр баталсан байна.
3.5. Үүний дараа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар[1] Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасныг үндэслэн “... ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдлээгүй Засаг даргын Тамгын газрын дарга Ч-н С-д олгох ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгохоор тооцож, 12 дугаар сард зөрүү цалинг нөхөн олгох”-оор шийдвэрлэсэн байна.
3.5. Улмаар Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар хяналт шалгалтын удирдамжийн[2] дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, маргаан бүхий Сүхбаатар аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудиторын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/39 дүгээр актыг гаргасан.
3.6. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Сангийн сайдад гомдол гаргасан байх бөгөөд Сангийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/17645 дугаар албан бичгээр “... 31-03/39 дугаартай төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5 дахь заалтад заасны дагуу хэвээр үлдээж шийдвэрлэв” гэсэн хариуг нэхэмжлэгч Ч.Сд хүргүүлсэн байна.
3.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна”, 99 дүгээр зүйлийн 99.1-д “Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно” гэж тус тус заасан.
3.8. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулагдаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасныг энэ тохиолдолд хэрэглэх буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 110 дугаар зүйлийн 110.2-т заасныг үндэслэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн гаргасан маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
3.9. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана”, 61.1.9-д “ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох” гэж тус тус заасан.
3.10. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах талаар тодорхой хуульчилсан байх бөгөөд төрийн албан хаагч нь ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй бол түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох нийтлэг баталгаа хангагдах талаар Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байна.
3.11. Энэ тохиолдолд хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.9-д заасны дагуу албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох ёстой гэж үзсэн нь буруу биш байх тул нэхэмжлэгч Ч.Сгийн “... Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж хуульчилсан. Ямар ч тохиолдолд ажилтанд таатай нөхцөлийг хэрэглэх ёстой байтал анхан шатны шүүх эсрэгээр нь хариуцагч талыг зөвтгөн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй ...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
3.12. Мөн хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлээр[3] нэхэмжлэгч Ч.Сд хяналт шалгалтын удирдамжийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цахимаар хийж, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар болон авах арга хэмжээний талаар биечлэн уулзан ярилцаж, акт тогтоохоор танилцуулж, дээрх зөрчилтэй холбогдуулан тайлбар, санал бичгээр өгч болохыг танилцуулсан байх ба тус баримтад нэхэмжлэгч Ч.Сгийн гарын үсэг зурагдаагүй байх боловч нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн цахим хаяг /чат/-аар холбогдох тайлбарыг улсын байцаагчид хүргүүлсэн байна.
3.13. Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий актыг гарахаас өмнө нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “... сонсох ажиллагааг хууль журмын дагуу огт явуулаагүй, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, анхан шатны шүүх сонсох ажиллагааг хийгдсэн байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
3.14. Мөн маргаан бүхий актад 6339.1 мянган төгрөгийг илүү олгосон гэж бичсэн боловч актын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар 6971.6 мянган төгрөг гэж зөрүүтэй байдлаар мөнгөн дүнг тооцсон байх бөгөөд хариуцагчаас “... уг бичвэрийн алдааг засах боломжтой байсан тул засварлаж 6339.1 мянган төгрөгөөр акт тогтоосон бөгөөд өөрийн байгууллагын тоон мэдээ тайландаа 6339.1 мянган төгрөгөөр тусгасан” гэж тайлбарласан ба захиргааны актын хэлбэрийн төдий алдааны улмаас маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “... төлбөр тогтоосон төлбөрийн хэмжээ буруу бичигдсэн , бичилтийн алдаа гэж үзсэн нь үндэслэлгүй” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ