Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0079/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, Хохирогч Б.Амгалан, Х.Адъяачулуун, Шүүгдэгч Х.Адъяачулууны өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүгдэгч А.Улаанхүүгийн өмгөөлөгч Б.Чинбаатар, Шүүгдэгч А.Улаанхүү, Х.Адъяачулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Баяд Амгалангийн Улаанхүү, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Тайжууд Хүрлээгийн Адъяачулуун нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000569 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Тайжууд Хүрлээгийн Адъяачулуун, 1983 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Сэргэлэнгийн 1-30 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТВ83073179 регистрийн дугаартай. Монгол Улсын иргэн, Баяд Амгалангийн Улаанхүү, 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 6, эх, эхнэр, дүү, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Наран толгойн 3-21 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЛ92100217 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Адъяачулуун нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 7 дугаар гудамжины задгайд оршин суух хамтран амьдрагч Б.Амгаланг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Шүүгдэгч А.Улаанхүү нь өөрийн эх Б.Амгаланг өмөөрч түүний хамтран амьдрагч Х.Адъяачулуунтай маргалдаж улмаар харилцан зодолдож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч А.Улаанхүүгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний төрсөн эх Б.Амгалан нь 2010 оноос хойш Адъяачулуунтай нэг гэрт хамтран амьдарч байсан. Миний хувьд би өөрөө гэр бүлтэй тусдаа амьдралтай. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байсан санагдаж байна. Намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү Хулан над руу залгаад Адъяа ах ээж, бид хоёрыг зодоод байна гээд уйлаад залгасан. Түүний дараа манай ээж дахин над руу залгаад гэрт хүрээд ирэх боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би найз Энх-Амгалангийн хамтаар ээжийн гэрт яваад очиход манай ээж, дүү хоёр хоёулаа гэртээ байхгүй, Адъяачулуун ах гэрт ганцаараа байж байсан. Тэгэхээр нь би түүнээс - Адъяа ахаа юу болсон юм бэ? гэж асуухад тэрээр надад хандаж - чи намайг зодох гэж ирээ юу гэж хэлээд сууж байснаа босож ирээд намайг хоёр гараараа миний хоолойг боосон. Тэгэхээр нь би түүнийг зүгээр бай, тавь гэж хэлэхэд тэрээр миний нүүрлүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би түүнтэй хамт орон дээр унаад харилцан зодолдсон. Тэгээд бид хоёр зодолдож байхад манай найз Энх-Амгалан бид хоёрыг салгасан. Түүний дараа Адъяачулуун ах гэрт байсан хутга бариад намайг алаад хаяна гээд дайраад байсан. Тэгээд Энх-Амгалан Адъяачулуун ахын барьж байсан хутыг газар хаяуулсан санагдаж байна. Тэгсэн чинь Адъяачулуун ах гэрээс ганцаараа гараад учир зүггүй намайг гараад ир зодолдоё гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад түүнтэй уулзаад - та яагаад байгаа юм бэ гэхэд тэрээр намайг нүүрүү минь гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би түүнтэй дахин харилцан зодолдоод байж байхад манай найз Энх-Амгалан бид хоёрыг салгасан. Тэгээд Энх- Амгалан Адъяачулуун ахыг та одоо яв гэхэд тэрээр над руу чулуу бариад дайраад байсан. Тэгсэн чинь Энх-Амгалан түүнийг гудамжны үзүүр хүртэл авч яваад цааш нь ганцааранг нь явуулсан. Миний хувьд Адъяачулуун ахтай харилцан зодолдож түүний биед хүндэвтэр гэмтэл учируулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, Шүүгдэгч Х.Адъяачулууны мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016.10.13-ний өдөр найз Хуягаа бид 2 Хуягаагийн гэрт 1 шил Хараа нэртэй 0,75 граммтай архи 2-уулахнаа уусан. Тэгээд Хуягаагийн эхнэртэй хамт 15 цагийн үед ДС-ын 5-р баг Оүшин бааранд ороод хамтран амьдрагч Амгаланг дуудаад дөрвүүлээ ямар ч байсан нэг нэг шил пиво ууцгаасан тэгээд салцгаагаад Амгалан бид 2 Нарантолгой дахь гэртээ ирсэн чинь гэрт Амгалангийн охин Хулан байсан. Би яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна би бааранд орохдоо согтчихсон байсан ер нь зарим зүйлийг орон гаран санаад байна ямар ч байсан гэрт ирээд хэрэлдээд байсан. Тэгээд би шүүгээтэй толь цохиж байсан бас Хуланг үсдэж байсанаа санаж байна. Хулан, Амгалан 2 гараад явсан чинь нэг их удаагүй байхаа би сайн санахгүй байна Улаанхүү 1 залуутай орж ирж байсан би бас яг энэ тэр гэж сайн санахгүй, ухаан санаа орж гараад байна орж ирээд орон дээр цохиод тэгээд нэг харсан чинь найз нь зуухны хажууд хараад зогсож байсан. Тэгээд гадаа гаргаад бас амбаарын урд боогоод ямар ч байсан дээрээс цохиод байсан. Тэгээд хэсэгтээ дүүнгэтчихсэн байсан босоод ирсэн чинь Улаанхүү байхгүй байсан. Тэгээд би шууд цагдаа руу ирсэн гэх мэдүүлэг, Х.Адъяачулууны хохирогчоор мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Амгалангийн хүү Улаанхүү орж ирээд шууд намайг зодож нүдээд эхэлсэн. Нэг найзынхаа хамт ирсэн байсан. Тэр нь хараад зогсож байсан. Тэгээд намайг нэг мэдэхэд орон дээр хэвтүүлчихсэн дээрээс балбаад байсан, тэгснээ нэг мэдэхэд гадаа гарчихсан намайг газар унагаад боож байсан. Тэгээд нэг мэдэхэд Улаанхүү яваад өгчих шиг болохоор нь би босоод цагдаа руу ирсэн. Эмч нар нүд чинь унжиж сохор болох магадлалтай тул эхний ээлжинд яаралтай нүдний ухархайн хагалгаанд ор гэсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 925 000 төгрөгийн зардалтай хагалгаанд орсон түүнээс гадна шинжилгээ, эм, эмчилгээний гэх мэтчилэн бодит зардал нь 342 000 төгрөг болж байгаа. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 29/, Хохирогч Б.Амгалангийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой Адъяачулуун караокед байна гэхээр нь очсон. Намайг очиход найз Адъяачулууны найз Хуягаа болон түүний эхнэр тэр гурав пиво уугаад сууж байсан. Би очоод Адъяачулууныг аваад явах гэтэл тэр 3 дахиад пиво авч ууя гээд байхаар нь маргааш ажилтай гээд арай гэж авч гарсан. Тэгээд гэртээ ирэхэд охин Хулан кимчитэй ногоотой шөл хийчихсэн байхаар нь Адъяачулуунд халаагаад аягалж өгсөн чинь энэ хоолыг чинь өндөгтэй иддэг гээд байхаар нь Хуланг дэлгүүрлүү явуулсан чинь дэлгүүрт өндөг байгаагүй. Тэгээд охин ирээд өндөг алга гэсэн чинь сэтгэл байвал хаанаас ч гэсэн олдог байхгүй юу гэж уурласан. Тэгээд аргалаад оронд оруулаад хэвтэж байтал тамхи нэхсэн би байхгүй маргааш өглөө болъё цаг 23 цаг өнгөрчихлөө гэсэн чинь уурлаад миний нуруу руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би зүгээр байлдаа гэхэд Адъяачулуун уурлаж босч ирээд миний баруун шанаа руу гараа атгаж байгаад цохиж унагасан. Тэгтэл охин та болиоч гээд босоод ирсэн чинь чи юу гээд байгаа юм бэ гээд Хуланг үсдээд чирээд хувцасны шкаф мөргүүлээд орон дээр аваачиж багалзуурдаж боохоор нь би арай хийж салгасан. Тэгтэл босч ирээд миний толгой руу гараа атгаж байгаад хүчтэй цохисон чинь би уначихсан. Намайг унасан чинь Хулан ахиж гүйж ирээд та болиоч гэсэн чинь ахиж үсдэхээр нь би охиноо салгаж авах гээд ноцолдож байсан чинь тэр 2 зуухны урд руу уначихсан. Тэгээд намайг салгахад охин уйлаад гараад явсан. Би Адъяачулууныг тайвшир гээд суулгасан чинь босч ирээд толь цохиж унагаад хоолны ширээ цохиж унагаад хоол гэрээр нэг цацчихсан. Тэгтэл телевизор хагалах гэхээр нь би арай гэж болиулсан. Гэтэл хутга авах гэж хоолны шкаф руу ухасхийгээд алаад өгье өшөө дуудах хүн байвал дууд гэж орилхоор нь би жоохон тайвшруулаад тамхи олоод ирье гэж худлаа хэлээд зугтаачихсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Адъяачулуун бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30/, Гэрч А.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 10 дугаар сарын эхээр байхаа яг хэдний өдрийг санахгүй байна. Ээж бид 2 гэртээ байж байтал орой 22 цаг өнгөрч байх үед манай ээжийн хамтран амьдрагч Адъяачулуун согтуу гаднаас орж ирсэн. Би хоол унд хийж өгсөн ээж хувцас хунарыг нь сольсон. Тэгээд Адъяачулуун өндөг аваад ир гэхээр нь би дэлгүүр гарсан чинь өндөг байхгүй болохоор нь гэрт орж ирээд байхгүй банйа гэж хэлсэн чинь Адъяачулуун яахаараа өндөг байдаггүй юм гээд уурласан. Би гэрлээ унтраагаад бид нар хэвтэцгээсэн. Тэгсэн Адъяачулуун ээжийг элдэв үгээр доромжлоод тамхи нэхээд байсан. Тэгээд ээжийн хөнжлийг татаж чангаагаад янз бүр болоод байсан тэгсэн чинь ээж -чи яах гээд байгаа юм бэ гээд босоод ирсэн чинь Адъяачулуун ах босож ирээд ээжийг цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би босож ирээд Ада ахаа та яагаад байгаа юм бэ болиоч гэсэн чинь эргэж хараад намайг үсдээд чи муу юу гээд байгаа юм гээд газар унагаад гэрийн хойгуур шүүгээний урдуур чирээд шүүгээ мөргүүлсэн. Намайг орон дээр унагаасан тэгээд бас хоолой боосон тэр үед ээж ирээд салгасан чинь ээжийг ахиад цохисон. Тэгэхээр нь би болиочээ гэсэн чинь эргэн хараад намайг үсдээд зуухны тэнд унагаасан. Тэгээд би уйлаад гарч гүйгээд буцаж орж ирээд гар утсаа авах үед Адъяачулуун гэрийн эд зүйл авч шидлээд дуудах хүмүүс байвал дууд пизда минь гээд байхаар нь би гараад ах руугаа залгаад Ада ах бид хоёрыг зодоод байна гэсэн чинь ах за гээд утсаа тасалчихсан гэх мэдүүлэг /хых-ийн 23-24/, Гэрч Б.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: Улаанхүүгийн дүү залгаад ярьсан чинь Улаанхүү яагаад уйлаад байгаа юм юу болсон гээд -за очлоо наанаа байж бай гэж хэлсэн. Тэгээд утсаа тасдаад Адъяачулуун ах уучихаад ээж, дүү хоёрт агсан согтуу тавиад байна гэнээ 2-лаа оччихоод ирье гээд гарсан. ...гэрт яваад ортол гэр нь замбараагүй болчихсон тольтой шкаф дээрх эд зүйлс нь газраар хөглөрчихсөн Адъяачулуун ах согтуу орон дээр сууж байсан. Тэгтэл Улаанхүү та ганцаараа юу хийж байгаа юм ээж, дүү 2 хаана байна гээд Адъяачулууны өмнө яваад очсон чинь Адъяачулуун ах Улаанхүүг заамдаад орлуу татаж унагаад Улаанхүүгийн нүүрлүү зүүн гараараа цохисон чинь зөрүүлээд Улаанхүү Адъяачулууныг бас л нүүрлүү нь цохисон. Тэгээд би Улаанхүүг салгаад авсан чинь Улаанхүү миний ээж, дүү 2 хаана байна чи миний гэрт агсан тавьдаг хэн бэ гэсэн чинь Адъяачулуун би яаж мэддэгийн пизда минь гэсэн чинь Улаанхүү та намайг энэ гэрт байдаг байхад хэзээ ингэж агсан тавьдаг байсан юм, яагаад намайг байхгүйд агсан согтуу тавиад байгаа юм гээд байсан. ...гараад ир 2-лаа үзчихье гэсэн чинь Улаанхүү араас нь гараад гэрийнхээ арын зам дээр зодолдоод байсан. Адъяачулууныг Улаанхүү унагаагаад дээр нь гараад гараараа цохиод байсан. Тэр үед Адъяачулуун босч ирээд чам шиг гөлөгийг би хангалттай ална шүү чи муу ямар том гөлөг вэ гээд л элдвээр хэлээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.10.21-ний өдрийн 1114 дүгээр дүгнэлт: 1.Б.Амгалангийн биед тархи доргилттой гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.16-ны өдрийн 1427 дугаар дүгнэлт: "1.Х.Адъяачулууны биед зүүн хацар шанаа, 2 нүдний зовхи, хамарт хаван, цус хуралттай, зүүн хацар яс хугарсан, зүүн гайморын хөндийн өмнөд хана цөмөрсөн хугаралтай, хамар яс хугаралтай зэрэг гэмтлүүд учирсан. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй болно" гэжээ /1-р хх-ийн 72-73/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.01.06-ны өдрийн 85 дугаар дүгнэлт: "1.Х.Адъяачулууны биед баруун талын ухархайн доод хана гайморын хөндий рүү цөмөрсөн, зүүн талд гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал , хамрын таславчийн мурийлт, зүүн хацар шанаа, 2 нүдний зовхи, хамарт цус хуралт, дух, баруун дал, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Х.Адъяачулууны биед зүүн талд гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин баруун талын ухархайн доод хана гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар шанаа, 2 нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээж, зүүн мөр, бугалганд цус хуралт, дух баруун тал, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрхи гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2016.10.13-ны өдөр үүссэн байх боломжтой байна. 5.Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016.10.14-ний өдрийн 1097 дугаар дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. ШШҮХ-н ШЭШГ-н бүрэлдэхүүнтэй 2016.11.16-ны өдрийн 1427 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /1-р хх-ийн 103-104/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 62/ зэрэг болно. Шүүгдэгч Х.Адъяачулуун нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 7 дугаар гудамжны задгай байх гэртээ хамтран амьдрагч Б.Амгаланг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Шүүгдэгч А.Улаанхүү нь өөрийн эх Б.Амгаланг өмөөрч түүний хамтран амьдрагч Х.Адъяачулуунтай маргалдаж улмаар харилцан зодолдож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Улаанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэг, шүүгдэгч Х.Адъяачулууныг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Хохирогч Б.Амгалан, Х.Адъяачулуун нар нь шүүх хуралдаанд хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгч Х.Адъяачулуун, А.Улаанхүү нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. Хохирогч Б.Амгалан нь шүүгдэгч Х.Адъяачулуунтай шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч Х.Адъяачулуун нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Х.Адъяачулууныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч А.Улаанхүүд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч А.Улаанхүүд хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Баяд Амгалангийн Улаанхүүг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Тайжууд Хүрлээгийн Адъяачулууныг согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Адъяачулуунд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Х.Адъяачулууныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч А.Улаанхүүг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч А.Улаанхүүд оногдуулсан 1 жил 6 сарын хорхи ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Улаанхүүд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Адъяачулуун, шүүгдэгч А.Улаанхүү нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Адъяачулуун, шүүгдэгч А.Улаанхүү нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ