Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/00130

 

 

2020 оны 01 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2020/00130 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, С-5 байрны 402 тоотод оршин суух, Л /РД: .............../-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран ............ тоотод оршин суух, Б  /РД:..................../-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийг жил бүр төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Л нь Б.Б тай 2003 онд Япон улсад оюутан байхдаа анх танилцаж, үерхсэн. 2004 онд гэрлэлтээ Япон улсад батлуулсан бөгөөд 2006 онд Монголд ирж хуримаа хийсэн байдаг. Хуримаа хийснээс хойш тэд Монгол, Японы хооронд ээлжилж ирж очин амьдарч байгаад 2010 онд Монголд нүүж ирсэн. Ингээд 2011 онд Д.Л нь жирэмсэн болж охиноо төрүүлэхээр Япон улсад очсон. Охин Б.Н  2012 оны 06 дугаар сарын 17-д Япон улсад төрсөн. Охиноо төрүүлээд 2 сарын дараа буцаж Монгол улсад ирсэн бөгөөд тэрнээс хойш Монголд амьдарч байгаа. Өвлийн 3 сардаа гэр бүлээрээ Японд очиж амьдардаг байсан. Б.Н г төрсөн эхний нэг жил гэртээ байсан бөгөөд тэрнээс хойш бизнес хийх болж ажлын шаардлагаар байнга гадаад улс руу явдаг болсон. Энэ цаг үеэс эхэлж тэдний харилцаа хөндийрч эхэлсэн. Гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, байхаасаа байхгүй нь их, Д.Лгийн эцэг эхийг нас барахад хүртэл аль алин дээр нь ч хамт байгаагүй гэсэн. Сүүлийн үед Япон улсад байдаг хүүхэнтэй харилцаатай болоод удсан байсан. Энэнээс болж Б.Б  Япон улс руу байнга явах болж тэдний харилцаа бүр илүү хөндийрч, тэд тусдаа амьдраад 2 жил болж байна. Одоо Б.Б  өөр хүнтэй цуг амьдарч байгаа.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах төвд өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон гэж үзэн 2019 оны 12-р сарын 18-ны өдрийн №323 дугаартай Эвлэрүүлэн эуучлах ажиллагааг дуусгавар болгосон дүгнэлт гарсан, иймээс тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж нэхэмжлэлдээ хүссэн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн тухайд Д.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэдний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэгийг бүрэн төлөх болно. Охин Б.Н гийн сэтгэл санаад нөлөөлж болох учир хүүхдийн саналыг авахгүй байхыг хүсье гэсэн. Мөн охин Б.Н г эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэсэн болно гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Д.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Л гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийг жил бүр төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б д холбогдуулан гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Д.Л, Б.Б  нар нь 2003 онд танилцаж мөн үеэс хамтран амьдарч эхэлсэн байх бөгөөд 2004.06.16-ны өдөр гэр бүл болсныг 2004.06.24 өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 13/26 дугаарт бүртгүүлсэнээр хууль ёсны гэр бүл болсон нь гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 2012.06.17-ны өдөр охин Б.Н  төрсөн болох нь Г-64 дугаартай төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019.12.18-ны өдрийн 323 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд Б.Б  нь эвлэрүүлэн зуучлах уулзалтад оролцохоос татгалзсан гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг хэн аль нь зөвшөөрсөн, хүүхдийн тэтгэлэг болон асрамжийн талаар хариуцагч маргаагүй, талуудын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хөрөнгийн маргаангүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Д.Л, Б.Б  нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоохоор шийдэв.

 

Охин Б.Н  Улаанбаатар дахь Бритиш сургуулийн 3 дугаар ангид сурдаг, хүүхдийн сургалтын төлбөрийг эцэг Б.Б  жил бүр төлж байхыг шүүхийн шийдвэрт тусгахыг нэхэмжлэгч хүссэн байх боловч шүүх хуралдааны явцад хариуцагч сургалтын төлбөрийг төлдөг, хойшид төлөхийг зөвшөөрсөн болохыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан, энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Л, Б.Б  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012.06.17-ны өдөр охин Б.Н г эх Д.Лгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2012.06.17-ны өдөр охин Б.Н  /РД:ЩЙ12261707/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Б аас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар талуудын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хөрөнгийн маргаангүй, охин Б.Н гийн сургалтын төлбөрийг төлж байхыг хариуцагч зөвшөөрч, энэ талаар Б.Б  маргаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Б.Б аас 70 200 төгрөг гаргуулж Д.Лд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ