| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2018/03374/И |
| Дугаар | 2590 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2590
| 2019 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2019/02590 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 21 дүгээр байрны 24 тоотод оршин суух Булга овогт Сугарын Ц /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6, Хаан банк цамхаг, 3 давхарт байрлах “Х”ХХК /РД: /-д холбогдох
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.432.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагчийн төлөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч С.Ц нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Х”ХХК-тай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Хүннү-2222 хороолол, орон сууцны барилгын 113 дугаар байрны 5в /502/ тоотод байрлах 95.86 м.кв талбайтай гэх 4 өрөө орон сууцны барилгыг захиалан бариулах 113-5в тоот гэрээг байгуулан худалдан авсан. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар нийт 95.86 м.кв талбайн 1 м.кв-ыг 3.200.000 төгрөгөөр тооцож нийт 306.752.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээгээр тохирсон ёсоор нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийг гэрээний 2.1-д заасны дагуу төлж, улмаар үлдэх хэсгийг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлийн гэрээний дагуу “Х”ХХК-д 306.752.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Ингээд орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, нүүж орсон. Гэтэл тухайн орон сууцны байрны м.кв нь гэрээнд зааснаас дутуу байна гэх хөршүүдийнхээ өгсөн мэдээллийн дагуу тусгай зөвшөөрөлтэй “Тоонто гранд”ХХК-иар 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэмжүүлж үзэхэд 93.82 м.кв гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.Цийн худалдан авсан байр нь байх ёстой хэмжээнээсээ 2.01 м.кв-аар дутаж байх тул 2.01 м.кв-ын зөрүүнд ногдох илүү төлсөн 6.432.000 төгрөгийг хариуцагч “Х”ХХК-иас гаргуулж өгнө үү гэв. Уг орон сууц нь гэрээ байгуулах үед ашиглалтанд орсон байсан. Тийм учраас талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байна. Харин гомдлын шаардлагыг амаар болон бичгээр гаргаад байхад хүлээж аваагүй тул шүүхэд хандсан. Барилгын тухай хуулийн 4.1-т барилга орон сууцыг зүгшрүүлэх хугацаа 1 жил гэж байна гэж заасан бөгөөд үүнээс хойш барилгын гадна, доторх баталгаат хугацаа 3-аас доошгүй жил байдаг. Энэхүү хугацааны дотор нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. “Х”ХХК нь нэхэмжлэгчтэй 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Хүннү-2222 хороолол, орон сууцны барилгын 113 дугаар байрны 5в /502/ тоотод байрлах 95.86 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 306.752.000 төгрөгөөр худалдсан. Өөрөөр хэлбэл уг орон сууц нь талууд гэрээ байгуулах үед улсын комисс хүлээн авч ашиглалтанд орсон байсан. Хариуцагчаас 2015 оны 12 дугаар сард орон сууцыг хүлээлгэн өгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн. Тэгэхээр энэ харилцаанд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байхгүй, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үйлчилнэ. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т зааснаар 6 сарын дотор доголдлын талаар мэдэгдэх боломжтой байсан. Энэ орон сууц маань бүрэн цутгамал учир талбайн хэмжээ дутах гэдэг ойлголт байхгүй. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.6-д 1 м.кв талбай дутуу дээр үл маргах журмаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгчээс манайд талбайн хэмжээ дутуу байгаа талаар мэдэгдэж, гомдол гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч “Х”ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.432.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч “Х”ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны барилгыг захилан бариулах гэрээ байгуулж, хариуцагч “Х”ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Хүннү-2222 хороолол, орон сууцны барилгын 113 дугаар байрны 5в /502/ тоотод байрлах 95.86 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч С.Ц нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг 3.200.000 төгрөгөөр тооцон нийт 306.752.000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байх ба гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч нар биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн нь зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт, кассын орлогын ордероор тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаагүй байна.
Харин гэрээний зүйл болох орон сууц гэрээнд заасан талбайн хэмжээнд хүрэхгүй дутуу буюу биет байдлын доголдлын талаар маргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ гэх нэртэй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул зохигчдын хоорондын маргааныг шүүх худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталж шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь нэхэмжлэгч С.Цийг хариуцагч “Х”ХХК-тай орон сууцны барилгыг захилан бариулах гэрээг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулахад гэрээний зүйл болсон орон сууц ашиглалтад орсон байсан болох
нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар нотлогдож байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээнд хүрэхгүй байгаа нь эд хөрөнгийн биет байдлын доголдолд хамаарах ба нэхэмжлэгчийн захиалгаар хийгдсэн “Тоонто гранд”ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгч С.Цийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, Хүннү-2222 хороолол, орон сууцны барилгын 113 дугаар байрны 5в /502/ тоот хаягт байршилтай орон сууцны нийт талбай 93.82 м.кв талбай буюу 2.04 м.кв-ын зөрүүтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг дахин тогтоолгох хүсэлт гаргасны дагуу шүүхээс “Тэтү” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад нэхэмжлэгч С.Цийн орон сууцны нийт талбай 94.66 м.кв талбай буюу 1.2 м.кв-ын зөрүүтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь худалдан авагчид биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй боловч хариуцагч байгууллага үүнийг зөрчиж доголдолтой хөрөнгө худалдан авагчид шилжүүлжээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нар талбайн зөрүүд илүү төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч нар нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг хүлээн авсан бөгөөд ийнхүү хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх боломжгүй доголдол биш байхаас гадна хариуцагч доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч “Х”ХХК-д орон сууцны талбайн зөрүүтэй байдлын талаар гомдол гаргаж байгаагүй, энэ нь холбогдох баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон орон сууцны талбай зөрүү нь орон сууцыг хүлээж авсан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаас хойш 6 сарын дотор илэрсэн доголдол биш байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах боломжгүй юм.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нь орон сууцыг худалдан авсан орон сууц өмчлөгч буюу эзэмшигчид хамаарахгүй бөгөөд тухайн орон сууцыг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацаа байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гарсан доголдлыг хариуцан үүрэгтэй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч С.Цийн хариуцагч “Х”ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.432.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Цээс нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох 250.000 төгрөгийг гаргуулж шинжээч “Тэтү”ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Цийн хариуцагч “Х”ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.432.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.249 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Цээс нөхөн төлүүлэх шүүхийн зардал 250.000 төгрөгийг гаргуулж шинжээч “Тэтү”ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР