Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/9

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0005/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт ******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2203006800581 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* овогт******* Бөхчулуун РД:******* ,******* аймагт төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,******* , эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 00 цаг 40 минутын үед чиглэлийн суудлын 273 дугаартай вагоноор зорчиж аймагт буухдаа хамт зорчиж явсан иргэн ***** цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ы мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Эд зүйлийг нь хохирогчид буцаагаад өгсөн.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2203006800581 дугаартай хэргээс:

 

Улсын яллагч: Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/, эд зүй хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13, 20 дахь тал/, хохирогч мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,  ******* гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 53, 56 дахь тал/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,*******ы өвчний түүх /хавтаст хэргийн 88-96 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 97 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч*******д холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн шүү хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “ Шүүгдэгч******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 00 цаг 40 минутын үед чиглэлийн суудлын 273 дугаартай вагоноор зорчиж аймагт буухдаа хамт зорчиж явсан иргэн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэлэлцүүлгийн шатанд судлагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 00 цаг 40 минутын үед чиглэлийн суудлын 273 дугаартай вагоноор зорчиж аймагт буухдаа хамт зорчиж явсан иргэн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Эд зүйл хураан авсан тухай “...Хар өнгийн 2 мөрөвчтэй цүнх 1 ширхэг, урд талын цахилгаантай тасалгаанаас цэнхэр өнгийн дайлан 1 ширхэг, дотор нь бор өнгийн хөөрөг 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, арын том цахилгаантай тасалгаанаас эрэгтэй хүний бор өнгийн дээл, бүс 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, бор өнгийн эрэгтэй хүний түрийтэй гутал, өмд 1 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авав. Хураалгасан ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7, 8 дахь тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал уг гар цүнхний ам нь онгорхой дотор нь байсан эд зүйлүүдийг гаргасан байсан ба хөр өнгийн хоёр мөрөвчтэй урд хэсэгт нь хоёр цахилгаантай тасалгаатай Dell гэсэн бичигтэй дотор нь байсан эд зүйлүүд тусдаа гаргасан цэнхэр өнгийн дайлинтай, бор өнгийн чулуун шар өнгийн нуухтай, цагаан өнгийн халбагатай, улбар шар өнгийн толгойтой хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний хуучин хэрэглэж байсан бор өнгийн торгох дээл, бүс 1 ширхэг, цагаан өнгийн хуучин эрэгтэй хүний даавуун бор өнгийн хуучин өмд 1 ширхэг, хар өнгийн олон үйлдэлтэй сахлын машин 1 ширхэг, цагаан өнгийн андройд цэнэглэгч 1 ширхэг эд зүйлүүд байсныг тэмдэглэл болгон бичив.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9, 10 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Хар өнгийн 2 мөрөвчтэй цүнх 1 ширхэг, цэнхэр өнгийн даалин 1 ширхэг, дотор нь бор өнгийн хөөрөг 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, эрэгтэй хүний бор өнгийн дээл, бүс 1 ширхэг, цагаан өнгийн эрэгтэй хүний Монгол цамц 1 ширхэг, бор өнгийн эрэгтэй хүний түрийтэй гутал 1 хос, өмд 1 ширхэг зэрэг эд зүйлийг иргэн Ц.Чулуунбаатарт хүлээлгэн өгөв.” тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай “...Иргэн гаргаж өгсөн саарал өнгийн хоолны халуун сав 1 ширхэг, ATOMY EVENING CARE” нэртэй цагаан өнгийн савтай нүүр цэвэрлэгч хоёр ширхгийг хураан авав.” гэх тэмдэглэл хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай “... Боржигин овогт -аас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгсөн саарал өнгийн хоолны халуун сав 1 ширхэг, ATOMY EVENING CARE” нэртэй цагаан өнгийн савтай нүүр цэвэрлэгч хоёр ширхгийг хураан авсан эд зүйлд үзлэг хийв. ...Саарал өнгийн металл 0,5 литрийн хоолны халуун сав байх ба хэрэглээний сэв зураастай байна. ATOMY EVENING CARE нэртэй нүүр цэвэрлэгч 2 ширхэг, 125 милаграмм савлагаатай дараах эд зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэг хийж тэмдэглэл үйлдэв.”  гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Саарал өнгийн металл 0,5 литрийн хоолны халуун сав 1 ширхэг,  ATOMY EVENING CARE нэртэй 125 милаграмм савлагаатай нүүр цэвэрлэгч 2 ширхэг эд зүйлийг Төмөр замын цагдаагийн газрын 214 тоот албан өрөөнд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагт хохирогч хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. Хүлээн авсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 25, 11 дүгээр сарын 14, 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу хувийн ажлаар явахаар тус өдрийн 18 цаг 40 минутад Улаанбаатар өртөөнөөс суудлын 273 дугаар галт тэрэгний 15 дугаар вагоны 22 дугаар местэд сууж цүнхтэй ачаагаа нэг давхрын ачаа тээш хийдэг орон доор хийгээд зорчиж явсан. Миний сууж явсан галт тэрэг нь нийтийн галт тэрэг байсан ба миний суудлын ойролцоо 5 хүн явж байсан. Тухайн 5 хүнээс хоёр нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд буусан. 10 цагийн үед би орны доороос цүнхнээсээ хоолоо авч идээд буцаагаад цүнхтэй эд зүйлээ орны доор байрлах ачаа тээш хийдэг саванд хийж цүнхнийхээ доор хоолны халуун саваа ил тавиад орхисон. Ачаа тээш хийдэг саванд охинтойгоо явж байсан эрэгтэй хүний бараан өнгийн нэг ширхэг том цүнх байсан. Өөр ачаа байгаагүй. 23 цагийн үед миний хажууд зорчиж явсан эрэгтэй хүн охинтой бас хажуу талын местнээс нэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийлээд хөзөр тоглоод намайг тоглох уу гэж асуухаар нь ядраад байна гэж хэлээд вагоны дээд талын орон дээр гараад унтаад өгсөн. Дархан-Уул аймагт 2022 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 00 цаг 40 минутад галт тэрэг зогссон. Би яг тухайн үед сэрээд ам цангаад байхаар нь цүнхэнд байсан ундаагаа авахаар доошоо буутал хамт зорчиж явсан хүмүүс буугаад явсан байсан. Би 1 давхрын орны доор байрлах тээш хийх савыг онгойлгож цүнхээ авах гэтэл миний цүнх алга болсон байсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би хар өнгийн үүргэвчтэй байсан. Дотор нь орчин цагийн их гарын манан хөөрөг, бор өнгийн торгон дээл, бор өнгийн бүс, цагаан өнгийн торгон Монгол цамц, бор өнгийн түрийтэй гутал, бор өнгийн өмд, цэнхэр өнгийн зүү ороож оёсон хөөргийн даалин, сахлын машин, утас цэнэглэгч, хоёр ширхэг эмэгтэй хүний нүүр цэвэрлэгч, 0,7 граммын бор шар өнгийн халуунаа барьдаг хоолны сав байсан. ...Би хулгайд алдсан бүх зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 34 дэх тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “...хар өнгийн цүнхтэй их гарын халтар манан хөөрөг, дээл, хувцас, гутал, сахлын машин, цэнэглэгч зэрэг 8 нэрийн эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,690,000 /хоёр сая зургаан зуун ерин мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 37, 38 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 10  дугаар сарын 26, 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Би аав хамт 2022 оны 10 дугаар сарын 23-ны орой 18:40 минутад Улаанбаатар хотоос Төмөр замын вокзал дээр суудлын 273 дугаартай галт тэрэгний 15 дугаар вагоны 20, 23 дугаар местэнд сууж аймагт ирсэн. Вагонд ороход бид хоёрын суудлын ойролцоо нэг эрэгтэй хүн байсан. Аав бид хоёр суудлынх нь доор цэнхэр том цүнх, ягаан өнгийн үүргэвчээ хийгээд гадуур хувцсаа дээд орыг буулгаад тавьсан. Удалгүй 50 гаран насны нүдний шилтэй эрэгтэй хүн ирээд би суудлаа андуурсан байна гээд энд миний суудал юм байна гээд бид хоёрын местний хажууд суусан. Тэр хүн ачаагаа бид хоёрын сууж байсан суудлын доор хийсэн. Ямар ачаа хийснийг сайн хараагүй мэдэхгүй байна. Тэгээд би удаагүй дээд давхрын мест дээр унтах гээд гарсан. Аав бид хоёрын доор юмаа хийсэн тэр ах аавын хажууд сууж байсан. Сүүлд би Зүүнхараа орох гээд явж байхад дээд орноос бууж ирээд тэр хүмүүстэй хөзөр тоглосон. Тэр нүдний шилтэй ах  намайг бууж ирэхэд дээд ор руу унтах гээд зөрөөд гарсан. Би буугаад хөзөр тоглоод байж байхад аав Зүүнхараа орно гэж байсан ахтай үүдний хэсэг рүү 2, 3 удаа гарсан.Тэр ах аавыг тамхи татах уу гээд асуугаад дагуулаад гараад байсан. Манай аав уг нь тамхи татдаггүй юм. Тэгсэн чинь нэг ороод ирэхдээ архи уусан орж ирсэн. Тэгээд би аав руу уурлаад юу болоод байна аав гэж хэлсэн. Тэр аавтай гарч ороод байсан хүн Зүүнхараа дээр буусан. Аав архи уусан байсан тул сандал дээр суугаагаараа унтаад байсан. Шөнө Дарханд 00:40 минутын үед галт тэрэг зогсоход би түрүүлээд өөрийн ягаан өнгийн үүргэвчээ аваад вагоноос буусан. Аав араас бууж ирсэн. Би такси аваад ард нь суугаад аавыг хүлээгээд байж байхад аав ирээд урд сандал дээр суугаад явсан. Тэгээд бид хоёр гэртээ ирсэн. Би аавд уурлаад өрөө рүүгээ ороод унтсан. Маргааш өглөө нь намайг унтаж байхад аав сэрээгээд юун хүний цүнх вэ гээд надаас асуугаад байхаар нь босоод харахад хар өнгийн сурагчийн цүнх байхаар нь та хүний цүнх андуураад давхар авсан байна шүү дээ гэж хэлэхэд аав өө яанаа гээд аваачиж өгнө гээд гэрээс эрт гараад явсан. ...Цүнхтэй эд зүйлийг цагдаад хураалгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53, 56-58 дахь тал/,

 

******* мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр, 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би тухайн үед архи уусан байсан болохоор суудал дээрээ унтсан. 2022 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 00 цаг 45 минутад аймагт ирэхэд манай охин намайг сэрээгээд би түрүүлж буугаад такси барилаа гээд ягаан өнгийн үүргэвчээ тээшнээс аваад буугаад явсан. Би араас нь тээшнээс цэнхэр өнгийн цүнх, хар өнгийн үүргэвчийг аваад галт тэрэгнээс буусан. Тухайн үед хамт зорчиж явсан нүдний шилтэй ах дээд талын орон дээр унтаад үлдсэн. Би охин араас очиход таксины ар талын суудал дээр суусан байсан ба би урд талынх нь суудал дээр суугаад гэртээ хүргүүлсэн. Гэртээ ороод би ядраад байсан учир авч явсан ачаагаа тагтан дээрээ гаргаж тавиад унтсан. Өглөө унтаж байхад манай эхнэр намайг сэрээгээд чи хэний үүргэвчийг авчихсан юм бэ. Хүний гутал хувцас байна гэж хэлэхээр нь тэгвэл цагдаад хүлээлгэж өгье гээд гэрээсээ гараад Төмөр замын вокзал дээр очоод зам дагуу хоёр төмөр замын ажилтан байхаар нь вокзал онгорхой байна уу гэж асуухад ажил 08 цагт цуглана гэж хэлэхээр нь буцаж гэртээ очиж үүргэвчтэй эд зүйлийг болкон дээр гаргаж тавиад эмнэлэг рүү явсан. Намайг унтаж байхад манай охин үүргэвчийг  Төмөр замын цагдаа нарт хүлээлгэж өгсөн байна лээ. ...Тэр хүний юмнаас нэг ч юм дутаагаагүй. Миний буруу. Дахиж ийм алдаа гаргахгүй. ...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45, 48-50, 80-81 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахай сэдэлтийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч нь алдсан эд зүйлээ биет байдлаар бүрэн бүтэн хүлээн авсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа “Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр мараан байхгүй, хохирлыг буцааж төлсөн учир шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй. Тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй. Шүүгдэгч нь сахрын өвчтэй, 10 гаруй жил эмчийн хяналтад байгаа хүн. Өвчин нь хүндэрч байгаа, 6 хүүхэдтэй 7 дахь хүүхэд нь эхнэрийн гэдсэнд байгаа байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс*******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлого, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч*******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзсан тул  хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч*******ыг 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР