Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/01456

 

 

 

 

 

 

       2020         05           29  

 181/ШШ2020/01456

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Х-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Г-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.М, хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Г.И, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие Б.Х нь 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Г.Гтай гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 1995 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Г, 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Г.Х, 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр охин Г.Гэнар төрсөн.

            Сүүлийн жилүүдэд нөхөр бид хоёрын харилцаа муудаж, байнгын хэрүүл, хардалдт, дарамт, үл ойлголцолтой амьдарсан. Нөхөр Г.Г нь тогтмол дарамтлан зөвхөн өөрийнхөө хүслийг тулган, зөвшөөрөхгүй тохиолдолд хашгирч уурлаж, айлган сүрдүүлж, хүчээр шийдвэрлэх, гэр бүлийн харилцаанд байх хэвийн хэмжээнээс хэтэрсэн үг, үйлдлүүд гаргах болсон. Тэрээр огцом түргэн ааштай, архи уудаг, ярьсан амласандаа хүрдэггүй.

            Энэ байдлаас болж би 2015 оны 2 дугаар сард гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нөхөр Г.Г өөрийн буруугаа хүлээж, дахин дарамтлахгүй, хэл амаар доромжлохгүй гэж шүүхийн өмнө баталгаа гаргаж байсан тул миний бие нэхэмжлэлээ татан авч байсан. Гэсэн хэдий ч энэ байдал өөрчлөгдөөгүй. Харин ч байдал илүү хүндэрсэн бөгөөд үүний улмаас хүүхдүүд гэртээ амар тайван байх боломжгүй болж, тэдний сэтгэл санаанд маш сөргөөр нөлөөлөх болсон.

            2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Г.Г агсам тавьж, байдал ноцтой болсон тул Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх дуудан өгч, би хүүхдүүдээ аван 5 сар тусдаа амьдарч байсан. Энэ хугацаанд байнга ажил дээр ирж дарамтлан гуйж гувшсаар байсан тул хүүхдүүдээ аван буцаад гэртээ очсон боловч байдал мөн л өөрчлөгдөөгүй. Цаашилаад хамт байхад хүүхдүүдэд хүртэл хэвийн амьдрах боломжгүй, байнга түгшүүр, дарамттай байх болсон тул өөрийн болон хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл тайван орчинд өсөж хүмүүжих боломжийг хангахын тулд гэр бүлээ цуцлуулахаар шийдэж, 2018 оны 8 дугаар сарын 30-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд гэр бүл цуцлуулахаар нэхэмжлэлээ гаргасан боловч дундын өмчлөлийн асуудал шийдэх шалтгаанаар буцаагдсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс би хүүхдүүдээ авч яван тусдаа амьдарч байна.

            Миний бие Г.Гтай хамт амьдарч байх хугацаандаа байнгын дарамтанд байж, хүчирхийлэлд өртөж байсан тул харъяа хорооныхоо гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандан зөвлөгөө авч байсан. Гэсэн хэдий ч нөхцөл байдал огг өөрчлөгдөөгүй тул цаашид Г.Гтай эвлэрэн хамт амьдрах ямар ч боломжгүй гэж үзэж, гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Цаашид бид албан ёсны эхнэр нөхөр байх боломжгүй тул гэрлэлт цуцалж, насанд хүрээгүй охин Г.Гэрэлмааг миний асрамжинд үлдээж, эцэгээс нь тэтгэлэг гаргуулан өгнө үү, бидний хооронд эд хөрөнгийн магаангүй гэв.

Хариуцагч Г.Г нь шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие нэхэмжлэгч Б.Хтай 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон, дундаасаа хүү Г, Г.Х, охин Г.Гэнарын гурван хүүхэдтэй бөгөөд охин Г.Гэнасанд хүрээгүй болно.

            Гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд эхнэр Б.Х нь харилцан ярилцаж ойлголцох чадваргүй, намайг байнга дорд үзэж дээрэнгүй харилцдаг, хайр халамжгүй байх зэргээр хамтын амьдралд хүндрэл учруулж, хэд хэдэн удаа шүүхэд гэр бүл цуцлуулах өргөдөл өгч байсан.

            Түүнчлэн өмнө нь хэд хэдэн удаа тусдаа амьдарч, сүүлийн нэг жил орчим хугацаанд хамтын амьдралгүй байгаа болно. Бид гэр бүлийн дундын эд хөрөнгийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, маргаангүй болно.

            Иймээс хариуцагч миний бие гэр бүл цуцлуулахад ямар нэгэн байдлаар татгалзах зүйлгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

            Охин Г.Гэрэлмааг эх Б.Хын асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зарим тодорхой үйл баримтуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайлбал, намайг эхнэрээ цохидог, гар хүрдэг, хүчирхийлэгч мэтээр баримт нотолгоогүй илтэд гүтгэн нэхэмжлэлд дурдсанд туйлын харамсалтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, талуудын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Г.Гт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Б.Х, Г.Г нар нь 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаандаа 1995 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Ганбаатарын Гэсэр, 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Ганбаатарын Хасар, 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр охин Ганбаатарын Гэрэлмаа нарыг төрүүлжээ.

Гэрлэгчид хоорондоо таарч тохирохгүйгээс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тус тусдаа амьдарч, хэн аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн нь зохигчийн тайлбар, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тодорхойлолт, зөрчил шалгасан тухай хариу мэдэгдсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х х-ийн 7-13, 23-р хуудас/

1995 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэндэлсэн хүү Ганбаатарын Гэсэр, 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэндэлсэн хүү Ганбаатарын Хасар нар нь насанд хүрсэн байх бөгөөд 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэндэлсэн охин Ганбаатарын Гэрэлмаа нь эрүүл бойжиж, Шинэ үе сургуулийн 10 дугаар ангид сурдаг болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ тус хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Шинэ үе сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд түнийг эхийнх нь асрамжид үлдээхийг эцэг Г.Г нь хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 13, 24, 28-31-р хуудас/

Иймд нэхэмжлэгч Б.Х, хариуцагч Г.Г нарын гэрлэлтийг цуцлаж, 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэндэлсэн охин Ганбаатарын Гэрэлмааг эх Б.Хын асрамжид үлдээн, эцэг Г.Гаас хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж охин Г.Гэрэлмааг тэжээн тэтгүүлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.,14.4.-т заасныг баримтлан Б.Х, Г.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэндэлсэн охин Ганбаатарын Гэрэлмааг эх Б.Хын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэндэлсэн охин Ганбаатарын Гэрэлмааг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг Г.Гаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Б.Х, Г.Г нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО