| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/00301/И |
| Дугаар | 181/ШШ2020/01370 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2020/01370
| 2020 05 21 | 181/ШШ2020/01370 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК ,
Хариуцагч: М ХХК -д тус тус холбогдох
13.825.830 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4.983.001 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, хариуцагч М ХХК болон С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.С миний бие СХХК-тай 2018 оны 3 дугаар сараас эхлэн ажил хэргийн холбоо тогтоож 2018 оны 6 дугаар сараас түүний охин компани болох М ХХК-тай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж 2019 оны 3 дугаар сарын 29-нд ажлаас гарсан.
СХХК-тай 2018 оны 3 дугаар сараас эхлэн түншлэлийн гэрээгээр сард 5,000,000 төгрөгийн зөвлөхийн ажил, үйлчилгээг үзүүлж байгаад мөн оны 6 дугаар сараас эхлэн СХХК-д бизнес хөгжлийн хэлтсийн захирлын ажил үүргийг хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх санал ирсэн.
Саналыг би хүлээн авч, нэг сарын ажлын хөлсийг 5,000,000 төгрөгөөр хэвээр үлдээж харин түүний охин компани болох М ХХК-тай 1,500,000 төгрөгийн хөдөлмөрийн гэрээ байгуулж, харин зөвлөх үйлчилгээний хөлсөнд 3,500,000 төгрөгийг Сод Монгол ХХК-ийн картын төвөөс бэлэн мөнгөөр нь авч байхаар тохиролцсон. Би МХХК-ийн толгой компани болох СХХК-д Гадаад харилцаа болон бизнес хөгжлийн газрын захирлаар 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд СХХК-ийн төв оффисд ажиллаж, толгой болон охин компаниудын бизнесийн үйл ажиллагаануудыг хянах, чиглэл өгөх, цаашдын үйл ажиллагааны төлөвлөлт, төслүүдийг бичих, удирдан зохион байгуулах, санхүүжилт босгох ажил үүргүүдийг хийж гүйцэтгэн СХХК-ийн Ерөнхийлөгч буюу М ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Ат тайлагнадаг байсан.
Ажиллах хугацаанд компани нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийх нэрийдлээр СХХК, М ХХК болон Сайншанд Рефайнери ХХК-ийн нэрээр 5 янзын хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан боловч нэг ч удаа удирдлагаар баталгаажуулсан гэрээг надад хүлээлгэн өгч байгаагүй. Цалинг СХХК-ийн картын төвөөс бэлнээр авдаг байсан. Мөнгө хүлээн авахдаа хүснэгтэн мэдээлэл бүхий баримтад гарын үсэг зурж баталгаажуулдаг. Баримтын эх хувь картын төвд үлдэж миний бие утсаараа зургийг нь авч үлддэг байсан.
Ажлаас халагдах болсон шалтгаан нь групп компанийн эзэн болох Ц.А нь надад ажлын байрны бэлгийн дарамт удаа дараа үзүүлж байсан бөгөөд түүний бэлгийн дарамтыг хүлээн зөвшөөрөөгүй учир элдвээр хяхаж хавчин гадуурхаж эхэлсэн.
2018 оны 12 дугаар сараас эхлэн 2019 оны 3 дугаар сар хүртэлх цалин, хөлснөөс ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр 6.286.577,64 төгрөгийн хууль бус хариуцлага хүлээлгэн суутгал хийх график гарган суутгаж, хугацаандаа цалин хөлс олгохгүй, араасаа нэхүүлэх, баг хамт олноор нь цалинг нь хаах зэргээр эдийн засгийн эмзэг, хараат байдлыг бий болгон хөдөлмөрийн мөлжлөг, бэлгийн дарамтад өртөх нөхцөл байдалд оруулсан.
Түүний эхнэр н.Бямбажавт энэ тухай хэлэхэд мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрүүлдэг. Миний ажлаас гарсан тушаалыг гардуулж өгөхгүй, тушаалын канондсан хувийг сарын дараа өгсөн учир ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон.
Ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар хувийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргахад тушаал чинь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр гарсан байна, материал хүлээн авах 14 хоногийн хугацаа хоцорсон гээд хүлээн аваагүй. Би 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр төслүүдийн бичиг баримтууд болон эд зүйлсийг хүлээлгэн өгсөн юм.
СХХК-д болон түүний охин компаниудад ажиллаж буй нийт ажилчид цалин хөлсөө хугацаандаа авч байгаагүй. Ажилласан өмнөх сарын цалин хөлсөө авах гэж байнга ямар нэгэн шалгуур давж байж дараа сардаа 15-45 хоногийн хоцролттойгоор авдаг байсан. Ажил олгогчоос ажлын байрны бэлгийн дарамт ирж эсвэл хууль бус шаардлага тавьж, эсвэл удирдлагын алдаатай шийдвэрийн хохирлыг аль нэг ажилчинд шууд тохсоны дараа цалин, хөлсийг олгохыг зөвшөөрч бэлнээр тавьж олгодог байсан. Компанийн зүгээс цалин хөлснөөс ямар ч үндэслэлгүй суутгал хийдэг бөгөөд ямар үндэслэлээр суутгап хийсэн тухай огт танилцуулдаггүй байсан. Цалин буух үед яагаад дутуу байгааг СХХК-ийн цалингийн нягтлан н.Энх-Амгалан болон М ХХК-ийн ерөнхий нягтлан н.Бямбажав нараас тодруулахад суутга гэсэн, барьцаа авсан гэх аман байдлаар тайлбар өгдөг. СХХК өглөө хоцорсон минут тутмыг 2000 төгрөгөөр тооцож сарын эцсийн цалин дээрээс. суутгадаг байсан. Хагас сайнд хоцорсон гэх шалтгаанаар надаас ойролцоогоор нэг сард 400,000 төгрөгийн суутгал хийсэн байдаг.
Хууль тогтоомж зөрчиж байна гэж удирдлагад хэлэхэд юун хүний эрх яасан ийсэн.. балайраад бай гэсэн хариу өгдөг. Одоо ажиллаж байгаа ажилтнууд яг ийм нөхцөл байдалд ажилласаар байгаа. Мөн намайг ажлаас гарсны дараа элдвээр сүрдүүлэн занаж зүхэж байсан болно.
Эдгээр суутгалаас гадна захирлууд тус бүрээс сар бүр 500,000 төгрөг барьцаа болгон суутгадаг ба үүнийгээ эрсдэлийн сан гэж нэрлэдэг. Дотоод аудитаас санхүүд шалгалт хийгээд Сзахирлаас суутгал хийлгүүлээгүй байна гээд 2018 оны 8 сараас эхлэн эрсдэлийн санд мөнгө хуримтлуулах даалгавар өгч, нягтлангууд энэ тапаараа утсаар мэдэгдэж цалин дээрээс шууд хэсэгчлэн суутган авсан бөгөөд 2019 оны 2 дугаар сард барьцаа мөнгийг 700,000 төгрөг болгон өөрчилж 3 сард тавьж олгосон 2 сарын цалингаас нэмэгдүүлсэн зөрүү болох 200,000 төгрөгийг надаас нэмж суутгасан.
Барьцаа мөнгө болох 700,000 төгрөгийг буцаан олгоогүй. Би ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэж байсан Рго Ipad үзгийн хамт миний мэдэлд байгаа бөгөөд цалингаас үндэслэлгүй суутгасан учраас би өөртөө туслах үүднээс өөрийн мэдэлд барьцаа болгон байлгаж байгаа болно.
Иймд СХХК болон түүний охин компани М ХХК-аас хөдөлмөрийн цалин хөлс, ээлжийн амралтын нийт 9,620,830 төгрөг, цалингаас үндэслэлгүй суутгасан төлбөрт 1,100,000 төгрөг, цалин хугацаандаа тавьж олгоогүй үеийн алданги 405,000 төгрөг, ажлаас гарсан тушаалыг хугацаандаа өгөөгүйгээс учирсан хохирол 2,700,000 төгрөг нийт 13,825,830 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч СХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Манай компаний зүгээс иргэн Б.Стэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан зүйл огт байхгүй бөгөөд иргэн Б.С манай компанид ажиллаж байгаагүй, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй болно.
Иргэн Б.С нь нэхэмжлэлдээ М ХХК нь СХХК-ийн охин компани гэсэн байна. М ХХК нь ОХУ-ын Роснефть компанийн 50%, СХХК-ийн 50%-ийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани бөгөөд үйл ажиллагааны чиглэл өөр, үүсгэн байгуулагч гүйцэтгэх удирдлага өөр, тус тусдаа тайлан тооцоотой, тус тусдаа УБЕГ-ын Хуулийн этгээдийн газарт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд болно.
Иргэн Б.Сийн талаар М ХХК-иас тодруулахад тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан бизнес хөгжлийн хэлтэст харьяалагдан ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Иймээс иргэн Б.С нь нэхэмжлэлд дурьдаад байгаа асуудлаа М ХХК-тай холбогдуулан шийдвэрлүүлэх нь зүйгэй.
Иймд иргэн Б.Сийн нэхэмжлэлтэй СХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч М ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Б.С нь М ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/005 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар Бизнес хөгжлийн газрын захирал албан тушаалд томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 32а/19 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно.
Б.С М ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2018 оны 6 дугаар 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр нэг сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан.
Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын суутгал 1.008.167 төгрөг нэхэмжилсэн. Ажил олгогчийн зүгээс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 дугаар сарын урьдчилгаа цалин олгосон бөгөөд Б.С 550.000 төгрөгийг гарын үсэг зурж хүлээн авсан. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 12-р сарын сүүл цалин олгосон бөгөөд үлдэгдэл цалин 950.000 төгрөгөөс НДШ 165.000 төгрөг, ХАОАТ 125.167 төгрөгийг тус тус суутгаж үлдэгдэл цалинг мөн Б.С хүлээн авсан байна.Иймд 12 дугаар сарын суутгал 1.008.167 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын суутгал 1.338.635 төгрөг гэж нэхэмжилсэн. Ажил олгогчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сард 01 дүгээр сарын урьдчилгаа цалин олгосон бөгөөд Б.С 600.000 төгрөгийг хүлээн авсан, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 01 дүгээр сарын сүүл цалин олгосон бөгөөд үлдэгдэл цалин 900.000 гөгрөгөөс НДШ 172.500 төгрөг, ХАОАТ 124.417 төгрөгийг тус тус суутгаж үлдэгдэл цалинг мөн Б.С гарын үсэг зурж хүлээн авсан байна. Иймд 01 дүгээр сарын цалин 1.338.635 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын цалин 2.391.830 төгрөг гэж нэхэмжилсэн. Ажилтан Б.Сийн хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин 1.500.000 төгрөг атал 2 сая гаруй төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна.
Ажил олгогчийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 02 дугаар сарын урьдчилгаа цалин олгосон бөгөөд Б.С 600.000 төгрөгийг гарын үсэг зурж хүлээн авсан, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 02 дугаар сарын сүүл цалин олгосон бөгөөд Б.Сд тооцогдсон цалин 1.444.853 төгрөгөөс урьдчилгаа цалин 600.000 төгрөг, НДШ 166.158 төгрөг, ХАОАТ 119.536 төгрөгийг тус тус суутгаж үлдэгдэл цалинг Б.С гарын үсэг зурж хүлээн авсан байна. Иймд 02 дугаар сарын цалин 2.391.830 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал 2019 оны 03-р сарын цалин /15 хоног ажилласан / 3.571.427 төгрөг гэж нэхэмжилсэн. Ажилтан Б.Сийн хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин 1.500.000 төгрөг атал 3.5 сая гаруй төгрөг нэхэмжилсэн нь мөн л ойлгомжгүй байна.
Ажилтан Б.С 2019 оны 3 дугаар сард нийт 15 хоног ажилласан буюу ажиллавал зохих 160 цагаас 80 цаг ажилласан бөгөөд үндсэн цалин болох 1.500.000 төгрөгөөс 750.000 төгрөгийн цалин бодогдсон байна. Тус бодогдсон 750.000 төгрөгөөс НДШ 86.250 төгрөг, ХАОАТ 49.708 төгрөг тус тус хасаж үлдэх 614.042 төгрөгийг Б.Сийн компанид төлөх төлбөрт суутгасан болно. Иймд 3 дугаар сарын цалин 3.571.427 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 1.310.771 төгрөг гэж нэхэмжилсэн. Ажилтан Б.Сийн 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны ээлжийн амралтын мөнгийг зохих журмын дагуу бодож 2019 оны 3 дугаар сарын цалин дээр 778.301 төгрөг бодогдсон. Тус 778.301 төгрөгнөөс НДШ 89.505 төгрөг. ХАОАТ 52.213 төгрөг тус тус хасагдаж үлдэгдэл 636.583 төгрөгийг Б.Сийн компанид төлөх төлбөрт суутгасан. Иймд ээлжийн амралтын олговор 1.310.771 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Ажлаас гарсан тушаалыг хугацаандаа өгөөгүйгээс учирсан хохирол 2.700.000 төгрөг гэж нэхэмжлэлд дурьдсан байна. Ажилтан Б.Сийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Гүйцэтгэх захирлын тушаал 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гарсан бөгөөд ажилтан Б.С тус тушаалыг өөрөө ирж авахгүй байсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ирж авсан болно. Тус тушаал гараад даруй нэг сарын хугацаа өнгөрч байхад өөрийн хариуцлагагүй байдлын улмаас ирж аваагүй бөгөөд хохирол 2.700.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Барьцаа 700.000 гөгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд манай компаний зүгээс ажилтан Б.Сэс 700.000 төгрөгийн барьцаа аваагүй болно.
Хагас сайн өдөр хоцорсон нэрийдлээр суутгасан суутгал 400.000 төгрөг нэхэмжилсэн нь мөн л үндэслэлгүй байна. Ажилтан хүн ажлын цаг баримтлах нь маш чухал бөгөөд ажлаас хоцорч байна гэдэг нь тухайн хүн ямар хүн бэ гэдгийг тод харуулж байгаа болно. Ажилтан Б.Сэс 400.000 төгрөг суутгасан зүйл байхгүй болно.
Цалин хугацаандаа тавьж олгоогүй үеийн алданги 405.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.9-д цалинг сар бүрийн 10, 25-ны өдөр олгоно гэж тодорхой заасан бөгөөд компаний зүгээс ажилтнуудын цалинг заасан хугацаанд сар бүрийн 10, 25-ны өдөрт олгодог. Мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд алдангийн талаар огт дурьдаагүй байхад Б.С ямар үндэслэлээр ямар тооцооллоор алданги тооцож нэхэмжилж буй тодорхой бус байна.
Иймд иргэн Б.Сийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч М ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
М компанид Бизнес хөгжлийн газрын захирал албан тушаалтай ажиллаж байсан Б.С нь компаний зардлаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 01дүгээр сарын 25-ны өдрийн хооронд албан ажлаар Улаанбаатар-Москва- Швейцарь гэсэн маршрутаар авсан бөгөөд тус хугацаандаа компаний мөнгөөр буюу зээлээр 1.588.282 төгрөгийн хувцас хувьдаа авахуулсан, өөрийн нөхрийн Москвагаас Улаанбаатар орох онгоцны тийзийг компаний мөнгөөр буюу зээлээр 1.493.700 төгрөгөөр авахуулсан, мөн Б.С нь хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж компаний мөнгөөр захиалан төлбөрийг төлсөн зочид буудалаа цуцлуулаагүйгээс компанид 6.286.577 төгрөгийн хохирол учирсан.
Б.С зээлээр хувьдаа хувцас авахуулсан төлбөр,өөрийн нөхөртөө онгоцны тийз авахуулсан төлбөр, зочид буудлын захиалга цуцлуулаагүйгээс учирсан хохирол нийт 9.368.559 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч 2019 оны 02дугаар сарын 14-ний өдөр Авлагын эргэн төлөлтийн графикийг М ХХК-тай байгуулсан.
Тус графикийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр байсан бөгөөд Б.С тус төлбөрөөс 4.385.558 төгрөг төлж өнөөдрийн байдлаар 4.983.001 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Б.Сийг үлдэгдэл төлбөр болох 4.983.001 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд төлөхгүй байгаа болно.
Иймд иргэн Б.Сэс төлбөрийн үлдэгдэл 4.983.001 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.678 төгрөгийн хамт гаргуулан манай компаний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.С миний бие СХХК-д бизнес хөгжлийн газрын захирлаар 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарын дунд хүртэл ажиллаж байсан.
Ажлаас гарах шалтгаан нь шууд удирдлага болох Ц.Ааас 2019 оны 1 сарын сүүлээс эхлэн надад бэлгийн дарамт учруулах, үндэслэлгүйгээр өр төлбөр бий болгон албадан хөдөлмөрлүүлэх нөхцөл рүү шилжсэн зэргээс болсон.
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Швейцарийн Давос хотод тухайн үед олон улсын эдийн засгийн чуулга уулзалт болж байсан тул байрлах зочид буудал хоногийн 1 хүний 30,000 швейцарь франк ойролцоогоор 30,000 ам.долларын үнэтэй байсан бөгөөд би Улаанбаатарт оффисд байхдаа Ц.Ат хэд хэдэн зочид буудлын танилцуулгыг авч танилцуулахад хямд буудал ол гэсэн заавар өгч байсан.
Швейцарийн Давос хотод 2019 оны 1 дүгээр сарын 26-29 хооронд болсон Орос байшин бизнес уулзалтад Ц.А, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Лобанов, СХХК-ийн хэвлэл мэдээллийн газрын захирал Батханд, миний бие нийт 4 хүн явахаар болж шингений виз 4 хүн дээр авсан ч Швейцарь уруу Ц.Аын хамт би ганцаараа явсан.
Тэр үед хамт явах байсан Батхандын хүүхэд бага насных учир явж чадахгүй Улаанбаатарт үлдэж, Лобанов захирал, А бид 3 явахаар болж Швейцарийн олон улсын онгоцны буудлаас 20 минут газар таксигаар явах газарт байрлах зочид буудалд тус тусдаа 3 өрөөг нийт 2880 швейцар франкаар захиалахыг А зөвшөөрч, өөрийнхөө олон улсын картыг өгч онлайн захиалга хийлгэсэн.
Би хүний картыг дураараа аваад зочид буудал захиална гэж байхгүй шүү дээ. Ажилтай холбоотой бүх зүйлийг Аын зөвшөөрлийг авсаны дараа хийдэг байсан.
Өөрөөр хэлбэл, зочид буудлын захиалгыг хийхээс өмнө А өрөөний нэгж дүн болон нийт үнийн дүн, зочид буудлын байршлыг мэдэж захиал захиал гэсэн шийдвэр гаргаж картын мэдээллээ өгсөн, тэр буудлыг нь захиалсан.
А нь Лобанов захирлыг ажилтай гэдэг шалтгаанаар Москвад үлдээж би түүнтэй хамт Москвагаас Швейцарь явсан. Иймд би Лобанов захирлын өрөөг урьдчилсан байдлаар зочид буудлын емайл хаяг уруу захиалгаа цуцлах хүсэлт явуулж түүнд захиалсан зочид буудлыг цуцлуулсан.
А бид хоёр Швейцарт 23 цагт очсон. Гэтэл А захиалсан буудалдаа очоогүй. Тухайн онгоцны буудалд байх зочид буудалд байрласан. Иймд урьдчилж өгсөн зочид буудлын захиалгаа цуцлахгүй бол болохгүй. Швейцарь Монголтой адил биш, захиалгаа цуцлуулахгүй бол болохгүй гэдгийг Ат маш сайн тайлбарлаж хэлсэн. Тэрээр орос, англи хэлтэй, олон улс орноор явж байсан хүн үүнийг маш сайн мэдэж байсан. Давост буудал олсны дараа буудлаа цуцлуулна. Огт буудалгүй болчих гээ юу гээд загнаад эхэлсэн.
Онгоцны буудал дээрх зочид буудлын ресепшин дээр нь А нэг өрөө гэж англиар ярьж захиалга өгсөн тул би хажуунаас нь ядаж 2 ортой нэг өрөө гэж англиар хэлэхэд чи тэнэг юм уу....залуу нь дуртай байхад хүүхэн нь татгалзаад байна гэж ойлгоно шүү дээ гээд зандраад эхэлсэн. Тэгээд 2 ортой 1 өрөө захиалж орсон. Өрөөнд ачаагаа оруулж тавьчихаад ойр зуурын юм сонирхоод идэх юм байвал авъяа гээд багахан мөнгө Ааас аваад гарч үүрийн 4, 5 цаг хүртэл хүлээлгийн танхимд сандал дээр сууж өнжсөн.
Томилолтоор явахад надад хоолны зардал, ойр зуурын зардал, утас, харилцаа холбооны зардал, онцгой үед хэрэглэх зардал гарт огт олгоогүй.
Мгаас зардал нь гарч байсан тул М ХХК-ийн санхүүгээс томилолтоор явахаасаа өмнө томилолтын зардал тодруулахад Аын картанд шилжүүлсэн гэсэн. Иймээс би томилолтын батлагдсан хуудсыг авъяа гээд хуулбарыг нь авсан юм.
Өглөө нь би Швейцарийн Давос хот руу 3 цаг орчим галт тэргээр явж очсон хойноо зочид буудал онлайнаар хайсан ч тэр жижиг газарт том том гүрний тэргүүнүүд, улс төрийнхөн ирсэн байсан тул зочид буудлын сул өрөө байгаагүй. Тухайн өдөр нь нөгөө захиалсан газраа яах вэ гэхэд хүлээж бай гэсэн зааварчилгаа өгсөн.
Би үдээс хойш өдрийн хоолны дараа ширээнд сууж байхдаа Олон улсын мөсөн чарганы холбоонд Монголын холбоог бүртгүүлэх, удирдлагатай нь уулзах талаар Олон улсын холбооны менежертэй Аын утсаар ярьчихаад үргэлжлүүлэн захиалга өгсөн зочид буудал уруу ярьж байтал чи юу хийгээд байгаа юм бэ, буудалгүй болгох гээ юу, гээд утасаа шүүрч авсан.
Урьдчилсан захиалга өгсөн газраа цуцлуулсан ч цуцлуулаагүй бол их бага хэмжээний төлбөр авчихдаг. Та буусан, буугаагүй хамаагүй төлбөр төлөх болдог гэж би тайлбарласан ч ойлгохыг хүсээгүй. Тэгээд ч Давос хотод зочид буудал олдоогүй учир захиалгаа хэвээр байлгах юм байна гэж би ойлгосон.
Буцаад онгоцны буудлын зочид буудалд очно оо гээд очсон. Урьдчилан захиалга хийсэн буудалдаа буугаагүй тул зочид буудлаас 2 хүний буудлын мөнгийг буюу 2080 швейцарь франкыг болон Лобановын буудлын өрөөг цуцлуулсан 300 франкийн төлбөрийг түүний картнаас автоматаар суутгасан байсан. Энэ талаар эхнэр нь түүнд утсаар хэлсэн. Бид юу ч мэдээгүй явж байсан. Удирдлагын өөрийнх нь буруутай шийдвэрээс компанид хохирол учирсан.
Би ажлын хариуцлага алдаагүй. Дур мэдэн захиалсан бол компанийг хохиролд оруулсан гэж үзэх. Гэтэл А өөрийн картаараа энэ буудлын захиалгыг баталгаажуулж байж Шенгений виз авахаар Монгол дахь Францын элчин сайдын яаманд виза мэдүүлж визагаа авсан.
Тэрээр шенгений оронд явж байхдаа надад чи мөнгөгүй хаа холдох юм... түүнтэй хамт унтах ёстой.... чамайг шийтгэнэ, ... чиний хонго гуян дээр чинь өнөө шөнөжин алгадаж хариуцлага тооцно... яасан шазруун юм бэ гэх мэтээр ажлын байрны бэлгийн дарамт, шахалт үзүүлж явсан. Швейцарьт 2 хоноод буцсан. Москвад үүрийн 4 цагт очсон бөгөөд бас л нэг ортой өөрөө захиалсан.
Манай нөхөр тэр үед Москвад байсан тул бидний буусан зочид буудалд ирж намайг авсан юм. Би нөхөртөө бэлгийн дарамтад хүнд явж байгаагаа хэлсэн учир хамтдаа буцахаар болж компаний захиалгаар нөхөртөө билет бичүүлэн явсан.
Нөхрийн хамт ирсэн билетийн зардлыг 1 сард авах ёстой байсан цалингаасаа 1,493,700 төгрөгийг М ХХК-д суутгуулсан. Түүнчлэн УБ-Москва-Парисын нислэгт миний ачаа алдагдсан тул өмсөж байсан хувцастайгаа үлдсэн. Харин Парисын онгоцны буудлын хувцасны дэлгүүрээс 2 ээлжийн оффис хувцас авахад А картаараа төлсөн. Үүний зардлыг би мөн цалин дээрээсээ 1,588,282 төгрөгийг суутгуулсан.
Үндсэндээ ачаа ирээгүйгээс үүдсэн хохирлыг компани хариуцах ёстой байсан ч тодорхой хэсгийг нь хариуцахаар зөвшөөрсөн. Энэ талаар ямар нэгэн маргаан гараагүй. Цалингаасаа суутгуулахыг би зөвшөөрсөн. Миний хувьд 2 удаагийн цалин олголт дээрээс хүлээн зөвшөөрсөн суутгалуудыг хийлгэсэн. Дээрх зочид буудлын төлбөр төлөх асуудал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Улаанбаатарт ирсэнийхээ дараа, чи зочид буудал цуцлуулаагүй чиний цалин дээрээс суутгана гээд тухайн өдрийн ханшаар 6.286.577,64 төгрөгийн суутгалын график хуваарь хийлгэсэн байсан.
Би томилолтын хуудастай томилолтоор явсанаас биш буугаагүй буудлын төлбөрийг би төлөх гэрээ хийж яваагүй. Би хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг А-т удаа дараа хэлсэн.
Би хүлээн зөвшөөрөхгүй гэхэд миний цалинг багийн гишүүдийн цалингийн хамтад нь хаасан. Учир нь зардалаа миний цалингаас суутгаж авна гэхээр нь би зөвшөөрөөгүй. Цалингаа нэхсэн манай багийн 2 ажилтныг учир шалтгааныг хэлтсийн дарга С-ээсээ асуу гээд өрөөнөөсөө гаргасан байсан. Ажилчид цалин мөнгөгүй, 1 дүгээр сарынхаа аванзийг ч аваагүй, цалинг олгуулж өгөөч, өр зээлтэй байгаа, хоол ундгүй болчихлоо, унааны мөнгөгүй байна аа гээд ирэхээр надад хүнд байсан. Би төлөлтийн графикт нь гарын үсэг зураад явуулвал яах вэ гэхэд ажилчдын цалинг тавина гэсэн юм. Ингээд би дарамт шахалтад орж надаас төлбөр суутгах графикт гарын үсэг зурж ерөнхий нягтлан бодогчид өгсөн.
Графикт гарын үсэг зурж байхдаа хууль бусаар тулган шахаж байгаа өр төлбөрийн асуудлыг дараа нь хуулийн дагуу шийдвэрлүүлж болно гэж бодож зурсан.
Өөрөө буруу гаргасан шийдвэртээ өөрөө хариуцлагаа хүлээж мэддэггүй, компанийн хохирлыг компанийн ажилчдын цалингаас байнга суутгаж авдаг буруу жишиг СХХК болон түүний охин компаниудад тогтсон соёл байсан. Ажилчдыг нохой гахайнаас ч дорд үзэж зэрлэг авирладаг, хууль бус хариуцлагуудыг хүлээлгэдэг байсан. А-т хууль, дэг журам, ёс суртахуун гэж огт үйлчилдэггүй. Өөрийгөө хаан, ерөнхийлөгч гэж өргөмжилсөн хүн. Өөрт нь сайн хандаж сайн үйлчилж байвал өөрийнх нь харж хамгаалдаг бурхан нь намайг харж хамгаална. Зүгээр аятайхан байгаарай гэж ... уулзах бүртээ сануулдаг.
Дарлуулан, доромжуулан, барьцаанд орон байж хууль бус хариуцлагуудыг хүлээн зөвшөөрөн албадан хөдөлмөрийг тэвчиж ажиллахыг хүсээгүй учир хариуцаж байсан ажлуудаа хүлээлгэн өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
НЭГ: Үндсэн нэхэмжлэлийн тухайд
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч СХХК болон М ХХК-д тус тус холбогдуулан 13.825.830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ
Хариуцагч СХХК болон М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
1.1. Хариуцагч М ХХК /ажил олгогч/ нь нэхэмжлэгч Б.С /ажилтан/-ийг сарын 1.500.000 төгрөгийн цалинтай, бизнес хөгжлийн захирлын албан тушаалд ажиллуулахаар харилцан тохиролцож 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 47-49-р хуудас/
М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/005 дугаартай тушаалаар Б.Сийг тус компанийн Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд томилсон байна. /хх-ийн 46-р хуудас/
Ажилтан Б.С нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хүсэлтээр М ХХК-ийн бизнес хөгжлийн захирлын ажлаас чөлөөлөгдсөн, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсний тухай ажил олгогч М ХХК-тай маргаагүй болно.
Харин тус байгууллагад ажиллаж байх үеийн цалингаас 2018 оны 12 дугаар сарын цалингаас 1.008.167 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын цалингаас 1.338.635 төгрөгийг, 2019 оны 2 дугаар сарын цалингаас 2.391.830 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын цалингаас 3.571.427 төгрөгийг, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговорт 1.310.771 төгрөгийг, ажлаас гарсан тушаал хугацаандаа олгоогүйгээс учирсан хохирол 2.700.000 төгрөгийг, цалин хөлс хугацаандаа тавьж олгоогүйгээс алданги 405.000 төгрөгийг, барьцаа 700.000 төгрөгийг, хагас сайн өдөр хоцорсон нэрийтлээр суутгасан 400.000 төгрөгийг тус тус олгоогүй, суутган авсан тул нийт 13.825.830 төгрөгийг гаргуулан өгнө үү гэж маргажээ.
а. 2018 оны 12 дугаар сарын цалингийн урьдчилгаанд 550.000 төгрөгийг хүлээн авчээ. /хх-ийн 65-р хуудас/
12 дугаар сарын сүүлийн цалингаас нь хүн амын орлогын албан татварт 125.167 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 165.000 төгрөгийг, барьцаа гэж 100.000 төгрөгийг, суутгал гэж 24.000 төгрөгийг, хоцролт гэж 44.000 төгрөгийг тус тус суутган авч түүний гарт 491.833 төгрөгийг олгожээ. /хх-ийн 156,19-р хуудас/
б.2019 оны 01 дүгээр сарын цалингийн урьдчилгаанд 600.000 төгрөгийг хүлээн авчээ./хх-ийн 66-р хуудас/
01 дүгээр сарын сүүлийн цалингаас нь хүн амын орлогын албан татварт 124.417 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 172.500 төгрөгийг, хоцролт гэж 36.000 төгрөгийг, барьцаа гэж 50.000 төгрөгийг тус тус суутган авч түүний гарт 517.083 төгрөгийг олгожээ. /хх-ийн 66-р хуудас/
в.2019 оны 02 дугаар сарын цалингийн урьдчилгаанд 600.000 төгрөгийг хүлээн авчээ. /хх-ийн 67-р хуудас/
02 дугаар сарын сүүлийн цалингаас нь хүн амын орлогын албан татварт 119.536 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 166.158 төгрөгийг, хоцролт гэж 46.000 төгрөгийг, суутгал гэж 1.060.135 төгрөгийг тус тус суутган авч түүний гарт 53.023 төгрөгийг олгожээ. /хх-ийн 68 дугаар хуудас/
г.2019 оны 3 дугаар сарын цалинд 750.000 төгрөг, ажилласан хугацааны амралтын мөнгө 778.301 төгрөг, нийт 1.528.301 төгрөг тооцож үүнээс хүн амын орлогын албан татварт 101.921 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 175.755 төгрөгийг, зээл барьцааны суутгалд 1.250.625 төгрөгийг тус тус суутган түүнийн гарт мөнгө олгоогүй байна. /хх-ийн 70-р хуудас/
Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сард 15 хоног ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнээс хойш ажилласан хугацаатай маргаагүй болно.
д.Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-т Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно гэж,
55.2.-т Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно гэж,
79.2.-т Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.
79.5.-д Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно гэж тус тус заажээ.
Ажилтан Б.С нь 2004 оны 3,4,5, 9,10,11,12 дугаар сард, 2005 оны 01 дүгээр сараас 2009 оны 12 дугаар сар хүртэл, 2010 оны 1 дүгээр сараас 2012 оны 9 дүгээр сарын хүртэл, 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл, 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 1,2,3,10,11,12 дугаар сар дуустал, 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын дуусталх хугацаанд нийт 12 жил 5 сар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгууллагуудад ажиллаж байжээ.
Эндээс үзэхэд Б.Сийн ажилласан жил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5.2.-т зааснаар 11-15 жилд ажлын 5 өдөр гэсэн нэмэгдлийг авч болохоор байна. /хх-ийн 8, 9, 228-231-р хуудас/
Нэхэмжлэгч Б.С нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүртэл буюу түүнийг ажлаас чөлөөлөх тухай 32а/19 дугаартай тушаал гарах өдөр хүртэл М ХХК-д Хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан болох нь зохигчийн тайлбар, М ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүнд олговол зохих амралтын мөнгийг тооцоход нэг өдөрт 76.115 төгрөг байна.
/1.500.000+1.500.000+1.369.565+1.200.000+1.630.435+1.500.000+1.500.000+1.500.000+1.500.000+1.528:301=14.728.301 төгрөг, 14.728.301:9сар= 1.636.478 төгрөг, 1.636.478:21,5=76.115 төгрөг/
Ажилтан Б.С нь нийт 12 жил 5 сар ажилласан бөгөөд М ХХК-д 9 сар ажилласан тул 15 өдрийн амралт эдлэх эрхтэй байна.
/бүтэн жил ажилласан бол 15өдөр+5өдөр=20 өдөр амрах байсан, 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилласан тул 15 хоног амрах/
Нэхэмжлэгчийн 15 хоногийн амралтын мөнгийг тооцоход 1.141.725 /15хоног * 76.115=1.141.725/ төгрөг гарч байна.
Ажил олгогч ажилтанд ажилласан хугацааны амралтын мөнгө гэж 778.301 төгрөгийг олгосон боловч зөрүү 363.424 төгрөгийг түүний зөвшөөрсөн, суутгал болох 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн авлагын эргэн төлөлт 9.368.577,64 төгрөгийн авлагад суутгасан гэж үзэхээр байна.
Дээрх бүхнийг дүгнэхэд түүний 2018 оны 12 дугаар сарын цалингаас барьцаа 100.000 төгрөгийг, суутгал 24.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын цалингаас барьцаа 50.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын цалингаас суутгал 1.060.135 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын цалин, амралтын мөнгөнөөс 1.250.625 төгрөгийг тус тус суутгаж, барьцаанд 150.000 төгрөгийг, суутгалд 2.334.760 төгрөгийг нийт 2.484.760 төгрөгийг суутгажээ. / хх-ийн 66-68, 70, 156-р хуудас /
1.2.Ажлаас гарсан тушаал хугацаандаа өгөөгүйгээс учирсан хохирлын хувьд:
Ажилтан Б. Снь тус компанид 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилласан гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн эрхэлж байсан ажлаа 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн, 32а/19 дугаартай тушаал мөн өдөр гарсан болох нь зохигчийн тайлбар, ажил хүлээлцсэн актаар тогтоогдож байх тул түүнийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл М ХХК-д бизнес хөгжлийн газрын захирлын ажил үүргийг гүйцэтгэж байсан гэж үзнэ.
Б.Сийг ажлаас чөлөөлсөн М ХХК ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 32а/19 дугаартай тушаалыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан боловч тушаалыг хугацаандаа өгөөгүйгээс ажлаас халагдсаны тэтгэмжийг авч чадаагүй болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл ажлаас халагдсаны тэтгэмж авахаар зохих байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд түүний ажлаас гарсан тушаалыг хугацаандаа өгөөгүйгээс учирсан хохирол гэх 2.700.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэсгүй.
1.3.Барьцаа 700.000 төгрөгийн хувьд:
Ажилтан Б.С нь 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх цалин, мөнгөний асуудалд маргаагүй болно.
Түүний 2018 оны 12 дугаар сарын цалингаас барьцаа 100.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын цалингаас барьцаа 50.000 төгрөгийг, нийт 150.000 төгрөгийг барьцаанд авсан байна. /хх-ийн 66, 156-р хуудас/
1.4. Хагас сайн өдөр хоцорсноос суутгасан 400.000 төгрөгийн хувьд:
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.8.-д Ажилтан ажил эхлэх, завсарлах болон тарах цагийг чанд баримтлан ажлын цагийн үргэлжлэх хугацаанд, зөвхөн ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Өглөө ажилдаа ирэх, орой ажлаас тарах бүрдээ цаг бүртгэгч машинд хуруугаа заавал уншуулна. Хоцорсон минут тутамд 1000 төгрөгөөр тооцож цалингаас хасна гэж харилцан тохиролцжээ./хх-ийн 48-р хуудас/
Дээрх хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсоны дагуу ажил олгогч нь ажилтан Б.Сийн 2018 оны 12 дугаар сарын цалингаас хоцролт гэж 44.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сард 36.000 төгрөгийг, 2019 оны 2 дугаар сард 46.000 төгрөгийг тус тус хасаж, ажлаас хоцорсон гэж нийт 126.000 төгрөгийг хассан байна.
Ажилтан Б.С хагас сайн өдөр хоцорсон нэрийтлээр 400.000 төгрөгийг суутгаж авсан гэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. /хх-ийн 65-70,156, 167-212-р хуудас/
1.5. Цалин хугацаандаа тавьж олгоогүйгээс алданги тооцох тухайд
Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.9.-д Цалинг сар бүрийн 10, 25-ны өдөр олгоно. Ажлын үр дүнг харгалзан үр дүнгийн шагнал урамшууллыг улирал жилээр тооцож олгоно. гэжээ /хх-ийн 48-р хуудас/
Ажил олгогч М ХХК нь сар бүрийн цалинг 10-15 хоногоор хоцроож өгдөг байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 53-70-р хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4.-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн алданги тооцож нэхэмжилж буй нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Б.С 2019 оны 12 дугаар сарыг хүртэлх цалин мөнгөний асуудалд маргаангүй гэсэн тайлбарыг хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай- гаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу тус байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаагүй байна.
ХОЁР.СХХК-д ажиллаж байсан тухайд:
Хариуцагч СХХК нь Континент Консалтинг ХХК-тай Хамтран ажиллах гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулжээ./хх-ийн 214-227-р хуудас/
Дээрх гэрээгээр Континент Консалтинг ХХК нь Үл хөдлөх хөрөнгийн мега төсөл дээр зээл болон хөрөнгө оруулалтын санхүүжилт босгох ажлын хүрээнд СХХК-ийн санаачилсан Монгол улсад баригдаж буй үл хөдлөх хөрөнгийн мего төслийг санхүүжүүлэгчийг олох, СХХК нь сард 2500 ам доллар өгөхөөр тохиролцжээ.
Талууд Хамтран ажиллах гэрээний дагуу ямар ажил хийсэн, уг гэрээ дуусгавар болсон эсэх, хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон эсэх талаар ямар ч баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.С, хариуцагч СХХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй байна.
Шүүх хариуцагч СХХК-иас Б.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дээрх гэрээний дагуу түүнд олгож байсан цалин, цагийн бүртгэл, тооцоо, ажлын хөлс олгож байсан тухай кассын зарлагын ордерууд, хүний нөөцийн бичиг баримтууд зэргийг шаардахад байхгүй гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд тухайн баримтуудад үзлэг хийж бэхжүүлсэн болно. /хх-ийн 166,168-212-р хуудас/
Иймд СХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
ГУРАВ: Сөрөг нэхэмжлэлийн тухайд.
Хариуцагч /ажил олгогч / М ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.А нь нэхэмжлэгч /ажилтан/ Б.Стэй хийсэн авлагын эргэн төлөлтөөс үлдсэн 4.983.001 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Ажилтан Б.С нь М ХХК-д бизнес хөгжлийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Швейцарийн Давос дахь эдийн засгийн форумд оролцохоор тус компанийн ТУЗ-ийн дарга Ц.А, гүйцэтгэх захирал Л. В.С, СХХК-ийн хэвлэл мэдээллийн газрын захирал Батханд нартай хамт явахаар визанд орж, буудаллах буудал захиалсан боловч тодорхой шалтгааны улмаас 2 хүний буудлын захилгыг цуцлуулж Швейцарь улс руу Ц.Ананд базарын хамт зорчжээ.
Улаанбаатараас Швейцарь хүрэх замд Б.Сийн тээш алга болсон, захиалсан буудалд ороогүй зэргээс шалтгаалж талуудын хооронд тооцоо үүсэн, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Эргэн төлөлтийн баримтыг үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 91-р хуудас/
Дээрх тооцооноос 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хувцас авахуулсан 1.588.282 төгрөг, нөхөр Г-ын тийзний үнэ 1.493.700 төгрөгийг Б.С хүлээн зөвшөөрч, зочид буудлын захиалга цуцлаагүй нь надаас хамааралгүй тул 6.286.577,64 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Швейцарь дах зочид буудлын захиалгыг хийхээс өмнө ажилтан Б.С захиалгыг танилцуулж, ажил олгогч М ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.А өрөөний нэгж дүн болон нийт үнийн дүн, зочид буудлын байршлыг мэдэж захиалж болно гэсэн шийдвэр гаргаж картын мэдээллээ өгсөнөөр уг буудлыг нь захиалсан байх бөгөөд явц дунд нь Швейцарь хүрэхээс өмнө захиалсан буудлаасаа Лабонов, Батханд нарт захиалсан захиалгыг Б.С цуцлуулж чадсан байх бөгөөд захиалсан буудлаас үлдэх 2 өрөөний захилгыг цуцлуулалгүй өр үүсэхэд ажил олгогч М ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Аын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогчийн удирдлага дор ажил үүргээ гүйцэтгэж явах үед нь ажиллах нөхцөл, бололцоогоор хангах үүргээ ажил олгогч М ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.А биелүүлээгүй гэж үзнэ.
Дээрх бүхнээс дүгнэхэд талуудын хооронд үүссэн эргэн төлөлтийн 4.385.558 төгрөгийг ажилтан Б.Сийн
2018 оны 12 дугаар сарын цалингаас суутгал 24.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын цалингаас суутгал 1.060.135 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын цалин, амралтын мөнгөнөөс 1.250.625 төгрөгийг тус тус суутгасан,
2018 оны 12 дугаар сарын цалингаас барьцаа 100.000, 2019 оны 01 дүгээр сарын цалингаас барьцаа 50.000 төгрөгийг тус тус суутгасан байх бөгөөд цалинг гэрээгээр тохирсон хугацаанд тавьж олгоогүйд тооцсон алданги 405.000 төгрөг зэргийг нэмж тооцоход ажилтнаас суутгасан суутгал, барьцаа, алданги нь нийт 2.889.760 төгрөг болж байна.
/24.000+1.060.135+1.250.625+100.000+50.000+405.000=2.889.760 төгрөг/
Иймд СХХК болон М ХХК-иас 13.825.830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Сийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Сэс 4.983.001 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Хариуцагч М ХХК-д Хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаг гэж тайлбарлаж байгаа боловч талууд урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд тухайн маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэх боломжгүй гэж талууд үзэн шүүхээр уг маргааныг хянан шийдвэрлүүлсэн гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 63 дугаар зүйлийн 63.3., 63.4., 69 дүгээр зүйлийн 69.1.,-д заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК болон Сод Монгол ХХК-иас 13.825.830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3.-д зааснаар нэхэмжлэгч Б.Сэс 4.983.001 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.080 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 94678 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО