Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1145

 

МАГАДЛАЛ

 

2018.05.16                                                     Дугаар 1145                               Улаанбаатар хот

 

 

 

 

Н.Л нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00544 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Л нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Т холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 578 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.Т харилцан тохиролцож, тодорхой хугацаатайгаар бараа бүтээгдэхүүн зээлээр өгч, 2015 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн баримтаар надаас 9 224 500 төгрөгийн барааг Ц.Т өөрийн гарын үсгээ зураад хүлээн авсан баримт байдаг. Бид хоёр 2015 оны 9 дүгээр сард тооцоо нийлээд надад өгсөн бэлэн мөнгийг хасаад үлдсэн тооцоо буюу 7 719 000 төгрөгийг Ц.Т нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр баталгаа гарган өгч, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд хугацаа хэтэрвэл 0.3 хувийн алданги төлнө гэсэн болно. Ц.Т 2015 оны 10 дугаар 30-ны өдрийн дотор болон 3 жилийн дотор тооцоо нийлснээсээ хойш нэг ч төгрөг өгөөгүй өдийг хүрсэн ба удаа дараа утсаар ярьж, хэлсэн. Иймд 7 719 000 төгрөг, алданги   3 859 500 төгрөг, нийт 11 578 500 төгрөгийг Ц.Таас гаргуулж өгнө үү. Ц.Таас дансаар 3 000 000 төгрөг ирсэн нь үнэн, бэлнээр 2 000 000 төгрөг өгөөгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 4, 5 дугаар сараас эхлэн “Ф л М” компанийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ахуйн 9 244 500 төгрөгийн барааг зараад мөнгийг нь гаргаад өгөөч, чи том багтай учраас амархан зарна, тэгнэ гэвэл тус компанийн зардлаар АНУ, Мексикийн аялалаар чамайг аваад явна гэсэн саналыг тавьсан. Ингээд би бизнесийн түнш БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны иргэн н.Г санал тавьж, Н.Лгээс 2015 оын 6 дугаар сард авсан барааг түүнд хүлээлгэн өгч, барааг зарж чадвал 15 хувийн шагнал өгөхөөр тохирсон. Энэ барааг явуулахдаа Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргахад 5 удаа явсан бөгөөд 1 удаагийн зардалд 800 000-1 000 000 төгрөгийн зардал гаргаж, н.Г бараануудыг хүлээлгэж өгсөн. Гэтэл н.Г мөнгө орж ирээгүйн улмаас Н.Л төлбөрийг төлж чадахгүй удаасан зүйл байгаа. Н.Л нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр АНУ явахаас өмнө барааныхаа тал мөнгийг өг, өгөхгүй бол авч явахгүй гэсэн тул Н.Лд дансаар 3.000.000 төгрөг, бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн ба нотариат дээр намайг дуудаад, бэлдсэн гэрээн дээр гарын үсэг зур гэсэн. Би мөнгө биш бараа авсан, яагаад алданги гэж заасан юм гэхэд, гарын үсэг зурахгүй бол АНУ авч явахгүй, нөхөрөө авч явлаа гэсэн. Ингээд аргагүй эрхэнд уг гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээн дээр гарын үсэг зурж байгаа нь өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлж, хүлээн зөвшөөрөөд зурсан зүйл байхгүй. н.Г мөнгөө авч байж өгөхгүй бол шууд өгчих мөнгө байхгүй. Барааны үлдэгдэл төлбөр 7 719 500 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 2 719 500 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.6, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Таас гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 336 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 241 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 200 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Таас улсын тэмдэгтийн хураамжид 164 338 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатанд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Л нь "Ф л п М" ХХК-ийн менежер хийдэг байсан бөгөөд байгууллагын шагналаар Мексикийн орнуудаар гэр бүлтэйгээ аялах эрхийн бичгээр шагнагдаж хариуцагч Ц.Тыг хамт явах санал тавьж, оронд нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр "Ү т" ХХК-ийн зарлагын падаанд 9 224 500 төгрөгийн нэр бүхий бүтээгдэхүүнийг бичиж хариуцагч Ц.Т хүлээлгэн өгсөн гэх баримтыг шүүхэд нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч энэ компанитай ямарч эрх зүйн харилцаанд ороогүй. Нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн агуулга зээлийн гэрээгээр шаардсан. Нэхэмжлэгч Зээлийн гэрээний үүрэгт бүтээгдэхүүний үнэ      7 719 500 төгрөг, түүний алдангид 3 859 500 төгрөг нийт 11 578 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх 9 224 500 төгрөгөөс тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж хариуцагчаас 9 336 750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнг зөвшөөрөхгүй байгаа юм. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 7 719 000 төгрөгөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Ц.Т нь өөрийн Хаан банкны дансаар нэхэмжлэгч Ц.Л Хаан банкны дугаартай дансанд 3 000 000 төгрөгийг шилжүүлсэнг хасч тооцвол 4 719 000 төгрөг үлдэнэ. Үүнээс хариуцагчийн бэлнээр төлсөн 2 000 000 төгрөгийг хасч тооцвол       2 719 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа болно. Нэхэмжлэлийн үнэ 4 719 000 төгрөгөөс алданги 50 хувиар тооцвол 2 359 500 төгрөг байх бөгөөд 7 078 500 төгрөг гарч байгаа юм. Шүүхээс дүгнээд байгаа төлбөр тооцооны гэрээгээр хүлээсэн үүрэгт фореверийн бүтээгдэхүүнийг зарсаны төлбөрийг мөнгөөр тооцож шилжүүлэхээр баталгаа гаргасан. Түүнээс нэхэмжлэгчээс хариуцагч бэлэн мөнгө аваагүй байхад алданги тооцож байгаа нь хуульд нийцээгүй тул алдангид тооцсон шүүхийн 3 112 250 төгрөг, хариуцагчийн тооцооллоор 2 359 500 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрөхгүй байгаа тул алдангийг шүүх Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.6 дахь хэсэгт зааснаар тооцож байгаа бол Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолын 6.2-т тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ гэдэг нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар талуудын байгуулсан тооцоо нийлэх гэрээг дүгнэсний дараа тооцооны үлдэгдлийг шаардах эрх үүсэхийг хэлнэ гэж тайлбарлажээ. Тэгвэл нэхэмжлэгч нь энэ гэрээгээ дүгнээгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байхад шаардах эрх үүсэх үү гэдэгт дүгнэлт хийж хууль зүйн үндэслэлийг хянуулахыг хүсч байна.

Зохигчид тухайн барааны тоо ширхэгт маргадаггүй харин хариуцагч дээрх барааг "Ф л п М" ХХК-иас менежер нартаа 48 хувийн хөнгөлөлттэй үнээр бараа бүтээгдэхүүн өгсөн байхад хариуцагчид бүтээгдэхүүний үндсэн үнээс тооцож бараа бүтээгдэхүүнийг өгсөн гэж үзэн 7 719 000 төгрөгийн бүтээгдэхүүнд 48 хувийн урамшууллаар тооцон 3 705 120 төгрөгийг илүү тооцож авахаар нэхэмжилсэн байгаа нь хавтаст хэрэгт хариуцагч талын гаргаж өгсөн "Ф л п М"      ХХК-ийн прошур, номын 11,21-р талд байгаа Бонусын бүтэц /Маркетингийн төлөвлөгөө/, Бүрэд менежерийн зэрэг захиралын албан тоотоор нотлогддог тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3 705 120 төгрөгийг хасч тооцуулах хүсэлтэй байна.

Би нэхэмжлэгчээс авсан бараагаа заруулахаар БНХАУ-ын Өвөр Монголын иргэн н.Г өгөөд мөнгөө авч чадаагүйг Н.Л сайн мэдэж байгаа. Энэ талаар миний хөх тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн. Тэмдэглэлдээ би бүх бүтээгдэхүүнээ н.Г хүлээлгэн өгсөн баримт байгаа. Би нөхөр н.Б хамт Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор бүтээгдэхүүнээ зөөж н.Г аваачиж өгсөн. Энэ бүтээгдэхүүнийг зарсан мөнгийг авах гэж тухайн боомтоор 4-5 удаа гарсан байдаг бөгөөд нэг удаагийн явалтаар 800 000-1 000 000 төгрөгийн зардал гардаг байсан. Хилээр орсон гарсан тэмдэглэлүүд гадаад паспортанд хийсэн тэмдэглэлүүдээр нотлогдоно. Надад өөрөө өрөнд орж Мексикийн орноор аялах шаардлага байгаагүй бөгөөд бие биенээ дэмжиж хамтран ажиллавал амжилтанд хүрдэг гэсэн нэхэмжлэгчийн саналаар явж өрөнд орж байгаадаа харамсаж байна. Энэ бүх болж байсан процессийг Н.Л мэдэж байсан. Би болсон үйл явдлыг бүгдийг хэлдэг байсан. Нөхөр н.Б найз н.Ж нь 2 000 000 төгрөгийг зээлүүлж Н.Лд өгч байсан. Гэтэл шүүгч гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж үзэж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нэг ч төгрөг авч байгаагүй гээд шүүгч асуухаар бэлэн 1 000 000 төгрөгийг авч байсан талаар тайлбарласан. Дансаар авсан мөнгөө ч аваагүй юм шиг тайлбарлаж байхад шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй хэт нэг талыг барьж байна гэж үзэхээр байгаа юм.

Миний бие хоёр нүд гэнэт юм харахаа больж хэвтрийн дэглэм сахиж эмчлүүлэх шаардлагатай болсон учраас дахин БНХАУ руу явж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчид өөрийн зөвшөөрч байгаа мөнгийг өгч чадаагүй удсанд хүлцэл өчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч Ц.Т холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 578 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Л нь “Ф  П М” ХХК-ийн            9 224 500 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг Ц.Т шилжүүлж, уг бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, Н.Лд төлж барагдуулахаас               3 000 000 төгрөгийг дансаар төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх талуудыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсгэсэн гэж зөв дүгнэсэн байна.

Талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнийг хэсэгчлэн төлдөг байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлж, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөгийг дансанд, мөн 5 719 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр өгч тооцоо дуусгана гэсэн акт үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх 3 дахь тал/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэдийгээр тооцоо нийлсэн акт байгаа боловч худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн шаардлага нь 6 224 500 төгрөг байхаар байна. Учир нь нийт төлбөл зохих барааны үнэ 9 224 500 төгрөгөөс 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлэхэд Ц.Т нь 3 000 000 төгрөгийг Н.Лд төлсөн байсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан бөгөөд худалдан авагч буюу хариуцагч Ц.Т нь талуудын тохиролцсон төлбөрийн үлдэгдэл мөн алдангийг төлөөгүй байх тул дээрх мөнгөн дүнг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх боловч тэрээр 2 000 000 төгрөгийг төлсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн тул үйл баримтыг буруу тодорхойлсон, зээлийн гэрээгээр шаардсан байгааг анхаараагүй, хийсвэр дүгнэлт хийсэн гэх агуулгатай хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “466 дугаар зүйлийн 466.1, 466.6” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 120 826 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

          ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР

 

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ