Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00653

 

“УЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01269 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1404 дүгээр магадлалтай,

“УЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ү-А” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандахын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “УЖ” ХХК нь “Ү-А” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01269 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Ү-А” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэг 28.258.000 төгрөг, алданги 14.129.000 төгрөг, нийт 42.387.000 /дөчин хоёр сая гурван зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УЖ” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “УЖ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420.450 /дөрвөн зуун хорин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү-А” ХХК-иас 369.885 /гурван зуун жаран есөн мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УЖ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1404 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01269 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчөөс төлсөн 366 885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах хяналтын гомдолдоо: шийдвэр болон магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байх тул, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгээр зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Манай компаний хувьд “УЖ” ХХК-тай 2017 онд “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ”-г байгуулсан бөгөөд энэ гэрээ зохих ёсоор хэрэгжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх...” үүрэгтэй байхад нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь энэхүү үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагчийн хувьд тоног төхөөрөмжийг авч ашиглаагүй тул гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрт нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг ямар ч нотлох баримтгүйгээр бүрэн хэрэгжсэн мэтээр дүгнэн, улмаар хариуцагчаас төлөөгүй төлбөрийг төлсөн мэтээр тооцон хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгг заасныг зөрчиж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч. гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” байхаар хуульчлан тогтоож өгсөн байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох талаар ямар ч баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцэж буй эсэхийг хянаж өгнө үү. Манай компаний хувьд татгалзлаа нотлох баримтын тухайд: Нэхэмжлэгчээс гэрээнд заагдсан тоног төхөөрөмжйиг хүлээн аваагүй, мөн нэхэмжлэлд дурдагдаад буй мөнгөн төлбөрийг төлөөгүй тул татгалзлаа нотлох боломжгүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин энэ бүхнийг нотлох боломжтой гэж үзэж байна. Иймд шийдвэр болон Нийслэлийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “УЖ” ХХК нь хариуцагч “Ү-А” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 52,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ тодруулж “хариуцагч нь 64,428,000 төгрөг төлөхөөс 36,170,000 төгрөгийг төлсөн, үлдэх 28,258,000 төгрөгийг алданги 14,129,000 төгрөгийн хамт 42,387,000 төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжлэлээ багасгажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ талуудын нотолгооны зүйл, нотлох үүргийн хуваариалалтыг анхаараагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан зарчимд нийцээгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байхаас гадна хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. Шүүх зохигчийн, ялангуяа хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй бөгөөд гагцхүү маргааны ач холбогдол бүхий байдал, маргааны зүйлийг тодруулж, талуудыг мэтгэлцэхэд чиглүүлж чадаагүй нь учир дутагдалтай болсон байна. Тухайлбал:

7.1. “УЖ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж хариуцагчтай байгуулсан 2017.04.30-ны өдрийн “Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ”, гэрээний дагуу өөрийн зүгээс тооцсон “нэхэмжлэх” гэх баримтыг ирүүлсэн байна.

Хариуцагч 2020.04.08-ны өдөр нэхэмжлэлийг гардаж аваад 2020.05.07-ны өдөр “...нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргажээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний дагуу түрээсийн зүйл болох Комацу брэндийн D65E-12 маркийн бульдозерыг түрээслэгчийн эзэмшилд хэрхэн хүлээлгэн өгсөн буюу үүргээ биелүүлснээ нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлснээр гэрээний нөгөө талаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүснэ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ба түрээслүүлэгч эд хөрөнгөө шилжүүлж үүргээ гүйцэтгэснээр түрээсийн төлбөр шаардах эрх үүсэх урьдчилсан нөхцөлийг шүүх тодруулаагүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадсангүй. Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэх боломжгүй, тодорхой бус байна.

7.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...хариуцагч бульдозерыг 2017 оны 4-8 сарын хугацаанд ашигласан, түрээсийн төлбөрт 73,091,666 төгрөгийг төлсөн” гэсэн боловч энэ талаар алдаатай бичсэн, төлсөн төлбөр нь 36,170,000 төгрөг гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан, шүүх энэ талаар тодруулсан боловч ийм тохиолдолд хэнээс хэнд хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө шилжсэн, ямар баримтыг үндэслэж 36,170,000 төгрөг төлөгдсөн гэж үзэхийг тодруулах нь оновчтой байжээ. Энэ үйл баримтад хамааралтай баримт нь хэний хооронд үүрэг үүссэн, хэн нь хэдэн төгрөг төлсөн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой болохыг анхаараагүй байна.

8. Дээрх үндэслэлээр хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01269 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1404 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.30-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 366,855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                                          ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД