Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

 

 

 

      2023        10          30                                   2023/ШЦТ/104

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304000000105  дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           Б.Наранжаргал

Улсын яллагч                                                           Х.Нарангуа    

Хохирогч                                                                   Ц.Б                         

Шүүгдэгч                                                                   С.Б нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... аймгийн ...... хотод төрсөн, яс үндэс халх, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “....... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ...... дүүргийн ...... дугаар хороо, ............ дугаар гудамжны .... хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, .......... овгийн С-ын Б /......./

 Шүүгдэгч С.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 02 цагийн үед Багануур дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” төвийн орчимд хохирогч Ц.Б-г үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дээд үүдэн шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

Шүүгдэгч С.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тухайн өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Багануур дүүргийн ...... хороо........ нэртэй баарнаас гараад гэртээ харих гэж явах замдаа өөрийн танил дүү болох Б-тай гудамжинд таарсан. Ингээд би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба ....-г хүнтэй андуурч нүүрэн тус газарт нь нэг удаа баруун гараараа цохиж биед нь гэмтэл учруулсан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй..., ...хамт явж байсан хүнтэй нь андуураад цохичихсон, миний буруу... урьд өгсөн мэдүүлэгүүд үнэн зөв...” гэсэн мэдүүлэг /хх-н 73-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч .......-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчимд Нугаар гэх газраас ганцаараа ирээд ......... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг........... нэртэй баар луу хүн асуухаар ганцаараа орсон. Бааранд ороход миний хайж байсан хүн байхгүй байсан ба би тус бааранд ганцаараа 2 лааз "Саss" нэртэй 0,5 литрийн багтаамжтай пиво уусан. Бааранд орохоосоо өмнө найз бид хоёр "Агар" нэртэй 0,5 литрийн багтаамжтай архи нэг шилийг хувааж уусан байсан. Би бааранд ганцаараа сууж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн орчимд тус баарнаас гараад гэр лүүгээ харих гээд Багануур дүүргийн ........... хороо “...........төвийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах уурхайчдын хөшөөний хажууд явж байтал хамт ажилладаг ахтайгаа явган хүний зам дээр таарсан. Тэгээд юм яриад зогсож байтал хөшөөний хажууд миний таньдаг Б гэх хүн бид хоёр дээр хүрээд ирсэн. Тэгээд хоорондоо юм ярьж байгаад гэнэт Б миний нүүр хэсэг рүү ямар нэг шалтгаан хэлэлгүйгээр нэг удаа цохиод авсан. Би ямар учраас цохисон гэдгийг мэдэхгүй байна..., ...цохиулснаас үүдэж миний уруул хавдсан, дээд, доод шүд хөндүүрлэж байна. сэтгэл санааны хувьд хохирол учраагүй тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/

Хохирогч ..........-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө ........... баарнаас гарч явахад шүүгдэгч хамт явж байсан хүнтэй маань андуураад намайг цохичихсон..., ....хохирол төлбөрт унагатай гүү 1.300.000 бодож өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Гэрч .............-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Багануур дүүргийн ....... хороо ......... нэртэй бааранд 12 цагийн орчимд ганцаараа орсон. Би тус бааранд ороод гурван шил "Сэнгүр" нэртэй пиво авч уусан. Би тус баарнаас 02 цагийн орчимд гарч гэртээ харих зорилгоор “Залуус” төвийн уулзвар руу алхаж явсан. Тухайн үед баар хааж байсан учир зам дээр олон хүмүүс явж байсан. Миний хажууд манай найзтай хамт ажилладаг гэх 30 орчим насны эрэгтэй хүн хажууд юм яриад явж байсан. Тэгээд явж байтал манай найзтай хамт ажиллаж байсан гэх ах гэнэт замын уулзвар дээр юм яриад зогсож байсан хоёр хүн дээр хувцсаа тайлж очоод өндөр махлаг биетэй 20 орчим насны залууг шууд цохиод авсан. Тэгэхээр нь би болон миний хажууд явж байсан ах очиж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

              Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б эхлээд бид нартай таарахдаа зүгээр таарсан, сүүлд дахиад таарахад нүцгэн таарсан. Нүцгэн таарахдаа бие нь ямар байсныг мэдэхгүй байна. Хувцастай явж байгаад хувцасгүй цээж нүцгэн бид нар дээр ирсэн....” гэсэн мэдүүлэг /хх--ийн 15-р хуудас/,

              Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз А-тай Б маргалдаад барьцалдаж авсан ба хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Удалгүй цагдаа нар ирээд А, А-ын цохисон залуу болон Б нарыг аваад явсан. Би араас нь такситай цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Ц.Б сууж байсан ба Б-д цохиулсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ө.Ш-гийн 2023 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 237 дугаартай "...Ц.Б-ийн биед дээд үүдэн шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шүдний хугарал, шарх зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/

              Шүүгдэгч С.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 60-р хуудас/

              С.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-н 54-59, 61-62 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч Ц.Б-аас эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй…” гэсэн дүгнэлт

Хохирогчоос “...гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...өөрийнхөө үйлдсэн гэм бурууг ойлгож байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б-хад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1 дэх заалт,  7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул хохирогч, шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч С.Б нь 2023 оны 09 дүгээр  сарын 14-ний шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” төвийн орчимд хохирогч Ц.Б-г үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж хохирогчийн эрүүл мэндэд нь дээд уруул хавдсан, дотор салстад 1х0.5см язарсан шархтай, дээд үүдэн 21-р шүд хугарсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Ц.Б-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 237 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдэл нь хохирогч Ц.Б-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Б-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч С.Б нь “... хохиролд нэг унагатай гүү 1.300.000 төгрөгт тооцож өгсөн...” гэж, хохирогч Ц.Б-аас “...хохирол төлбөрт унагатай гүү 1.300.000 төгрөгт тооцож авсан. Одоо гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэж тус тус мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрт унагатай гүү /1.300.000/ төгрөгт тооцож өгсөн болохыг дурьдах нь зүйтэй.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгргөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлт,

Хохирогчоос “...хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс ”...үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч С.Б нь хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг С.Б-ад мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овгийн С-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н овгийн С-ын Б-д таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан С.Б-д мэдэгдсүгэй

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Шүүгдэгч С.Б нь хохирогч Ц.Б-д хохирол төлбөрт унагатай гүү /1.300.000/ төгрөгт тооцож өгсөн болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. С.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ