| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0173/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/176 |
| Огноо | 2023-10-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Дашням,
Хохирогч Д.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ...
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Г нь бусдын өмчлөлийн 40 тонны контейнерыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Ч.Эыг хуурч 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Ц-н Хаан банкны .... дугаартай дансыг ашиглан 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан. Мөн .... тоотод байрлах Б.Э-н өмчлөлийн 40 тонны контейнерыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Д.М-г хуурч 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Д.Д-н эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансыг ашиглан 300,000 /гурван зуун мянга/ төгрөг, Б.Ц-н Хаан банкны ... дугаартай дансыг ашиглан 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 3,700,000 төгрөг /гурван сая, долоон зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би М гэх хүнд 40 тонны контейнер зарна гэж хэлээд мөнгө авсан нь үнэн. Ц-г ер нь таньдаг, миний хүүхдийн карт байдаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр дансны хөдөлгөөнийг барьчихсан болохоор хүүхдийнхээ мөнгийг 1.000.000 төгрөгийг нь авдаг, 100.000 төгрөгийг нь шийдвэр гүйцэтгэл авдаг. Картаа өгчихөөч ээ гээд гуйж авсан. Авсан мөнгөнүүдээ зээлдээ өгсөн. Би гэм буруугаа ойлгож байна, миний буруу дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Хохирол төлбөрийг төлнө...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад 3.700.000 төгрөг өгөх ёстой. 04 дүгээр сарын сүүлээр би энэ хүнд залилуулсан, одоо болтол хохирлоо барагдуулж чадаагүй байгаа. Сая гэнэт 1.000.000 төгрөг өгье гэсэн, энийг авч болно, үлдэгдлээ өгнө, төлнө гэдэг нь хуулиараа явна, хэзээ төлж дуусахыг мэдэхгүй, миний хохирлыг барагдуулах хугацаагаа хэлэх баталгааны хугацаа байх уу. Бусдаар бол хууль дүрмээрээ явах л байх. Би хохирол төлбөрөө бөөнд нь авмаар байна. Үйлдсэн хэрэгт нь зохих ёсны нь шийдвэр гарч байх шиг байна, хохирол барагдсан тохиолдолд энэ хүнтэй ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...1 цаг орчмын дараа эргэж залгаад "Нөгөө хүн контейнероо авахаа больчихсон. Та ирээд үзэх үү. Би таныг очоод авъя" гэж хэлээд ... улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй манай гэрийн гадаа ирж аваад Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдалд байрлах эзэнгүй хашаанд аваачсан ба тухайн хашаанд 40 тонны багтаамжтай улаан өнгийн контейнер байсан. Би тухайн контейнерыг үзэж хараад 3.700.000 (гурван сая долоон зуун мянга) төгрөгөөр худалдаж авахаар болж 300.000 (гурван зуун мянга) төгрөгийг ..., үлдсэн 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг ...1 дугаарт данс руу тус тус шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа тэр эмэгтэй надад хэлэхдээ "Гурваас дөрөв хоногийн дараа контейнероо авчих. Дотор нь хүний эд зүйлс хийчихсэн байгаа. Нөгөө хүн нь хөдөө явчихсан. Ирэхээр нь юмыг нь гаргаж өгөөд контейнерынхоо түлхүүрийг танд өгье. Тэр үед та зөөчих" гэхээр нь би зөвшөөрсөн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл би тухайн контейнероо авч чадаагүй "Контейнероо авъя" гэхээр "Дотор нь байгаа эд зүйлсээ гаргана. Эсвэл хөдөө гадаа явж байна" гэх байдлаар өдөр хоногийг аргацааж өнөөдрийг хүрсэн..." гэх мэдүүлэг гэсэн мэдүүлэг /хх 62ху/,
-Хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хувь 2019 онд ... тоотыг газар эзэмшихээр авсан. Тус тоот газрыг хашаа суурилуулж хатгасан ба одоогоор эзэнгүй байдаг... Тухайн хашаанд 40 тонны улаан өнгөтэй контейнероо хашаатайгаа нийлүүлж байрлуулсан байсан ба 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хашаанаас маань миний 40 тонны багтаамжтай контейнерыг ул таних хүмүүс хууль бусаар авч явсан... ...Контейнер дотор байсан эд зүйлийг эвдэрч хэмхэрсэн байна..." гэх мэдүүлэг гэсэн мэдүүлэг /хх 9,14 ху/,
-Хохирогч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тухайн контейнерыг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр худалдаж авахаар болж контейнер зарсан гэх эмэгтэйн өгсөн Б.Ц эзэмшигчтэй Хаан банкны ... дугаарт данс руу контейнерын үнэ гэсэн утгаар өөрийн ... дугаарт Худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа контейнер зарсан эмэгтэй Бямбаад “Контейнер дотор эд зүйл хураалгаастай байгаа. Энэ долоо хоногийн амралтын өдрөөр суллаад өгье” гэсэн байсан. Гэтэл үүнээс хойш контейнероо авч чадахгүй контейнер зарсан эмэгтэйтэй би ... дугаарын утсаар холбогдож асуутал “Хөдөө явж байна. Дотор нь эд зүйл байгаа. Тэрийг суллаад өгье” гэх байдлаар аргацааж хөнөг өдөр өнгөрүүлээд байхаар нь би 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн үеэл дүү Э рүү утсаар яриад худалдаж авсан гэх контейнерыг зөөвөрлөөд найзын маань хашаанд очоод буулгачих гэж хэлээд тухайн өдрөө зөөлгүүлсэн...” гэсэн мэдүүлэг / хх 12 ху/,
-Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Б.Г нь над руу 2023 оны 04 дүгээр сард утсаар яриад “Манай найз над руу мөнгө явуулах гэсэн юм. Надад банкны карт байдаггүйн. Надад картаа хэрэглүүлчих” гэж гуйхаар нь “Маргааш авна шүү” гэж хэлээд Сайншанд сумын Номин худалдааны төвд аваачиж өгсөн... мөнгө орох үед Б.Г-тэй утсаар ярьж ямар мөнгө дансанд ороод байгааг асуухад “Тийм ээ. Надад мөнгө орж ирж байгаа юм” гэж хэлээд утсаа тасалчихдаг байсан... Намайг гэртээ байхгүй байхад хажуу айлд миний картыг үлдээгээд явсан байсан. Яг хэзээ үлдээснийг нь сайн хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,
-Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энэ зурган дээр байгаа эмэгтэй хүн мөн байна. Би энэ хүнийг хөмсөг, нүд, уруул гэх мэтчилэн нүүрнийх нь ерөнхий төрхөөр нь хараад шууд таньж байна. гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,
-Б.Ц-н Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 51-53, 80-83 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ... тоотод байрлах Б.Э-н бусдын өмчлөлийн 40 тонны контейнерыг зарна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Ч.Э-с Б.Ц-н Хаан банкны ... дугаартай дансыг ашиглан 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ... тоотод байрлах Б.Э-н өмчлөлийн 40 тонны контейнерыг зарна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Д.М-ос Д.Д-н эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансыг ашиглан 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, Б.Ц-н Хаан банкны ... дугаартай дансыг ашиглан 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 3.700.000 төгрөг /гурван сая, долоон зуун мянга/, төгрөгийг шилжүүлэн авч залилсан байх бөгөөд уг хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Гийн “... Би гэм буруугаа ойлгож байна, миний буруу дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Хохирол төлбөрийг төлнө ...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.М-н “...Надад 3.700.000 төгрөг өгөх ёстой. 04 дүгээр сарын сүүлээр би энэ хүнд залилуулсан, одоо болтол хохирлоо барагдуулж чадаагүй байгаа. Сая гэнэт 1.000.000 төгрөг өгье гэсэн, энийг авч болно, үлдэгдлээ өгнө, төлнө гэдэг нь хуулиараа явна, хэзээ төлж дуусахыг мэдэхгүй, миний хохирлыг барагдуулах хугацаагаа хэлэх баталгааны хугацаа байх уу...” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Э, Ч.Э нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын болон шүүгдэгч Б.Г нарын дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг мэдсээр байж бусдыг үгээр болон үйлдлээр төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг анхнаасаа буцаан хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох санаа зорилго, сэдэлтийг агуулсан байдаг бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгынхоо шинжээр бусад төрлийн гэмт хэрэг болон иргэний эрх зүйн маргаанаас ялгагддаг.
Өөрөөр хэлбэл бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн болгож, ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч Б.Г анхнаасаа хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгөө буцааж өгөх боломжгүй гэдгээ мэдсээр байж зөвхөн өөрт учирсан санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд бусдын эзэмшлийн 40 тонны контейнерыг өөрийн мэтээр хохирогч Ч.Эт 2023 оны 05 дугаар сарын 03-ны худалдан борлуулж тус өдрөө Б.Ц-н Хаан банкны ... дугаартай дансыг ашиглан 3.500.000 шилжүүлэн авсан, мөн хохирогч Д.М-д 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр худалдан борлуулж Д.Д-н эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансыг ашиглан 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, Б.Ц-н Хаан банкны ... дугаартай дансыг ашиглан 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 3.700.000 төгрөгийг шилжүүлэн авсан шинжээрээ бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж байгаа үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах гэмт хэргийн үйлдсэн байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.Гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын хувьд: Хохирогч Ч.Э-т контейнерын үнэд авсан 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулснаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.500.000, төгрөг контейнер ачуулсан хөлс болох 350.000 төгрөг, нийт 2.850.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн,
Хохирогч Д.М-д 3.700.000 /гурван сая, долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулснаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж, үлдэгдэл 2.700.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.
Иймээс шүүгдэгч Б.Г нь бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй тул түүнээс 2.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Э-т, 2.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д тус тус олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Э.Э нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй боловч түүнд эд хөрөнгийн хохирол учирсан байх тул өөрт учирсан учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд дээрх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлт болон өмгөөлөгчийн ялын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Хэрэв шүүгдэгч Д.Г нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Э нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-ны Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ээс 2.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Э-т, 2.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Э.Э нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР