| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/181 |
| Огноо | 2023-10-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Ариунтөр,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Хохирогч 3.З.О,
Иргэний хариуцагч О.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гт холбогдох эрүүгийн .......дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар баг Ханги боомт чиглэлийн замд ... улсын дугаартай Sinotruck тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа тээврийн хэрэгслийг унтарч, хойш ухран аюултай нөхцөл байдал үүссэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дугаар заалт буюу "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө”, 24.1 дүгээр заалт буюу "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна" гэснийг тус тус зөрчиж, автомашиныг зогсоох арга хэмжээнүүдийн аль боломжтойг авч, зам тээврийн ослоос учирч болох хохирлыг багасгахгүйгээр тээврийн хэрэгслийг орхиж буусны улмаас замын хажууд зогсож байсан... улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг мөргөн, тус тээврийн хэрэгслийн жолооч 3.З.Огийн эрүүл мэндэд баруун дунд чөмөгний ил хугарал, баруун гуяны том хэмжээний шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б А.Г нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар баг Ханги боомт чиглэлийн замд ... улсын дугаартай Sinotruck тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа тээврийн хэрэгслийг унтарч, хойш ухран аюултай нөхцөл байдал үүссэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дугаар заалт буюу “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө”, 24.1 дүгээр заалт буюу “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэснийг тус тус зөрчиж, автомашиныг зогсоох арга хэмжээнүүдийн аль боломжтойг авч, зам тээврийн ослоос учирч болох хохирлыг багасгахгүйгээр тээврийн хэрэгслийг орхиж буусны улмаас замын хажууд зогсож байсан ... улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг мөргөн, тус тээврийн хэрэгслийн жолооч 3.З.Огийн эрүүл мэндэд баруун дунд чөмөгний ил хугарал, баруун гуяны том хэмжээний шарх гэмтлийн улмаас байруун хөл гуяны дээд хэсгээр мэс заслаар тайрагдсан, зүүн дунд чөмөгний яс, зүүн шилбэний тахилзуур ясны дээд 1/3 хэсэг болон зүүн шагайн гадна хавчаар яс, зүүн тавхайн завь хэлбэртэй яс, шаантаг хэлбэрийн яс, өлмийн 4-р ясны хугарал, зүүн өвдөгний урд болон арын чагтан холбоос, тойгны холбоос, тахимын шөрмөс суналт, дотор хагас саран жийргэвчийн урагдал бүхий гэмтлүүд буюу хүнд хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч А.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Оюутолгойгоос Ханги чиглэлд нүүрс ачиж явсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Хойноо чиргүүлтэй явж байсан...Толгой, чиргүүл хоёр нийлээд 72 тонн байсан...Машины техникийн даац ойролцоогоор толгой 50, чиргүүл 60 байх ёстой, нийт 110 тонн...Машины даац хэтрээгүй байсан...Би 4 дэх жилдээ том машин жолоодож байгаа... Хийний шланк тасраад хийгүй болоод хойшоо алдчихсан... Тээврийн хэрэгсэл техникийн оношилгоонд орсон байсан... Би үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч З.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Таван толгойгоос Ханги мандлын чиглэлд нүүрс ачиж яваад Ханги мандлаас хойш 30-аад километрт машины рулын шланк цоороод, замаа чөлөөлж зогсоод кабинаа сөхөөд юм хийж байсан. Хажуугаар машинууд яваад байсан, ямар ч машин явж байгааг сайн мэдээгүй, машин дор юм хийж байсан чинь тас гээд айхтар дуу чимээ гарсан, юу билээ гээд эргээд машины кабин, дугуй хоёрын завсарт 20-30 см л зайтай тэр завсраар би эргээд гэдийгээд харсан, чиргүүлтэй машины чиргүүл нь тасраад өөдөөс чиглээд ирж байсан. Би одоо ингээд болохгүйн гээд машинаасаа доош суугаад дугуй рамны завсраас доошоо суугаад дөнгөж өөрөө цээжээ мөлхөж гаргаад тэгээд л машин хөл дээгүүр дайраад баруун хөл дээр гараад зүүн хөл дээр зогссон байсан. Жолооч нь байхгүй байсан, машины доогуур харж байсан чинь дээрээс нэг хүн алхаад ирж байсан, тэр нь жолооч нь А.Г байсан. Машиныг нь асаалгаад арагшаа ухраалгаж байгаад хөлөө гаргаж авсан. Түүний дараа баруун хөл дайрагдсаны улмаас маш их хэмжээний цус гарч байсан, А.Гоос хөл боох, цус боох юм байна уу гэсэн байхгүй гэсэн. Би газарт хэвтэж байсан, замаар явж байсан машин ирж зогссон яав ийв юу болов гээд ирсэн жолооч хөгшин ах байсан, тэр ахтай нийлээд намайг машины сүүдрээс гаргаад наранд аваачиж тавьсан. Би тухайн үед даараад байна дэвсэх юм, нөмрөх юм гэсэн чинь надад хөнжил, гудас байхгүй, надад юу ч гаргаж өгөөгүй. Тэр ирсэн ах загнаад, тэгээд би чи миний машинаас ядаж миний хөнжлийг гаргаад ир гэсэн, тэр ирсэн, надад тусалсан ах А.Гийг загнаад машинаас нь хөнжлийг нь гаргуулсан. Тэр явцад би хүйтэн газарт маш удаан хэвтсэн, маш их хэмжээний цус алдсан, хүйтэн газар хэвтсэнээс болж 2 уушгиндаа хатгаа авсан, биеийн байдал маш муудсан. Тэгээд ирсэн хүмүүс түргэн дуудсан уу, гэж байгаад түргэн дуудах шиг болсон. Маш хариуцлагагүй, машин дотроо 5 секунд л суусан бол би дайруулчихгүй байсан болов уу гэж боддог, өөрийнхөө хар амийг хамгаалж өөрөө үсэрч буусан, үүнд би маш их гомдолтой байна, одоо хүний гарт, өөрөө босож сууж чадахгүй ийм л байна. Маш их гомдолтой байна... Биеийн байдал дунд зэрэг, тийм ч сайн биш, тийм ч муу биш, өөрөө босож явахгүй, орох гарах ямар ч боломжгүй, хүн хоол хийгээд өгвөл идчихнэ, бусдаар өөрөө ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй иймэрхүү л байна. Эмчилгээ маш их хийх шаардлагатай гэсэн сувилалд явах гэхээр 10 хоног нь 1.500.000 төгрөг дахиад асран хамгаалагчтай байх хэрэгтэй гэж байна, тэгэхээр 2 хүний 3.000.000 төгрөг төлж байж 10 хоног сувилгаанд явах болоод байна. Ийм мөнгө байхгүй болохоор эмчилгээ бүрэн хийлгэж чадахгүй байна. 9 сард хагалгаанд орох болоод нэлээд юм болсон, баруун хөл тайрснаас болж доош яс ургасан, яс ургаснаас болж цус гараад эдгэхгүй нэлээд хэцүү байна, тэр ургасан ясыг авах гэхээр баруун хөлийн дунд чөмгөний яснаас дахиад 2-3 см авдаг гэсэн, тэгэхээр миний хөл богино болсон байгаа учраас дахиад тайрвал портез хийж явах боломж надад байхгүй болох гээд байгаа. Ямар ч гэсэн шүүх хурал болтол харзная гээд үрэвслийн эм, өвчин намдаах эм уугаад байж байна...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч О.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Машины эзэн С.М гэх хүнд 26.570.000 төгрөгийг үнэлгээний төвийн гаргасан үнэлгээгээр төлсөн, А.Г, түүний ар гэрт бас тодорхой хэмжээний мөнгө өгсөн байгаа. Тодорхой хэмжээний мөнгийг боломжоороо төлөлцөнө гэж бодож байгаа. Машины 26,570,000 төгрөгийг төлөөд машин 100% хохиролгүй болчихсон байхад дахиад 81,103,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч З.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2023 оны 02 дугаар сарьж 01-ний өдөр 12 цаг өнгөрч байсан болов уу Ханги боомтоос 30 гаруй километр зайд... би машинаа хөдөлгөөнд саа учруулахааргүй тавиад машины кабинаа сөхөөд, машин доогуур ороод юм хийж байсан... удалгүй тур гэх чимээ гарахаар нь хартал чиргүүлтэй өөрөө буулгагч машин замын өгсүүр хэсэгт гарч чадалгүй хойшоо алдаад өнхөрч ирж байсан. Би сандраад машин дотроосоо гартал миний машиныг мөргөсөн. Би машин доороосоо гараад хөлөө авч амжаагүй байж байгаад тухайн машинд хөлөө дайруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-25 дугаар тал),
Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн “...... улсын дугаартай Sinotrack маркийн автомашинд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шинжээчээр ажиллав... Уг тээврийн хэрэгслийн хэрэгслийн ерөнхий байдал хэвийн, чиргүүлийг холбох холбоос сууринд сайтар бэхлэгдээгүй сул, чиргүүлийн холбоосны хоолой хий алдагдалтай зэрэг эвдрэл гэмтэлтэй байна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-52 дугаар тал),
Техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/03 дугаартай “...Sinotruck маркийн ... улсын дугаартай автомашины жолооч А.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дугаар заалт буюу "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө”, 24.1 дүгээр заалт буюу "Ачааны жин болон тэнхлэгт НООГДОХ ачааллын хэмжээ НЬ тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэснийг тус тус зөрчсөн байна... Sinotruck маркийн ... улсын дугаартай автомашин болон 00-57 АА улсын дугаартай чиргүүл нь даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж байсан байна. Даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж явсан нь зам тээврийн осолд нөлөөлнө... Sinotruck маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь унтарч зогсон, хойш ухарсан тохиолдолд автомашины жолооч нь үсэрч буухгүйгээр автомашиныг зогсоох дараах арга хэмжээнүүдийн аль боломжтойг авч, зам тээврийн ослоос учирч болох хохирлыг багасгах ёстой..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 125-126 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/130 дугаартай шинжээчийн “...З.Огийн биед баруун дунд чөмөгний ил хугарал, баруун гуяны том хэмжээний шарх, зүүн дунд чөмөгний хугарал, зүүн шилбэний тахилзуур ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан баруун дунд чөмөгний ил хугарал, баруун гуяны том хэмжээний шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 109-110 дугаар тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 тал),
-... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),
-... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-18 дугаар тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 147 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 он 09 дүгээр сарын 08-ны өдрийн 715 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...1. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/073 болон 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/130 дугаартай дүгнэлтүүдэд зүүн шагайн гадна хавчаар яс, тавхайн завь хэлбэртэй яс, шаантаг хэлбэрийн яс, өлмийн 4-р ясны хугарал, зүүн өвдөгний урд болон арын чагтан холбоос, тойгны холбоос, тахимын шөрмөс суналт, дотор хагас саран жийргэвчийн урагдал гэмтлүүд тусгагдаагүй байна...2. биед баруун дунд чөмөгний ил хугарал, баруун гуяны том хэмжээний шарх гэмтлийн улмаас байруун хөл гуяны дээд хэсгээр мэс заслаар тайрагдсан, зүүн дунд чөмөгний яс, зүүн шилбэний тахилзуур ясны дээд 1/3 хэсэг болон зүүн шагайн гадна хавчаар яс, зүүн тавхайн завь хэлбэртэй яс, шаантаг хэлбэрийн яс, өлмийн 4-р ясны хугарал, зүүн өвдөгний урд болон арын чагтан холбоос, тойгны холбоос, тахимын шөрмөс суналт, дотор хагас саран жийргэвчийн урагдал гэмтлүүд учирсан байна...” гэх дүгнэлт/2-р хх 134-183-рт/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний “...1.2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэмт хэргийн улмаас хохирогч З.Огийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс, дасан зохицохуйц хямралын шинжүүд илэрч байна. Энэ шинжүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.
2. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан өөрчлөлт нь түр зуурын шинжтэй...” гэх дүгнэлт /2-р хх 127-129-рт/
-Хохирлын баримтууд зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар, энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдэх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинж хангагдахаар хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дугаар заалт буюу "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө”, 24.1 дүгээр заалт буюу “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.Гийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч А.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч З.О-д эмчилгээ болон бусад зардал буюу 5 төрлийн зардалд нийт 241.811.946 төгрөг нэхэмжилсэн. Үүнд:
1.Ажилгүй байсан хугацааны цалинд
3-8 сар буюу 6 сарын цалинд 4.479.489х6=26.876.934 төгрөг,
24 сарын хугацаатай групп тогтоолгосон тул урьдчилж нэхэмжилсэн цалинд
4.479.489-550.000=3.929.489,
3.929.489х24 сар=94.307.736 төгрөг,
Нийт 26.876.934+94.307.736=121.184.670 төгрөгийг цалинд
2.... улсын дугаартай тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 81.103.000 төгрөг,
3.Эхнэрийн олох ёстой байсан орлого, цалинд 11.000.000 төгрөг,
4.Өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг,
5.Эмчилгээ, протезийн болон бусад зардалд 27.024.276 төгрөг.
6.Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тус тус нэхэмжилсэн байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “...Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй...” гэж, 230 дугаар зүйлийн 230.1-д “...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй...” гэж, 230.2-т “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,
497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1-д “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж,
505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,
505.2-д “...Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй...” гэж тус тус гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтууд тусгагдсан.
Шүүх дээр дурдсан хохирлын нэхэмжлэлийн талаарх баримтуудыг нягтлан шалгаад дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Ажилгүй байсан хугацааны цалингийн тухайд:
Хохирогчийн зүгээс 121.184.760 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд өөрийн орлогыг сард дунджаар 4.479.489 төгрөгийг тогтмол олдог гэж тодорхойлсон. Гэвч шүүхээс хохирогч З.О нь уг орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй гэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа хэрэгт авагдаагүй, зөвхөн “Хан хангамж” ХХК-ны албан бичиг, тодорхойлолт, дансны хуулга л авагдсан байх тул түүнийг сар бүр 4.479.489 төгрөгийн цалин хөлс, орлогыг тогтмол олдог гэж үзэх боломжгүй юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.7-д “...Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна....” гэж заасан.
Хохирогч З.О нь 2.500.000 төгрөгийн үндсэн цалин хөлс авдаг болох нь “Хан хангамж” ХХК-ны тодорхойлолт, цалингийн хүснэгтээр/1-р хх 181-182-рт/ тогтоогдож байх тул уг орлогыг нэг сарын дундаж цалин хөлс гэж үзлээ.
Мөн хохирогч З.О нь 2023 оны 08 дугаар сарын 01-нээс хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэврийг 2 жилийн хугацаагаар тогтоолгож, сар бүр 550.000 төгрөгийн тэтгэвэр авч буй талаар тайлбарласан боловч хэрэгт эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актыг хэрэгт өгөөгүй байна.
Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх/55291/-ийг гаргаж өгсөн бөгөөд эдгээр нотлох баримтыг магадлан шинжилж үзээд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож шийдвэрлэсэн байна гэж үзлээ.
Иймээс 2023 оны 2-7 сар, нийт 6 сарын цалинд 2.500.000*6 сар=15.000.000 төгрөг,
2.500.000-550.000=1.950.000 төгрөг * 24 сар=46.800.000
15.000.000+46.800.000=61.800.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байх бөгөөд үлдэгдэл 59.384.670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдлийн тухайд.
Хохирогч З.О нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл төлбөр 81.103.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд энэ гэрээний үүргийг шаардаж буй нэг хэлбэр байна.
Гэрээний үүргийг шаардах эрх зүйн зохицуулалт нь тусдаа Иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагддаг бөгөөд нэг талаас “Хан хангамж” ХХК, нөгөө талаас иргэн З.О нарын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа байна.
Иргэний эрх зүйн маргааныг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэхгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
3. Хохирогч З.Огийн эхнэр Б.Бийн ажилгүй байсан 2 сарын хугацааны түрээсийн төлбөр 3.000.000 төгрөг, олох байсан орлого 8.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөг гаргуулах тухайд:
Хохирогч З.Од хүнд хохирол учирсны улмаас эхнэр Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 2023 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл 2 сарын хугацаагаар асарсан болох нь эмнэлгийн магадалгаагаар/1-р хх 204-рт/ тогтоогдож байх бөгөөд талбай түрээсэлж, гоо сайхны салон ажиллуулдаг байсан байна.
Үүнийхээ түрээсийн төлбөрт сард 1.500.000 төгрөгийг төлдөг байсан болох нь 1-р хавтаст хэргийн 191-203-рт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх бөгөөд харин сард 4.000.000 төгрөгийн орлогыг тогтмол олдог гэдэг нь түүний дансны хуулгаар тогтоогдохгүй, мөн орлогоосоо Хувь хүний орлогын албан татвар төлдөг эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх нь тодорхойгүй байх тул түүний орлогыг тодорхойлох боломжгүй байна.
Нэгэнт хохирогчийн гэр бүлийн хүн нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн буруугаас болж 2 сарын хугацаанд нөхрөө асрах чөлөөтэй, орлогоо алдсан, мөн талбайн түрээс сул төлсөн байх тул 2 сарын сул төлсөн түрээсийн төлбөрийг, мөн түүний сарын орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон олгох нь зүйтэй байна.
Тиймээс талбайн түрээс 1.500.000төгрөг*2 сар= 3.000.000 төгрөг,
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000*2 сар=1.100.000 төгрөг
Нийт 3.000.000 төгрөг+1.100.000 төгрөг= 4.100.000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байх бөгөөд үлдэгдэл 6.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцохоор хуульчилсан хэдий ч уг хохирогчийн өмгөөлөгчийн зардал нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцож, санхүүжүүлэх журамд зааснаар “...зөвхөн насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гаргахаар...” зохицуулсан.
Тиймээс хохирогч З.О нь төлбөрийн чадваргүй гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд сайн дурын үндсэн дээр өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөлөгч хөлсөлж, түүнийхээ үр дүнд төлсөн хөлсийг буруутай этгээдээс гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
5.Эмчилгээ, протезын болон бусад зардалд 27.024.276 төгрөгийн тухайд:
Хохирогч З.О нь шүүхийн хэлэлцүүлэгт эмнэлэг болон эмчилгээнд явахдаа такси хөлсөлж, тусгай тоноглогдсон эмнэлгийн машинаар зорчиж түүнийхээ шатахууныг хийдэг гэх бөгөөд ГАЗ-ын баримтууд хувийн автомашиндаа хийсэн шатахууны баримт гэж тайлбарласан.
Шүүхээс эмчилгээний болон бусад зардалд 27.024.276 нэхэмжилснээс ГАЗ/шатахууны/-г хувийн хэрэгцээндээ ашигласан байна гэж үзэн Газын 2.095.854 төгрөгийг, хэрэг учрал болохоос өмнөх 20.000 төгрөгийг, нийт 2.115.854 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 24.908.422 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
6.Сэтгэцэд учирсан гэм хорын тухайд:
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний “...1.2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэмт хэргийн улмаас хохирогч З.Огийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс, дасан зохицохуйц хямралын шинжүүд илэрч байна. Энэ шинжүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн байх бөгөөд хөдөлмөрийн чадвараа 9-15% алдсан болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийг олгохоор хуульчилсан.
Шүүх хохирогч З.Огийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, шүүгдэгчийн гэм буруугийн байдал, төлбөрийн чадвар, хохирлын тооцоо зэргийг тус тус харгалзан үзэж дунджаас дээгүүр буюу 18 хувиар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг*18%=9.900.000 төгрөгийг сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 81.103.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,
Ажилгүй байсан хугацааны цалинд 121.184.670 төгрөгийг нэхэмжилснээс 61.800.000 төгрөгийг гаргуулж, 59.384.760 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Эхнэрийн олох ёстой байсан орлого, түрээсийн төлбөрт 11.000.000 төгрөг нэхэмжилснээс 4.100.000 төгрөгийг гаргуулж, 6.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож,
Эмчилгээ, протезын болон бусад зардалд 27.024.276 төгрөг нэхэмжилснээс 24.908.422 төгрөгийг гаргуулж, 2.115.854 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 9.900.000 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 90.808.422 төгрөгийг хангаж, хохирогчид олгох нь зүйтэй байх бөгөөд үлдэгдэл 148.887.760 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогчийн зүгээс шүүгдэгч нь нэхэмжлэл гаргасны дараа 20.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул нийт учирсан бодит хохирлоос хасаж тооцно гэсэн тул 90.808.422 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 70.808.422 төгрөгийн бодит хохирол дээр сэтгэцэд учирсан гэмт хорын хохирол 9.900.000 төгрөг, нийт 80.708.422 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл хохирогч З.Огийн нэхэмжилсэн нийт 241.811.946 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 81.103.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 148.887.760 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 70.808.422 төгрөгийн шаардлагыг хангаж, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 9.900.000 төгрөг, нийт 80.708.422 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 30.000.000 төгрөгийг иргэний хариуцагч С.О.Өаас, 50.708.422 төгрөгийг шүүгдэгч А.Гоос гаргуулан хохирогч 3.З.Од олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хариуцагч нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг ойлгох бөгөөд иргэний хариуцагч О.Ө нь шүүгдэгч А.Гийг Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулан тээвэрт явуулдаг байсан байх тул хохирогчид учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хариуцагч О.Ө нь иргэний нэхэмжлэгч С.Мт учирсан эд хөрөнгийн хохирол 26.570.000 төгрөгийг, мөн хохирогчид шүүгдэгчээр дамжуулан тодорхой хэмжээний хохирлыг тус тус төлж барагдуулсан байх тул шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон нийт хохирлоос 30.000.000 төгрөгийг иргэний хариуцагч С.О.Өаас, үлдэгдэл 50.708.422 төгрөгийг шүүгдэгч А.Гоос тус тус гаргуулан хохирогч 3.З.Од олгохоор шийдвэрлэсэн болно.
Хохирогч З.О нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч А.Г нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялын саналыг гаргаж байна. Тэнсэхдээ шүүхээс үүрэг хүлээлгэнэ Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгчид хүлээлгэх саналтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар хор уршгийг бүрэн арилгуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй...” гэх саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилээр хасаад 4 жилээр тэнсэх хугацааг нь багасгаж өгөөч ээ...” гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон болно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Гт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээг авах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч А.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлоо нөхөн төлсөн, үлдэгдлийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч А.Гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Гт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээг авах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 230, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч З.Огийн нэхэмжилсэн 241.811.946 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 81.103.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 148.887.760 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 70.808.422 төгрөгийн шаардлагыг хангаж, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 9.900.000 төгрөг, нийт 80.708.422 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 30.000.000 төгрөгийг иргэний хариуцагч О.Өаас, 50.708.422 төгрөгийг шүүгдэгч А.Гоос тус тус гаргуулан хохирогч 3.З.Од олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд иргэний хариуцагч О.Ө нь иргэний нэхэмжлэгч С.Мт учирсан хохирол 26.570.000 төгрөгийг, шүүгдэгч А.Г нь хохирогчид 36.180.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 57 хуудас хохирлын баримтыг хэрэгт хавсаргаж, хохирогч З.О нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОДБАЯР