| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 115/2025/0021/З |
| Дугаар | 221/МА2026/0179 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0179
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Д аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Д
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “И” ХХК
Хариуцагч Д аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Д
Гомдлын шаардлага: "Хариуцагч Д аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Дийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0048*** дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 115/ШШ2026/0003
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н
Хариуцагч Э.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 115/2025/0021/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “И” ХХК нь Д аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Дт холбогдуулан "Хариуцагч Д аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Дийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0048*** дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах" тухай гомдлын шаардлага гаргажээ.
2. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Дийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0048*** дугаар "Шийтгэлийн хуудас"-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6.-д: "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж хуульчилсан байна. Түүнчлэн Хууль зөрчиж байгуулсан эрх зүйн акт гэдэг нь дээд шатны хууль тогтоомж, үндсэн хуулийн зарчимд нийцээгүй, эрх бүхий байгууллагын бүрэн эрхээс хэтэрсэн, эсвэл буруу журмаар гаргасан шийдвэрүүдийг хэлнэ. Иймээс Мандах сумын Засаг даргын баталсан гэрээ нь "Тогтоол, тушаал гаргагч байгууллага, албан тушаалтан нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг ашигласан байх. Эрх мэдлээ хэтрүүлэх гол шинжийг агуулсан хууль зөрчсөн эрх зүйн акт юм. Хэрэв уг гэрээг хуулийн дагуу хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд “И" ХХК тухайн гэрээгээр ус ашигласны төлбөрийг дараа сарын 10-ны дотор буюу сар бүр төлөхөөр үүрэг хүлээсэн ч 2025 онд огт ус ашигласны төлбөр төлөөгүй явж байгаад 2026 оны 01 дүгээр сарын 14-нд төлсөн.
Гэтэл шүүгч нөхөн гаргасан баримт бичиг болох Е-2512-000010 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, 2026 оны 01 дүгээр сарын 14-нд төлсөн 35199405 /гучин таван сая нэг зуун ерэн ес дөрвөн зуун таван/ төгрөгийн гүйлгээний баримтуудыг дахин шинжлэн судалж гомдол гаргагчийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай гэж эрх бүхий албан тушаалтны нэгэнт шийдвэрлээд дууссан хэрэгт цаг хугацааны хувьд 5 сарын дараа нөхөн гарсан баримт бичгийг нотлох баримтаар үнэлүүлэн хууль зөрчүүлэх нөхцөл байдалд оруулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зөрчиж гаргасан эрх зүйн акт /гэрээ/-ыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль бус юм.
Мөн “И" ХХК нь усыг зөвшөөрөлгүй ашигласан гэдгийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн Усны газрын 2025 оны 08 дугаар сарын 04-ны 01/478, 2025 оны 08 дугаар сарын 22-ны 01/545 дугаар албан бичиг, тэдгээрийн хавсралтаар ирсэн шинжээчийн дүгнэлт, “И” ХХК-иас Гал- Өөш, Долоодын говийн сав газрын захиргаанд хаяглан явуулсан 2025 оны 04 дүгээр сарын 30-ны 25/** дугаар албан бичиг, ewater.mn цахим системд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар илгээсэн хүсэлт зэрэг баримтуудаар "И" ХХК зөвшөөрөлгүй ус ашигласан болох нь тогтоогдсон ба уг баримтууд хэргийн материалд авагдсан.
3.2 Усны тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4.7 дахь заалтыг үндэслэн томилсон мэргэжлийн байгууллага болох Усны газрын Шинжээчийн дүгнэлтийг бүрэн ойлгоогүй байж эргэлзээтэй гэж Зөрчлийн хэргийн Шинжээчийн дүгнэлт гаргах процессыг эрүүгийн хэргийн процесстой адилтган авч үзсэн.
Мөн шүүх хурлын үед нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн баримт /нөхөн гаргуулсан ус ашиглуулах дүгнэлт, ус ашигласны төлбөр төлсөн/-уудыг нотлох баримтаар үнэлэн гаргасан шийдвэрийнхээ үндэслэл болгосон ч миний шүүх хурал болохоос гаргаж өгсөн шинжээчээр гарын үсгийг зуруулсан тогтоолыг нотлох баримтаар авч үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 31.1, 34.2 дахь заалтуудыг зөрчиж байна.
3.3 Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Захиргааны шийдвэрт заасан төлбөр ногдуулах үндэслэлийг хуульд нийцээгүй болохыг тогтоолгох гэж хандсан нь эхний шаардлагаа удаах шаардлагаараа үгүйсгэсэн үйлдэл бөгөөд энэ шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зөвшөөрөлгүй ус ашигласан гэж эрх бүхий албан тушаалтан торгосон 5 /таван/ сая төгрөгийн шийтгэлийн талаар огт мэтгэлцээгүй, харин усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөрийг тооцсон асуудлаар маргаан мэтгэлцээн хийснээр нотлогддог юм. Гэтэл шүүгч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн шаардлагыг шүүх хуралдааны үед "И" ХХК-ийн захирлаас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Я.Ныг томилохдоо нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах, татгалзах, тодруулах бүрэн эрхийг итгэмжлэлээрээ олгосон гэж шүүгч хэлсэн ч “И” ХХК болон өмгөөлөгч Я.Н нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 18- ны өдөр байгуулсан 3/9 дугаартай "Өмгөөллийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ"-нд шүүгчийн дурдсан зохицуулалт огт байхгүй ч шүүгч өөрөө хөтөлсөн асуулт асууж хариулан засаж өгсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9. хууль зүйн зөвлөгөө өгөх;" хориглолтыг, мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүгч шинжээчээс асуулт асууж шинжээч хариулж байх үед "хоног яриад байх юм" гэж хэлсэн, түүнчлэн шинжээчээс асуулт асуугаад хариулах үед огт хүндэтгэлгүй хандан шинжээчийн яриаг нь таслах үйлдлийг олон удаа давтан дэгийг зөрчсөн ба уг асуудлаар миний бие шүүгчид хандан хуралдааны дэг сахиулах талаар хүсэлт хэлтэл хариуцагч нэхэмжлэгч талуудад хоёуланд нь сануулга өгсөн нь 50.1.20. /...... хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх;/ заалтыг тус тус зөрчсөн.
Дээрхээс үзэхэд шүүгч Монгол Улсын хуулийг зөрчсөн эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус баримт бичиг болох ус ашиглах гэрээг үндэслэл болгосон ч миний гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцээ /нотлох баримтаар үнэлээгүй/-гүй, шүүх хуралдааны явцад талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, хуулийн заалтыг буруу хэрэглэн шийдвэр гаргасан нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж, шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд “Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны 115/ШШ2026/0003 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Дийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0048*** дугаар "Шийтгэлийн хуудас"-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.-д "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна" гээд 1.1-д "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх", 1.5-д "Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох" гэж заасан.
Үүний дагуу хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т "Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна", 10.3-д "Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ”, 28.2-т "Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно", 38.2-т "Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шинжээчдийн баг хийнэ" гэж заасныг баримтална.
Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн үйлчлэх цар хүрээ нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх шинжилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ хууль үйлчилнэ.” гэж зааснаар зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хязгаарлагдахгүй.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар Шинжээч Х.Мөнхцэцэгт эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулалгүйгээр "дахин” шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан, гарын үсгийг нөхөн зуруулсан, дахин шинжилгээ хийхэд анхдагч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахгүй байх хориглосон хэмжээг болон шинжээчдийн багаар хийлгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн зэрэг процессын зөрчил тогтоогдож байна.
Иймд эдгээр зөрчлийг арилгаж зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан дахин шинэ акт гаргахыг даалгасан нь хуульд нийцэж байна.
4. Хариуцагчийн зүгээс хэрэгт авагдсан баримтаар “И” ХХК-ийн зөвшөөрөлгүй ус ашигласан болох нь тогтоогдсон гэж маргах хэдий ч энэ нь маргаан бүхий “Шийтгэлийн хуудас”-ын дагуу төлөх хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг үнэн зөв, эргэлзээгүй тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй.
Нөгөөтээгүүр, захиргааны хэргийн шүүх шийтгэлийн хуудас хуульд заасан журмын дагуу, процессын зөрчилгүй гарсан үед маргааны үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх боломж бүрдэнэ.
5. Дараах үндэслэлээр хариуцагчийн гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ. Үүнд:
5.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх эрх хэмжээ байсан эсэх үүний улмаас шүүгчид хориглох зүйл зөрчигдсөн эсэх тухайд:
“И” ХХК-ийн захирал Ж.Дашхоролоос 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 25/92 дугаар албан бичгээр Я овогтой Нд 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг[1] олгожээ.
Энэхүү итгэмжлэлд “ ... шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, гомдол хүсэлт, тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, хавтаст хэргийн материалтай танилцах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, хариуцагчтай эвлэрэх, эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, тайлбар гаргах, шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, итгэмжлэлээр олгогдсон эрхийг бусдад шилжүүлэх, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу эрх үүргийг итгэмжлэн олгов.” хэмээн итгэмжлэлийн цар хүрээг тодорхойлсон байна.
“И” ХХК болон Я.Н нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан 3/9 дугаар “Өмгөөллийн, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.3.2 дахь хэсэгт “Маргаан бүхий асуудлаар захиргааны хэрэгт үйлчлүүлэгч талын итгэмжлэлээр хуульд заасан эрх, үүрэг эдэлж төлөөлөн оролцох” үйлчилгээг үзүүлж ажиллахаар заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нд дээрх итгэмжлэл болон гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх эрх олгогдсон байжээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:” гээд 52.2.4-д “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;”, 53 дугаар зүйлийн 53.3-д “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно.” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь эргэлзээтэй, ойлгомжгүй бол тодруулах ажиллагааг хийх үүрэгтэй бөгөөд үүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Шүүгчид дараах зүйлийг хориглоно:” гээд 50.1.9-д “ ... хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
5.2 Мөн шүүгч шүүх хуралдааны дэг сахиулах үүргээ хангалттай биелүүлээгүй хийгээд үүний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлөх ноцтой үр дагаварт хүрсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчийн гомдолд дурдагдсан үндэслэлээр шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 115/ШШ2026/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 4 дэх тал