Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 438

 

188/2020/0016/Э

 

 

 

  2020             04            09                                         2020/ДШМ/438    

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

хохирогч Д.А-,

шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Г-т холбогдох 1908056541864 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 214 тоотод иргэн Х.А-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ... Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Г- нь хохирогч Х.А-т 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч Х.А- нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Х.А- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Г-т зодуулсны улмаас баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл бүхий хүнд гэмтэл учирч баруун нүд 100 хувь хараагүй, зүүн нүдэндээ нөлөөлж 30 хувь харж, 70 хувь хараагаа алдсан. Хоёр хоногийн дотор баруун нүдээ ухаж авах хагалгаанд орж, зүүн нүдээ бүрэн хараагүй болохоос хамгаалж яаралтай хагалгаанд орох болсон. Намайг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан. Д.Г-т зодуулснаас болж хоёр нүд бүрэн хараагүй болбол эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө бүрэн хохирох болно. Би ам бүл ганцаараа, ах, дүү цөөхүүлээ, надад хань болж байнга хамт явдаг хүн байхгүй бөгөөд аргагүй эрхэнд найз нөхдөө гуйж байна, хүнтэй хамт явахгүй бол ганцаараа явж чадахгүй болсон. Анхан шатны шүүх хуралдаанд орохоос өмнө шүүгдэгч Д.Г-, түүний эхнэр, ах Ганболд, Болдсайхан нар нь гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж гуйсан. Тухайн үед нэг ч төгрөг өгөөгүй байсан бөгөөд “1.800.000 төгрөг өгсөн гээд хэлээд өгөөч, хэрвээ хорих ял авахгүй бол нэг өрөө байр машин, 10.000.000-20.000.000 төгрөг өгнө, насаар чинь харж үзнэ” гэж гуйсаар байгаад би тэр хүмүүст итгэж, хүн чанар гарган Д.Г-ын хэлснээр “мөнгө авсан, гомдолгүй” гэж хэлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс 10.000.000 төгрөгийн торгуулийн ял авснаас хойш зангаа хувирган, миний утсыг огт авахгүй уулзахаа больсонд маш их гомдолтой байна. Д.Г-т холбогдох хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шийдвэрлэж 1.800.000 төгрөг болон цаашид гаргах эмчилгээний зардлыг гаргуулж, зохих ялыг нь оноож өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Д.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би А-т эмчилгээний зардлыг нь өгнө гэж хэлсэн болохоос байр, автомашин өгнө гэж яриагүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч, хохирогч хоёроос “та хоёрт ярьсан зүйл байгаа юу. Яагаад гомдолгүй гэж хэлсэн бэ” гэж олон удаа асуухад хохирогч “би Г-аас мөнгө авсан, гомдолгүй” гэж хэлсэн бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдааны өмнө Г- 950.000 төгрөгийг баримт үйлдэлгүйгээр хохирогчид өгсөн. Харин А-ийг давж заалдах гомдол гаргахаар нь мөнгө өгсөн асуудлаа баримтжуулж авсан. Д.Г-ын хувьд улирлын чанартай ажил хийдэг бөгөөд одоо ажил нь эхлээд цалингаа авбал хохирогчид учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлдэг. Мөн хохирогч нь цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байгаа. Анхан шатны шүүхээс Д.Г-т 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг хохирогч шүүгдэгч Д.Г-аас 10.000.000 төгрөгийг гаргуулж өөрт нь олгохоор шийдвэрлэсэн гэж ойлгосон байх. Түүнээс биш Д.Г-ын зүгээс 10.000.000-20.000.000 төгрөг, байр, автомашин өгнө гэсэн зүйл хэлээгүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч өөрөө гомдол, саналгүй гэсэн хүсэлтээ гаргаж байсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

Прокуророос Д.Г-ыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 214 тоотод иргэн Х.А-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөн, эрүүл мэндэд нь баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...шүүгдэгч Д.Г-ыг анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар /2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр/ шийтгэжээ.

          Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,  түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, уг гэмт хэргийн улмаас хохирогчийн баруун нүд хараагүй болж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж хүнд гэмтэл учирсан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч болон түүний ах, дүү нарын гуйлтаар “гомдол, саналгүй” гэсэн хохирогчийн хүсэлтэд хөтлөгдөн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж дүгнэн шүүгдэгчид торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Д.Г- шүүх хуралдааны өмнө хохиролд мөнгө төлсөн талаарх баримт хэрэг авагдаагүй бөгөөд харин анхан шатны шүүх хуралдааны дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хохирогчид 1,800,000 төгрөг өгсөн талаарх баримт хэрэг авагджээ. /хх-144/ Тэрээр 1,800,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн хэдий ч үүнийг уг гэмт хэргийн хохирол бүрэн төлөгдсөн, гэм хор арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлөх санхүүгийн боломжгүй буюу төлбөрийн чадваргүй этгээдэд торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх, хор уршгийг тодорхой хэмжээгээр арилгах, санхүүгийн боломжгүй этгээдэд торгуулийн ял оногдуулснаар тэрээр хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авах бус зөвхөн торгуулийн ялыг төлөх байдлаар хандаж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах боломжийг орхигдуулсан байдалд хүргэж байгаа нь хохирогчийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод нийцэхгүй байна. 

          Иймд хохирогч Х.А-ийн гаргасан “...Д.Г-т холбогдох хэргийг дахин хянаж, цаашид гаргах эмчилгээний зардлыг гаргуулж, зохих ялыг нь оноож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 2020/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Г-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН