Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, хохирогч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, 1966 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, хүнд механизмын механик мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын дугаар () багийн тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 15 хоногийн баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор “шүүгдэгч *******ийг 2021 оны дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутагт архидан согтуурсан үедээ *******тай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Манж овогтой аас гаргасан “миний танил ******* нь миний нүд рүү цохиод гэмтээчихлээ” гэх гэмт хэргийн талаарх ...гомдол /мэдээлэл/-ыг 2021 оны дугаар сарын 26-ны өдрийн 21 цаг 22 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай “...Бүртгэлийн 185 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд ПИ66112011 регистрийн дугаартай ******* ургийн овогт ******* овогтой ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах *******ын гэрт 2020 оны дугаар сарын 26-ны өдөр архидан согтуурч байхдаа согтуугаар *******тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа халдаж зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний агуулагдахуун гарч алим шалчийх, зүүн нүдний бүрэн хараагүйдэл бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас) зэргээр хохирогч *******аас цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу шүүгдэгч *******ийг хохирогч *******ыг зодсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр, Ногоон зоорины хашаанд байх таван ханатай монгол гэрт болсон байв. Уг таван ханатай гэр нь *******ын гэр... Уг хэргийн газраас хоёр ширхэг Ерөөл нэртэй архины шил, *******ыг цохисон гэх төмөр хөлтэй, модон тавцантай сандал зэргийг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-18 дугаар хуудас) зэргээр уг гэмт хэрэг нь Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар (Бичигт) багийн нутагт үйлдэгдсэн болох нь тогтоогджээ.

1.3. Хохирогч *******ын “2021 оны дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байгаад 15 цагийн үед ах над уруу залгаад “Би танайд яваад очих уу” гэхээр нь “тэг тэг” гэж хэлчхээд гэрийн ойролцоо байх дэлгүүр орж юм аваад иртэл ах тэй хамт манайд ирчихсэн байсан. Тэгээд бид гурав хоорондоо яриад сууж байтал *******, , гурав манайд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би өөрөө 1 шил 0.75 литрийн Ерөөл гэх архи задлаад бид нар хувааж уусан. угаасаа архи уудаггүй болохоор уугаагүй, тухайн архийг дуусгачхаад мөнгөө нийлүүлж байгаад дахиж 1 шил 0.75 литрийн Ерөөл гэх архи авч ирж мөн бид тав хувааж уугаад дуусах дөхөж байтал ах баруун талын орон дээр унтсан. Зүүн талын орон дээр , ******* 2 хөзөр тоглож байсан. Намайг гарч утсаар ярьчхаад орж ирэхэд , ******* хоёр гэрийн баруун доод хэсэгт барилцчихсан муудалцаж байсан. Тэгэхээр нь чи дандаа яахаараа ингэж байдаг юм бэ, урьд нь бас манайд ирээд ингэж байсан гэж хэлээд манайх та хоёрын зодолддог газар биш гарч зодолд гээд дундуур нь ороод салгаж байтал ******* миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгтэл миний нүднээс цус гараад доошоо тонгойх хооронд “ингээд чи г өмөөрч бай” гэж хэлээд миний зүүн нүд рүү хуруугаа оруулаад эргүүлэх шиг болсон, нүд гэмтсэнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Миний нүд сохолчихлоо шүү дээ гэтэл бүгд гараад явчихсан байсан. ах ганцаараа үлдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас);

-  Мөн хохирогч *******ын гэрчээр урьд өгсөн “...******* бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би гэрийн гадна явж байгаад гэрт ороод ирэхэд *******, хоёр маргалдаж байхаар нь би та хоёр яагаад маргаад байгаа юм гэрээс гарч хэрэлдэж маргалд гээд дундуур нь ороод салгах гэтэл миний нүд рүү цохичихсон юм. Намайг ******* цохиход манай гэрт , , , нар бүгд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас);

- Гэрч н “Би 2021 оны дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байгаад ******* руу утсаар яриад тэдний гэрт очихоор болоод би г дуудаад ******* бид гурав *******ын гэрт очоод тэдний гэрт хөзөр тоглож байтал , хоёр орж ирээд бид нар бөөнөөрөө хөзөр тоглонгоо 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Тухайн үед би бага зэрэг архи балгасан, мөн нас өндөр болохоор нойр хүрээд байхаар нь *******ын баруун талын орон дээр хэвтэж байгаад унтсан байсан. Нэг мэдэхэд гэрт байсан хүмүүс бужигналдаад байхаар нь босоод иртэл хоорондоо маргалдсан гэж байсан ба ******* надад “миний нүд ийм болчихлоо” гэж харуулсан. Тэр хооронд , ******* бид гурав *******ын гэрт үлдсэн байсан ба , , ******* гурав явчихсан байсан. Тухайн үед би *******ын нүдийг үзэхэд цус гоожчихсон, эмнэлэг рүү явна гэхээр нь би дагуулаад засмал дээр гаргаж өгчхөөд гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас);

- Гэрч гийн “...Архи тойруулаад ууж байх хооронд ******* бид хоёр халз хөзөр тоглосон. Тухайн үед ******* бид хоёр бага зэрэг согтсон байсан болохоор тоглож байсан хөзрөөсөө болоод маргалдсан. Тэр үед ******* бид хоёрын дундуур орж салгаад “та нарын хэрэлдэж маргалддаг газар биш” гэхээр нь би гэрээс гарч байхад *******, ******* хоёр гэрийн баруун талд буюу хувцасны шүүгээний урд талд барилцаад авчихсан байсныг , , гурав салгаад *******ийг дагуулаад гараад ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас);

- Гэрч гийн дахин өгсөн “...Намайг гэрээс гарч байхад *******, *******ын нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн, ямар гэмтэл учирсныг нь би харж амжилгүй гараад явсан. Миний араас хэсэг хугацааны дараа , ******* нар гарч ирээд бид нар гэр лүүгээ явцгаасан. Буцаад 20-30 минутын дараа хүүхэдтэйгээ ирж машинаа авахад *******, хоёр гадаа зогсож байсан. Юу болсон талаар асуугаад очтол ******* “миний нүдийг ******* цохичихлоо” гээд цус гарч байсан нүдээ харуулсан. Тэгэхээр нь би “за гайгүй байлгүй дээ” гэж хэлээд хүүхдээрээ машинаа бариулаад г аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар хуудас);

- Гэрч ын “... ах, ******* хоёр хоорондоо халз хөзөр тоглосон ба тухайн тоглож байсан хөзрөөсөө болоод мөн бага зэрэг согтоцгоосон байсан болохоор хоорондоо маргалдаж эхэлсэн. Шууд босоод барилцаад авсан тэгтэл цаанаас нь ******* ах “******* чи байнга ингэж хэрүүл маргаан гаргаж байдаг ямар учиртай юм” гээд , ******* хоёрын дундуур орж ирээд *******ийг нэг цохиод авсан. Тэгтэл ******* эргэж ******* руу дайраад нүүр хэсэг рүү нь нэг удаа толгойгоороо мөргөөд, гараараа нэг цохисон. *******, ******* хоёр барилцаж аваад харилцан зодолдсон. Бид нар босоод салгах гэтэл гэрийн баруун тал руу хоёулаа зууралдаад унасан. Тэр хооронд , бид гурав тэр хоёрыг салгасан. , ******* бид гурав *******ынхаас гараад хойшоо 7 дугаар сургуулийн уулзвар хүртэл алхаад би тэндээсээ гэр лүүгээ такси бариад харьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас);

- Гэрч ийн “..., ******* хоёр халз хөзөр тоглохоор болж тэр хоёр хөзөр тоглож байснаа тоглоомоосоо болж маргалдаад нэг нэг рүүгээ хөзрөө шидээд босоод барилцаад авсан. Тэгтэл ******* ах цаанаас нь “та нар манайд ирж зодолддог хэн бэ” гээд *******ийг гараараа нүүр лүү нь цохиод авсан. Тэр хооронд ******* *******ыг буцаагаад нүүр лүү нь гараараа цохихоор нь бид хоёр салгах гээд хоёр тийш татаж байтал ******* *******ын нүүр лүү нь мөргөчихсөн. Тэр хоёрыг салгаад хоёр тийшээ болгож байтал ******* хажуугаасаа сандал аваад ******* руу шидсэн ба тухайн сандалд оногдсон хүн байхгүй. Яагаад сандал хүн оноогүй вэ? гэхээр би *******, ******* хоёрын дунд зогсоод *******ыг хойноо хийгээд салгаж байсан юм. Тэгээд *******, ******* хоёрыг салгаад , , ******* гурав харих гээд тэднийхээс гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас);

- Шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед ах “нутгийн дүүтэй нэг халз хөзөр тоглочихъё” гэхээр нь би ахтай хөзөр тоглож байгаад хөзрөөсөө болоод ахтай маргалдаад барилцаад автал ******* ах хажуунаас ирээд “Чи муу яах гээд байгаа юм бэ? гэр оронд” гэж хэлээд миний шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “Чи цаашаа бай” гэж хэлээд нүүр лүү гараараа мангасдаад түлхэхэд цаашаа уначхаад босож ирээд юм аваад миний толгойн зүүн талд цохисон. Тэгэхээр нь цохисон газар нь тэмтэртэл гар цус болж байхаар нь уурандаа би г хаячхаад ******* ахыг заамдаж барьж аваад нүүр хэсэг рүү нэгээс хоёр удаа цохисон. ******* ах мөн намайг зөрүүлээд цохиж байсан, тэгээд бид хоёр заамдалцсан чигээрээ нэг нэгнийхээ хөлд орооцолдоод гэрийн баруун доод хэсэгт байх гоожуур мөргөөд давхралдаад унасан. Тэгтэл , хоёр ирээд бид хоёрыг салгаад татаж холдуулсан. Тэгтэл би тухайн үед байж бай гэж хэлээд хажууд байсан сандал аваад ******* ах руу шидсэн боловч оноогүй байх, цаана нь байх ...хоолны шүүгээ онож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104-107 дугаар хуудас) зэргээр 2021 оны дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар (Бичигт) багийн нутагт байх хохирогч *******ын гэрт гэрч , , , шүүгдэгч ******* нар нь архидан согтуурсан байна. Улмаар гэрч , шүүгдэгч ******* нар хөзөр тоглож байгаад үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцад хохирогч ******* дундуур нь орж шүүгдэгч *******той маргалдаж харилцан зодолдсон нь нотлогдож байна.

1.4. Хохирогч *******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 281 дугаартай “...*******ын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний агуулагдахуун гарч алим шалчийх, зүүн нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хэсгийн 4.7.31-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас);

- Нэмэлт шинжилгээ хийсэн 9 дугаартай “...Иргэн ******* нь 2021 оны дугаар сарын 26-ны өдөр гэмтэл авахаас өмнө зүүн нүдэндээ болор суулгуулах эмчилгээ хийлгэсэн байсан нь миний 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 281 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байх гэмтлийн зэрэгт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. Учир нь *******ын биед үүссэн зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний агуулагдахуун гарч алим шалчийх, зүүн нүдний бүрэн хараагүйдэл гэмтэлтэй шалтгаант хамааралгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд мохоо хүчин зүйлийн 1 удаагийн цохих механизмаар үүссэн шинэ гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас);

- Гэрч ийн “...Ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад ажлын цаг дуусаад гэртээ хариад амарч байтал 21 цагийн үед байх нүдээ гэмтээсэн хүн ирлээ гэх дуудлага ирээд очиж үзэхэд ******* гэх хүн зүүн нүдээ гэмтээчихсэн, нүднээс нь цус гарчихсан байдалтай ирсэн байсан. Үзлэгээр зүүн нүдний алим шалчийж, лимбээр 9-3 цагийн хооронд задарч, хиймэл болрын хөл цухуйж, ирис (Нүдний өнгө илэрхийлдэг зүйл), хориоид (Нүдний дотор талын бүрхүүл), шилэнцэр (Нүдний дотор талын цөцгий) гоожиж уранхайгаараа гарч ирж хавчуулагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би тухайн нөхцөл байдлыг өөрт нь танилцуулж нүд ширгээх хагалгаа хийх заалттай гэдгийг нь хэлсэн. Тэгтэл ******* гэх хүн “үр хүүхэдтэйгээ ярилцаж байж шийднэ” гэхээр нь боолт хийгээд эм бичиж өгөөд явуулсан. Маргааш өглөө нь ирж хэвтээд үдээс хойш нь нүд ширгээх мэс засалд орсон. ...******* гэх хүнийг 2021 оны дугаар сарын 26-ны өдөр нүдээ гэмтээгээд ирэхэд нь хүлээн авч үзэхэд баруун нүд нь ямар нэгэн байдлаар мэс ажилбар хийгдээгүй, өөрийн болортойгоо байсан. Харин зүүн нүдний урагдлын завсраар хиймэл болрын хөл хавчуулагдсан байсан ба маргааш нь буюу 2021 оны дугаар сарын 27-ны өдөр мэс ажилбарт ороход зүүн нүднээс нь хиймэл болор гарч ирж байсан. 2018 оны дугаар сарын 13-ны өдөр олон улсын Virtue foundation-ний баг хамт олон манай байгууллага дээр ирж ажиллаж байсан үе байна. Тухайн үед өдөрт 20-30 өвчний түүх нээж мэс ажилбар хийгддэг байсан. Би өөрөө тухайн багтай хамт хагалгаанд ордог байсан бөгөөд өвчний түүхийг өөр мэргэжлийн эмч нар нээж байсан. Тухайн үед мэргэжлийн бус хүмүүс өвчний түүх нээхдээ нүдийг андуурч зүүн нүдийг баруун гэж тэмдэглэсэн байна. Энэ хүн тухайн үед зүүн нүдэндээ болор суулгуулах мэс засал хийлгүүлж байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас) зэргээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч зүүн нүдэндээ гэмтэл авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна. Тодруулбал шүүгдэгч хохирогчийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн зүүн нүд бүрэн хараагүй болсон буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь тогтоогджээ.

1.5. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2021 оны дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар (Бичигт) багийн нутагт байх хохирогч *******ын гэрт гэрч , , , шүүгдэгч ******* нар нь архидан согтуурсан байна. Улмаар гэрч , шүүгдэгч ******* нар хөзөр тоглож байгаад үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцад хохирогч ******* дундуур нь орж шүүгдэгч *******той маргалдаж харилцан зодолдсон. Шүүгдэгч хохирогчийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн зүүн нүд бүрэн хараагүй болсон буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.

2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг олон удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Эрүүгийн эрх зүйн онол, практикт эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөгдөх, нөхөн төлөгдөх боломжгүй гэж ангилдаг. Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол гэдэгт гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэл нь бүрэн эдгэрч, хохирогч хэвийн амьдрах боломжтой болохыг ойлгоно. Харин нөхөн төлөгдөх боломжгүй эрүүл мэндийн хохирол гэж гэмтсэн эрхтэн нь эдгэрэх боломжгүй, эсхүл бүрмөсөн байхгүй болсон, засаршгүй сорви, мөр үлдээсэн зэргийг хамааруулан үздэг.

Тухайлбал Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэмтлүүдийг хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан бөгөөд энэхүү гэмтлүүд эмчилгээ, сувилгаагаар болон ердийн явцаараа эдгэрдэг тул нөхөн төлөгдөх боломжтой хохирол гэж үздэг. Мөн гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг зарим төрлийн буюу Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан “цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн” гэх мэт гэмтлүүд хамаардаг. Эдгээр гэмтлүүд нь дээр дурдсанчлан эмчилгээ, сувилгаагаар эдгэрдэг ба эмчилгээ, сувилгааны зардлыг тодорхойлж, тус зардлыг нөхөн төлсөн тохиолдолд хохирол нөхөн төлсөнд тооцдог.

Харин хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулсан, гар, хөлгүй болох буюу гар сарвуунаас, хөл тавхайнаас тасрах, хараагүй, сонсголгүй, хэлгүй болох, эсхүл тэдгээрийн үйл ажиллагаа хэсэгчлэн, бүрэн алдагдах зэрэг гэмтлүүдийг нөхөн төлөгдөх боломжгүй хохирол гэж үздэг. Учир нь хүний эд эрхтэнг шууд үнэлэх хууль зүйн жишиг байхгүй тул эдгээр хохирлыг нөхөн төлөгдөх боломжгүй хохирол гэж үздэг.

Хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 281 дугаартай “...биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, нүдний агуулагдахуун гарч алим шалчийх, зүүн нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлтээр (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас) хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол буюу нөхөн төлөгдөх боломжгүй хохирол учирчээ. Энэхүү тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх хууль зүйн ухагдахууныг бий болохгүй юм. Гэвч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхэд гарсан буюу нотлох баримтаар тогтоогдсон зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Хохирогч ******* эмчилгээний зардалд шүүгдэгчээс 5’000’000 төгрөгийг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Шүүгдэгч хохирогчид 1’260’000 (нэг сая хоёр зуун жаран мянган) төгрөг төлж, 1’500’000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийг төлөхөө илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч хохирогчид 1’260’000 (нэг сая хоёр зуун жаран мянган) төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 1’500’000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг буюу 2’240’000 (хоёр сая хоёр зуун дөчин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98 дугаар хуудас), шүүгдэгч *******ийн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104-107 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 110 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас), Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас), тус шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас), мөн тус шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 125-127 дугаар хуудас), тус шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 128-130 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 15 хоногийн баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч *******ын зүүн нүд бүрэн хараагүй болсон, нөгөөтэйгөөр энэхүү хохирол нь нөхөн төлөгдөхгүй хохирол тул үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарт хамааруулан үзнэ.

3. Улсын яллагч “...шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал;

- Шүүгдэгч “...Хорих ялыг багасгаж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг оногдуулахаар заажээ.

Прокуророос санал болгосон ял шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар зэрэгт тохирох тул шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

3.2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны дугаар сарын 26-ны өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлагуудыг хангаж байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.3. Мөрдөгч 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч *******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас) авсан байх ба энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүй баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 (хоёр) жил 6 (н) сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан 2 (хоёр) жил 6 (н) сарын хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн биечлэн эдлэх 6 (н) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч хохирогчид 1’260’000 (нэг сая хоёр зуун жаран мянган) төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 2’240’000 (хоёр сая хоёр зуун дөчин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 1’500’000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.

7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МӨНХЗАЯА