Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/00993

 

 

 

 

 

 

 

   2020        04         15                                        181/ШШ2020/00993             

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Б.Г

 

хариуцагч: СБДЗД холбогдох,

 

“2019 оны 3 дугаар сарын 30-наас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,349,659 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 10,255,608 төгрөг нэхэмжилсэн. Үүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 13,402,296 төгрөг болгож нэмэгдүүлсэн. 2002 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын 75 дугаар тогтоолыг үндэслэсэн боловч энэхүү тогтоол нь зөвхөн Засгийн газрын ажлын албаны албан тушаал, төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны албан тушаал, төрийн захиргааны төв байгууллагын төрийн тусгай албаны албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон байгаа учраас энэ хамааралгүй юм байна. Тэгэхээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалингийн хэмжээг Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар төрийн албан тушаалын цалингийн сүлжээг батлахдаа төрийн захиргааны ТЗ7-4 гэсэн албан тушаалын үндсэн цалинг 880,281 төгрөг байхаар тогтоосон байна. Нэг ёсондоо 880,281 гэсэн үндсэн цалингийн хэмжээ бол 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалингаа Засгийн газрын 472 дугаар тогтоолд үндэслэж нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийтдээ 192 ажлын өдөр байгаа. Энэ 192 өдрийг өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон хэмжээ буюу 49544 төгрөгөөр үржихээр 9,512,448 төгрөг болж байгаа. Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны олговрын хэмжээ нийт 61 ажлын хоног байгаа. Энэ 61 ажлын хоногийн өдрийн цалинг 52,816 төгрөгөөр тогтоосон. 880,281 төгрөг дээр нэмэгдлүүд бодогдож байгаа. Жишээлбэл зэрэг дэвийн нэмэгдэл 24 хувь буюу 221,267 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 5 хувь буюу 44014 төгрөг. Үндсэн цалин, нэмэгдлүүдийг нэгтгэж тооцохоор 1,135,562 төгрөг болж байна. Үүнийг дундаж цалин хөлс бодох журмаар 21.5 хоногт хуваахаар өдрийн цалин 52816 төгрөг болж байгаа. Нийт 61 ажлын хоногоор тооцохоор 2,837,209 төгрөг болж байна. Өмнөх 2019 оны цалин, 2020 оны цалин нийт 12,349,659 төгрөгийг СБДЗД-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулахаар шаардаж байна. Ажилд томилох шүүхийн шийдвэр гарсныг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй явж байна. Хариуцагч тайлбартаа дурдсанаар маргааны үйл баримтын хувьд хариуцагч ажилд томилохгүй байгаа гэдгээ зөвшөөрч байна. Цалин хөлс олгох тал дээр маргаантай зүйл байхгүй байна гэж ойлгож байна. Тийм учраас 12,349,659 төгрөгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлагаасаа 1,052,637 төгрөг багасгаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 75 дугаар тогтоол гээд хамааралгүй тогтоолыг бариад нэмэгдүүлсэн. Түүнийг залруулаад 2020 оны цалин нь Засгийн газрын 472 дугаар тогтоол, мөн нэмэгдэл олгох Улсын их хурлын 21 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын 382 дугаар тогтоолоор батлагдсан гээд журмууд байгаа. Энэ журмуудаар холбогдох нэмэгдлүүдийг тооцохоор 12,349,659 төгрөг гарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү” гэв.

 

Хариуцагч СБДЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор Б.Гыг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгохыг СБДЗДт даалгаж шийдвэрлэсэн.

Б.Гын ажилгүй байсан хугацааны цалин олговрыг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хариуцагч тал шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн бичилт хийж байгаа. Одоогоор Б.Гыг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлж томилоогүй нь үнэн.Ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрх үүссэн байна. Итгэмжлэлээр эвлэрэх болон хүлээн зөвшөөрөх эрх үүсээгүй тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана уу” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Б.Гыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч СБДЗДт холбогдуулан 2019 оны 3 сарын 30-ны өдрөөс 2020 оны 1 сарын 22-ныг хүртэл 207 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,255,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 4 сарын 01-ий өдөр шаардлагаа нэмэгдүүлэн “2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 сарын 31-ий өдөр хүртэл хугацааны олговорт 13 402 296 төгрөг шаардсан, хэрэг хэлэлцэж буй 2020 оны 4 сарын 15-ны энэ өдрийн хуралдаан дээр шаардлагаа тодруулж, өөрчлөн багасгаж 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 192 хоногт шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг өдрийн цалингаар тооцож 9,512,448 төгрөг,

Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар төрийн албан тушаалын цалингийн сүлжээг батлахдаа төрийн захиргааны ТЗ7-4 гэсэн албан тушаалын үндсэн цалинг 880,281 төгрөг байхаар тогтоосны дагуу зэрэг дэвийн нэмэгдэл 24 хувь буюу 221,267 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 5 хувь буюу 44014 төгрөг бүгд 1,135,562 төгрөг, нэг өдрийн цалин 52,816 төгрөгөөр бодож 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны 61 ажлын хоногийн олговор 2,837,209 төгрөг болж өмнөх 2019 оны цалин, 2020 оны цалин нийт 12,349,659 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт тооцон гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч тал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Гыг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийж, ажилгүй байсан хугацааны цалин олговор олгохыг СБДЗДт даалгаж шийдвэрлэснээр Б.Гын ажилгүй байсан хугацааны цалин олговрыг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хариуцагч тал шүүхийн шийдвэрийн дагуу хийж байгаа, одоо Б.Гыг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлж томилоогүй нь үнэн тул ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрх үүссэн гэсэн тайлбараар шаардлагад маргаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагад үл марган тайлбар ирүүлсэн, товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг боломжит хугацаанд хүлээн аваад шүүх хуралдаанд хүрэлцэн ирэлгүй өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтээр нь эзгүйд нь шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр, Б.Гыг СБДЗД Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож... шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 523 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 389 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 00537 дугаар шийдвэрээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш 2018 оны 1 сарын 22-ны өдрийг хүртэл ажлын 170 хоногийн хугацааны олговорт 7 061 664 төгрөг гаргуулан Б.Гт олгож, нэхэмжлэлээс 434 592 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 991 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж,  Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01316 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 00537 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 991 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж тус тус шийдвэрлэсэн.

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 00837 дугаар шийдвэрээр, 2018 оны 1 сарын 22-ны өдрөөс хойш 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны олговорт 13 814 812 төгрөг гаргуулан Б.Гт олгож шийдвэрлэснийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 сарын 12-ны өдрийн магадлалаар дээрх шийдвэрийн 13 814 812 гэснийг 12 819 497 төгрөг болгон шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримтууд бий болжээ.

 

Талуудын мэтгэлцээнээр;

 

Нэхэмжлэгч Б.Гыг СБДЗД Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг одоог хүртэл хугацаанд биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ дэмжсэн болон хариуцагчийн нэхэмжлэлд ирүүлсэн “...Б.Гыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй нь үнэн...гэж бичсэн тайлбаруудаар нотлогдоно. Энэ талаар талууд маргаагүй.

 

Ажил олгогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”гэж заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ зөрчиж, ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилоогүй, хөдөлмөрлөх эрхийн зөрчил нь үргэлжилсээр байх тул ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байлгасан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал 2020 оны 4-р сарын 01-ий өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч тал мөн өдөр гардан аваад маргаагүй ба энэ өдрийн хуралдаан дээр нэхэмжлэгч тал шаардлагаа өөрчлөн багасгаж шаардсан. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.”Мэргэжил, албан тушаалын тариф-мэргэшлийн лавлах зохиох аргачлал, мэргэжил, албан тушаалын нэрийн нэгдсэн жагсаалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”гэж заасан ба Засгийн газрын 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн  472 дугаар “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай”тогтоолын 2 дугаар хавсралтаар “Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ”-г төрийн захиргааны ТЗ7-4 гэсэн албан тушаалын үндсэн цалинг 880,281 төгрөг байхаар батлан, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,

Засгийн газрын 2018 оны 382 дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралтаар батласан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д зааснаар зэрэг дэвийн нэмэгдэл 24 хувь гэж тогтоон, энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус тогтоосон нийтэд илэрхий үйл баримт бий болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 120 дугаар зүйлийн 120.4.-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.”гэж зохицуулсны дагуу шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргаан тул хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, Б.Гыг ажилд нь эгүүлэн аваагүй нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэх цалин хөлсөө авах эрх ашгийг хохироосон хариуцагч талын буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелүүлээгүй, ажилтны ажилгүй байсан хугацаа болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 09-ний өдрийн 837 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн 2019 оны 3 сарын 29-ний өдрөөс хойш энэ хэрэг шийдвэрлэсэн 2020 оны 04 дүгээр 15-ны өдөр хүртэлх 12 сар ажлын 11 хоногийн хугацаагаар тооцоход эрх бүхий этгээдийн тогтоосон үндсэн цалин нэмэгдлийн дагуу, олговорт 12,349,659 төгрөгийг хариуцагч байгууллагад хариуцуулан гаргуулж, нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.”Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.”,

46.2.”Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сар бүрийн цалин хөлснөөс ажил олгогч, ажилтан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй ба Б.Гын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг ба энэ талаар нэхэмжлэлд шаардаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,000 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СБДЗД-аас 225 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гт олгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ НЬ: 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч СБДЗД-аас 2019 оны 3 сарын 30-ны өдрөөс хойш 2020 оны 04 дүгээр 15-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,349,659 /арван хоёр сая гурван зуун дөчин есөн  мянга зургаан зуун тавин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 225 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.УРАНЧИМЭГ